Квэнтин Тарантино өөрийн дуртай шилдэг 20 киног нэрлэж байна

0

Кино урлагийн түүхэнд Тарантиногийн галзуу гэмээр зан төрх хэдийнээ дасал болсон. Найруулагч болохоосоо өмнө тэрээр кино прокатын газар ажиллангаа өдөржин кино үздэг байжээ. Түүний хэв маягийг шүтэн бишрэгчид олон бөгөөд саяхан тэрээр алдар хүндийн оргилоос од шүүрсэн билээ.

Нэгэн ярилцлагадаа Квэнтин 1992 оноос хойш гарсан 20 шилдэг киног нэрлэсэн байна. Тэрхүү жагсаалтыг та бүхэн сонирхоно уу.

Fight club

Энэ киног тайлбарлаж бичих үнэндээ бэрх юм. Учир нь энэ бол кино гэхэд ахадмаар, дэндүү гайхалтай бүтээл. Нортон, Питт нарын хослон тоглосон энэ кинонд хөгжим нь төгс зохицсон агаад ахин дахин үзээд ч уйдамгүй билээ.

The insider

Майкл Манн хувийн сонирхолоос нийгмийн эрх ашгийг дээгүүрт тавьдаг чин шударга хоёр эрийн тухай кино бүтээжээ. Өнөө үед ч ач холбогдлоо алдаагүй энэ бүтээлийн гол дүрүүд тулгарсан нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй ч, итгэл үнэмшил үлдээдэг юм.

Lost in translation

Токио хот, шөнө, өндөр үнэтэй зочид буудлын баар. Нойргүйдлээ аргацааж ядсан жүжигчин Боб Харрис, сэтгэл булаам Шарлотта нар энд учирна. Тэд танилцаад шөнийн Токио хотоор зугаална. Энэ бол гүн ухааны, хурц хошин мэдрэмж төрүүлэх кино.

Batoru rowaiaru

Энэ бол хэрцгий тоглоом. Зөвхөн ганц хүн амьд үлдэнэ. Орчин цагийн амьдралыг ёгтолсон, түүнд хандах бидний хандлагыг шүүмжилсэн кино. Японы кино урлагийн талаар ойлголт авахыг хүсвэл энэ киног заавал үзээрэй. Такэши Китано тоглосон нь энэ киног улам сонирхолтой болгожээ.

Dogville

Дээрэмчдээс зугтаасан залуухан бүсгүй Грэйс, уулархаг бүсийн Догвилль хотод ирнэ. Нутгийн оршин суугчид түүнийг таагүй хүлээн авах бөгөөд тэдэнд ажил хийж өгөхөөр тохиролцоно. Гэвч нутгийнханд сэтгэл гаргах тусам тэдний үнэн нүүр царай илчлэгдэнэ. Ларс фон Триерийн энэ кино утга агуулгаар баялаг, гайхалтай сайхан гүйцэтгэлтэй хийгджээ.

Matrix

Сонгодог гэж хүлээн зөвшөөрөгдсөн киноны тухай юу ярих билээ? Нийгэм улс төрийн далд утга санаа агуулсан бүтээл. Анх үзэхэд анзаарагдамгүй.

Anyting Else

Инээдмийн киноны мастер Вуди Аллений бүтээл. Өөдрөг, хөгжилтэй кино. Үзэхэд амар, өвөрмөц орчныг бүрдүүлж өгнө.

Shaun of the Dead

Цахилгаан хэрэгслийн дэлгүүрийн ажилтан Шон дэлхийн мөхөл сүйрлийн голомтод очно. Хотын гудамжаар цусанд шунасан зомбинууд хөлхөж, таарсан бүхнээ барьж иднэ. Инээдмийн кино учраас стандарт бус санагдаж магадгүй.

Dazed and Confused

Тун энгийн, элдэв далд агуулгагүй, өөдрөг, инээдмийн кино. 70-аад оныхны тухай мэдэхийг, сэтгэл санаагаа өргөж хөгжилдөхийг хүссэн хэн бүхний үзвэл зохих кино юм. Цэл залуу Мила Йовович, Бэн Аффлек, Мэттью Макконахи нарыг эндээс харна.

Odishon

Японы яруу зөөлөн аясаар эхэлснээ садист яргаллаар төгсдөг нь энэ киноны гол онцлог. Европ, америк кинонд дассан үзэгчдийг өвөрмөц соёлын шоконд оруулдаг бүтээл. Хүн бүрийн дотор байх айдсаас төрдөг буг чөтгөрийн талаар өгүүлнэ.

Dao

Эрч хүчтэй, адал явдалтай энэ киног гар камераар авсан нь дүрүүдийн айдас түгшүүрийг илүү сайн харуулах мэт. Хурц тод өнгө, хэрцгий тулаан, хүсэл шуналыг дээд цэгт нь буцалгаж өгчээ.

Boogie Nights

Секс, хар тамхи, харгислал – энэ киног ингэж товч дүгнэж болно. Энэ бүхний цаана нийгмийн тулгамдсан асуудлууд хөндөгдөж байгаа юм.

Memories of Murder

Триллер биш, детектив ч бас биш. Солонгос киноны өвөрмөц аяс харагдана. Сайн найруулга, оновчтой сонгосон дүр, шилдэг жүжиглэлт, ер нь их сайн кино. Яг л бодит амьдралыг үзүүлнэ. Цагдаа нар нь төгс биш, гэмт хэрэгтнүүд цээрлэлгүй үлдэнэ, хөгийн алдаанаас болж гэм буруугүй хүмүүс үрэгдэнэ.

Speed

Агуулга нь энгийн боловч үнэхээр сэтгэл хөдөлгөм кино. Ян-Де Бонт цаг хагасын турш дэлгэцнээс нүд салгахгүй, уйдахгүй үзэх кино хийж чаджээ. Хэдхэн минут өнгөрөх тутамд дараагийн шинэ үйл явдал залгуулаад өрнөдөг, сонирхолтой хийгдсэн бүтээл. Залуухан Киану Ривз – үнэхээр сайхан эр!

Joint Security Area

Дөнгөж хил тусгаарлаад байгаа хоёр улсын хилийн зааг дээр тун эвгүй цаг үед очсон нэгэн мөрдөгч бүсгүйн тухай өгүүлнэ. Далд өгүүлэмжтэй кино. Жүжигчдийн тоглолт, найруулга, зураглаачийн ажлыг бахадмаар. Агуулгын хувьд ч сэтгэл догдлуулсан сайхан кино юм.

https://www.youtube.com/watch?v=eXDF9KjaL7I

Friday

Лос-Анжелесийн нэгэн дүүрэгт баасан гаригт болж өнгөрөх үйл явдал. Энэхүү инээдмийн кинонд үүдэндээ дэмий сууж ууж, тамхилах дуртай Крэйг, Смоки хэмээх хоёр залуугийн тухай гарна. Крис Такер, Айс Кьюб нарын хамтран тоглосон энэ кино таныг нэг хором ч уйдаахгүй.

Team America: World Police

Бодит гэмээр тайз засал, чамин чимэглэл, уран хошин үг, үгийн наадаан, сайхан хөгжим, дуу чимээний эффект, улс оронд өрнөөд байгаа асуудлыг нуух хаах юмгүй шүүмжилж буй байдал… Энэ бол томчуудад зориулсан хүүхэлдэйн кино.

The Host /Gwoemul/

Аймшгийн гэхээсээ илүүтэй олон юм бодогдуулах кино. Хайрын хүчээр энгийн нэгэн гэр бүл бүхнийг ялан дийлж буй тухай үзүүлнэ. Ийм хүнд сорилтыг шүдээ хүртэл зэвсэглэсэн тусгай арми ч давахаас зүрхшээх ажээ.

Police Story 3

Хонконг, Хятадын цагдаа нар Интерполтой хамтран хар тамхины улс дамнасан сүлжээг устгах ажиллагаа төлөвлөнө. Кэвин Чэнг энэхүү өвөрмөц ажиллагаанд дуудагдах бөгөөд түүнийг дэмжихээр Хятадын Интерполын дарга, дур булаам эмэгтэй ахмад Енг томилогддог.

Unbreakable

Төмөр замын аймшигт осол гарна. 132 зорчигчоос ердөө ганц хүн амьд үлдэх бөгөөд нэг ч шарх авалгүй гарч ирэх ажээ. Үүний нууцыг нэг хүн л мэднэ. Элайд Прайс – “Ноён Шил” хочит энэ хүн гадны үл ялиг нөлөөгөөр ч яс нь хугарч мэдэх хэврэгхэн хүн билээ.

1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/04/21 at 20:04

    Хамгийн дуртай кино нь Walk hard гэж сонсож байсан

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *