Хүүхэдтэй хүмүүс үүнийг заавал уншаарай! Сургуулиудад үүнийг л заах хэрэгтэй байгаа юм!

5

Бидний хүүхдүүд – бидэнд байгаа хамгийн үнэ цэнэтэй зүйл. Тэдэнтэй ямар нэгэн муу зүйл тохиолдох вий гэж бид төсөөлж ч чадахгүй. Гэсэн хэдий ч сургуулийн насны болон сургуулийн өмнөх насны хүүхдүүддээ аюулгүй байдлын энгийн дүрмийг ч зааж сургадаггүй.

Энэ дүрмийг баримтлахад амархан. Та бүхэндээ хүүхдээ аюулаас хамгаалах дүрмийг танилцуулахаар шийдлээ. Ямар ч насны хүүхдийг аюулын эрсдэлээс аварна.

 

Хүүхдийг аюулаас аврах дүрэм

1. Гадаа гарахдаа, гэртээ ирээд эсвэл сургуулиасаа бэлтгэлдээ очихдоо аав ээж рүүгээ ярьж сургаарай. Ингэж ярихыг эцэг эх өөрөө үлгэр дуурайлал үзүүлнэ. Аав, ээж нь хүүхдийнхээ нүдэн дээр ажлаасаа гарлаа “Цагийн дараа гэртээ очно” гэж бие бие рүүгээ залгаж хэлнэ.

Аав ээж нь бие биедээ анхаарал тавьж байгааг хүүхдэдээ ойлгуул. Хүүхдээ утсаар залгахыг шаардах нь түүнийг хянахыг хүсэж байна гэсэн ойлголт төрүүлдэг, түүнд итгэхгүй, ямар нэгэн хориг тавьж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

 

2. Олон хүнтэй арга хэмжээнд очихдоо жишээ нь тоглолт үзэхээр явахдаа хүүхдийнхээ зургийг бүтнээр нь аваарай.

Хүүхдээ алдсан эцэг эх сандарсандаа болоод хүүхдийн онцгой шинж чанарыг хэлж чадахгүй байдаг, ямар хувцас өмссөнийг ч тайлбарлаж чадахгүй тохиолдлууд бий. Энэ үед хүүхдийн зургийг үзүүлэхэд маш хялбар болно: энэ хүүхдийг харсан уу?

Хэрвээ хүүхэд ойрын 2-3 цагт олдохгүй бол таны дарсан зургийг хэв журам сахиулах байгууллагын ажилтнуудад илгээж эрлийг эхлүүлэх болно.

 

3. Гэрээс сургууль, дугуйлан, секц рүү явахад хэдий хэр цаг зарцуулдгийг эцэг эх заавал мэддэг байх ёстой. Хэрвээ 30 минут зарцуулах газраас 60 минутад ирэхгүй бол аюул учирсан гэж үзэж болно.

Бүх хүн рүү утасдаж, мессеж бичих хэрэгтэй: нөхөр, эмээ, өвөө, нэг ангийн хүүхдийн эцэг эх, ангийнхан руу. Энэ үйлдлийг эвгүй, тохиромжгүй гэж үзэж болохгүй. Хүүхэд тань эргэж ирэхгүй бол хамгийн таагүй явдал болно.

Та юу болсныг мэдэхгүй. Жишээ нь, хүүхэд ямар нэгэн зүйлээс айсан байж болно эсвэл хэн нэгнээс зугтаасан байж болно эсвэл хэн нэгэн дээр очсон ч байж болно.

Хүүхэд төөрч алга болсон гэж бодсон л бол яаралтай цагдаа руу ярь. Таны дуудлагын дагуу цагдаа нар алга болсон гэж бүртгэл явуулж баримтжуулна.

 

4. Гэр бүлийн бүх гишүүдийн (хүүхэд, өндөр настан) утсанд хэд хэдэн хэрэгтэй аппликейшн суулгах хэрэгтэй. “My friends” (iPhone), “My family” (Android) дээр. Эдгээр аппликейшнийг ажиллуулахад интернеттэй орчин шаардлагатай. Бас товчлууртай хуучны утас дээр ажиллахгүй.

 

5. Хүүхдээ “үгүй” гэж хэлж сурга, танихгүй хүмүүстэй ярихгүй, тэднийг сонсохгүй байлгаж сургаарай. Бид хүүхдүүдээ аав, ээж, эмээ, өвөө, багш нарынхаа үгэнд орж өөдөөс нь сөргөлдөхгүй байхыг заадаг. Үүний үр дүнд хүүхэд танихгүй хүний үгэнд ч орж сурдаг.

Өнгөрсөн жил Орос улсад эрэл хайгуул-аврах ангиас “хүүхдийг 60 секундэд хулгайлах” туршилтын арга хэмжээ зохион байгуулжээ. Тоглоомын талбай дээр тоглож байсан 22 хүүхдийн 19 нь танихгүй эгчийг дагаад явсан байна. Гуравхан хүүхэд ээжийгээ хүлээсээр үлджээ.

Нэгдүгээрт, хүүхдэд танихгүй хүн гэж хэн болохыг сайн хэлж ойлгуул. Аймшигтай эсвэл эелдэг зөөлөн төрхтэй, дуутай эмээ ч байж болно (туршилтад оролцсон эгч шиг). Хоёрдугаарт, хүүхдэд дараах бодлыг төрүүл: жирийн, төлөв даруу хүн хэзээ ч хүүхдээс тусламж гуйхгүй.

Хүүхэд таны найз эсвэл танилтай замд тааралдвал тэр дор нь аав, ээж рүүгээ залгах хэрэгтэй. Жишээ нь, “Би Ганаа ахтай таарсан, намайг хүргээд өгье гэж байна” гэж тань руу залгана. Та утсаа салгангуутаа Ганаа руу ярьж хүүхэдтэй тань цуг байгаа эсэхийг шалгана.

 

6. Хүүхэд өөртөө болон мэдрэмжиндээ итгэж сурах ёстой

Тусламж хүсэж байгаа ахад туслахгүй бол эвгүй, бүдүүлэг зан болно гэдэг бодлоос хүүхдээ салгах хэрэгтэй. Гаднын хүмүүс хүүхдэд хүрэх, ямар нэгэн зүйл гуйх ёсгүй гэдгийг тэр сайн мэдэж байх ёстой.

 

7. Хүүхэд тань эсвэл өндөр настай хүн та руу залгаад “намайг тосоод аваач” гэвэл залхуурахгүйгээр буйдангаас босож хүссэнээр нь хийгээрэй

Онцгой байдалд хүрсэн учраас л таныг тосооч гэж гуйж байгааг мартаж болохгүй. Магадгүй хэн нэгэн үл таних хүн нүд салгахгүй дагаад ч байгаа юм билүү.

“За больж үз, чи чинь том болсон хүн шүү дээ” гэж хэлж цааргалах огт хэрэггүй. Та дараа нь өөрийгөө хэзээ ч уучилж чадахгүй тийм нөхцөл байдалд хүргэж болно. Бүү залхуур.

 

8. Хүүхдээ хашхирч сурга. Гудамжинд шуугилдаж байхад нь бид хүүхдэдээ:”Дуугаа аяд, битгий хашхираад бай” гэдэг. Маш олон хүүхэд бас томчууд хашхирч чаддаггүй. Ойд ороод хашхирч үзээрэй, хүүхдэдээ ч зааж өг.

Онцгой үед цагдаа, хамгаалагч, байгууллагын ажилтнаас тусламж гуйхаас ичих хэрэггүй гэдгийг хүүхдэдээ хэлж ойлгуул. Мөн хүүхдэдээ үндсэн дүрмийг зааж өгнө: төөрсөн бол тэр газраа хөдлөлгүй зогсож бай, хаашаа ч явж болохгүй.

 

9. Сошиал суваг ашиглах эрхийг нь бүү хаа. Хүүхэд өөрийн хуудастай байг л дээ – ингэснээр та хүүхдээ юу сонирхож, үзэж байгааг нь харах боломжтой болно. Хэнтэй найзлаж байна, ямар дуу сонсож байгааг нь та мэдэж авна.

Сард нэг удаа найз нөхдийнх нь жагсаалтыг шалга, багшаас бусад томчуудын нэрс байвал болгоомжлох хэрэгтэй. Хуурамч зураг тавьсан, өөрийн нэрээр нэрлээгүй хуурамч хэрэглэгчид ч гэсэн сэжигтэй.

 

10. Интернетэд ч тэр, амьдрал дээр ч тэр – хүүхэд хэнд ч өргүй, ямар ч үүрэг хүлээгээгүй гэдгийг ойлгуул. Үл таних хүн хүүхдээс зураг эсвэл утасныхаа дугаарыг өг гэвэл хүүхдийн өөртөө тавих асуулт “Яах гэж?”. Ямар ч мэдээлэл хувийнх бөгөөд бусдад өгч болохгүй мэдээлэл байдгийг сайн хэлж өгөөрэй.

 

11. Технологийн хөгжил шинэ аюул дагуулж байна: тролл, хорлох, ямар ч үнээр хамаагүй лайк цуглуулах дон. Өнөө цагт хүүхдээ бодит амьдралаас гадна сүлжээнээс хамгаалах хэрэгтэй болжээ.

Сүлжээнээс хүүхэд хамгаалах амаргүй. Порнографи – интернетэд маш түгээмэл зүйл. Мөн амиа хорлох, хар тамхины тухай мэдээлэл, залилагч, гэмт хэрэгтэн гээд бүгд бий.

Виртуал ертөнцийн нэг аюул  бол “цэнхэр халим” – хүүхэд болон өсвөр насныхныг амиа хорлоход хүргэдэг.

Үхлийн тоглоомд нэгдэхийн тулд өсвөр насныхан сошиал сувгаар дамжуулан тусгай бүлгэмд элсдэг.

Эхлээд өсвөр насныхныг гараа хурц иртэй хутгаар зүсэхийг даалгана эсвэл ямар нэгэн сэдэвтэй зураг арьсан дээрээ зүсэж сийлэх даалгавар өгнө: “халим тэнгис”, F57, F58 эсвэл зүгээр халим зурна. Тоглоомын сүүлчийн шат адилхан – амиа хорлох.

Өсвөр насныхныг энэ аюулт тоглоомоос хамгаалахын тулд эцэг эх нь өөрийнхөө хүүхэд дээр ил шарх байгаа эсэхийг шалгахыг цагдаа нар зөвлөж байна. Байгаа бол яагаад ийм шарх бий болсныг олж мэдэх хэрэгтэй. Мөн хүүхдийн сэтгэл зүйн байдалд анхаарал тавьж ажиглах хэрэгтэй ажээ.

 

12. Эцэг эх хүүхдийнхээ таньж мэддэг хүмүүсийн утасны дугаарыг тэмдэглэж авах хэрэгтэй – багш, найз нөхөд, нэг ангийн хүүхдүүд, спортын дугуйлангийнхан.

Хэрвээ хүүхэд ямар нэгэн шалтгаанаар сургуулиасаа цагтаа ирээгүй бол багш руу нь эсвэл ангийнх нь хүүхэд рүү залгаж сураглана. Магадгүй хичээлийн хуваарьт өөрчлөлт гарсан учраас оройтож байж болно.

Хэрвээ үгүй бол найз нөхөд рүү нь залгана. Найз нөхөдтэйгөө хаа нэгэн газар тоглож байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ үгүй бол цагдаа руу залгах хэрэгтэй. Хүүхэд алга болсон үед хором тутам үнэ цэнэтэй гэдгийг мартаж болохгүй.

 

13. Аюултай нөхцөл байдалд хүүхэд биеэ хэрхэн авч явах ёстойг мэдэж байх ёстой. Аюултай нөхцөл байдлын үед ямар ч хүн сандарч эхэлдэг. Тэр тусмаа хүүхэд. Тийм учраас хүүхдээ урьдчилан бэлдэх хэрэгтэй.

Хүүхэд аав ээжийнхээ нэр, оршин суугаа хаяг, утсыг сайн мэдэж байх ёстой. Дэлгүүрт хүүхэд төөрлөө гэхэд яах ёстойгоо мэдэж байвал зохилтой. Эсвэл буруу автобусанд суусан, танихгүй газар төөрсөн бол яах ёстой вэ?

 

14. Хүүхэд төөрөөд дараа нь олдвол түүнийг бүү загнаарай. Сандарснаа хүүхдэдээ тайван хэлж ойлгуул, юу болсон, ямар аюултай болохыг зөв хэлж ойлгуулах хэрэгтэй.

Карлсонтой хүүхэлдэйн кинон дээр гардаг аав ээжийг санаж байна уу? Хүүг гал сөнөөгч нар аваад аав ээжид  нь өгөхөд ээж нь: “Хүү минь, бид нар ямар их санаа зовсон гээч” гэж хэлдэг дээ.

Эдгээр зөвлөгөө таны гэр бүлийн, таны хүүхдийг аюулаас аварч чадна. Хүүхдээ хаа нэгэн газар руу ганцааранг нь явуулахдаа аюулын тухай ойлголтыг өгсөн байх хэрэгтэй, гэхдээ айлгах ёсгүй.

Заавал аюул учирна гэдэг талаас нь бус харин хэзээ ч, хаана ч аюул учирч болзошгүйг л ойлгуул. Эс бөгөөс хүүхэд гадна орчинд гараад айдастай явах болно.

Урьд өмнө бид аюулгүй байдлын дүрэмтэй танилцуулж л байсан. Аюултай нөхцөл байдал байнга тогтмол гарч байгаа учраас энэ асуудалд илүү нухацтай хандахад хүргэж байна.

22
ГоёГоё
16
ГайхмаарГайхмаар
7
ХөөрхөнХөөрхөн
7
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *