Флоридагийн далайн эргээр Скраппи нэртэй, $75,000 үнэтэй робот нохойгоо оосорлон, хамтдаа салхилан алхах бүсгүй олны анхаарлыг ихээр татжээ

0
  • Флоридагийн далайн эргээр робот нохойтойгоо салхилан алхах бүсгүй олны анхаарлыг ихээр татжээ.
  • Түүний нохойг Бостон Динамикс компани бүтээсэн бөгөөд энэ загварын нохдод тэд Спот гэдэг нэр өгчээ.
  • Гэсэн ч эзэн бүсгүй нь нохойныхоо нэрийг Скраппи болгон сольсон аж.
  • Роботыг цaгдаа нар саатуулах үед яг л жинхэнэ нохой мэт доош суужээ.
  • Спот нохдыг өнгөрсөн оны 6-р сард $75,000 үнэтэйгээр худалдаанд гаргаж байжээ.

Бостон Динамиксийн бүтээсэн робот ноход эмнэлэг дээр, гэмт xэргийн газарт, сансар судлалын туршилтын талбайд гэх мэт олон газарт өмнө нь харагдаж байсан бол саяхан Флоридагийн далайн эргээр салхилж байгаа нь олны нүдэнд өртжээ.

Бичлэгт Скраппи нэртэй нохойгоо Форт Пийрсийн гудамжаар зуу зуун хүний нүдэн дээр салхилуулан алхах бүсгүй бичигдэн үлджээ. Салхинд гарах зуураа Скраппи нохой бусдад эзнийхээ заавраар сууж, босох, замд таарч буй саадыг тойрч гарах зэрэг чадваруудаа харуулаад амжжээ. Энэ төрлийн роботыг өнгөрсөн онд $75,000 үнэтэйгээр худалдаанд гаргаж байсан бөгөөд тун удахгүй энгийн гэрийн тэжээвэр амьтан мэт түгээмэл болох нь гарцаагүй биз ээ.

Scrappy the Dog

Скраппи нохой өөрийн гэсэн YouTube сувагтай бөгөөд өөрийн адал явдлуудаа бусадтай хуваалцаж эхлээд даруй нэг сарыг ардаа үдээд байгаа юм. “Би бол энэ дэлхийтэй танилцаж байгаа энгийн л нэгэн робот нохой” гэсэн даруухан тайлбарыг тэрээр өөрийн сувагтаа оруулжээ.

Бичлэгт Форт Пийрсийн гудамжаар далайн эргийг чиглэн алхах тэдний дүрс бичлэг үлдсэн бөгөөд хоолны газрыг өнгөрөх үед нохойн алхаж буй механик хөлний чимээ тодорхой сонсогдох ажээ.

Viral Hog

Флоридагийн далайн эргээр робот нохойтойгоо салхилан алхах бүсгүй олны анхаарлыг ихээр татжээ.

Viral Hog

Скраппи нохой бусдад эзнийхээ заавраар сууж, босох, замд таарч буй саадыг тойрч гарах зэрэг чадваруудаа харуулаад амжжээ.

Түүнчлэн цaгдаа нар ирж түүнийг суухыг хүсэх үед эзэн бүсгүй заавар өгөхөд робот нохой тун дуулгавартайгаар суужээ. Мөн түүний замдаа таарсан саад болон урдаас ирж буй хүмүүсийг чадварлаг тойрон гарч байгаа нь дүрс бичлэгт үлдсэн байна.

Бостон Динамикс компани 2015 онд энэ роботыг анх бүтээж байсан бөгөөд хүний хөдөлгөөн дээр суурилсан гэрийн тэжээвэр робот бүтээх төслийн үр дүн нь энэ аж. Улмаар хэд хэдэн удаагийн туршилт, хөгжүүлэлтийн дараа 2020 оны 6-р сард худалдаанд гарчээ.

Спот нь гадна болон дотор орчинд төгс ажиллахаар бүтээгдсэн ба орчныг мэдрэх, шатаар өгсөх, хаалга нээх зэрэг олон үйлдлийг эзэмшсэн байна. Мөн цөмийн реактор, газрын тосны талбай, барилгын талбай зэрэг эрсдэлтэй орчинд ч ажиллах боломжтой ажээ.

Scrappy the Dog

Өнгөрсөн оны 6-р сард $75,000 үнэтэйгээр худалдаанд гарсан энэ робот ноход ирээдүйд гэрийн тэжээвэр амьтад шиг олшрох нь гарцаагүй.

Энэхүү бичлэг цахим орчинд цацагдаад удалгүй Спот төрлийн өөр нэгэн робот нохой Техас мужийн Бока Чика дахь SpaceX компанийн туршилтын талбайд байгаа дүрс мөн таржээ. Спот робот нохдын анхны худалдан авагчдын нэг нь SpaceX компанийн үүсгэн байгуулагч, тэрбумтан Элон Маск билээ.

LabPadre нэртэй YouTube сувгийн нийтэлсэн тэрхүү бичлэгт Бостон Динамиксийн робот нохой энэ сарын 3-ны өдөр Starship SN10 хөлгийн туршилт бүтэлгүйтсэний дараа туршилтын талбай дээр яваа нь харагджээ.

Түүнчлэн робот ноход Нью-Йорк хотод гэмт xэргийн газрын ойролцоо явж байгаа нь, Массачусеттс мужид коронавирусын эсрэг ажиллаж буй эмч нарт туслаж эмнэлэг дээр ажиллаж байгаа нь цахим орчинд тараад байгаа билээ.

 

Бостон Динамиксийн Спот нэртэй робот ноход гэж юу вэ?

Бостон Динамикс компанийн зүгээс 2017 оны 11-р сард анх хамгийн дэвшилтэт, ухаалаг робот нохой хэмээн энэхүү бичлэгийг олон нийтэд ил болгож байжээ. Энэ нохой нь 1.7м урттай, маш хөнгөн загвар юм.

Робот нохой гадна салхилж яваа бичлэг олон нийтэд хүрсний дараа бүтээгчдийн зүгээс тун удахгүй илүү гайхалтай мэдээлэлтэйгээр эргэн уулзах болно хэмээж байв.

Компанийн цахим хуудас дээр СпотМини загварын робот нохдыг оффис болон гэрт тохиромжтой хэмээн бичжээ.

Роботын их бие нь 25 кг, нийт жин нь 30 кг аж. Тэд бүрэн цахилгаанаар ажиллах бөгөөд ямар үйлдэл хийхээс шалтгаалж дунджаар 90 минут ажиллана гэжээ. Мөн тэд энэхүү загварын роботоо хамгийн чимээгүй робот хэмээн тодорхойлсон байна.

2016 онд олон нийтийн хүртээл болсон танилцуулга бичлэгт СпотМини загварын робот нохойн хүзүү маш урт байсан бөгөөд гэрийн ажилд хэрхэн тусалж байсныг та доорх бичлэгээс үзэх боломжтой.

Бичлэгт робот аяга таваг угаагчийг ажиллуулж, хогийг хогийн саванд хийж байгааг та харсан болов уу.

Түүнчлэн гадил жимсний хальсан дээр гишгэж хальтарч унасан ч урт хүзүүгээрээ тулж эргэн босч байгаа нь ч харагдаж байна.

Цахилгаан мотортой тул энэ төрлийн робот дэлхий дээрх хамгийн чимээгүй ажиллагаатай робот болсон ажээ.

Түүнчлэн мэдрэгч төхөөрөмжүүд болон зүг чиг заагчаар бүрэн тоноглогдсон байна. СпотМини загварын роботын зарим нэгэн үйлдлүүд автомат бол дийлэнх үйлдлүүдийг хүний заавраар хийх тохиргоотой байдаг байна.

6
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *