Эцэг эхчүүдийн хүүхдэдээ ханддаг нийтлэг 4 хандлага. Тэдний хүүхдээ хүмүүжүүлэх арга барил хүүхдийнх нь ирээдүйд хэрхэн нөлөөлж байдаг вэ?

0

Эцэг эх болсон даруйдаа хүн өөрийнх нь үйл хөдлөл хүүхдэд нь ямар том нөлөө үзүүлж байдгийг ухаардаг. Иймээс ч хүүхэдтэйгээ шулуун шударга байх уу, аядуу зөөлнөөр аргадаж харилцаж байх уу гэдэг нь хүндрэлтэй асуудал болж хувирах нь бий. Нэгэн судалгаагаар эцэг эхчүүдийг хүүхдэдээ хандаж буй хандлагаар нь 4 ангилж, хүүхэдтэйгээ хэрхэн харилцах нь хамгийн зүйтэй байдаг талаар дүгнэлт гаргажээ.

1. Шулуун шударга, захирангуй эцэг эхчүүд

Ийм төрлийн эцэг эхчүүд хүүхдээ ямар ч шалтгаангүйгээр өөрсдийнх нь хэлсэн зүйлийн дагуу хөдөлж байх хэрэгтэй гэж үздэг. Тэд хүүхдийнхээ санаа бодол, мэдрэмжинд төдийлөн анхаарал хандуулдаггүй бөгөөд харилцан ярилцаж ойлголцохыг хүсдэггүй. Хүүхэд тэдний хэлснээс зөрсөн тохиолдолд шийтгүүлэх, зэмлэл хүртэх нь түгээмэл. Тэд ийм арга замаар хүүхдээ хүмүүжүүлэх нь бодит амьдралд хөл тавихад нь тустай гэж үздэг.

Гэсэн ч хүүхдээ ингэж хүмүүжүүлэх нь хүүхдэд сөрөг нөлөөтэй байдаг бөгөөд биеэ даах чадвар сул, өөртөө итгэлгүй, өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж муу, бусадтай хэрхэн зөв харилцахаа мэдэхгүй болж өсдөг ажээ. Энэ нь хүүхэд насандаа өөрийн хүсэл сонирхлоор аливаа зүйлсийг хийж үзээгүйтэй холбоотой.

Түүнчлэн ийм орчинд өссөн хүүхэд зөв бурууг шүүн тунгаах чадамжгүй, аливаа харилцаанд түрэмгий догшин авиртай, дарангуй нэгэн болох магадлал их байдаг аж.

 

2. Анхаарал халамж сайтай эцэг эхчүүд

Энэ төрлийн эцэг эхчүүд хүүхдэдээ тодорхой дүрэм журам зааж, түүнээс халихгүй байхыг шаарддаг гэдгээрээ шулуун шударга, захирангуй эцэг эхчүүдтэй төстэй. Гэвч тэдний өөр хоорондоо ялгарах хамгийн том ялгаа нь тэд хүүхдийнхээ санаа бодол, хүсэл сонирхол, сэтгэл хөдлөлийг хүндэтгэж, хүүхдээ шийтгэхийн оронд тэдэнтэй ярилцаж, гаргасан шийдвэрүүдээ хүүхдэдээ тайлбарлаж өгөхийг эрмэлздэг явдал юм.

Энэ төрлийн эцэг эхчүүдийг ардчилсан үзэлтэй гэж үзэх боломжтой бөгөөд шалтгаан нь хүүхдийнхээ дуу хоолойг ямагт сонсож, хоорондоо эрүүл харилцан яриа өрнүүлж чаддагт байдаг аж. Иймээс ч тэдний хүүхэд илүү хүсэл тэмүүлэлтэй, алдаа гаргасан ч түүнээсээ сургамж авч чаддаг нэгэн болж өсдөг.

Энэ төрлийн эцэг эхчүүдийн хүүхэд биеэ даасан, өөртөө итгэлтэй нэгэн болох магадлал өндөр. Тэд бие даан шийдвэр гаргаж, бусадтай зөв замаар харилцаж чаддаг, сэтгэлзүйгээ хянаж, бусдыг ойлгох чадамж сайтай нэгэн болж өсдөг байна. Эдгээр бүх шинж чанарууд нь мэдээж тэднийг ирээдүйд амжилттай нэгэн болоход нэн тустай.

 

3. Аядуу зөөлөн, хүүхдэдээ хэтэрхий хайртай эцэг эхчүүд

Зөөлөн, хүлцэнгүй эцэг эхчүүд хүүхдэдээ дүрэм журам заадаг хэдий ч заавал дагаж мөрдөх ёстой гэж тулгадаггүй нь хүүхдэдээ үгүй гэж хэлж чаддаггүй, хүүхдээ буруу үйлдэл хийсэн ч амархан уучилдагтай холбоотой. Ийнхүү хүүхдийнхээ хүсэл сонирхлыг хамгийн эхэнд тавьдаг зан нь хүүхдэд нь сөргөөр нөлөөлөх нь бий.

 

Учир нь ийм гэр бүлд өсч торнисон хүүхэд өөрийгөө удирдах, хянах чадамж сул, дүрэм журамд захирагддаггүй нэгэн болж хүмүүжих хандлагатай байдаг. Түүнчлэн өөртөө итгэх итгэл сул, академик мэдлэг сул нэгэн болох магадлалтай.

 

4. Хайхрамжгүй эцэг эхчүүд

Энэ төрлийн эцэг эхчүүд хүүхдийнхээ амьдралд төдийлөн оролцдоггүй, тэдний өсөлт хөгжилд ч нөлөө маш бага үзүүлдэг. Тэд хүүхдээ өөрөө өсч, бүхнийг мэдэж сурах хэрэгтэй гэж үздэг тул тэдэнд зааж зөвлөж, тэднийг дэмжих үйлдэл гаргадаггүй. Түүнчлэн тэдэнд эрүүл мэндийн асуудал, сэтгэл санааны дарамт, ажлын стресс зэрэг олон санаа зовоох асуудал байдаг тул хүүхдэдээ тусгайлан цаг гаргаж чадахгүй байх нь элбэг. Иймээс ч тэднийг хүүхдээ санаатайгаар үл тоож байна гэж хэлэх аргагүй ажээ.

Энэ төрлийн эцэг эхчүүдийн хүүхэд академик боловсрол муутай, өөрөө өөртөө итгэх итгэл султай нэгэн болох магадлал өндөр. Түүнчлэн тэд сэтгэл хөдлөлөө барих чадамжгүйгээс үүдэлтэйгээр цочмог, гэнэтийн ууртай болж төлөвших нь бий. Түүнчлэн аливаа дүрэм журмыг дагах, бусадтай харилцаа холбоо тогтоох зэрэг зүйлс тэдний хувьд хүндрэлтэй тал болдог.

Дээрх судалгаатай та санал нийлэх үү? Хүүхэд өсгөх хамгийн зөв шийдэл юу гэж та боддог вэ?

12
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *