Далавчтай муурны талаар та өмнө нь сонсож байсан уу? Зарим мууранд үнэхээр далавч гэмээр зүйл ургадаг бөгөөд эрдэмтэд энэ хачирхалтай үзэгдлийг судалсаар байна

1

Үлгэр домгийн юм яриад байна уу даа гэж та бодож байгаа байх. Гэтэл далавчтай муур гэж үнэхээр байдаг билээ. Энэхүү ер бусын амьтны өвөрмөц дүр төрхөөс нь болж сахиусан тэнгэр хэмээн нэрлэдэг байна. АНУ, Хятад, Орос зэрэг улсын зарим иргэд хамгийн энгийн муурыг гэртээ тэжээж эхлэн хэсэг хугацаа өнгөрсний дараа уг амьтдын нуруун дээр далавч гэмээр зүйл бий болж эхэлсэн хэмээн хэлдэг байна. Ийм юм сонссоны дараа тухайн хүмүүсийг арай л хэтрүүлж байна гэж бодогдох боловч бодит байдал дээрээ ямар болохыг та доорх зургаас үзээрэй.

Зэрвэс харахад энэ амьтны нуруун дээрх үс ноос нь орооцолдож ширэлдсэн, унаж гуужиж байгаа төдий харагдах байх. Гэтэл үс багатай мууранд ч ийм явдал тохиолддог байна. Урьдны цагт иймэрхүү болсон муурны хувь заяа ямар хэцүү байсныг төсөөлөхөд тийм ч хэцүү биш болов уу. Тэд гаднын хүмүүсийг төдийгүй өөрийн эздээ ч айлгаж байсан нь тодорхой. Харин орчин цагийн хүмүүс бид энэхүү стандарт бус зүйлд илүү тайван ханддаг болсон билээ.

Эрдэмтэд энэ үзэгдлийг анхааралтай судлан шинжилж байгаа ба зарим нэг шинжлэх ухааны таамаг тайлбарыг ч хийсэн гэдгийг нэмж хэлэх хэрэгтэй. Өнөөгийн байдлаар эдгээр таамгууд дотроос хамгийн боломжит байж болох хувилбарыг ямар нэг мутацитай холбон тайлбарлаж байгаа юм. “Далавчны” эх үндэс нь бүр ураг бүрэлдэж эхлэх явцад бий болох ба амьдралын туршид илүүдэл мөч ямар ч хэрэггүй, ашиглах шаардлагагүй учраас бүрэн гүйцэд боловсорч чадалгүй өнгөрдөг бололтой.

Эрдэмтдийн үзэж байгаагаар энэ мутаци нь уг амьтны бие организмд ямар нэг сөрөг нөлөөгүй ба нас нь явах хэрээр тухайн эрxтэн хэмжээний хувьд томордог байна. Нялх балчир амьтад бусдын адил өсөж хөгжин, үржлийн насандаа хүрэх ба ганцхан ялгаа нь түүний өвөрмөц гадаад төрх л байдаг билээ.

Судлаачдын хувьд бас нэгэн таамаг байдаг нь арьсны хэт суналттай холбоотой гэсэн зүйл юм. Энэ таамгаар бол зарим муурны нуруу хавийн арьс сунан үрчийж, яваандаа унждаг бололтой. Унжих тусам арьс нь сунаж улам бүр том болох ба заримдаа энэ “далавч” нь бүр салж унах ч тохиолдол бий гэнэ. Гэхдээ энэ таамгийг олон хүн хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд учир нь зарим муурнууд өөрийн далавчаа хөдөлгөж чаддаг болохоор зөвхөн арьстай холбон тайлбарлах нь буруу юм байна.

Энэхүү дутуу хөгжсөн эрxтэн нь өөрийн гэсэн булчингийн бүтэц, мэдрэлийн эд эстэй болохыг саяхан тогтоожээ.

Ийм төрлийн мутаци нь маш ховор тохиолдох зүйл гэдгийг заавал хэлэх хэрэгтэй. Одоогийн байдлаар далавчтай муур төрсөн тохиолдол дэлхийн хэмжээнд 150 хүрээд байгаа юм байна.

Харин энэ тохиолдлыг буулган авсан гэрэл зураг, видео бичлэг зэрэг баримтууд бүр цөөхөн буюу 30 хүрэхгүй хэмжээнд бий.

Заримдаа ийм далавч ургах тохиолдол муурыг нэг нас хүрсэн хойно л анх анзаарагдах ба энэ эрдэмтдийг бүр ч ихээр гайхшруулдаг билээ. Эрдэмтэд үүнийг ураг бүрэлдэх үед генийн ямар нэг өөрчлөлт бий болсноос үүсэлтэй байж болно гэж үзэж байгаа ба үүнд экологийн аюултай нөхцөл байдал ихээр нөлөөлдөг байж ч болзошгүй юм.

Уншигч та хэзээ нэг өдөр далавчтай мууртай таарвал айж сандрах хэрэггүй гэдгээ ойлгосон гэж найдаж байна.

16
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *