
Жүжигчин Киану Ривз болон Сандра Буллок нар анх 1994 онд үзэгчдийн хүртээл болсон “Speed” кинонд хамтран дүр бүтээж байжээ. Тус кино дэлгэцнээ гарсны дараа олон мянган үзэгчид тэднийг ямар гайхалтай хосын дүрийг бүтээж, тун чадварлаг жүжиглэсэн талаар ам уралдан ярьж байсан ч хожим тэд нэг нэгэндээ сэтгэлтэй байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.
Тэд “Speed” болон “The Lake House” кинонд хосуудын дүрийг бүтээжээ

“Speed” киноны гол дүрд найруулагч өөр жүжигчин тоглуулах хүсэлтэй байсан ч жүжигчний сонгон шалгаруулалтын үеэр Киану Ривз болон Сандра Буллок нарын хослон тоглолтыг хараад тэднийг тоглуулах шийдвэрт хүрсэн гэдэг. Улмаар тэд Annie болон Jack Traven нарын дүрээр 1995 оны MTV Movie Awards-ын Шилдэг хослол шагналыг хүртсэн юм. Хувь зохиол байсан эсэхийг хэлж мэдэхгүй ч тэдний нөхөрлөл ийнхүү эхэлсэн түүхтэй.

Тэрхүү явдлаас хойш 12 жилийн дараа тэд “The Lake House” кинонд хамтдаа тоглосон юм. Жүжигчин Сандра Буллоктой хамт ахин дүр бүтээх ямар байгааг асуух үед Киану Ривз “Сандра бид хоёр яагаад ийм зохицолтой байдгийг би өөрөө ч хэлж мэдэхгүй юм. Харин хувь хүнийх нь тухайд би түүнд дуртай” хэмээн ярьж байсан бол Сандра Буллок “Кианутай хамт ахин ажилласандаа таатай байна. Тэр маш сайн хүн. Түүнтэй хамт байх үнэхээр сайхан байдаг” хэмээж байжээ.
Дэлгэцний цаана ч тэд сайн харилцаатай

Киану Ривз болон Сандра Буллок нар дэлгэцнээ сайхан хосын дүрийг бүтээдэг шигээ амьдрал дээр ч тогтмол хоолонд орж, өөрсдийн тухай ярилцан суух дуртай ажээ.
Spike TV-ийн Guys Choice Awards-ын үеэр жүжигчин Киану Ривз тайзнаа Сандра Буллокын нэрийг дуудах үедээ “Сандра, бидний төлөө зориулсан сэтгэл зүрх, хичээл зүтгэл бүхэн чинь гайхалтай. Чи бол онцгой нэгэн” хэмээн тодорхойлох үед Санда Буллок баярын нулимс унагаж байсныг та санаж буй биз ээ.
Тэд нэг нэгэндээ сэтгэлтэй гэдгээ өөрсдөө ч мэддэггүй байсан

2018 онд өгсөн ярилцлагадаа Сандра Буллок “Кианутай 25 жилийн өмнө анх танилцах үедээ л түүнийг ямар царайлаг, дур булаам залуу вэ гэж бодож байлаа” хэмээн ярьж байсан юм. Түүнчлэн нэгэндээ сэтгэлтэй ч яагаад болзож байгаагүй талаар ярих үедээ тэрээр “Киану Ривз энэ төрлийн харилцаанд дургүй учраас л байх” хэмээн хариулж байсан аж.

Хожим Киану Ривз жүжигчин бүсгүйн яриаг сонсоод хамтран ажилладаг байсан учраас болзож чадаагүй талаараа дурсаж байжээ.
Сандра Буллок үерхэл тэдний сайхан нөхөрлөлийг үгүй хийнэ гэж айж байсан

Жүжигчин Сандра Буллок хэрэв тэд үерхсэн бол сайхан харилцаагаа үгүй хийх байсан гэж боддог тухайгаа дурсаж байжээ. Тэрбээр “Киану үерхэж байсан бүсгүйчүүдтэйгээ ч сайн нөхөрлөж чаддаг эр хүн. Гэхдээ бидний зам хэзээ ч нийлэхгүй боловч нэгэн цаг үед зэрэгцэн алхаж, хамтдаа оройн хоол идэж, хамтдаа ажиллаж сайхан цаг хугацааг үдсэн” хэмээн ярьж байсан юм.
Сандра Буллок болон Киану Ривз нар болзсон бол удаан хугацаанд хамт байж чадах байсан болов уу?







