Хүүхдийг уур бухимдал, уйлаан майлаан бололгүй хэрхэн зөв хооллож сургах вэ?

2

Таны хүүхэд тань вандуйн шөл, жигнэсэн ногоо хараад царайгаа барайлгадаг боловч чихэр жигнэмэг хараад дуу алдан баярладаг уу? Энэ нь зүгээр нэг хүүхдийн эрхлэлт биш харин байгалийн инстинкт юм шүү. Байгаль дээр исгэлэн болон гашуун зүйл нь цөөнгүй тохиолдолд хортой зүйл байх бөгөөд хүүхдийн хэл иймэрхүү амтыг амтлах чадвар нь маш өндөр байдаг. Түүнээс гадна бялуу, чихэр зэрэг нь хүний биед маш их энерги өгөх бөгөөд ийм зүйлд шунан дурлах нь хүний генд байдаг билээ. Энэ удаа хүүхдийг зөв хоолонд хэрхэн сургах тухай эрдэмтдийн зөвлөгөөг танилцуулъя.

Ингээд энэ тухай судалгаа хийж хамгийн хэрэгтэй, сонирхолтой гэсэн зөвлөгөөнүүдийг сонгон авлаа.

1. Хүүхэдтэйгээ цуг идэх

Европын олон оронд хүүхэдтэйгээ цуг хоол идэх нь ёс бөгөөд испаничууд өдрийн хоолоо бүгдээрээ цугтаа иддэг, германчууд өдөр юм уу орой Kuffee and Kuchen буюу кофе жигнэмэгээ цугтаа, францууд өдөр болон оройн хоолны үеэр жаахан хүүхэдтэйгээ заавал цуг хоол иддэг байна.

Ийм байдлаар хооллохын ашиг тусыг тоочоод баршгүй юм. Өдрийн болон оройн хоол цугтаа идэх үед хүүхэд илүү их ногоо идэж, шинэ хоол туршаад үзэхээсээ буцахгүй. Мөн таниас болон бусад хүмүүсээс хоол идэх янз бүрийн хэрэгтэй дадал сурч авах ба жишээ нь өглөө хүүхдийн будаа идэх гэх мэт. Мөн үгийн баялаг нь сайжирч, ширээний ард биеэ авч явах арга барил суралцаж байдаг байна.

Ер нь эцэг эхтэйгээ цуг хооллож байгаа хүүхэд үеийнхнээсээ эрүүл мэндийн болон сэтгэл зүйн хувьд илүү сайн, аз жаргалтай байдаг байна.

 

2. Амттаныг битгий хоригло

Хориотой юм амттай гэдгийг бүр Адам Евагийн үеэс мэддэг болсон байдаг. Олон эцэг эхчүүд хүүхдэдээ чихэр, түргэн хоол өгдөггүй, эдгээр нь эрүүл мэндэд хортой гэж тайлбарладаг.

Гэтэл бодит байдал дээрээ хамаг юм яг эсрэг үр дүнд хүрнэ: та хэдий чинээ хориглоно хүүхэд төдий чинээ сонирхоно. Ингэснээр хорих нь хүүхдийн хүслийг нэмэгдүүлж хэт их идэх нөхцөл болж улмаар илүүдэл жинтэй болно.

Хэрвээ та хортой хоол хүнснээс татгалзаж чаддаггүй юм бол хүүхдэдээ бас өг. Гэхдээ эдгээр чипс болон бусад амттаныг өдөр болгон идэж болохгүй, жирийн хоолыг сольж болохгүй, ингэвэл эрүүл мэндэд хортой гэдгийг заавал тайлбарлаж өгөх хэрэгтэй.

 

3. Нэг дор их хэмжээний хоол өгч хэрэггүй

Хүүхэд чинь дахиж идмээргүй байна гэж байвал үгийг нь сонсож сурах хэрэгтэй. 5 нас хүртлээ хүүхдүүд цадлаа гэдгээ мэдэрдэг байна. Хэрвээ та ийм үед нь хүчээр хоол идүүлбэл удалгүй хүүхэд тань хоол идэх байтугай бүр хоолны ширээний ард суух ч дургүй болно.

5 наснаас дээш насны хүүхдэд хоолоо аль болох бага хэмжээгээр олон өгөх хэрэгтэй: хүүхэд яг л томчуудын адил тавган дээр их хоол байхад дуртай байдаг байна. Хэрвээ хүүхэд цадахгүй бол хэзээ ч нэмж болно.

 

4. Шинэ хоолыг 10-аас доошгүй удаа идүүлэх гэж оролдох хэрэгтэй

Шинэ хоол байнга санал болгож байх нь зөв боловч бас залхтал нь гуйж, шаардаж болохгүй. Том болох тусам хүүхдийн амтлах чадвар өөрчлөгдөж шинэ хоол хүнсэнд дуртай болдог.

Хүүхэд шинэ хоолонд дуртай болохын тулд 10-16 удаа амсаж үзэх хэрэгтэй байдаг гэдгийг сайн тогтоож авах нь зөв юм. Тиймээс хүүхдэд шинэ хоол өгөхөд дургүйцэж байвал энэ хоолонд дургүй байх нь, идэхгүй нь гэж нэг хоёр оролдлогын дараа дүгнэж болохгүй билээ.

 

5. Чихрээр шагнаж болохгүй

Таваг дүүрэн өнгөт байцаа идлээ гээд чихрээр шагнаж болохгүй. Ер нь шагнах арга барил нь аливаа нэг хэрэгтэй хоол хүнс идэж сургахад муу арга бөгөөд хүүхэд тэрхүү хоол хүнсийг тэвчих ёстой, тааламжгүй муухай зүйл гэж ойлгож эхэлнэ. Ингэснээр хоол идэхээс зугтаж эхэлдэг байна.

Хэрвээ хүүхэд бүр жаахан бол ямар ч чихэр зэргийг шагнал болгон өгч болохгүй. Оронд нь дуртай жимс өгч болно. Хүүхэд ийм байдалд дассаны дараа шоколаднаас илүү гадил, жүржээ хараад их баярладаг байна.

 

6. Хүүхдээ аль болох их тэвэрч байх

Хүүхдэд тавих анхаарал дутах нь хүүхэд амттанд дуртай байх бас нэг шалтгаан байж болзошгүй юм. Хүн уйдаж, гуниж байх үедээ сахар илүү их хэрэглэх сонирхолтой байдаг гэдэг нь тогтоогдсон зүйл. Тиймээс та хүүхдээ чихэр бага идүүлэхийг хүсэж байвал аль болох их тэвэрч, үнсэж байгаарай.

Мөн хоол хүнсийг тайвшрах, гуниг дарах зорилгоор идэж болохгүй. Үгүй бол таны хүүхэд тавгүй байх, стрессийн үед их идэж сурах болно.

 

7. Нэг ой хүртэл нь ашигтай хэрэгтэй хоол хүнсэнд аажмаар сургах

Хүүхдийг ашигтай хоол хүнсэнд дасгах хамгийн зөв үе бол 1 ой хүртэлх хугацаа юм. Ой хүрэхээс өмнө, 1-2 настайдаа хэрэгтэй ногоо, жимс идэж сурсан хүүхэд цаашдаа энэ хүнсэндээ дуртай хэвээр байдаг байна. Харин 3 наснаас хойш шинэ хоолонд дасгах амаргүй болно.

Мөн шинэ хоолонд дасгахдаа идэхгүй байх нөхцөлийг үгүй болгож, хэд хэдэн удаа оролдох нь зөв. Хүүхдийг хүчээр идүүлэх гэж огт болохгүй ба шинэ хоолоо бага хэмжээгээр аажмаар дасахаар өгөх нь илүү үр дүнтэй байна.

Хэрэгтэй хоол хүнсэнд дасгах ажиллагаа бүр эхийн хэвлийд байх үеэс эхэлдэг байна. Энэ үед болон хүүхдээ хөхөөр хооллож байхдаа эх нь аль болох олон янзын хоол хүнс хэрэглэж, сүүн бүтээгдэхүүн ихээр хэрэглэнэ. Эхийн сүүгээр дамжуулан хүүхэд шинэ хоолны үнэр, амтыг мэдэрч тогтоох ба цаашдаа энэ хоолоо дуртай идэх болно.

 

8. Хүүхдийн идэвхтэй байдлыг дэмжих

Хэрвээ хүүхэд муу хооллож байвал идэвхтэй хөдөлгөөн бүхий тоглоомоор тоглуул. Хөдөлгөөн болгон хүүхдийн хоол идэх дурыг нэмэгдүүлэх бөгөөд мөн илүүдэл жин бий болохоос сэргийлнэ. Тоглож ядран, ихэд өлссөн хүүхэд хоол сайн идэх ба бүр дургүй хоолоо ч иддэг билээ.

Мөн Италичууд шиг хүүхэдтэйгээ цуг хол хийх хэрэгтэй. Ингэж байж хүүхэд хоол хийх анхны ойлголттой болж өөрийн хийсэн хоолыг идэх сонирхол төрөх нь тодорхой юм.

 

9. Хоолны төрөл, байдал олон янз байх

Хоол хүнс нь хүүхдэд хэрэгтэй бүх л төрлийн микро болон макро элементээр, уургаар, нүүрс усаар, ашигтай өөх тосоор баялаг байх ёстой. Тиймээс хоол хүнс нь зөвхөн ашигтай хэрэгтэй байх төдийгүй бас олон янз байх нь хамгийн зөв юм.

Хүүхдэд янз бүрийн ногоо, жимс идэхэд төвөггүй байхаар бэлдэж тавих ба жигнэмэг, нарийн боовноос хол байлгаарай. Хүүхдэд муу хүнс идүүлэхгүй байх хамгийн сайн арга бол тэрхүү хүнсийг гэртээ хадгалахгүй байх явдал. Италичууд чипс, майонез, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон бусад ашиг багатай хүснийг гэртээ огт байлгадаггүй, худалдаж авдаггүй байна. Тиймээс хүүхэд иймэрхүү хүнсийг идэх хүсэл, сонирхол төрөхгүй.

 

10. Илүү идэхээс сэргийлэх

Өдөржингөө ямар нэг юм идэж байх нь маш муу зуршил бөгөөд хүүхэд өлсөх, хоол боловсруулах зэрэгт ихээхэн муу нөлөөтэй байдаг. Хүүхэд өдөрт 3 удаа хооллож үндсэн тэжээлээ авч байх ёстой. Харин завсраар нь хоёр удаа бага зэрэг зүйл идэж болох ба том болсон хүүхдийн хувьд (биеийн болон оюуны өндөр ачаалал үгүй бол) энэ нь нэг байхад хангалттай.

Энэ тал дээр францчууд маш хатуу зарчим баримталдаг. Тэд бүх л хоол хүнсээ гурав хувааж идэх ба завсраар нь хөргөгч рүү гүйгээд байдаггүй (шөнөөр ч бас), явдал дундаа иддэггүй байна. Зөвхөн хүүхдүүд л сургуулийн дараа бага зэрэг бялуу, жимс, шоколад идэж болох ба үүнийг (goûter гэж нэрлэдэг) оройн 4-6 цагийн хооронд л иднэ.

 

11. Зөвхөн ширээний ард идэж сургах

Зурагт, тоглоом зэрэг хоол идэхэд саад болдог зүйлээс зайлсхий. Хүүхэд өөрөө хоол идэж сурах хэрэгтэй бөгөөд үүний тулд хүүхдийн хоолны сав, энгэрт зүүх алчуур, хоолны ширээ зэргийг ашиглана. Хүүхэд зөвхөн хоолондоо л анхаарч байх ёстой.

Хүүхдийг яаруулж болохгүй өөрийн хүссэн, чадах хурдаараа идэг. Хэдий чинээ удаан иднэ, төдий чинээ хоол сайн шингэдэг байна.

16
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *