
“1989 оны 2-р сард Словень руу нисэх замдаа Бледь нуурын дээгүүр нисэх үед би онгоцны нисгэгч нуурын мандалд дэндүү ойрхон нисэж байгааг анзаарсан юм. Онгоцны дугуйнууд усны мандлыг цохиж, бид доошлон, сэнс усанд хүрсний улмаас чичрэн донсолж эхэлсэн. Онгоц газардаж, нуурын мөстэй усанд живж эхэллээ. Миний суудлын бүс түгжигдсэн байсан ч амьд үлдэх гэсэн төрөлхийн зөн совингоор арайхийн бүснээсээ мултарч, нисгэгчийн хамт онгоцны доогуур сэлсээр гарч чадсан юм. Магадгүй одоо ч миний гэрэл зургийн аппарат цүнхтэйгээ нуурын ёроолд 19 метрийн гүнд хэвтэж байгаа байх.” Энэ бол “Афган бүсгүй” зургаараа алдартай гэрэл зурагчин Стив МакКарри /Steve McCurry/-гийн “Steve McCurry Untold: The Stories Behind the Photographs” номын эхлэл. Стив МакКарригийн карьерын 30 жилийн хугацаан дахь өдрийн тэмдэглэл, ажил дээрээ байгаа өөрийнх нь зургууд, 20 гаруй паспорт зэрэг олон сонирхолтой зүйлсийг агуулсан энэ номонд янз бүрийн хүнд хэцүү нөхцлүүдэд ажиллаж байсан гэрэл зурагчин эрхмийн айлгаж түгшээн, сэтгэл санаа зовоохоос илүүтэй гайхаш төрүүлэм бүтээлүүд багтжээ.



























