Зөв угаавал хэдэн арван жилээр ч таны хэрэгцээг хангасаар байж чадах 10 төрлийн гутал, хувцас

0

Одооны хувцас чанаргүй болжээ гэж бид бүгд л үглэж байгаа. Хэлбэрээ амархан алдаж байна, өнгөө гээж байна, хүссэн хүсээгүй хогийн саванд хаяхаас өөр аргагүйд хүрнэ. Асуудал нь эд барааны чанарт байгаагүй юм биш биз? Бид өөрсдөө хайртай хувцсаа угаахдаа алдаа гаргаж эдэлгээний хугацааг нь богиносгож байна.

Ямар хувцсыг бид буруу угааж байна вэ? Буруу угааж байгаагаа ч өөрсдөө гадарлахгүй алхана. Мэдээж хувцас угаахаас өмнө бид заавартай нь танилцдаг. Гэхдээ зарим нэг чимхлүүр аргууд бас байх ажээ. Бонус хэсэгт танд толбо арилгах хэд хэдэн аргуудыг танилцуулахаар бэлдлээ.

Футболк

Футболкыг ганцхан өдөр өмсөөд л угаалгын машинд хийх хэрэггүй. Ганц өмсөөд л угаагаад байвал өнгө, хэлбэрээ амархан алдана. Сонирхуулахад, саяхан хэдэн долоо хоногоор асуудалгүй өмсөж болдог футболк зохиосон байна лээ. Даавуу нь тусгай тостой.

Футболкыг угаалгын машины тансаг эдлэл угаах горимоор 30 хэмийн усанд угаавал хамгийн тохиромжтой. Мөн энэ төрлийн хувцсыг жийнс болон бүдүүн, ширүүн ширхэгтэй өөр бусад төрлийн даавуутай цуг угааж огт болохгүй. Футболкыг угаахаас өмнө заавал дотор талаар нь эргүүлж байж угаалгын машинд хийнэ.

 

Жийнсэн хувцас

Жийнсэн хувцсыг ямар давтамжтай угаах ёстой гэдэг асуудал одоо ч маргаантай хэвээр. Хэн нэгэн 3-4 удаа өмсөөд угаах хэрэгтэй гэх бол нөгөө нь аль болох угаахгүй байх нь зөв гэж үзнэ. Үнэн хэрэгтээ даавуунаас нь шалтгаалах ажээ. Бүдүүн ширхэгтэй жийнс бол угаасаа угаалгын машинтай нөхөрлөхгүй. Ийм материалыг гараараа хүйтэн усанд л угаасан нь дээр. Арай зөөлөн материалтай жийнсэн даавуу бол машинаар, тогтмол угаана. Гэхдээ 6-10 удаа өмссөний дараа шүү.

Жийнсэн хувцсыг угаалгын машинд хийхээс өмнө заавал дотогш нь эргүүлж, цахилгаан, товчийг нь товчилно. Жийнсэн даавуунд тохирох угаалгын машины горим – эмзэг даавуу. Хүйтэн ус илүү тохиромжтой, хэрвээ хувцас их бохирдсон бол усны хэмийг 40 дээр тохируулж болох юм. Угаалгын бодисыг хэдий хэр бага хийнэ төдий чинээ хувцсанд сайн.

 

Свитер болон блейзер

Энэ төрлийн хувцас угаалгын машины угаалтыг дийлэхгүй. Эмзэг горим дээр тохируулсан ч гэлээ сунах эсвэл бөөстөх аюултай. Ялангуяа хэрвээ та барабаныг хамгийн хүчтэй дээр нь тавьж сурсан бол бүр ч хол бай. Свитер болон ноосны орцтой бусад хувцсыг хуучны сайхан аргаар буюу гараар угаавал илүү тохиромжтой.

Хувцас угааж байна, өнгө оруулж байна гээд 10-15 минут үрэх ямар ч шаардлага байхгүй. Хувцсаа л хурдан муутгана гэсэн үг. 5-6 минут гараараа зөөлөн базахад л хангалттай, дараа нь цэвэрхэн усаар зайлаарай. Базахдаа алчууранд боож эсвэл тусгай шүүрэн дээр тавьж усыг нь гоожуулна. Нойтон свитерийг хуурай даавуунд ороож хэвлэн хатаана.

 

Ус нэвтрүүлдэггүй хүрэм

Тусгай гадаргуутай хувцсыг жирийн угаалгын бодисоор угааж огт болохгүй. Энэ бодис ус нэвтрүүлдэггүй бүтцийг гэмтээдэг, ингээд 4-5 удаагийн угаалтын дараа хувцас өөрийнхөө үндсэн үүргийг алдана. Ус нэвтрүүлдэггүй хүрмийг угаахаас өмнө угаалгын машины бодис хийдэг хэсгийг сайтар цэвэрлэх эсвэл машинаа бүтэн горимоор нь хоосон ажиллуулна. Ямартай ч угаалгын бодис хийх хэсэг цэвэрхэн болсон байх ёстой.

Эмзэг даавуу угаах горим дээр тохируулж нэгэн зэрэг хэд хэдэн хүрэм угааж болно. Хувцсанд механик гэмтэл гаргахгүйн тулд бүх цахилгаануудыг нь бүрэн татсаны дараа угаалгын машинд хийгээрэй.

 

Хилэн хувцас

Энэ төрлийн хувцсыг угаалгын машинд хийхээсээ өмнө өөртөө ямар орц агуулж байгааг сайтар шалгах хэрэгтэй. Торгоор хийсэн хилэн хувцас болон угаалгын машин хоёр ерөөсөө тохирохгүй. Ийм хувцсыг хими цэвэрлэгээнд л өгдөг.

Синтетик хилэн бол гараар хүйтэн эсвэл бүлээн усанд л угаана. Угаалгын машинд маш болгоомжтой буюу эмзэг даавуу угаах горимоор л угааж болох юм. Хувцсыг угаахаас өмнө эхлээд чийгтэй сойзоор тоосыг нь цэвэрлэх ёстойг бүү мартаарай.

 

Оймс

Бид оймсыг үнэн хайр найргүй угаадаг. Хувцасны энэ бүрдэлд хэн ч анхаарлаа хандуулдаггүй. Тийм ч учраас угаалгын машины барабаны хаа нэгэн буланд шигдэн үлдэж мартагдах нь бий. Оймсны насыг уртасгах, өрөөснөө алдаж өнчирсөн оймсыг хаяхгүйн тулд хэд хэдэн дүрэм баримтлан угааж сурах хэрэгтэй. Оймс болгоныг оймсны тусгай уутанд хийнэ. Ийм уут байхгүй, гэхдээ худалдаж авахыг хүсэхгүй байгаа бол хуучирсан нимгэн трикогоор хийж болно. Уутандаа хийгээд л оймсоо угаа.

Оймсыг бага хэмээр эмзэг даавуу горимоор угаавал дээр, дотогш нь харуулахаа мартаж болохгүй. Оймс их бохирдолтой бол нийлүүлж бөөрөнхийлөөд хавчаараар хавчина.

 

Кет

Угаалгын машинд даавуун материалтай гутал л хийж болно. Арьсан материалыг угаалгын машинд хийж болохгүй. Адил хэмжээгээр хольсон уксус, хүйтэн усны уусмалаар цэвэрлэж өнгийг нь сэргээж болох юм. Багахан даавуунд уусмалаа шингээгээд гутлаа зөөлөн арчина.

Кет болон пүүзийг дангаар нь угаалгын машинд хийж болохгүй: гуталд ч, машинд ч халтай. Хэд хэдэн алчуур давхар хий. Угаалгын машинд гутлаа хийхээс өмнө бүх үдээс, улавчийг нь авна. Үдээсийг тусгай уутанд хийж угаагаарай. Харин улавчийг нь бүлээн усаар савандаж гараараа угаах хэрэгтэй. Ариутгах зорилгоор ямар ч ариутгалын бодис хэрэглэж болох юм. Кетийг угаалгын машины эмзэг даавууны горим дээр, хүйтэн усаар угаана.

 

Гэрийн углааш

Энэ төрлийн хувцас тэр болгон гудамжинд гараад байдаггүй тул бохирдох нь ч бага байх ёстой. Зарим нэг төрлийн гэрийн углаашийг хүйтэн усанд, эмзэг даавууны горим дээр угаалгын машинаар угааж болно. Гэхдээ л зөөлөн арчилгаа шаарддаг эд. Гэрийн углаашийг бүлээн усанд дэвтээж зөөлөн зүлгэж угаагаад алчууран дээр тавьж хатаа. Мушгих хэрэггүй.

Хэрвээ цэвэрхэн гэрийн углааш бол хуурай цэвэрлэгээ хийнэ. Үүний тулд хүнсний сода цацаад хэдэн цаг байлгасны дараа тоос сорогчоор соруулж авна.

 

Алчуур

Алчуур болон хивсэнцрийг угаалгын машинд өөр эдлэлтэй цуг угаахаас зайлсхийгээрэй. Эдгээр эдлэлд шингэсэн мөөгөнцөр, микроб бусад хувцсанд шингэж болзошгүй. Алчуур, хивсэнцэр угаасны дараа угаалгын машинаа ариутгагч бодисоор цэвэрлэх зайлшгүй шаардлагатай, хоосон бүтэн горимоор ажиллуулна. Хивсэнцрээ үнэхээр өөр бусад эдлэлтэй цуг угаалгын машинд угаамаар байгаа бол ямартай ч 15 минут буцалгаж ариутгахаас өөр аргагүй болно.

Микрофибр алчуурыг зөвхөн хүйтэн эсвэл зөөлөн чанартай угаалгын бодистой бүлээн усаар л угааж болно. Цагаан хэрэглэлийг ангижруулагчаар зайлж болохгүй. Хөвөн даавуун материалтай эдлэлийг микрофибртэй цуг угаахаас татгалз: хоорондоо зууралдаад угаалт болдоггүй. Алчуур эвгүй үнэртээд байвал угаалгын машины барабанд уксус нэмж болно.

 

Дэр

Дэрийг жилдээ дор хаяж 2 удаа угааж занших хэрэгтэй. Гэхдээ тогтсон хэлбэртэй латексаас бусад дэрийг. Латекс дэрийг уураар ч цэвэрлэхийг хориглодог, цэвэрлэх цорын ганц хувилбар – чийгтэй алчуураар арчих эсвэл давхар дэрний уут хийх.

Сөдөн эсвэл полиэстер дэрнүүдийг угаалгын машинд эмзэг даавууны горим дээр угааж болно. Гелний оронд хуурай угаалгын нунтаг илүү тохиромжтой. Дэрийг хосоор нь угаана – барабанд тэнцвэртэй эргэлддэг ажээ.

Гурвалжин будаа эсвэл өөр бусад дүүргэлттэй дэр бол дэрээ задалж дүүргэлтийг саванд хийж наранд тавина. Харин салгаж авсан дэрний уутыг хүйтэн усанд угаагаарай.

 

Бонус: арилахгүй байгаа толбоноос салгах хэдэн аргууд

  • Хувцсан дээр тогтсон уруулын будагны толбыг арилгахын тулд сахлын хөөс ашиглаарай. Толбон дээр 10-15 минут байлгаж байгаад арчина.
  • Бэхний толбыг сүүгээр арилгадаг. Гэхдээ эхлээд усаар толбыг норгоорой.
  • Футболк эсвэл цамцанд тогтсон хөлсний шар толбо олон хүний уурыг хүргэдэг. Энэ толбыг арилгахын тулд сод, устөрөгчийн хэт исэл болон усыг адил хэмжээгээр хийсэн уусмал бэлдэнэ. Уусмалыг толбонд түрхэж хагас цаг орчим орхино. Дараа нь хүйтэн эсвэл бүлээн усаар зайлаад угаалгын машинаар угаана.
  • Өвсний ногоон толбыг нимбэгийн шүүсээр арилгадаг.
  • Шкафанд удаан хадгалагдсан хувцас эвгүй үнэртэй болдог. Үнэрийг арилгахын тулд ус болон уксусын (харьцаа нь 20:1) уусмалд дэвтээгээд дараа нь зааврын дагуу угаана.
  • Хувцсан дээр тогтсон цууны толбыг элсэн чихрээр арилгадаг.

Танд угаалгын ямар нэгэн нууц байдаг уу? Бидэнд хуваалцах юм биш биз?

2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *