
2015 онд олноор гарсан ба түүхэн, шинжлэх ухааны, утга уянгын олон сайхан кинонууд дундаас хамгийн шилдэг, нүд, сэтгэл баясгасныг нь эргэн нэг санацгаая.
Эдгээр киноны олонхийг удаан хүлээж, дэлгэцэнд гарахад нь нэгэн амьсгаагаар үзсэн ба магадгүй та зарим нэгийг нь үзэлгүй өнгөрөөсөн байж болох юм. Тэгвэл шинэ жилийн баярын өдрүүдээр “хийх ажил” бас байгаа гэсэн үг.
The Martian
Энэ бол сансар дахь Робинзон Крузо гэж ойлгоход болох байх. Ридли Скотын хийсэн энэ кинонд Ангараг гаригт ажиллаж байсан багийнхан шуурганд өртөж гаригийг орхих ба багийн нэгэн гишүүн (Мэтт Дэмон) тохиолдлоор ганцаар хоцорч кино төгстөл дэлхий рүүгээ буцахын тулд ус, хоол, хүнс, агаар гаргаж авах гэж 4 жилийн турш үйлээ үзэж байгаа тухай гарна.
Mad Max: Fury Road
Дэлхий дахин нефтийн дутагдлаас үүссэн хямралын үеийн тухай киноны үргэлжлэл болох энэ бүтээлд хямрал даамжран бүрэн эмх замбараагүй байдалд хүрч, дусал шатахууны төлөө бусдыг хэдэн хэсэг тасчихаас сийхгүй бүлэг дээрэмчид энд тэндгүй хэсүүчлэнэ.
Та өмнөх кинонуудыг нь үзээгүй байсан ч энэ киног заавал үзэж, Намибийн цөл нарны гэрэлд, шөнийн харанхуйд ямар үзэсгэлэнтэй, Шарлиз Терон хэрхэн жүжиглэж буй, кино доторх айхавтар хурц үйл явдлаас болж таны цус хөөрч байгааг мэдрэх болно.
The Walk
Форрест Гампыг бүтээсэн Роберт Земескисийн хийсэн энэхүү кинонд Дэлхийн худалдааны төвийн 2 барилгын (нуран алга болсон) хооронд татсан утсаар явахаар шийдсэн утсан дээр явагч Филипп Петийн тухай гарна.
Everest
Энэ бол 1996 онд Эверестэд авирч байсан уулчдад тохиолдсон аймшигт явдлаас сэдэвлэн бүтээсэн кино юм. Хэдийгээр төгсгөлд юу болох нь тодорхой ч бодит зураг авалт, киноны турш үргэлжлэх сэтгэлийн хүчдэл, жүжигчдийн тоглолт таны сэтгэлийг эзэмдэх нь гарцаагүй.
Spectre
Бондын тухай киног магтах ч юм уу муулаад ямар ч хэрэггүй биз. Учир нь тэр өнө мөнхөд үргэлжлэх бөгөөд бидний юу хүссэнийг: хорвоогийн хамгийн сайхан бүсгүй, хараад л зүрх булгилмаар машин, элдэв галзуу хөөцөлдөөн, дээр нь мэдээж Жеймс Бондыг үзүүлнэ. Энэ удаагийн Бонд болох Даниел Крейг маань өмнөх Бондуудаа бодвол жирийн хүнтэй адил сэтгэлийн зовлонд автаж, өвдөж шаналдаг болжээ.
Кинонд Даниелээс гадна Рейф Файнс, Кристоф Вальц нараас гадна хэзээ ч давтагдашгүй Моника Беллуччи нар тоглосон байна.
Cobain: Montage of Heck
Дуучны хамтран зүтгэгч нарын задгай ярилцлага, хувийн видео бичлэг, зураг дүрсээр бүтсэн энэхүү “монтажаар” та Абердин дахь анхны тоглолтоос эхлэн, цаашид дэлхий дахинд алдаршсан, үргэлж эргэн тойронтойгоо зөрчилдөж тэмцэж явсан нэрт рок-од Курт Кобейны амьдралтай танилцах болно.
Киноны нэр нь Кобейны нэгэн кассетын нэр бөгөөд тэрхүү кассетанд цаашид хэрэглэж болох түмэн зүйлийн дуу авиа хадгалагдсан байсан гэдэг.
Crimson Peak
Уг киноны кадр бүр таны нүдийг баясгах болно. 19-р зууны Англид үйл явдал өрнөх бөгөөд залуухан зохиолч бүсгүй нөхөрт гараад үл ойлгогдох үйл явдалд татагдан ордог.
Гельермо Дель Торогийн хийсэн энэ киног “аймшгийн хаан” Стивен Кинг магтсан гэхээр нэг юм хэлж байгаа биз?
The Man from U.N.C.L.E
Гая Ричигийн хийсэн энэхүү инээдмийн киног үзэлгүй өнгөрөөвөл “нүгэл” болно. Хуучны машинаар хийх хөөцөлдөөн, мундаг эрс, британи хошин шог гээд бүх л юм байх ёстой байрандаа байна. Энэ киног үзэх хоёр цагийн турш та бяцхан баяр наадамд оролцож байгаа мэт болох вий.
The Intern
Тэтгэвэртээ гарсан ч ажил хийхгүйгээр байж үл чадах 70 настай Бен Уитакер нэгэн интернэт-дэлгүүрт дагалдангаар ажилд ордог байна. Түүний удирдагч нь бүх л амьдралаа ажилдаа зориулсан, заримдаа ажлаасаа болоод хүүхдээ сургуульд хүргэж өгөхөө мартдаг Жулс Остин болно. Үнэндээ харин хэн нь дагалдан юм бол?
Avengers: Age of Ultron
Marvel энэ удаа бас л хорвоо дэлхийг аврагч супер баатруудаа цуглуулан дэлхийг аврахаар хиймэл оюун ухаан болох Ultron-той тэмцэлдүүлнэ.
Кино уламжлал ёсоороо бүх л төрийн тусгай эффектээр дүүрэн ба энэ удаагийн супер баатруудын маань багт наадам урьдынхаас арай илүү хүнлэг чанар илэрнэ.
The Longest Ride
Николас Спарксын зохиолоор хийсэн энэ кинонд дурлалын хоёр ч түүх гарах ба нэг нь орчин цагт болж байгаа бол нөгөөх нь 1940-өөд онд болж байгаа үйл явдал байх юм.
Kingsman: The Secret service
Эпси бол цагтаа тэнгисийн явган цэрэг байсан жирийн нэг “жижиг гар”. Нэгэн удаа тэрээр Гарри Харттай танилцах ба Харигийн амийг Эпсийн эцэг аварч байсан юм. Ингээд Гарри Эпсигийн амьдралыг сайн тийш нь өөрчлөхөөр шийдэх ба өөрөө Дэлхийг аврах тусгай албаны ажилтан гэдгээ хэлж хамтран ажиллах, түүний тулд янз бүрийн зүйлд суралцах санал тавьдаг.
Age of Adaline
Мөнх амьдрахыг хүсч байна уу? Тэгвэл Эделин Боуид ийм боломж тохиох ба нэгэн удаа авто ослын дараа үхэшгүй мөнхийн хутаг олоод 100 жил болно. Санаанд оромгүй гэнэтийн явдлаар дүүрэн энэ кино танд сайхан сэтгэл хөдлөл бэлэглэх биз ээ.
Birdman: The Unexpected Virtue of Ignorance
Энэ кино 2014 оных боловч энэ жагсаалтад байж болох байх. Оскарын шагналт энэ кинонд цагтаа Холливудын алдартай од байгаад мартагдсан жүжигчин эргэн нэр алдрын оргилд гарахаар зүтгэж байгаа тухай гарна. Энэ кино элдэв монтаж маш бага хэрэглэсэн гэдгээрээ онцлог билээ. Найруулагч Гонсалес Иньярриту, оператор Эммануэл Любецки нарын хийсэн энэ кинонд Майкл Киттон, Эмма Стоун, Эдвард Нортон нар тогложээ.
Ex Machina
Зохиолч Алекс Гарлендын анхны кино болох энэ бүтээлийг та заавал үзээрэй. Нуршуу, удаан мэт харагдавч хиймэл оюун ухааны тухай маш сонирхолтой кино болсон билээ.
Youth
Паоло Соррентиногийн энэ кинонд нас гэдэг зөвхөн тоо болохоос сэтгэлийн хэмжүүр биш гэдгийг харуулах ба өвгөд гэж хэлэхэд хэл халтирмаар Харви Кейтел, Майкл Кейн нарын тоглосон энэ бүтээлд санаанд оромгүй явдал, элдэв инээдтэй үйл явдал ихээр гарах болно.
Me and Earl and Dying Girl
Грег бол найз нөхөдгүй бөгөөд Эрл хэмээх “танилтай” өсвөр насны хүүхэд. Тэр хуучны сонгомол кинонуудыг үзэх, дахин хийх сонирхолтой. Грег ангийнхаа нэгэн охин Рейчилтэй ойртон үерхэх бөгөөд тэр охин цусны хорт хавдартай байх болно.
Грег Рейчилд хуучны кинонуудаа үзүүлэх байдлаар түүнийг байнга дэмжих ба харин охин Грегт найз нөхөр гэж юу байдгийг харуулах болно.
Woman in Gold
Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн энэ кинонд Мария Альтман нацистууд олон жилийн өмнө гэр бүлийнхнээс нь булаан авсан үнэт зүйлсээ буцаан авах гэж оролдоно. Тэр үнэт зүйлс дотор Густав Климтийн зурсан “Адели Блох-Бауэрийн хөрөг” буюу заримдаа “Алтан Адель” хэмээн нэрлэгдэх зураг хамгийн чухал нь.
Relatos salvajes
6 жижиг түүх багтсан энэ кинонд дурлал, эмгэнэлт явдал, галзуурал бий. Энэ кино нь хатуу боловч сэтгэл татам комеди-триллер бөгөөд санаанд оромгүй газар гэнэтийн өөрчлөлт их гарах болно. Түүхүүд хоорондоо ялгаатай ба эхний гурав инээдмийн бол сүүлийн гурав нь айдас төрмөөр. Гэхдээ хүн болгон өөрөөр хүлээж авах биз ээ.
Inside Out
Бидний жагсаалтанд зөвхөн хүүхдийн төдийгүй томчуудын зүрх сэтгэлийг татсан энэхүү хүүхэлдэйн кино чухал байр эзэлнэ.
Кинонд 11 настай Райлигийн бүх л сэтгэл хөдлөл болох Баяр хөөр, Уйтгар гуниг, Уур уцаар, айдас хүйдэс бүгд толгойд нь байж аливаа бэрхшээлийг давахад нь тусална.








Зочин
2015/12/26 at 01:55
Nadad law birdman bol taalagdaague
Зочин
2015/12/26 at 10:46
Энэ маш муу шүүлт байна
Зочин
2015/12/26 at 21:37
birdmaniig oilgogue