Гайхамшигт оюун ухаан буюу Даниел Тамметын үнэн түүх

0

Гайхамшигт оюун ухаан буюу Даниел Тамметын үнэн түүхДаниел Таммет /Daniel Tammet/ бол Английн зохиолч, эссэ бичигч, хүмүүсээс тасрах эмгэгтэй сод ухаантан нэгэн. Арван өөр хэлээр ярьж, математикын үйлдлүүдийг ямар ч үзэг цаас, тооны машингүйгээр төвөггүйхэн хийж чаддаг энэ хүн бол манай гаригийн хамгийн ер бусын оюун ухаантай хүмүүсийн нэг юм. Даниел Таммет 1979 оны 1-р сарын 31-ний өдөр Английн Лондон хотноо төрсөн бөгөөд жаахан хүүхэд байхдаа толгойгоороо хана мөргөн үргэлж уйлж байдаг хүүхэд байжээ. Хэн ч түүнийг юуны учир ингэж байгааг мэддэггүй байсан бөгөөд бүх эмч нар түүнийг зүгээр л илүү их урамшуулал хүссэн байна гэж хэлдэг байв. Нэгэн өдөр ахтайгаа тоглож байгаад татаж унасан учир эмнэлгийн тусламж авснаас хойш сар бүр цусны шинжилгээ өгдөг болсон түүнийг удахгүй нас барах вий гэж эцэг эх нь айж байлаа. Учир нь Даниелын өвөө унаж татдаг өвчин туссаны улмаас нас барсан байна. Азаар эмчилгээ амжилттай болж, тэр өвчнөө даван дийлж чадсан юм. Даниелыг хүүхэд байх үед тэдний гэр бүлийнхэн түүнийг өөр тархитай болохыг мэдсэн байна. Нэг удаа ах нь тоглоом шоглоомоор түүнээс нилээд урт тоонуудыг үржүүлэхийг хүстэл Даниел нүдээ аньж, 5-10 секунд болсны дараа зөв хариуг хэлжээ. Ах нь түүнээс хэд хэдэн удаа тоо асуухад тухай бүрд зөв хариулж байсан бөгөөд эцэг эх нь ч үүнийг өөрсдийн нүдээр харсан байна. Гэвч тэд үүнд нэг их анхаарал хандуулаагүйгээр барахгүй бусад хүмүүсийн өмнө Даниелын энэ гайхалтай чадварыг харуулах гэж албадаагүй аж. Тэд хүүгээ өөр гэдгийг мэдэж байсан ч түүнийг хэвийн амьдралаар амьдраасай гэж хүсэж байсан байна. Гэвч Даниелын тархи хэвийн байдлаар ажилласангүй. Тэр тоонууд харах үед түүний толгойд тэднийг бодох тухай бодол огтоос төрдөггүй, харин зүгээр зураг харагддаг гэнэ. Тэр нүдээ анихад өөр зураг харагдаж, түүний өмнө хариу нь гарч ирдэг. Бусад хөвгүүд спорт тоглоом тоглож байхад Даниел хажуугийн шугам дээр суугаад модны навч тоолж байдаг байв. Өсөж том болоод голдуу компьютерээр боддог өндөр хэмжээний тооцооллыг төвөггүй хийж чаддаг болохоо мэдсэн Даниел куб язгуурыг тооны машинаас хурдан гаргаж чаддаг. Даниелын тархи маш өвөрмөцөөр ажилладаг, тэр тоог боддоггүй, харин олон тоо харах үед түүний нүдэнд хоёр дүрс харагддаг бөгөөд дүрсүүд өөрчлөгдөн гурав дахь дүрс гарч ирдэг нь тооны хариу байдаг ажээ. Ийм сод ухаантнууд хүмүүсээс тасрах эмгэгтэй хүмүүсийн 10 хувийг эзэлдэг ба тэд юуны учир ийм онцгой байдаг нь одоо ч тодорхойгүй байгаа. Бас тэдний олонх нь яаж тоо бодож байгаа зэргээ хэлж тайлбарлаж чаддаггүй бол Даниел чаддаг. Мөн ийм хүмүүс өөрийгөө илэрхийлэх тал дээр дутмаг, үгсийн сан нь хязгаарлагдмал байдаг бол Даниел дэлхийн олонх хүмүүсээс ч илүү баялаг үгсийн сантай. Литва, Герман, Эсперанто зэрэг хамгийн хэцүү хэлнүүдийг сурсан тэрээр Манти /Manti/ хэмээн нэрлэсэн өөрийн гэсэн бичиг үсгийг ч зохиосон. 2004 онд эрдэмтэд түүнийг долоо хоногийн хугацаанд Исланд хэл сурч чадах эсэхийг туршихад тэр долоо хоногийн дараах шалгалтыг төвөггүйхэн давж чадсан байна. 34 настай залуу эр хэзээ ч далайн эрэг рүү явж үзээгүй бөгөөд хэрвээ тэнд очвол элсний ширхгүүдийг тоолоод эхэлчих учир явдаггүй. Учир нь тэр хариуг нь олохгүй л бол тайван байж чаддаггүй. Тэр ч бүү хэл супермаркет явах гэдэг нь ч түүний хувьд хэцүү зүйл. Дэлгүүрийн лангуун дээрх бүтээгдэхүүн бүрийн үнэ түүний хувьд дүрснүүд болон харагдаж, юу авах хэрэгтэйгээ ч бодож чадахгүйд хүрдэг байна. Ер бусын онцгой оюун ухаантай энэ залууг зарим эрдэмтэд аутизмын нууцуудын тайлагдашгүй түлхүүр гэж үздэг байна.

2
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *