Хамгийн өвөрмөц, үнэ цэнэтэй сүлд мод

0

Хамгийн өвөрмөц, үнэ цэнэтэй сүлд мод

Хамгийн өвөрмөц, үнэ цэнэтэй сүлд мод
Айл гэр албан байгууллага бүр шинэ оноо угтан ногоохон гацуураа чимдэг. Жижиг, том өнгө өнгийн гацуураас тэс ялгаатай нэгэн сүлд модыг энэ удаа онцолж байна. Энэ бол бамбаруушаар зассан мод. Гэрлээр чимж цагаан ягаан өнгөөр хослуулсан энэ модыг засахад 100 ширхэг бамбарууш оржээ. Үнэхээр өвөрмөц. Хамгийн гол энэ гоёлыг үнэ цэнэтэй болгож байгаа шалтгаан нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ харан ажил эрхлэх боломжгүй суудаг ээж нар урласанд оршино. Энэ бамбаруушуудыг бүтээгчдийн нэг Ч.Ганцэцэгтэй уулзлаа.
-Ийм өвөрмөц мод засах санаа яаж төрөв?
-Энэ миний болон бидний санаа бишээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд хамтдаа “Ээлтэй ертөнц” ТББ-ыг байгуулаад гурван жил болж байна. Энэ хугацаанд хүүхдүүдийнхээ сурч, хүмүүжих орчинг ээлтэй болгох, нийгмийн хандлагыг эергээр өөрчлөх зэрэг олон ажлыг бид санаачлан хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асран гэртээ суугаа ээж нар маань ажил эрхлэх боломжгүй байдаг. Цалингүй орлогогүй болохоор өдрөөс өдөрт амьдрал нь хүнд хэцүү болж байгаа нь хамгийн анхаарал тавих асуудал болсон юм. Дээрээс нь өвчтэй хүүхдээ асрахад эмчилгээ, асаргааны зардал ч их шаардлагатай. Хүүхдийнхээ эмчилгээний мөнгийг ч олж чадахгүй байгаа гэр бүл олон бий. Энэ асуудлыг шийдэх гарцыг бид удаан хайсан. Бэрхшээлтэй хүүхдээ ажил хийж чадахгүй чадахгүй ээж нартаа гэрээр хийх ажил байна уу гэж удаан хайсан.Өнгөрсөн жил “Баяр хөөрийн ивээл хүмүүнлэгийн сан”-ийн санаачлагаар “Хайрын холбоос” төсөл хэрэгжиж 500 чихмэл бамбарууш хийсэн. Энэ жил бидэнд Casablanca рестораны хамт олноос захиалга ирж бид энэхүү бамбаруушин сүлд модыг урласан юм. Ийм сайхан сүлд мод болно гэж төсөөлөөгүй байсан. Ээжүүд үр хүүхдээ хайрлах сэтгэл шингэсэн учраас бид үүнийгээ “Хайрын бамбарууш” гэж нэрлэсэн.

-Энэ хөөрхөн бамбаруушнуудыг ээж нар хүүхдээ харангаа гэртээ хийсэн гэж үү?

-Тийм ээ. Энэ нь маш их хөдөлмөр орох чимхлүүр ажил л даа. Ажиллагаа ихтэй. Гэхдээ бидэнд хүүхдийнхээ төлөө ийм ажил хийхэд үнэхээр сайхан байсан. Ажлын цаг гээд л яарч сандрахгүй, өвчтэй хүүхдээ харангаа гараасаа бүтээл гаргана гэдэг сайхан байсан. Зөөлөн тоглоом хийх сайхан шүү. Заримтай нь ярилцана. Тоглоом гэхээрээ л хөөрхөн. Энэ бүхэн маань эргээд хүүхдүүдэд маань тус нэмэр болно гэж бодохоор бүр ч сайхан байсан.

-Зөөлөн тоглоом Монголд хийж байна гэж урьд нь огт сонсоогүй юм байна?

-Монголд хийхэд хүндрэлтэй л дээ. Гадаадаас илүү сайн эсгүүртэй, сайн материалтай хямд тоглоом орж ирдэг болохоор, борлуулахад хэцүү. Бид материал их хайсан, чанар хангахаар үсний олдоц ховор, байсан ч өндөр үнэтэй. Бусад туслах материалуудыг ч Монголоос олдохгүй, эсвэл сонголт багатай байдаг. Тийм ч учраас бамбарууш үйлдвэрлэхэд хэцүү. Гэхдээ хамгийн гол нь энэ ажилд олон хүн оролцож ажлын байртай болох боломжтой. Нэг бамбарууш хийхэд зургаан хүн ажлын байртай болно. Тэгээд ч жил нэг удаа л хөдөлмөрийн хөлс авдаг учраас үнэлгээ өндөр тавьсан.

-Энэ жил хэдэн зөөлөн тоглоом хийсэн бэ?

-Бид 250 ширхэг бамбарууш хийсэн. Мөн чихмэл хурга хийх гэж оролдсон. Илүү их ажиллагаа шаардах юм билээ. Өнгөрсөн жил бамбарууш хийсэн болохоор илүү туршлагатай болсондоо ч тэрүү бамбаруушаараа дагнасан гэх үү дээ. Энэ дашрамд бидний ажлыг дэмжиж бамбарууш худалдан авсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байнаа. НАЗХолбооны залуучууд тэр дундаа СБД-ийн 5-р хорооны ИХТ Оюун-Эрдэнэдээ үнэхээр их баярлалаа. Мөн УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Хаянхярваа, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ нартаа бидний ажлыг үнэлсэнд баярлалаа.

-Та нар УИХ-ын 76 гишүүнд мессеж явуулсан гэж байсан. Тэд бамбаруушнаас чинь худалдаж авав уу?

-Тийм ээ. Бидэнд 78 бамбарууш үлдсэн байгаа. Шинэ жилээр ганцхан удаа хөдөлмөрийнхөө хөлсийг авдаг бидний хувьд бүгдийг нь борлуулахад цаг зав их орох юм билээ. Тэгээд ярилцаж байгаад гишүүддээ хандсан юм. Заримд нь хоёр ч удаа хандсан. Биднийг дэмжих үүднээс бамбаруушнаас минь худалдаж аваач ээ гэж. 76 гишүүнээс гуравнь л бидэнтэй эргэж холбоо барьсан даа.

-Бамбарууш ямар үнэтэй вэ?

-15 000 төгрөг. Бид материал, хөдөлмөрийн хөлсөө багтаагаад зардал нь 11 мянган болсон. Энэ жил найман ээж хамтран ажилласан юм. Бүгдээрээ ярилцаж байгаад үнээ тогтоосон. Ээжүүд маань жилдээ л удаа бамбарууш хийж заран орлого олдог учраас бас жаахан үнэтэй гарсан тал бий. Нэг бамбаруушаас гарч буй дөрвөн мянган төгрөгийн орлогоо нийлүүлж байгаад зайлшгүй гэж хэлж болохоор хэрэгцээндээ зориулахаар шийдээд шинэ жилийн гацуургүй айлууддаа гацуур авч өгч хүүхдүүдээ баярлуулсан. Бидний олон жилийн мөрөөдөл л дөө. Нийт зургаан айлд мод авсан. Өвчтэй хүүхэдтэй, хүүхдүүддээ гацуур авч чадахгүй айлууд байгаа шүү дээ. Хүүхдүүд маань ямар их баярласан гээч. Хэлж ярьж чадахгүй ч нүдэнд нь тодорсон тэр их баярыг хүн бүртэй хуваалцмаар санагдсан.

-Би ч бас хамт байсан юм шиг мэдэрч байна. Үнэхээр сайхан санагдлаа?

-Баярлалаа. Хүүхдүүд модтой болохыг олон жил хүлээсэн байх. Тэгээд л тэгж баярласан байх аа. Зурагтаар ёолк зассан айлууд, баярын нэвтрүүлгүүд гарч байхад хүүхэддээ мод авч өгөх нь битгий хэл өдрийн хоол, түлээ нүүрсний мөнгө гэж зовж суугаа айл өрх, тэр дундаа хүүхэд нь хөгжлийн бэрхшээлтэй олон айлууд, өрх толгойлсон ээжүүд байдаг. Энэ бамбарууш оёсон ээж нар маань ч бас өөрсдөө хөдөлмөрлөж, хөдөлмөрийнхөө орлогоор, хүүхэддээ эм, тариа пампарс авахдаа үнэхээр баяртай байсан.

-Миний сэтгэл хөдөлж байна. Та бүхний ажлыг хүмүүс дэмжээсэй гэж хүсч байна. Та хэлсэн жилд нэг удаа хөдөлмөрийн хөлсөө авдаг гэж. . .

-Тийм шүү. Нэг бамбарууш хийхэд материал дээрээ зурах хайчлах, эсгэсэн зүйлээ оёх, шалгах, хамгийн сүүлд нь нүд хамар хийх, чихэх, холбох гээд зургаан хүний хөдөлмөр орсон байгаа. Энэ бүгдийгээ нэг бүрчлэн үнэлсэн л дээ. Гэхдээ байнгын биш түр ажлын байр болохоор. . . Гэхдээ бид баяртай байгаа.

-Та бүхэн үлдсэн бамбаруушаа хаана борлуулж байгаа вэ?

-Тогтсон лангуу, дэлгүүр байхгүй ээ. Бидэнтэй утсаар холбоо барих юм бол бид хүргээд өгнө.

-Ярилцсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье!

Ээжүүд өвчтэй хүүхдүүдийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд ийнхүү чин сэтгэлээсээ бамбарууш оёжээ. Хүүхдээ хардаг тэдэнд өөр ажил олдохгүй учраас тэд бага ч гэсэн ийн орлого олох боломжтой болж буйдаа баяртаа байгаа аж. Амьдрал хүнд гээд алгаа тосоод суугаагүй тэсвэр тэвчээртэй эдгээр эмэгтэйчүүдийг бага ч гэсэн дэмжмээр тийм л сэтгэгдэл төрж байна. Шинэ оны анхны бэлгээрээ “Хайрын бамбарууш”-ийг сонгож яагаад болохгүй гэж…

Танд боломж байвал тэдний урласан бамбаруушийг сонгоорой. Авахыг хүссэн хүн 8830-2278, 99191331 утсаар холбогдоорой.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *