Д амин дэмийн дутагдал ямар аюулд хүргэх вэ?

3

Бидний бие махбодь амин дэмээр хангагдаж дэмжигдэх ёстой. Хэрвээ аль нэг амин дэм дутагдвал эрүүл мэндэд асуудал гарч эхэлнэ. Д амин дэм бусад шим тэжээлтэй бодисуудыг бодвол хоол хүнсэнд бараг агуулагддаггүй, гэхдээ бидний арьс нарны нөлөөнд өөрөө боловсруулж чаддаг байна. Тэгэхээр бид уг амин дэмийн дутагдалд орохооргүй дүр зураг харагдаж байгаа биз? Гэхдээ та өөрийгөө хэдий хэр цаг наранд гардаг вэ гээд бодоод үзээрэй, өөрт хангалттай Д амин дэм авч чадахаар хугацаанд гарч чадаж байна уу?

Шууд хэлэхэд хангалтгүй. Өнөөдөр та бүхэндээ Д амин дэмийн дутагдлыг хэрхэн таних болон уг амин дэмийг хэрхэн авч, нөөцлөх талаар танилцуулахаар бэлдлээ.

 

Д амин дэмийн дутагдал

Д амин дэмийн дутагдал нь хүний эрүүл мэндэд бүхэлд нь сөргөөр нөлөөлдөг, үүнээс гадна хоол хүнснээс өөрт шаардлагатай фосфор, кальциа авч чадахгүйд хүрнэ. Үүнээс улбаалаад эрүүл яс хэврэгшиж, яс бүрэлдэх үйл явц эвдэгдэнэ, дааврын ялгаруулалт алдагдана, дархлаа болон мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаа алдагдана, бие махбодь өөрийгөө үрэвсэл болон халдвараас хамгаалах чадвараа алддаг байна. Үүгээр ч зогсохгүй Д амин дэмийн дутагдал нь илүүдэл жингээсээ салахад хүртэл саад учруулдаг, үр дагаварт нь гормоны тэнцвэрт байдал алдагдах зэрэг асуудлууд үүсдэг байна.

Уг амин дэмийн дутагдал нь хүнд өвчний эх сурвалж болох магадлалтайг та мэдэж авлаа. Д амин дэм дутагдаж байгаагийн шинж тэмдэг нь тухайн хүний эрүүл мэнд, бие махбодийн онцлог, хэдий хэр хэмжээгээр дутагдаж байгаа зэргээс шалтгаалж илэрнэ. Хүүхдүүдийн хувьд рахитаар, харин томчуудын хувьд ясны сийрэгжилтээр илэрдэг нь түгээмэл шинж тэмдэг ажээ.

Д амин дэмийн дутагдал нь эрүүл мэнд хамгааллын томоохон асуудал болоод байгаа, удаан хугацаагаар уг амин дэмийн дутагдалд орсноор зүрх-судасны өвчлөл, тэр ч бүү хэл хорт хавдрын эх сурвалж болох эрсдэлтэй юм. Ингээд ямар шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Д амин дэмийн дутагдалд орсон байж болзошгүй гэж үзэн шинжилгээнд орох шаардлагатайг авч үзэцгээе.

 

Д амин дэмийн дутагдлын шинж тэмдэг

1. Байнгын халдварт өвчин

Бидний дархлааны систем Д амин дэмээс их шалтгаалдаг. Уг амин дэм дутагдаж байгаа тохиолдолд дархлааны систем аливаа халдварт зохих хариу үйлдэл үзүүлж чадахгүй.

 

2. Сэтгэл санаагаар унах

Д амин дэм нь серотонины хэмжээг эрүүл түвшинд барихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ уг амин дэм дутагдвал хүний бие сулрах, сэтгэл санаагаар унахаас гадна депресст орж болзошгүй. Medical Hypotheses сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнгээс харахад, Д амин дэмийн дутагдал болон улирлын шинж чанартай депресс холбоотой ажээ.

 

3. Архаг ядаргаа

Д амин дэмийн тусламжтайгаар хоол хүнс энерги болгон боловсруулагддаг. Хэрвээ хүн байнга ядраад байвал бие махбодид шим тэжээл дутагдаж байгааг илтгэнэ. Ялангуяа Д амин дэмийн дутагдалтай байж болзошгүй юм. Хэрвээ та байнга ядарч, бие тань сульдаад байгаа бол эмчид үзүүлж Д амин дэмийн хэмжээгээ шалгуулаарай.

 

4. Сул яс

Уг амин дэм нь яс болон шүдний эрүүл мэндийг дэмжих фосфор, кальцийн шимэгдэлтэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэвийн хэмжээнд байгаа Д амин дэм нь яс зөөлрөхөөс хамгаалдаг болохыг судалгаагаар тогтоожээ, мөн өтөл насандаа остеопороз тусахаас ч хамгаална. Тэгэхээр үе мөчөөр өвдөх, яс хугарамтгай байвал Д амин дэмийн шинжилгээ өгөх шаардлагатай болж.

 

5. Булчингаар өвдөх

Булчингийн үйл ажиллагаанд Д амин дэм мөн чухал үүрэг гүйцэтгэнэ. Хэрвээ булчин ямар нэгэн шалтгаангүйгээр байнга өвдөөд байвал Д амин дэмийн дутагдалд орсны шинж тэмдэг байж болно. Д амин дэм эд эсэд орсны дараа булчингийн агшилтын давтамжийг нэмэгдүүлдэг буюу булчинг илүү уян хатан, чанга болгож өгдөг байна. Энэ нь булчингийн жижиг бэртэл болон булчин тасрахаас хамгаалах ажээ.

Д амин дэмийн дутагдлын гол шалтгаан – наранд муу гарах, нарнаас хамгаалах тос хэтрүүлэн хэрэглэх болон арьсны хорт хавдраас хамгаалах зорилгоор нарны хэт ягаан туяанаас зугтаах явдал юм. Д амин дэмийн дутагдал нь мөн сүү, сүүн бүтээгдэхүүн, үхэр болон гахайн элэг, тахианы өндөг болон тослог ихтэй загасны мах бага хэрэглэж байгаатай ч холбоотой.

Д амин дэмийн дутагдлыг нөхөхийн тулд ямар арга хэмжээ авах вэ? Ихэнх хүмүүст наранд хангалттай гарахад л болдог. Нарнаас хамгаалах тосгүйгээр наранд өдөр болгон 15-20 минут гарахад өдрийн хэрэглээний Д амин дэмээ олж авч чадна. Гоо сайханд сөргөөр нөлөөлөх байсан ч хамаагүй шүү.

Өөр хувилбар – хоол хүнсний хэрэглээг өөрчлөх. Хоол хүнс Д амин дэмийн дутагдлыг хангаж чадахгүй ч гэлээ уг амин дэмийн нэмэлттэй хоол хүнс нарны гэрэлтэй нийлээд дутагдлаас гаргана. Тиймээс хоол хүнсэндээ тослог ихтэй загас (яргай, туна зэрэг) өндөг, бяслаг, элэг мөн сүүн бүтээгдэхүүн, будаа зэргийг түлхүү хэрэглэнэ.

Хэрвээ та өөртөө Д амин дэмийн дутагдлын ямар нэгэн шинж тэмдэг илэрч байгааг анзаарсан бол яаралтай мэргэжлийн эмчид үзүүлж арга хэмжээ авах хэрэгтэй. Амин дэмийн дутагдал – огт хойш тавьж болохгүй чухал зүйл. Өөрийгөө хайрлаж эрүүл мэндээ хамгаалаарай.

Бидний нийтлэл танд хэрэгтэй байж чадсан уу? Найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай.

26
ГайхмаарГайхмаар
10
ХөөрхөнХөөрхөн
8
ГоёГоё
5
БурууБуруу
5
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *