Цэвэрлэгээ хийхээр төлөвлөсөн ч эцэж цуцатлаа өөрийгөө зовоохыг хүсэхгүй байгаа хүмүүст зориулсан 11 ухаалаг лайфхак

0

Яаж зарим нь ажил төрлөө амжуулаад зогсохгүй хоббигоороо оролдох цаг гаргаад бас гэр орноо цэмцийсэн байлгаж байж чадаад байна аа? Туршлагатай гэрийн эзэгтэй, эзний хувийн нууц гэж юм байна уу? Ноён Пропер гэрт нь ороод гарсан юм шиг л гялалзах гэр оронтой байхыг хэн хүнгүй л хүснэ.

Гэр цэвэрлэх лайфхакыг өөртөө нуугаад байлгүй интернетээр хуваалцаад байдаг нь ямар их аз вэ? Бид та бүхний амьдралыг бага ч болов хөнгөвчлөх үүднээс зарим нэг лайфхакыг танилцуулахаар бэлдлээ.

1. Цонх арчигч хивсэнд наалдсан үсийг зад цэвэрлэнэ

© unidentifies / Reddit

Хивс гэрийн тав тухыг бүрдүүлэх үндсэн бүрдэл, гэхдээ нилээдгүй толгойны өвчин болдог. Яагаад гэвэл тоос шороо, өөрсдийн үс, амьтны үс ноос ихээр хуримтлагддаг. Тоос сорогчоор бүх “зүйл”-ийг тэр болгон авч чадахгүй. Гадаргууны өнгөц байгаа тоосыг л сорохоос биш үс ноос “нуугдсан” тэр гүнд хүрэх нь юу л бол. Азаар интернет хэрэглэгчид юу хийхийг сайн мэднэ. Энэ удаад цонх арчигч аминд орох нь ээ. Багахан хүч гаргаад л цонх арчигчаар хивсээ арчаад үзээрэй. Үс, амьтны үс ноос, тоос шороо бүгд ил гарч ирнэ, харин одоо тоос сорогчоор соруулах л үлдлээ.

 

2. Теннисийн бөмбөгөөр тавилга өнгөлнө

© Pinbusters / Youtube

Тавилгын бохирдлыг теннисийн бөмбөгөөр арилгаж болно. Ямар ч химийн бодис хэрэггүй. Хамгийн гол нь цайвар өнгийн бөмбөг байх хэрэгтэй, эс бөгөөс тавилгаа будчих вий. Эвгүй харагдаад байгаа хэсгийг бөмбөгөөр арчаарай. Гүн бохирдол байгаа бол шалны бодонд бөмбөгөө углаад (бөмбөгөндөө “х” зүсэлт хийж) хүч гарган арчина.

 

3. Угаалгын машиныг цэвэрлэхэд уксус байхад л хангалттай

© Vans World / Youtube

Угаалгын машин цэвэрлэх тусгай бодис худалдаж авах шаардлагагүй, энэ үүргийг жирийн цагаан уксус бүрэн гүйцэтгэнэ. Дээрээ хаалгатай угаалгын машин бол 1 литр уксусыг барабанд хийж хамгийн удаан горим дээр тохируулж халуун усаар угаах хэрэгтэй. 5 минут болонгуут машиныг зогсоож уксустай устай нь 1 цаг байлгана. Дараа нь горимыг бүрэн дуустал үргэлжлүүлнэ.

Нүүрэн талдаа хаалгатай угаалгын машин бол арай бага уксус ордог – цайны аяганы ¾ байхад л хангалттай. Уксусыг угаалгын бодис хийдэг хэсэгт хийнэ. Дараа нь хамгийн өндөр хэм дээр тохируулаарай. Ус хоолойгоор бүрэн шавхагдсаны дараа зайлах горимыг бүтэн ажиллуулна. Илүү их үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол уксус дээр сод нэмж болох юм.

 

4. Аяга таваг угаадаг шахмал бодисыг үндсэн зориулалтаас нь өөрөөр ч ашиглаж болно

© hinata– / Reddit, © Hanging w/ JK / Youtube

Гал тогоонд учирдаг таагүй асуудлуудын нэг – угаалтуурын бөглөрөл. Нэг л өдөр бөглөрнө, бөглөөс гаргах бодис гар дор бэлэн байхгүй нь ойлгомжтой. Аяга, таваг угаадаг шахмал бодисоор орлуулж болдог нь ямар сайн хэрэг вэ? Уг бодисын орцод шүлтлэг давс болон цайруулагч бодис агуулагддаг. Эдгээр нь өөх тос, хоол хүнсний хог хаягдлыг дуртай нь аргагүй цэвэрлэнэ. Гэхдээ бөглөөс гаргадаг зориулалтын бодис шиг богино хугацаанд гаргана гэж битгий найдаарай. Түүнд хангалттай хугацаа өг. Шахмал бодис үсний бөглөөсийг гаргахгүйг анхаар. Тиймээс угаалгын өрөө зэргийн бөглөөсийг гаргаж чадахгүй гэсэн үг. Ямартай ч гал тогооны бөглөөсийг үр дүнтэй гаргана.

Аяга, таваг угаадаг шахмал бодис савангийн толбыг мөн арилгана, жишээ нь, шүршүүрийн хаалга цэвэрлэж үзээрэй. Маш энгийн аргатай: шахмал бодисыг усанд хийж уусгаад хаалгыг арчина, бохирдол ихтэй газар илүү их анхаараарай. Дараа нь цэвэр усаар зайлахад л хангалттай. Савангийн толбо 15 минутын дотор л ул мөргүй арилах учиртай.

 

5. Хайруулын тавагны түлэгдэлтийг арилгах нууц арга

© Depositphotos.com, © 5-Minute Crafts / Youtube

Угаалгын бодис тэр болгон түлэнхийг арилгаж чаддаггүй, ширүүн үрүүлээр үрэх гэхээр хайруулын тавгаа сүйдэлчих гээд чадахгүй. Азаар маш энгийн арга байна, гэхдээ үр дүнтэй: түлэгдсэн савандаа тос хийгээд 20 минут шарах шүүгээнд тавина. Түлэнхий дэвтэж өтгөрсөн байдаг – одоо цэвэрлэхэд ямар ч төвөггүй боллоо.

 

6. Хатаах горимтой угаалгын машины барабанд мөнгөлөг цаас хий – хувцас цахилгаанжихгүй

© Andrea Jean Cleaning / Youtube

Угаасан хувцсыг “цахилгаанжуулахгүйн” тулд угаалгын машины барабанд бөөрөнхийлсөн мөнгөлөг цаас хийхэд л хангалттай. Нэг ийм бөмбөлөг удаан хэрэглэгдэнэ – бараг л хагас жил. Энэ хугацаанд угаалгын ангижруулагч зэрэгт мөнгө үрэхгүй сайхан л байна.

 

7. Будагны скочийг тосгууртаа наагаарай

© Live Free / Youtube

Шалан дээр үлдсэн жижиг тоосыг шүүрдэж авахад их хэцүү. Гараараа эсвэл цаасаар арчихгүйн тулд нэгэн энгийн аргыг зааж өгье: тосгуурандаа будагны скоч наагаарай. Шал, тосгуурын хооронд зай үлдэхгүй тул хогийг бүрэн шүүрдэж авч болно.

 

8. Шумуулны торонд наалдсан хогийг хувцасны цавуутай цаасаар амархан цэвэрлэнэ

© iamwhatiam10 / frag-mutti

Цэвэрлэгээний ихэнх цагийн цонх угаахад зарцуулдаг: цонхны тавцан, рам, шил бас шумуулны тор. Цонхоо байнга цэвэрхэн байлгадаг бол энэ бүгдийг хийхэд амархан. Жишээ нь, цонхны цэвэрлэгээнд гаргах цаг байхгүй бол хувцас цэвэрлэдэг цавуутай цаасаар шумуулны торыг цэвэрлээрэй. Торыг сугалж авах ч хэрэггүй – цавуутай цаасыг хэд хэд явуулахад л тогтсон тоосыг бүрэн арчина.

 

9. Аяга, таваг угаагчид угааж болох юмыг гараар угаах хэрэггүй

© Coral / Youtube

Нэрнээс нь харахад зөвхөн аяга, таваг угаадаг л гэж бодож болохгүй. Уг цахилгаан хэрэгсэл өөр бусад зүйлийг ч угааж, ариутгаж чадна. Жишээлбэл: хатсан савантай савангийн тавиур, шүдний сойзны аяга, шүдний сойз, аяга таваг угаагч-үрэгч, шилэн гэрэлтүүлгүүд, контакт линзний гэр, нүүрний будгийн багс, гэрийн тэжээвэр амьтны хоолны аяга, пинцет, хөргөгчний тавиур.

 

10. Соусны тагийг тоос сорогчны хошуунд углаарай

© Depositphotos.com, © БЕРИ И ДЕЛАЙ / Youtube

Соусны тагийг аваад тоос сорогчны хошуунд хийвэл цэвэрлэхэд хэцүү хэсгийг тоос сорогчоор амархан цэвэрлэж болно. Таг хэмжээгээрээ заавал таарах ч албагүй, тоос сорогчийг залгахад тагийг өөрөө сорох учраас таг унахгүй. Гар хийцийн уг багажаар компьютерын гарны завсарт хуримтлагдсан тоос шороо, цонхны нарийн ховилууд, паарны завсруудыг цэвэрлэхэд амархан болно. Үүнээс гадна хайрцагнаас эд хогшлыг гаргалгүй шууд соруулах боломж ч бий.

 

11. Уурын индүүг зөвхөн хувцас индүүдэхэд ашиглахгүй

© But First, Coffee / Youtube

Уурын индүү нь гэр цэвэрлэгээний ойлголтыг орвонгоор нь эргүүлж чадна. Уг цахилгаан хэрэгсэл бүх талын хэрэглээтэй: шарах шүүгээний хуримтлагдсан тос, толь, шил, шургуулганы тоос шороог цэвэрлэхээс гадна хөлдөөгчийг хурдан гэсгээдэг. Ямар ч материалаар бүрсэн буйданг бас цэвэрлэнэ.

Та өөр хялбар цэвэрлэгээний лайфхак мэдэх үү? 

19
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *