Зорилгодоо хүрэхэд тань туслах 5 энгийн дадал зуршил

3

Бидний аливаа зүйлийг хийж, түүнд хэрхэн хандаж байгаа байдал нь цаашид хэн болох, юунд хүрэхийг тодорхойлдог бөгөөд бидний амьдралыг дадал зуршил хянаж байдаг билээ. Тиймээс бид аливаа сайн зуршлыг хөгжүүлэх хэрэгтэй ба энэхүү нийтлэлд таныг амжилтад түргэн хугацаанд хүргэх 5 зуршлын тухай танилцуулъя.

Хүн бүр ямар нэг зүйл мөрөөдөж, түүнд хүрэх тодорхой зорилго тавьдаг боловч маш бага хэсэг нь зорьсондоо хүрдэг. Эдгээр хүмүүс бусдаасаа юугаараа ялгагддаг гэж бодож байна? Дадал зуршлаараа. Дадал зуршил л хүний амьдрал хэрхэн яаж өрнөх, юунд хүрэхийг тодорхойлдог юм.

Энэ нийтлэлд таныг юу хийх хэрэгтэйг заах гэлгүй хүнд маш их хэрэг болох 5 дадал зуршлын тухай зөвхөн бодлоо хуваалцах гэсэн билээ. Та эдгээр зуршлыг өнөөдрөөс эхлээд өөрийн болгох боломжтой юм шүү.

1. Хувийн дэг журам, сахилга батыг ягштал сахиж сур

Том ялалтууд зөвхөн сахилга батын тусламжтайгаар бий болдог. Сахилга бат, дэг журамгүйгээр зөвхөн эхэн үедээ, сулхан үр дүнд л хүрнэ. Итгэх, эргэлзэх нь таны хэрэг боловч энэ үнэхээр үнэн юм шүү.

Ер нь залхуурал гэж юу болохыг мэдэх үү? Энэ талаар олон тодорхойлолт байдаг ч надад хамгийн их таалагддаг тодорхойлолт бол:

Сахилга батгүй байдлыг залхуурал гэнэ

Та залхуураад хийдэггүй тэр бүх зүйлийг бүгдийг нь хийдэг байсан бол таны амьдрал хэрхэн яаж өөрчлөгдөх байсан бол гэж та төсөөл дөө? Чухамхүү сахилга батгүй, хувийн дэг журамгүй байдал л хүнийг сулбагар, өөдгүй, бүтэлгүй болгодог.

Яаж хувийн дэг журам, сахилга баттай байж сурах вэ гэдэг нэг зүйл байгаа ба аз болоход үүнийг бий болгон хөгжүүлэхэд амархан боловч цаг үргэлж мөрдөж байх нь хэцүү зүйл юм.

Хэрвээ та хувийн дэг журам сахилга бат гэгчийг хөгжүүлэх гэж байгаа бол доорх зүйлийг ойлгох хэрэгтэй:

Хүний сэтгэл зүйн хүч гэгч маш чухал нөөц бололцоо нь хорогдох, дуусах шинж чанартай юм. Өөрөөр хэлбэл таны сэтгэл зүйн хүч өдрийн турш хорогдсоор байдаг гэсэн үг.

Бид хамгийн тэнэг, утгагүй шийдвэрүүдээ орой гаргадаг гэдгийг та анзаарч байсан уу? Яагаад гэвэл хүний сэтгэл зүйн хүч дуусч байх тэр үед гаргасан шийдвэр учраас тэр.

Ингээд хэрвээ оройдоо сэтгэл зүйн хүч дуусдаг юм бол өглөө хамгийн оргил үе нь байж таарах нь ээ. Нэгэнт өглөө хүний сэтгэл зүйн хүч хамгийн өндөр байдаг болохоор чухам энэ үед л, хүчтэй байхдаа өөрийгөө удирдаж, сахилга баттай байж сурах нь маш чухал.

Олон янзын дасгал байдаг боловч энэ удаа хамгийн энгийн дасгал зөвлөе: энэ бол өглөө эрт босож сурах юм. Дараагийн 30 өдрийн турш өглөө 6 цагт (амралтын өдрийг оруулахгүйгээр) босно гэж өөртөө амлан зорилго тавиад түүнийгээ биелүүл. Өглөө болгон ингэж эрт босно гэдэг бол маш хатуу сахилга бат юм шүү. Хэрвээ та өөрийн амлалтаа биелүүлж чадахгүй, сахилга бат, дэг журмаа алдан энэ хэцүү биш зүйлийг хийж чадахгүй бол өөр том амжилтын тухай яриад ч хэрэггүй.

2. Оюун ухаанаа хөгжүүл

Хүний бүх л хүч чадал нь мэдлэгт байдаг гэж итгэдэг хэсэг бүлэг хүмүүс бий. Эдгээр хүмүүс маш их уншиж, шинэ мэдээллийг баяртайгаар хүлээн авдаг билээ. Гэхдээ энэ философи нь үнэнээс нилээд хол зүйл юм.

Хүч чадал гэдэг бол практикаар нөхөгдсөн мэдлэгийг хэлнэ. Ямар нэг зүйл хийлгүй номоос толгойгоо салгаагүй хүн ямар ч хүч чадалгүй юм. Харин ийм хүмүүс мэдсэн чадсанаа хэрэгжүүлэх нь ихээхэн өөр зүйл билээ. Хамгийн тод жишээ нь Билл Гейтс.

Бид биеийн хүчээ янз бүрийн хүнс идэж сэлбэж байдаг ба хэрвээ идэх зүйлээ хэтрүүлбэл яах бол? Жин ихсэнэ, хөдөлгөөн удааширч, эрүүл мэнд уруудаж эхэлнэ.

Оюун ухаан ч гэсэн ийм бөгөөд хүч чадлаа сэлбэх, хэмжээг тааруулах нь чухал ба юу тааралдсанаар нь “хооллоод” байж болохгүй.

Хамгийн энгийн, хамгийн түрүүнд хийж болох зүйл бол өөрийн чинь зорилгод хүрэхэд туслах чухам тэр л номыг уншиж, хэрэгтэй мэдлэгтэй болох явдал юм.

Өдөрт 10 хуудас унш. (их байх тусмаа л сайн) Өдөрт 10 хуудас уншихад цаг бараг зарцуулахгүй (би өглөө сэрээд уншдаг). Ном хичнээн хуудастай гэж бодно? Дунджаар 300. Ингэхээр та сард нэг ном, жилд 12 ном унших нь. Тун муугүй үзүүлэлт шүү.

Сурч сурна гэдэг бол бас нэг хүч чадал шаардсан дадал юм.

 

3. Ажил амралтын харьцааг тааруул

Маш их хөдөлмөрлөх биш харин маш ухаантай ажиллах ёстой гэсэн бодолтой хүмүүс байдаг. Минийхээр бол энэ философи нь бодит амьдралаас нилээд зөрсөн зүйл. Ийм уриатайгаар та арай олон ном зарж болох ч бодит амьдрал дээр “шаргуу ажиллах нь” бараг үргэлж “ухаантай ажиллахыг” ялж байдаг билээ.

Ухаан зарж байгаад, биеэ зовоолгүй, маш уран, ухаантай арга хэрэглэн богино хугацаанд тодорхой зүйлд амжилт гаргаж байсныг би лав сонсоогүй. Том ялалтыг маш их хөдөлмөр, түүнээс олж авсан туршлага, дагуулж байдаг ба тэрхүү туршлага, мэдлэг нь гаднаас харахад хөнгөн, амархан байдлаар амжилтад хүрч байгаа мэт сэтгэгдэл төрүүлж болох юм. Минийхээр бол шаргуу зүтгэлтэй ажиллахыг ухаалаг хандлагатай хослуулбал хамгийн өндөр үр дүн гарна.

Гэхдээ хүнд хэцүү хөдөлмөр нь хүний биеийг төдийгүй оюун ухааны хувьд ч ядрааж байдаг ба “хамаг юмаа дуусгахгүйн” тулд “батерейгаа цэнэглэж байх” хэрэгтэй. Энэ дэлхийд бүх л зүйлд амралт хэрэгтэй ба танд ч гэсэн ялгаагүй.

Амралт огт хэрэггүй гэж ярьдаг хүмүүс бий. Гэхдээ эдгээр хүмүүс ийм амралт авах эрхгүй, тийм гавьяа байгуулаагүй гэдэг бодолтой байдаг тал бий.

Хүн ажил дээрээ амралт бодож, амарч байхдаа ажил боддог байж болохгүй. Үүнд сайн зүйл гэж юу ч үгүй бөгөөд ажил амралтын харьцааг зөв олох хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр таны бие болон оюун ухааныг сэргээж байх тэр үйл ажиллагааг хийхийг хэлнэ.

Ийм үйл ажиллагаа нь биеийн тамир, нойр, гэр бүлийнхэн, найз нөхөд, спорт, бясалгал зэрэг юм. Эдгээрт та цаг гаргах ёстой.

Ямар ч зугаа цэнгэлгүй, үргэлж л ажиллаж байдаг маш уйтгартай хүн бий. Та тийм болохыг та хүсэхгүй л байх.

 

4. Эрч хүчээ хянаж бай

Хэрвээ таны “бензиний сав” хоосон бол өөрийн зорилго руугаа хамаг хурдаараа давхиж чадахгүй. Хэрвээ бид зорилгодоо хүрэхийн төлөө маш өндөр үр дүнтэй ажиллая гэвэл өөрийн эрч хүчээ хянаж тааруулж байх нь чухал юм.

Хүний биеийн энерги, эрч хүчинд нөлөөлдөг олон янзын нөхцөл байх бөгөөд тэдгээрийг бүгдийг нь тоочих шаардлага алга.

Зарим нэг нэмэлт зөвлөгөө:

  • Өөрийнхөө хамгийн үр дүнтэй байдаг цагийг олж цагийн хуваариа түүнд тохируулж хий. Миний хувьд өглөөний 8- 10:30-ийн хоорондох үе хамгийн их үр дүнтэй цаг ба энэ үед надаас энерги “цацарч” байдаг билээ. Тиймээс хамгийн чухал ажлаа чухам энэ үед хийхийг хичээдэг юм.
  • Орчин тойрноо сонго. Хов жив хөөцөлдсөн, бүтэлгүй яриа, хэрүүл уруул бүхий хүмүүс бол хүч чадал, энерги сорогч нар билээ. Тиймэрхүү хүмүүстэй харьцсаны дараа ажиллах хүсэл, чадал алга болсон байхыг мэдэрдэг. Тиймээс таны зорилгод хүрэхэд саад болох  тэдгээр хүмүүсээс хол бай.

Бас нэг чухал зүйл бол таны эрч хүч, энергийг жижиг сажиг зүйлс хорогдуулж болох бөгөөд жинхэнэ том ажилд хамаг хүчээ зарахын тулд тэрхүү энерги, эрч хүчээ хянаж, тааруулж байх хэрэгтэй юм шүү.

 

5. Айдсаа хянаж, залж сур

Маш их хүч чадал гарган хамаг л юмаа зориулан ажиллавч ямар ч үр дүн гарахгүй байх явдал танд тохиолдож байсан уу?

Хүний тархи танд мэдэгдэлгүйгээр аюул багатай, эрч хүч бага шаардсан… даалгаврыг өгдөг учраас ийм зүйл болдог гэсэн тайлбар бий. Ингэж тархи таныг хамгаалж, хэт ядрахаас сэргийлж байдаг ба энэ нь тархины нэг үүрэг юм.

Том амжилт, ялалт нь таны ая тухтай байх бүсээс нилээд хол байдаг зүйл. Тэрхүү таны байгаа ая тухтай бүсийн зах руу ойртох тусам хамгаалалтын механизм ажиллаж эхлэх бөгөөд үүнийг айдас гэдэг билээ.

Байгал дэлхий аюул ослоос урьдчилан сэргийлэх гэж айдас гэгчийг бий болгосон ба айдасгүйгээр хүн төрөлхтөн аль хэзээний устсан байх байсан биз.

Харин бидний ярьж байгаа энэ нөхцөлд айдас нь том амжилтад хүрэхэд тээгэлдэх хамгийн том саад юм. Чухам айдас л биднийг хүсэж байгаа зүйлд маань хүргэхгүй, оюун ухааныг боомилж, хүч чадлаа бүрэн гаргахыг хааж байдаг.

Тиймээс өөрийн айдсаа хянаж сурах хэрэгтэй. Ингэхгүйгээр та юунд ч хүрэхгүй. Хамгийн чухал үнэн бол  айдсын хүч чадал нь таны “зөвшөөрсөн” хэмжээнээс шалтгаалдаг явдал юм. Айдас бол өмнө чинь ямар нэг бэрхшээл байгааг илтгэсэн дохио төдий зүйл бөгөөд хэрвээ та  хүсэж байвал энэ дохиог үл тоож болно.
Жишээ нь зарим хүмүүс маш их сандарсан, айсан үедээ аль болохоор гүнзгий амьсгалж өөрийгөө тайвшруулах гэж оролддог. Хэрвээ боломжтой бол өөрийнхөө оюун ухааныг цэгцэлж, цэвэрлэж авахын тулд 10 минут бясалгал хийх нь зөв. Иймэрхүү байдлаар та айдас, сандралаа дарж чадна.

Айдас нь таны зорилгод хүрэхэд саад болох том тээг боловч бас тэр амжилтад хүрэх хамгийн амар, шулуун замыг заадаг билээ. Бидний хийхээс айж байгаа тэр үйлдэл маань хамгийн түрүүнд хийх ёстой зүйл байх нь маш элбэг.

Тиймээс таныг ямар их айлгаж байгааг бодох биш харин айдсаа дарж чадвал ямар шагнал хүлээж байгаагаа бод.

Ер нь айдастай хийх тэмцлээ “дээд лигт тоглох эрхийн” төлөө төлж байгаа төлбөр гэж ойлгох хэрэгтэй. Энэхүү төлбөрийг төлөх дургүй юм уу чадахгүй хүмүүс “доод лигтээ” байж л байг. Тэнд өндөр хариуцлага гэж байхгүй боловч шагнал нь дэндүү өчүүхэн билээ.

15
БахархмаарБахархмаар
3
ГоёГоё
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *