Эцэг эхтэйгээ маргалдсаны улмаас байшингийнхаа арын хашаанд нүх ухаж, газар доорх өөрийн сууцыг бүтээж тусдаа гарсан 20 настай испани залуу

0
  • Өдгөө 20 настай Испанийн Ла Романагаас гаралтай Андрес Канто 14 насандаа хувцаслалтын талаар эцэг эхтэйгээ маргалдаж байжээ.
  • Улмаар тэрээр зээтүү ашиглаж хашаандаа нүх ухаж, өөрийн амьдрах газраа хийж эхэлсэн юм.
  • Тэр 7 хоногт 14 цагийг газар ухаж өнгөрүүлдэг бөгөөд унтлагын өрөө, зочны өрөөтэй болоод байгаа аж.

Эцэг эхтэйгээ муудалцсан өсвөр насны нэгэн хүү 6 жилийн өмнө эцэг эхтэйгээ муудалцсан цагаасаа хойш хашаандаа газар ухаж, амьдрах газраа өөрийн гараар бүтээж эхэлжээ.

2015 онд Испанийн Аликанте мужийн Ла Романагаас гаралтай Андрес Канто хүү хувцаслалтын тал дээр эцэг эхтэйгээ санал зөрөлдсөнийй улмаас өөрийн тусдаа амьдрах газрыг бүтээхээр ажиллаж эхэлжээ.

Эхэндээ тэрбээр бухимдсандаа энэхүү үйлдлийг хийж байсан ч яваандаа өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг болжээ.

Улмаар түүний газар доорх гэр 3м орчим гүнтэй болж, хоёр ч өрөөтэй болоод байгаа юм.

Хэдийгээр түүний гэр зочны болон унтлагын өрөөтэй, халаалт болон хөгжмийн системтэй, гэрээсээ утасгүй интернэт орох боломжтой ч үргэлжлүүлэн ухсаар байгаа ажээ. Эцэг эх нь зөвшөөрсөн хэдий ч нутгийн орчны аюулгүй байдлын албан тушаалтнууд ирж хууль ёсны үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг шалгаж байжээ. Гэсэн ч тэд зөвшөөрөлгүй хонгил, зоорь, өргөтгөл гэх мэт ямар нэгэн зөрчилтэй зүйл илрүүлээгүй тул түүнийг ажлаа үргэлжлүүлэн хийхийг зөвшөөрчээ. Түүнчлэн Андрес өөрийгөө Испани улсад ийм зүйл хийж цор ганц хүн байх хэмээжээ.

Тэрээр, “Энэ бол агуулах зоорь ч биш, суурь ч биш зүгээр л сайн хийгдсэн газар доорх сууц шүү дээ. Надад хэрэгцээтэй бүх зүйлс байгаа нь сайн хэрэг. Үүнийг ухаж хийнэ гэдэг тийм ч хялбар ажил биш. Маш их ядарна, агаар сэлгэлт маш муутай байдаг гэх мэт хүнд зүйл их ч үүнийг хийх чин хүсэлтэй учраас би бууж өгдөггүй. Бага байхдаа том модон дээр байшин барьж амьдрахыг хүсдэг байсан. Хөдөө амьдрах нь надад таалагддаг. Иймээс ч би өөрөө өөртөө бяцхан сууц хийж амьдрахыг их хүсдэг. Цэвэр агаар хэрэгтэй учраас л би газар дээр гардаг” хэмээжээ.

Түүнийг ухаж эхэлж байх үед найз Андре нь өрөм худалдаж авч өгч байсан бөгөөд түүний тусламжтайгаар 7 хоногт 14 цаг ухдаг ажээ.

Сагсаар шороог зөөж цэвэрлэх ажил ерөнхийдөө дуусч байгаа ч тэрээр дамар ашиглан газар доороос шороо зaйлуулах арга хэрэглэж эхэлсэн бөгөөд цаашдаа ч  газар ухах шинэ арга техникийг суралцах хүсэлтэй байгаа ажээ.

Ухсан нүхээ нурахаас сэргийлэх үүднээс Андрес багана, өрөөний үүд хэсэгт арк хэлбэрийн тулгуур ашиглаж, хамгийн хямд төсөр зардлаар буюу 50 еврод багтааж бүгдийг шийджээ.

Мөн ухаж байх явцад том хэмжээний чулуу таарах нь хамгийн том хүндрэл болдог талаар тэрээр ярихдаа, “Заримдаа ухаж байсан газарт том чулуу байж таардаг. Ганц чулуу гаргах гэж хэдэн цагаар ухна гэдэг хүндрэлтэй хэрэг” хэмээжээ.

Аадар борооны дараа үерийн ус орж ирдэг хэдий ч халуун зуны улиралд тогтмол 20 хэмтэй байдаг нь түүнд маш их таалагддаг гэжээ.

Түүний гэрт жижиг хорхой, аалз, дун зэрэг амьтад тогтмол үзэгддэг ч Андрес үүнд тийм ч их ач холбогдол өгдөггүй гэдгээ, “Хорхой шавжтай холбоотой асуудал надад гардаггүй. Тэдний амьдардаг газрыг ухаж өөрийн болгосон учраас манай хананд тэд гэрээ барихыг нь зөвшөөрөх нь зүй ёсны хэрэг” хэмээн ярьжээ.

Андрес гэрээ ухаж эхэлсэн тэр цагаас хойш өөрийн хийж буй зүйлийнхээ талаар Твиттер сүлжээнд бичиж, бяцхан тэмдэглэл болгон үлдээж байжээ. Түүний анхны жиргээ 2015 оны 3-р сарын 9-ний өдөр бичигдсэн бөгөөд түүндээ тэрбээр, “Агуй. 14 настай хүү агуй ухаж эхэлж байна. Бяцхан маргааны дараа би гэрийнхээ гадна талбайг ухаж эхэллээ. Сэтгэл хөдлөлөө сайн удирдаж чаддаггүй юм” хэмээн бичжээ.

Нүхэн дотор тэрээр ор тавьсан нь хөл хорионы үеэр тун хэрэг болсон гэжээ. Мөн тэрбээр, “Бүгд л сандарч үймж байгаа цар тахлын энэ үед газрын хөрснөөс доош 4 метрийн гүн дэх 4 м2 өрөө тун амар тайван байсан” хэмээжээ. Түүний бичлэгийг олж үзсэн ээж нь тэднийхээр зочлох үеэрээ гэр нь бичлэг дээр харагдаж байсан шигээ тийм ч том биш байна гэж дүгнэсэн гэнэ.

Өдгөө тэрээр энэхүү ажлаа үргэлжлүүлэн хийсээр л байгаа ажээ.

31
БахархмаарБахархмаар
12
Ха ХаХа Ха
9
ГайхмаарГайхмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГоёГоё
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *