Пончик – хүн бүхний амтархан идэх нарийн боов. Хөөсөн, зөөлөн, амттай, анхилам үнэртэй. Калори ихтэй энэ нарийн боов зөвхөн хүүхдүүдийн дуртай амттан бус мөн томчуудын ч дуртай амттан юм.
Хоолны дэглэмийг тань марттал идмээр тийм л амттай пончик хийх жорыг танд танилцуулж байна.
Орц:
- Аарц/ээдэм/ творог – 200 г
- Гурил – 7 х.х
- Өндөг – 1
- Элсэн чихэр – 3 х.х
- Чимх сод
- Уксус
- Ургамлын тос
- Элсэн чихрийн үйрмэг
Хийх арга:
1. Дунд зэргийн хэмжээтэй саванд элсэн чихэр, ээдэм, өндгөө хийж сайтар хутгана.
2. Хоолны халбага дээр багавтар сод хийгээд дээрээс нь уксус дусаана. Ингэснээр содны үнэр, амт арилна. Содыг ээдэмтэй зуурмаг дээрээ нэмнэ.
3. Бэлэн болсон зуурмаг дээрээ гурилаа нэмж сайтар хутгана.
4. Шарах савандаа тосоо халаагаарай.
5. Гурилан зуурмагаа бөөрөнхийлж сайн барьцалдуулна.
6. Пончикоо тал бүрээр нь шаргал бор өнгөтэй болтол тосондоо чанана. Пончикны дотор тал бүрэн болсон байх ёстой.
7. Хүнсний цаасан дээр болсон пончикоо гаргаж илүүдэл тосыг шингээж авна.
8. Пончик дээрээ элсэн чихрийн үйрмэг, цинамон, ванилийн сахар цацаж амтална.