Өчигдөр Цондоолой, Цүндээлэй, Динза, Жижгээ нартай уулзлаа

0

Өчигдөр Цондоолой, Цүндээлэй, Динза, Жижгээ нартай уулзлааЗургаан настай охины маань номын цуглуулганд “Цондоолой Цүндээлэй” цуврал багтдаг. Сургуульд ороогүй байхдаа орой бүр аав, ээж хоёроороо Цондоолойгоо уншуулдаг байсан охин маань одоо өөрөө номоо уншдаг том охин болсон. Өчигдөр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Ирмүүн” медиа группын хамт олон болон “Мөрөөдлийн театр”-ынхны хамтран зохион байгуулсан “Динза, Цондоолой ба харь гаригийнхан” тоглолтыг үзэж, хайртай найзуудтай уулзсан нь охинд маань үнэхээр өндөр сэтгэгдэл төрүүлжээ. Тоглолтын төгсгөлд “Бид нар байгаль Дэлхийгээ хайрлахгүй бол ийм юм болох юм байна, тийм ээ. Компьютероор их тоглосоор байгаад ээж аавыгаа харь гаригийнханд алдчихсан нь Цүндээлэйгийн буруу, тийм ээ” гээд л бас “Яагаад Цондоолойгийн бичсэн захиа Жижгээд очихгүй буруу замаар явчихаж байгаа юм бол?” гээд л байн байн асууж байсан нь уг тоглолтын өгүүлж байгаа утга санааг маш сайн ойлгосных гэж бодож байна. Том хүний нүдээр үзэж суусан миний хувьд тоглолтын агуулга болон Цондоолой, Цүндээлэй, Жижгээ, Динза нар бяцхан үзэгчидтэй шууд харилцаатай тоглож байсан нь маш их таалагдсан бөгөөд үзэгч хүүхдүүдийн хөгжилтэй инээд, үлгэрийн андуудтайгаа харилцан ярилцаж, асуусан асуултанд нь дуу нийлүүлэн хариулж байгааг сонсож суухад хүүхэд гэж үнэхээр гэнэн хонгор, цагаан цайлган хүмүүс юм даа гэсэн бодол төрж байлаа. Түүнчлэн тоглолтын дараа хүүхдүүдэд өгсөн бэлгэнд нь хүүхдүүдийн мэдлэгийг тэлэх Үндэсний газарзүйн сэтгүүлийн хүүхдүүдэд зориулагдсан хувилбар байсан нь охинд маань ч, хань бид хоёрт ч таалагдсан. Охин маань гэртээ ирж, сэтгүүлээ үзчихээд голын хуудсанд байсан 2013 оны хуанлиг ханандаа наасан нь энхрий бяцхан охин минь ажил хэрэгч зан чанарынхаа эхлэлийг тавьж байна даа гэсэн бодлыг төрүүлж байлаа. Ямартай ч үлгэрийн андууд болох Цондоолой, Цүндээлэй, Динза, Жижгээ нартайгаа уулзаж, тэдэнтэй хамт сонирхолтой, адал явдалтай аялал хийж, харь гаригийнхан болон муу сүнснүүдийг ялан дийлж, сайн үйл муу бүхнийг ялан дийлдэг гэдгийг ухаарсан охиныхоо өмнөөс “Ирмүүн” агентлаг болон “Мөрөөдлийн театр”-ынхны хамт олонд ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе! 



0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *