Ворлд Пресс Фото 2013 гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд

0

Ворлд Пресс Фото 2013 гэрэл зургийн уралдааны шилдэг бүтээлүүд


Ворлд Пресс Фото World Press Photo бол Нидерландын нийслэл Амстердам хотод байрладаг бие даасан, ашгийн бус байгууллага юм. 1955 онд байгуулагдсан энэ байгууллага Дэлхийн хамгийн том, хамгийн нэр хүндтэй хэвлэлийн гэрэл зургийн уралдааныг жил бүр зохион байгуулдаг гэдгээрээ машид алдартай. Тус байгууллага энэ жил 56 дахь удаагийн Ворлд Пресс Фото уралдааныг зохион байгуулсан ба энэхүү тэмцээнд 124 улс үндэстний 5666 гэрэл зурагчны 103,481 бүтээл өрсөлдсөнөөс оны шилдэг гэрэл зураг болон ангилал тус бүрд шилдэг гэрэл зургуудыг тодруулсан байна.Тэмцээний ялагчдын нэрийг энэ 2-р сарын 13-ны өдөр зарласан бөгөөд олон улсын 19 шүүгчид Шведийн гэрэл зурагчин Паул Хансен /Paul Hansen/-ы бүтээлийг 2012 оны шилдэг гэрэл зургаар нэрлэжээ. Палестины Газа хотын гудамжаар аль хэдийнээ амьгүй болсон хоёр хүүхдийн цогцсыг оршуулах ёслолыг гүйцэтгэхээр сүм рүү өргөн явж байгаа эрчүүдийн дүрийг харуулсан энэ зураг дээрх хоёр настай хүү Сухайб Хижази болон түүний ах Мухаммед мөн тэдний ард дамнуурган дээр яваа эцэг нь бүгд гэртээ байх үедээ Израйлийн пуужингийн цохилтонд өртөж амиа алдсан ба хүүхдүүдийн ээж ноцтой гэмтсний улмаас эмнэлэгт эрчимтэй эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэхүү зургийг 2012 оны 11-р сарын 20-нд Газа хотод авчээ. Тэмцээнээс шагнал хүртсэн зурагнуудаар гаргасан үзэсгэлэн Дэлхийн 45 орны 100 гаруй хотуудад тавигдах ба хамгийн эхний үзэсгэлэн ирэх 4-р сарын 26-ны өдөр Амстердамд нээгдэх юм.

Хөрөг зураг ангиллын 3-р байрын шагнал хүртсэн энэ зургийг АНУ-д амьдардаг Польшийн гэрэл зурагчин бүсгүй Ивона Шварц /Ilona Szwarc/ авчээ. 2012 оны 2-р сарын 19-нд Америкийн Массачусетс мужийн Бостон хотод авсан энэ зурагт элэнц нарынхаа хөрөг зурагны өмнө хүүхэлдэй тэврэн зогсож байгаа Кайла нэртэй Америк охин дүрслэгджээ.

Хөрөг зураг ангиллын 3-р байранд орсон Нидерландын гэрэл зурагчин Ананда Ван Дер Плиуюм /Ananda van der Plujim/-ын “Мартин” нэртэй зураг. Нидерландын Тилбург хотноо 2012 оны 2-р сарын 15-нд авсан энэ зурагт аавтайгаа хамт залуусын асрах газарт 10 жил амьдарч байгаад хоёр жилийн өмнө ээжтэйгээ амьдрахаар гэртээ эргэн ирсэн 18 настай Мартин гэдэг залуу дүрслэгджээ. Мартин ийнхүү эргэн ирэхдээ гар цүнхэнд хэдэн хувцаснаас өөр зүйлгүйгээр, боловсрол мэдлэггүй, ажил мэргэжилгүй нэгэн ирсэн байна.

Малайзын гэрэл зурагчин Стефен Чоу /Stefen Chow/-гийн Ай Вейвей нэртэй энэ бүтээл Хөрөг зураг ангиллын дэд байранд шалгарчээ. Энэ зургийг 2012 оны 2-р сарын 6-нд Хятадын Бээжин хотноо авсан байна.

2012 оны 10-р сарын 17-нд Гвинейн Конакри хотод авсан Нигүүлсэнгүй сэтгэлийн хүмүүс нэртэй энэ зураг хөрөг зураг ангиллын тэргүүн байрын шагналт бүтээл бөгөөд 30 настай, бамбай өвчтэй Маконе Соумаоро гэгч энэ эмэгтэй “Надад өвчин байхгүй, гэхдээ миний хүзүү ингэж хавдаад байгаа нь миний сэтгэлийг зовоож байна. Би үүнийг хавдар гэж бодохгүй байна. Учир нь надад миний нөхөр, гурван хүүхэд минь хэрэгтэй.” гэж өгүүлжээ. Гвиней бол Дэлхийн буурай хөгжилтэй орнуудын нэг. Энэ улсын хүн амын 60 гаруй хувь нь өдөрт нэг доллар хүрэхээргүй орлоготойгоор амьдарч байгаа. Мөн хүн амын гуравны нэг нь бичиг үсэгт тайлагдаагүй. Эрүүл мэндийн асрамж үйлчилгээ стандартын бус түвшинд байгаа ба олонх хүмүүсийн хувьд боломжгүй зүйлд тооцогдож байгаа юм.

Газар дээрх мэдээ /Spot News/ ангиллын дэд байрын шагналт Байцаалт нэртэй энэ зургийг Туркийн гэрэл зурагчин Эмин Озмен /Emin Ozmen/ 2012 оны 7-р сарын 31-ний өдөр Сирийн Алеппо хотод авсан ба энэ зурагт засгийн газрын мэдээлэгч гэсэн сэжигтнийг шөнөжин тамлаж байцаасан зэвсэглэсэн этгээдүүд байцаалтаа үргэлжлүүлж байгаа нь харагдаж байна. Хоригдлуудыг 48 цагийн дараа суллан тавьжээ.

Газар дээрх мэдээ ангиллын дэд байрын шагналыг хүртсэн өөр нэг бүтээлийн эзэн бол Италийн гэрэл зурагчин Фабио Буцциарелли /Fabio Bucciarelli/ бөгөөд 2012 оны 10-р сарын 10-нд Алеппо хотын Сулемайн Халаби дүүрэгт авсан энэ зурагт засгийн газрын хүчнийхэнтэй үүсгэсэн мөргөлдөөний үеэр байрлалаа сольж байгаа Сирийн чөлөөт армийн байлдагч харагдаж байна. Сири улсад ерөнхийлөгч Башар ал-Ассадын эсрэг олон нийтийн эсэргүүцэл өрнөж, богинохон хугацаанд үүссэн мөргөлдөөн бүх улс орон даяар өрнөж, иргэний дайны хэмжээнд хүрчээ. НҮБ-ын мэдээлснээр 22 сарын турш үргэлжилж байгаа иргэний дайнд 60,000 гаруй хүн амь үрэгдсэн гэнэ.

Аргентины гэрэл зурагчин Родриго Абд /Rodrigo Abd/-ын Айда нэртэй энэ гэрэл зураг Сирийн Идиб сууринд 2012 оны 3-р сарын 10-нд авагдсан зураг юм. Гэртээ байж байгаад Сирийн армийн бөмбөгдөлтөнд өртөж, хүнд шархадсан Айда эмчилгээ хийлгэж байхдаа уйлж байна. Түүний нөхөр болон хоёр хүүхэд нь бөмбөгдөлтийн үеэр үхлийн шарх олжээ.

Ерөнхий мэдээ ангиллын 3-р байрын шагналыг хүртсэн Давалгааны дараах Япон нэртэй энэ зургийг Австралийн гэрэл зурагчин Даниел Берехулак /Daniel Berehulak/ 2012 оны 3-р сарын 7-нд Японы Рикузенката хотод авчээ. Цунамигийн үеэр үндсээрээ булга татагдсан нарс мод эрэг дээр хэвтэж байгаа нь энэ юм. 15,848 хүн амиа алдаж, 3,305 хүн ор сураггүй алга болсон газар хөдлөлт, цунамигаас нэг жилийн дараа мянга мянган хүмүүс түр орогнох сууцанд амьдарсаар байгаа ба тус улсын засгийн газар эдийн засаг болон нийгмийн амьжиргааг дахин бүтээн босгох гэсэн хүндхэн ачаатай тулгараад байна.

Спорт ангиллын тэргүүн байрын шагналыг Малайзын гэрэл зурагчин Вей Сенг Чений 2012 оны 2-р сарын 12-нд Индонезийн Баруун Суматра мужийн Бату Сангкар хотод авсан “Уралдааны төгсгөл дэх баяр хөөр” нэртэй зураг авсан ба энэ зурагт тосгодын дунд жил бүрийн ургац хураалтын дараа болдог Паку Жави буюу бухын уралдаан хэмээх алдартай тэмцээнд оролцож, будааны талбай дундуур аюултай уралдаанд оролцсоны эцэст баяр хөөртэйгээр яваа залуу эр дүрслэгдсэн ба тэрээр бухнаас хөллөсөн тусгай хөллөгөөн дээр зогсоод бухын сүүлээр тэднийг залуурдан яваа нь энэ юм.

Спорт ангиллын дэд байранд орсон зургийг Оросын фото сурвалжлагч Сергей Илницкий 2012 оны 7-р сарын 31-нд Лондонгийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд авсан ба энэ зурагт дүрслэгдсэн хоёр туялзуур жадчин тамирчдын дээр байгаа нь Египетийн тамирчин Алааелдин Абоуелкассем /Alaaeldin Abouelkassem/, нөгөө нь Германы тамирчин Питер Жоппич /Peter Joppich/ нар юм. Олон жилийн бэлтгэл сургуулилт, олон мянган тулаан, олон зуун ялалтын үр дүнд бий болсон эдгээр тамирчид алтан медалийн төлөө тулалдаж байгаа нь энэ юм.

Спорт ангиллын тэргүүн байрын шагналыг хүртсэн бас нэгэн зураг бол Данийн гэрэл зурагчин Йан Граруп /Jan Grarup/-ын 2012 оны 2-р сарын 21-ний өдөр Сомалийн Могадишу хотод болсон эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн тэмцээний үеэр авсан зураг юм. Сомалийн сагсан бөмбөгийн холбоо сагсан бөмбөгийн тэмцээний үеэр Сувейс болон түүний тоглогчдыг хамгаалуулахаар зэвсэглэсэн хамгаалагчдыг хөлсөлсөн ба дайн дажинтай Сомали улсын нийслэл Могадишуд залуу эмэгтэйчүүд сагсан бөмбөг тоглох нь амь насанд нь аюул учруулдаг. Сувейс бол эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийн ахлагч, 19 настай бүсгүй бөгөөд Сувейс болон түүний найзууд эмэгтэйчүүдийн эрхийн тал дээр радикал исламист үзлийг эсэргүүцдэг байна. Тэд ал-Шабаабын цэргүүдээр зогсохгүй радикал исламчууд тэр ч бүү хэл өөрийн гэр бүлийн зарим эрэгтэй гишүүдээс хүртэл олон арван заналхийллуудыг хүлээн авч байжээ. 19 настай залуу бүсгүй хэлэхдээ “Би зүгээр л тоглохыг хүсдэг. Сагсан бөмбөгийн талбайд байхдаа л би хамгийн аз жаргалтай байдаг. Сагсан бөмбөг миний бүх асуудлыг мартуулдаг.” гэсэн байна.

Дандорагийн хогон дунд нэртэй энэ зураг Эдүгээ цагийн асуудлууд ангиллын тэргүүн байрын шагналт бүтээл бөгөөд Америкийн гэрэл зурагчин Мика Альберт /Micah Albert/ 2012 оны 4-р сарын 3-нд Кени улсын нийслэл Найроби хотноо энэ зургийг авчээ. Хэсэг зуурын борооны дараа нэг сая орчим хүн амьдардаг ядуусын хорооллын айлуудын гэр рүү нөмрөн орсон, 30 акр хог хаягдлын овоолго дунд хог түүдэг эмэгтэй ном сэтгүүлийн хуудас эргүүлэн сууж байгааг харуулсан энэ зураг дээрх эмэгтэй сэтгүүлийн аж үйлдвэрийн хэсэгт маш дуртай гэнэ. “Энэ газар надад өдөрт хог түүхээс гадна өөр зүйлсийг ч өгдөг юм.” хэмээн тэрээр өгүүлжээ.

Ягаан сонголт нэртэй энэ зураг нь Эдүгээ цагийн асуудлууд ангиллын тэргүүн байрын шагналт бүтээл бөгөөд 2012 оны 6-р сарын 22-ны өдөр Вьетнамын Да Нанг хотод Вьетнамын гэрэл зурагчин Майка Элан /Maika Elan/ энэ зургийг авчээ. Зураг дээрх Фан Ти Тиу Ви, Данг Ти Бич Бей нар нь жилийн турш хамтдаа амьдарч байгаа ба хичээлээ тарж ирээд зурагт үзэн амарч байгаа нь энэ аж. Вьетнам улс түүхийн хувьд ижил хүйстнүүдийг дэмждэггүй боловч тус улсын коммунист засгийн газар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх болсноор ийм алхам хийсэн Азийн анхны улс болсон байна. 2012 оны 8-р сард Ханой хотноо тус улсын анхны олон нийтийн гей парад болжээ.

Данийн гэрэл зурагчин Сорен Бидструп /Soren Bidstrup/-ын Өглөө эрт нэртэй энэ зураг Өдөр тутмын амьдрал ангиллын дэд байрын шагналыг хүртсэн ба Италийн Жесело хотод 2012 оны 7-р сарын 8-нд авчээ. Зураг дээр зуны амралтын лагерьт өглөө нилээд эрт боссон нэгнийг харуулжээ.

Өдөр тутмын амьдрал ангиллын тэргүүн байрын шагналын эзэн, Италийн гэрэл зурагчин Фаусто Подавини /Fausto Podavini/-гийн Мирелла нэртэй энэ зурагт Альцгеймер буюу мартах өвчнөөр өвчилсөн эр нөхрөө эерэг, тайван амгалан байдлаар асарч халамжлах хүндтэй бөгөөд хэцүүхэн үүргийг үүрсэн 71 настай Мирелла гэгч эмэгтэйг харуулжээ. Сэтгэцийн өвчтэй нэгнийг өдөр бүр хэдхэн минутаас эхлээд хэдэн цагаар, өдөржин асарч халамжлана гэдэг бол маш хэцүү зүйл гэдгийг Мирелла мэддэг ч энэ бүхэнд бууж өгөхийг хүсэхгүй байгаа юм. Тэрээр 43 жилийн турш ганц л хүнийг чин үнэнчээр хайрлаж ирсэн ба тэр хугацаан дахь түүний амьдрал бэрхшээл хийгээд баяр баясал, аз жаргалаар бялхаж байжээ. Гэвч сүүлийн зургаан жилд бүх зүйл өөрчлөгдөж, тэрээр Альцгеймерийн өвчнөөр өвчилсөн нөхөр Луйжитайгаа амьдарч, түүнийг халамжилж асарч ирсэн байна.

Германы гэрэл зурагчин Кристиан Зиеглер /Christian Ziegler/-ийн 2012 оны 11-р сарын 16-ны өдөр Австралийн Блек Маунтайн үндэсний цэцэрлэгт хүрээлэнд авсан энэ зураг бол Өмнөдийн Кассовари /Southern Cassowary/ нэртэй зураг бөгөөд Байгаль ангиллын тэргүүн байрын шагналт бүтээл юм. Австралийн умард хэсгийн халуун орны ойн үндсэн төрөл зүйл болох том биетэй энэ нисдэггүй шувуу нь устах аюулд ороод байгаа шувуудын нэг. Бахим бүдүүн гурван хуруут том хөл нь энэ шувууны амиа хамгаалах гол зэвсэг нь болдог байна.

Байгаль ангиллын тэргүүн байрын шагналт бас нэгэн бүтээл бол Канадын гэрэл зурагчин Паул Никлен /Paul Nicklen/-ий Хаан оцон шувууд нэртэй зураг бөгөөд 2011 оны 11-р сарын 18-нд Антарктикын Өмнөд Далай дахь Росс тэнгис нэртэй гүнзгий буланд авсан зураг аж. Антарктикд тархсан бүх оцон шувуудын төрөл зүйл дундаас хамгийн өндөр, хамгийн хүнд төрөл болох хаан оцон шувуудын амьдрах газар нутаг болоод экосистемийг хангадаг тэнгисийн мөсний хомсдол нь энэ шувуудад учраад байгаа том аюул болоод байгаа юм. Хаан оцон шувууд нь далайн ирвэс хавны хоол болохоос зайлсхийж, цагт 30 км хурдтайгаар сэлж чаддаг байна.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Alexandro

    2013/02/20 at 16:59

    dain dajind amidarch bgaa humuus hetsu yumdaa

  2. McTavish

    2013/02/20 at 17:11

    үнэхээр сайн зурагнууд байна оо, их юм бодогдуулмаар зурагнууд бна

  3. jerry-man

    2013/02/21 at 09:52

    daj2

  4. capaa7g

    2013/02/26 at 09:21

    wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *