Амжилттай сонгосон тасалгааны цэцэг гэр орныг чимж амь оруулдаг. Гэхдээ ихэнх хүмүүс энэ аргаар гэрээ гоёхыг зүрхэлдэггүй, яагаад гэвэл тасалгааны цэцэг нь маш их арчилгаа, хүч шаардана гэж боддог ажээ.
Бид маш бага арчилгаатай тасалгааны цэцгүүдийг танд санал болгож байна. Эдгээр цэцэг нь өвлийн цагаар ч таны нүдийг баясгах болно, тэгсэн мөртлөө танаас онцын их арчилгаа огт шаардахгүй.
1. Декабрист
“Ойн кактус” нь Бразилаас гаралтай бөгөөд тэр нутагтаа Зул сарын баяраар цэцэглэдэг, даанч энэ баяр нь хуанлийн тооллоор бол бразилын зун болдог юм. Харин тасалгааны хувилбар нь намар, өвлийн улиралд цэцэглэдэг. Энэ цэцгийн эзнээсээ шаардах цорын ганц зүйл гэвэл – усалгаа, өвлийн саруудад цэцэглүүлэхийг хүсэж байвал намар аль болох цөөн удаа услахыг хичээгээрэй.
Нарны гэрэл шаардахгүй, өөрөө ч хурц наранд дургүй ургамал юм. Ямар ч цонхны тавцан дээр тавьсан цэцэглэнэ, гэхдээ цонхноос хэдэн метр хол тавих нь өөрт нь хамаагүй тухтай ажээ.
2. Ниллэг/Цикламен
Цикламен өвлийн цагаар л ёстой өөрийгөө гайхуулна даа, энэ үед тэр бүрэн цэцэглэдэг. Зөөлөн гэрэлд дуртай, усалгааг зайтай хийнэ (доороос услах нь дээр), сэрүүн хэмд сайн ургана. Хойшоо болон баруун харсан цонхон дээр ч ургадаг цэцэг юм.
3. Усан цэцэг/Бальзамин
Бальзамин буюу усан цэцэг нь цэцэг сонирхогчдын хайр хүндэтгэлийг өөрийн эрхгүй татдаг. Энгийн арчилгаатай ч үзэсгэлэнтэй дүр төрхөөрөө л тэр биз ээ. Маш олон төрөлтэй, муу гэрэлтэй орчинд ч цэцэглэнэ, өөрөөр хэлбэл хойшоо харсан цонхтой байранд ургуулж болох юм. Тасалгааны хуурайшил өндөртэй нөхцөлд алзахгүй, халууныг даах чадвартай, мөн цонхны тавцнаас мэдрэгдэх хүйтэн сэрүүнд тэсвэртэй ургадаг.
4. Нөмөргөн/Спатифиллум
Энэ цэцэг тэр болгон ургамал давж гарахааргүй нөхцөлд ургасан харагддаг, жишээ нь, муу гэрэлтэй, нэвт салхилсан олон нийтийн газруудад тун дажгүй ургасан байдаг юм. Тасалгааны цэцгүүдээс хамгийн арчилгаа багатай нь, гэхдээ мэдээж гэрэлтэй газар, байнгын усалгааг хангаж чадвал бүр ч сайхан ургах нь ойлгомжтой.
5. Годонхой/Антуриум
Антуриум нь бүтэн жилийн турш цэцэглэдэг, гэхдээ зуны улиралд өвлийнхөөсөө илүү их өтгөн цэцэглэнэ. Сүүдэрт болон зөөлөн гэрэлд ч сайн ургадаг, харин нарны хурц гэрэл нь навчийг түлж мэдэх юм. Тасалгаанд болон гадаа гудамжинд ургадаг тул тагт, террас зэргийн чимэг болно. Үүнээс гадна өөрийн сонирхолдоо нийцүүлж өнгийг нь ч сонгох боломжтой – хамгийн алдартай өнгөнүүдээс дурдвал, улаан, улаан хүрэн, ягаан, нил ягаан өнгө болно.
Хэтэрхий их услуулах дургүй, тиймээс мартамхай эздэд яг тохирно.
6. Эрдмийн ундраа/Гузмания
Халуун орны энэ гоёмсог цэцэг нь тасалгааны нөхцөлд ургаж чаддаг. Нарны гэрэл шаардахгүй, гэхдээ ахиухан усалгаа болон усаар шүршүүлэх дуртай. Хүйтэн цонхны тавцан дээр алзахгүй, гэхдээ 13 хэмээс доош орчинд байлгаад хэрэггүй.
7. Гиппеаструм
Цэцгийн дэлгүүрүүдэд ихэнхдээ хурц өнгийн цэцгийн дэлбээтэй гиппеаструмыг зардаг. Гэхдээ энэ цэцгийг булцуунаас нь өөрсдөө ургуулж болно. Цэцэг нь бүтэн 3 долоо хоногийн турш дэлбээгээ хадгалах тул гэрийг чимж өгдөг бөгөөд удалгүй дараагийн цэцэг гарна. Эзнээс шаардах цорын ганц зүйл гэвэл – усалгаа.
Булцууг заавал хөрсөнд суулгах ч шаардлага байхгүй, хөрсгүй ургаж чаддаг цэцэг. Гоёл чимэглэлийн шилэн вааранд булцуугаар нь хийгээд тогтмол чийгшүүлж байхад ч болно гэж мэргэжилтнүүд үздэг.
8. Стефанотис буюу гэрийн жасмин
Жасмины нэгэн төрөл болох уг цэцэг нь бүтэн жил цэцэглэдэг бөгөөд арчилгаа бага шаарддаг, үүнээс гадна гэрийг чимж амилуулдаг байна. Мэргэжлийн цэцэгчид дараах зөвлөгөөг өгч байна: өвлийн цагт цэцэглүүлэхийн тулд намар нь амраах хэрэгтэй. Үүний тулд тогтсон нарийн дэглэм баримтал: шөнө нь харанхуй орчинд буюу ямар ч гэрэлгүй газар байлгаарай. Цэцэглэж эхлэнгүүт нь ахиухан усалж эхэлнэ. Усалгаа нь дэлбээлэх цэцгэндээ явдаг юм.
9. Бортголжин цэцэг/Колерия
Зөөлөн үсэрхэг дэлбээтэй тасалгааны алдартай цэцэг. Хоёр өнгийнх бий, гэхдээ нил ягаан өнгийн цэцэг нь түгээмэл. Уг цэцэг нарны шууд тусгал, хэт их усалгаанд дургүйгээс гадна усаар шүршүүлэхийг тэвчихгүй. Хуурай хөрсийг дажгүй даана, тайван байхыг хүсдэг. Хэтэрхий их чийгшлээс болж үxэж болзошгүй.
10. Кливия
Гэрийг чимж, арчилгаа бага шаарддаг болохоор олон хүмүүс кливийг өндрөөр үнэлдэг. Сүүдэрт ч, наранд ч ургах энэ цэцэг бага усалгаанд дуртай, ямар ч чийгшлийг дааж гарна. Усалгаагүй удаан сайхнаараа байж чадах хэдий ч энэ тохиолдолд цэцэглэхгүй нь мэдээж. Гэхдээ үxэхгүй ээ. Өөрийн гэсэн онцлогтой унтаа байдалд шилждэг юм. Нөхцөл байдал дээрдэнгүүт л цэцгээрээ таны сэтгэлийг сэргээх болно.
Ургамлыг таатай нөхцөлд байлгахыг хүсэж байгаа бол зуны улиралд сардаа 2 удаа, харин өвөл нь долоо хоногтоо 1 удаа усалж байгаарай.
11. Энэдбэл/Пеларгония
Тасалгааны цэцгийн хатан хаан нэрээрээ алдаршсан энэ цэцгийг бараг хүн бүр мэдэх байх. Орсон айл болгоныг л цэцгээрээ чимсэн харагддаг. Пеларгонийг усалж бай, заримдаа хөрс нэмж байхаа мартаж болохгүй – ингэсэн тохиолдолд таныг өтгөн сайхан цэцгээрээ баярлуулах болно. Зөв бордвол цэцгийн дэлбээгээрээ хэзээ ч тасрахгүй.
Танд тасалгааны ямар цэцэг хамгийн их таалагддаг вэ?
Chinee Natsagdorj
2021/12/08 at 09:07
Хуванцар цэцгийг хэрэглэхээ больцгоож амьд цэцэг тарьж арчилж сурах нь таны эрүүл мэндэд ашиг тустай шүү !
Tsegii Uugii
2021/12/08 at 10:49
.