
Дэлхийн нийт хүн амын 40 орчим хувь нь орой унтахдаа унтлагын хувцас өмсдөг гэсэн тоо баримт бий. Хүйтний улиралд дулаахан унтлагын хувцас шиг таатай зүйл үгүй гэдэг нь лавтай. Гэвч зузаан унтлагын хувцас өмсөх нь шөнийн цагаар хэт халууцуулж, өглөөг ядарсан мэдрэмжтэйгээр эхлүүлэх шалтгаан болохоос гадна эрүүл мэндийн хувьд сөрөг зүйлсийн эхлэлийг тавьж байдаг ажээ.
1. Гүн нойрсож, амрахад тань саад болно

Унтаж байх үед бие алжаалаа тайлж, амрахын тулд тодорхой хэмд гүн нойрсох шаардлагатай байдаг. Гэвч зузаан унтлагын хувцас нь хүний биеийн дулааныг өсгөж, биеийг хангалттай амрах боломжийг үгүй хийж байдаг ажээ. Иймээс унтлагын хувцас сонгохдоо бие чөлөөтэй амьсгалах даавуун эсвэл хөвөн даавуун материалаар хийгдсэн хувцсыг сонгож байхыг зөвлөж байна.
2. Тууралт гарах шалтгаан болно

Унтаж байх үедээ хөлөрч, норсноос үүдэлтэйгээр хүний биеэр тодорхой төрлийн тууралт гарах нь олон тохиолддог. Учир нь чөлөөтэй амьсгалдаггүй зузаан материалтай унтлагын хувцас өмссөн үед хөлөрч эхлэхэд арьсны нүр сүв бөглөрч үрэвсэл үүсгэдэг аж. Хэрэв танд ийм төрлийн асуудал тулгарсан бол хулсны мяндсан утсаар хийсэн унтлагын хувцас сонгохыг зөвлөж байна. Учир энэ материал нь бичил нянгийн эсрэг маш сайн хамгаалалт болж өгдөг байна.
3. Арьсны халдвар авах орчныг бүрдүүлж байдаг

Харанхуй, чийглэг газар бол нян бактери үржихэд тун таатай орчин гэдгийг та мэдэх биз ээ. Харин шөнийн цагаар унтаж байх үед унтлагын хувцас, хөнжилдөө орж хөлрөх нь арьсны бичил биетүүд үржих таатай орчныг бүрдүүлж, арьсны халдвар авах, үрэвсэл үүсэх нөхцлийг бүрдүүлдэг ажээ.
4. Бэлгийн эрүүл мэндэд нөлөө үзүүлдэг

Дотуур өмдгүй унтдаг эрчүүд бусдаас илүү үр тогтоох чадвартай байдгийг судалгаагаар нотолсон байдаг. Харин бүсгүйчүүдийн хувьд бариу өмд эсвэл зузаан унтлагын хувцас өмсөж унтсанаар илүү их хөлөрч, халдвар авах, үрэвсэл үүсэх магадлалтай байдаг аж.
5. Хүний биеийн дулаанаа тохируулах төрөлхийн үйлдлийг хязгаарлана

Халуун орчинд унтах нь хүний бие сайн амрах нөхцлийг үгүй хийж байдаг билээ. Харин сэрүүн нөхцөлд хүний бие илүү сайн амраад зогсохгүй, бодисын солилцоо ч нэмэгдэж байдаг аж. Иймээс хүний биеийн дулааныг төдийлөн нэмэгдүүлэхгүй даавуун материалтай унтлагын хувцас сонгон хэрэглэж байхыг танд дахин зөвлөх байна. Ингэснээр шөнийн туршид таны бие гүн нойрсоход тохиромжтой дулаан өөрийгөө хадгалж, сайн амрах нөхцлийг бүрдүүлэх болно.
Та унтахдаа унтлагын хувцас өмсдөг үү?







