Ил гал дээр хийж болох маш энгийн бөгөөд амархан 10 хоолны жор. Энэ зун заавал хийж идээрэй, шорлогноос ч амттай шүү!

3

Нүүрсний ил гал дээр зөвхөн шорлог хийгээд зогсохгүй төмс, зайдас ч шарж идэж болно. Аялал зугаалга, амралтын үеэр ил гал дээр ямар хоол хийж болохыг танд танилцуулахаар бэлдлээ.

1. Бургер

Jorge Franganillo / Flickr.com

Орц:

  • 150 г гахайн татсан мах
  • 350 г үхрийн татсан мах
  • 1 сонгино
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Нунтаг перец – өөрийн амтанд тохируулж
  • Ургамлын тос – мах шарах төмөр торыг тослох
  • Бургерийн 4 талх
  • 4 салатны навч
  • 1 том улаан лооль
  • 2 давсалсан өргөст хэмх
  • 4 хавтгай бургерийн бяслаг
  • 4 хоолны халбага кетчуп

Бэлдэх арга:

Гахай болон үхрийн татсан махаа нийлүүлээд жижиглэн хэрчсэн сонгиноо хийж холино. Дээрээс нь давс, перецээ хийгээд сайтар базаарай. Бургерийн талхны диаметрээс арай том хэмжээгээр котлет бэлдэнэ.

Бэлдсэн котлетныхоо хэлбэрийг агаарт гартлаа хадгалж үлдэхийн тулд хөргөх цүнхэнд хийгээрэй. Хэрвээ ийм цүнх байхгүй бол котлетоо хөлдөөж болно.

Котлетондоо ургамлын тос түрхээд гал дээрээ 15-20 минут шарна, үе үе махаа эргүүлж байх ёстой. Мах болонгуут галаас аваад мөнгөлөг цаасаар бүтээж 5-7 минут байлгана. Бургерийн талхаа хувааж зүсээд торон дээр тавьж бага зэрэг шаргал өнгөтэй болтол нь шарна.

Бургерийн талхны доод хэрчимд гич түрхээд дараах байрлалаар бургерээ бэлдэнэ: салатны навч, хэрчсэн улаан лооль, хэдэн хэрчим давстай өргөст хэмх, котлет, бяслаг. Дээрээс нь хамгийн сүүлд кетчуп түрхсэн талхаар бүрнэ.

 

2. Загасны стейк

Jeremy Keith / Flickr.com

Орц:

  • 4 хоолны халбага чидун жимсний тос
  • 1 цайны халбага хатаасан гоньд
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Нунтаг перец – өөрийн амтанд тохируулж
  • 4 стейк – яргай, хулд загас
  • Тал нимбэгийн шүүс

Бэлдэх арга:

Тос, гоньд, давс, перецээ холино. Амталсан тосондоо загасаа хийгээд цаг орчим амраана.

Стейкээ торон дээр тавьж ил гал дээр 10-15 минут шарна. Таваглахаасаа өмнө нимбэгийн шүүсээр амтлаарай.

 

3. Соусаар амталсан тахианы мөч

Vaishnav Chogale / Unsplash.com

Орц:

  • 3 хоолны халбага цуу
  • 2 хоолны халбага чидун жимсний тос
  • 1 хоолны халбага вустерийн соус
  • Тал нимбэгийн шүүс
  • 2 хумс сармис
  • Нунтаг перец – өөрийн амтанд тохируулж
  • 8 тахианы мөч

Бэлдэх арга:

Бүх шингэн орцуудыг холиод дээрээс нь жижиглэн хэрчсэн сонгино, перецээ хийнэ. Соусанд тахианы махаа хийж хэдэн цаг амраана. Гэртээ махаа амталсан нь тохиромжтой, агаарт гараад амталсан махаа шарахад амар байх болно.

Амталсан тахианы махаа ургамлын тосоор тосолсон торон дээр тавьж ил гал дээр болгоно. Үе үе махтай тороо эргүүлж жигд болгоорой. Тахианы махны гадна тал бүрэн шарагдаж шаржигнуур болсон үед мах болжээ гэж үзнэ.

Энэ жороор тахианы далавч, гуя мөн шарж болно.

 

Ил гал дээр хоол хийх үндсэн дүрмээс

Хоол хийх газраа сонгох. Хоол хийх газрын хажууд байшин, мод эсвэл бут сөөг байх ёсгүй. Хэрвээ зуухгүй бол ил галын эргэн тойронд том чулуу өрөх эсвэл нүх ухах хэрэгтэй.

Зөв түлээ сонгох. Навчит модоор түлээ хийх нь илүү тохиромжтой, жишээ нь алимны эсвэл зөөлөн цагаан болон хус мод. Шилмүүст төрлийн модоор түлээ хийхээс зайлсхийнэ: хоолонд эвгүй амт оруулах магадлалтай. Хуучин хашаа, тавилга зэргээр ч мөн адил түлээ битгий хийгээрэй: шатсан будаг, лак зэрэг нь хоолны амт, үнэрийг эвдэнэ.

Яарах хэрэггүй. Хоолыг шууд гал дээр биш халуун нүүрсэн дээр болговол хоол илүү амттай болно. Тэгэхээр түлээ бүрэн шатаж дуустал тэсвэртэй хүлээгээрэй. Нүүрс цагаан болохоор нь хоолоо болгож эхэлнэ.

Аюулгүй байдлын техникийг дагаж мөрдөнө. Халсан торноос гараараа барьж болохгүй. Мөн битүү гутал, ханцуйтай цамц өмсөх хэрэгтэй, урт үсээ ч гэсэн ардаа боохыг зөвлөе.

Түлэгдэлтийн үед хэрэглэх эм тариатай байх. Жишээ нь “Левомеколь” нянгийн эсрэг түрхлэг нь хоёр болон гуравдугаар зэргийн түлэгдэлтийн үед яаралтай тусламж үзүүлнэ. Зөвхөн түлэгдэлт гэлтгүй, зүсэлт, идээт шарханд ч үр дүнтэй. Уг түрхлэг нь үрэвслийг дарж эд эсийг нөхөн төлжихөд тусалдаг ажээ.

Цогтой галыг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх. Цогтой л бол нүүрсийг жигд болгож байгаад дээрээс нь ус асгаж галыг бүрэн унтраах ёстой.

 

4. Хашаар хийсэн завьхан

Heather Joan / Flickr.com

Орц:

  • 2 том хаш
  • 3 хумс сармис
  • 4 хоолны халбага улаан лоолийн паста
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Нунтаг перец – өөрийн амтанд тохируулж
  • 200 г бяслаг

Бэлдэх арга:

Хашаа уртаар нь хоёр хувааж зүснэ. Халбагаар зөөлөн эдийг нь авч завины хэлбэр гаргана. Хэтэрхий их хичээх хэрэггүй: завь хэлбэрээ хадгалж үлдэх ёстой юм шүү.

Хашнаас салгасан зөөлөн эдийг жижиглэн хэрчээд эсвэл сэрээгээр нухаад улаан лоолийн паста, хэрчсэн сармис, давс, перецээр амтална. Амталсан зөөлөн эдийг буцааж завь-хашинд хийж дээрээс нь бяслагаар бүрнэ. Завь-хашийг мөнгөлөг цаасанд ороож ил гал дээр тавьж болгоорой.

 

5. Жигнэсэн чинжүүтэй брускетт

Pankaj Kaushal / Flickr.com

Орц:

  • 2 амтат чинжүү
  • 2 хумс сармис
  • 1 улаан лооль
  • Боодол базилик
  • 2 хоолны халбага чидун жимсний тос
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • 1 чиабатта талх (хэрвээ байхгүй бол жирийн цагаан талх эсвэл багет байж болно)
  • 200 г бяслаг

Бэлдэх арга:

Амтат чинжүүгээ сайтар угаагаад мөнгөлөг цаасанд ороогоод ил гал дээр 15-20 минут болгоно. Чинжүүний хальс болон голыг нь цэвэрлээд уртаар нь нарийхан хэрчинэ. Сармис, улаан лооль, бакиликээ жижиглэн хэрчээрэй. Чидун жимсний тос, давсаа хийж сайтар хутгана.

Талхаа 1,5 см зузаан хэрчээд чидун жимсний тос шүршээд гал дээр бага зэрэг шарна. Шарсан талхан дээрээ зүсэм бяслаг, хольсон ногоо, амтлагчаа тавина.

 

6. Пицца

Vita Marija Murenaite / Unsplash.com

Орц:

  • 1 пиццаны хөлдөөсөн гурил эсвэл хөөлгөсөн бэлэн гурилан зуурмаг
  • 5 хоолны халбага улаан лоолийн паста эсвэл соус
  • 200 г утлагатай хиам
  • 7 жижиг үрийн улаан лооль
  • 100 г бяслаг
  • 1 боодол базилик
  • 1 боодол руккола

Бэлдэх арга:

Хэрвээ бэлэн гурилын зуурмаг ашиглаж байгаа бол гал дээр тавих торныхоо хэмжээнд тааруулж илдэнэ. Торон саараалж дээр эхэлж мөнгөлөг цаасаа дэвсээд гурилын зуурмагаа эсвэл пиццаны хөлдөөсөн сууриа тавина. Гурил шаргалтаж эхлэнгүүт нь болж байна гэж үзээд нэг талд нь улаан лоолийн соусаа түрхэнэ.

Хиамаа цагираг хэлбэрээр нимгэн, улаан лоолио дундуур нь хэрчинэ. Пицца дээрээ хэрчсэн ногоо, хиамаа тавиад бяслаг, базиликээ цацна. Бяслаг хайлж эхлэнгүүт нь пицца боллоо гэж үзэж болно. Идэхээсээ өмнө рукколагаар чимээрэй.

 

7. Бяслагтай шампиньон

Ivana Sokolović / Flickr.com

Орц:

  • 10 том шампиньон
  • 2 хоолны халбага чидун жимсний тос
  • Давс – өөрийн амтанд тааруулаад
  • Нунтаг перец – өөрийн амтанд тааруулаад
  • 100 г бяслаг – пиццаны моцарелла болон сулугуни илүү тохиромжтой

Бэлдэх арга:

Мөөгөө сайтар угааж цэвэрлээд хөлийг нь авч сайтар хатаана. Ургамлын тос цацаад давс, перецээр амталж 10 минут амраана.

Мөөгөө төмөр торон дээр тавиад мөөгний малгай дээр бяслагаа тавина. Нүүрсэн дээр 15-20 минут шараарай. Ингэж шарсан мөөг нь ямар ч төрлийн хоолонд амттай хачир болдгоос гадна бие даасан хоол ч болно.

 

8. Зөгийн балаар амталсан тахианы цээж мах

vaivirga/Depositphotos.com

Орц:

  • 900 г яс, хальсгүй тахианы цээж мах
  • 1 цайны халбага чидун жимсний тос
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • Нунтаг перец – өөрийн амтанд тохируулж
  • ½ цайны халбага паприка
  • ¾ цайны халбага хатаасан сонгино
  • 2 хоолны халбага зөгийн бал
  • 2 хоолны халбага бальзамын уксус
  • 2 хоолны халбага кетчуп
  • 1-2 хумс сармис

Бэлдэх арга:

Тахианы цээж махандаа тос, давс, перец, паприка, хатаасан сонгино түрхээд гялгар уутанд хийж орхино. Зөгийн бал, уксус, кетчуп болон жижиглэсэн сармисаа холино.

Тахианы махны амтлагчаа хоёр хэсэг хувааж аваарай, нэг хэсгийг нь саванд хийгээд, нөгөөгөөр нь махаа амтал. Гялгар ууттай махаа сайтар сэгсэрч хөргөгчинд 30 минут амталж орхино.

Тахианы цээж махыг төмөр тор дээр тавьж 5-7 минут шаргал өнгөтэй болтол нь шарна, махаа үе үе эргүүлж байх хэрэгтэй. Махыг болж байгаа эсэхийг хутгаар хатгаж шалгана. Махны дотор ягаан өнгөгүй байх ёстой. Үлдэгдэл амтлагчаа халаагаад шарж байгаа тахианы махан дээрээ асгаарай.

 

9. Улаан лооль, базиликтэй загас

filirochka/Depositphotos.com

Орц:

  • 2 хумс сармис
  • Давс – өөрийн амтанд тохируулж
  • ½ хоолны халбага чидун жимсний тос
  • 700 г яргай загас
  • 1 боодол базилик
  • 2 улаан лооль
  • Нунтаг перец – өөрийн амтанд тохируулж

Бэлдэх арга:

Сармисаа жижиглэж хэрчээд давсаар амтална. Дээрээс нь халбага тосоо хийнэ. Үлдсэн тосоор нь мөнгөлөг цаасаа тослоод дээрээс нь загасаа тавина (хальс нь мөнгөлөг цаас руугаа харахаар).

Загасандаа амталсан сармисаа түрхээд хэрчсэн бага зэрэг базилик, улаан лоолио тавина. Дахиад бага зэрэг давс, перецээр амтлаарай.

Мөнгөлөг цаасаа ороогоод гал дээр байгаа төмөр торон дээр тавина.  Загас бүрэн болтол 10-12 минут шарна. Таваглахаасаа өмнө үлдэгдэл базиликээ цацаарай.

1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mop

    2019/06/08 at 12:48

    сонирхолтой

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *