Үхлийг ялан дийлсэн гайхалтай хайрын түүх: “Love is…” бохин дотроос гарч ирдэг өхөөрдөм хосын зургууд бодит хүмүүс байжээ

0

“Love is …” гэдэг нэртэй бохийг санаж байна уу? Ямар бохь байдаг билээ гэж бодох ч юмуу эсвэл бохины амтыг санахгүй байж болно, гэхдээ дотроос нь дурлалт хосуудын ямар хөөрхөн зураг гарч ирэх бол гэж тэсэн ядан сууж байснаа санах биз ээ.

Бохины дотроос гарч ирэх дурлалт хосууд бодит хүмүүс байсан юм, бас үхлийг ялан дийлсэн хайрын түүхтэй гэвэл та итгэх үү? Зураач эмэгтэй хайртай хүнээ өвчнөөр алдсанаас хойш хагас жилийн дараа хайртай нөхрийнхөө хүүхдийг төрүүлжээ.

“Love is …” бохины зураг нь шинэ зеландын зураач-мультипликатор Ким Гроув (нөхрөөрөө овоглодог байхдаа Касали)–ын бүтээл юм. 19 насандаа дэлхийгээр аялах аялалаа эхлүүлж, 6 жилийн дараа Калифорнид суурьшихаар шийджээ. Тэндээ Итали гаралтай Роберто Касалитай танилцаж түүний гэргий болсон байна. Чухам нөхөр нь түүнд өхөөрдөм дурлалт хосуудын зургийг зурах санаа гаргаж гэнэ. Бохины зураг дээр байгаа өхөөрдөм хосууд тэд өөрсдөө ажээ.

Ким өөрсдийнхөө амьдралын нэгээхэн хэсгийг жижигхэн амны цаасан дээр зурж эхэлсэн бөгөөд дээр нь “Love is …”  гэж бичнэ, харин доор нь тухайн зурагт тохирох тайлбарыг нь бичдэг байв. Зураачийн ярьснаар: “Би өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх гэж л зургаа зурдаг байлаа… Нэг ёсондоо өдрийн тэмдэглэл бичихийн оронд зураг л зурсан гэж ойлгож болно. Эхлээд би дусал зурлаа, тэр нь охин буюу би болсон. Зургаа зурж байхад үнэхээр сайхан мэдрэмж төрнө. Дараа нь өөр нэг дусал зурлаа – тэр нь миний сэтгэл зүрхийг татах хүү болсон юм” гэжээ.

Ким, Роберто хоёр хуримаа бүсгүйн төрөлх нутаг болох Шинэ Зеландад хийжээ. Бүсгүйн аав, ээж хоёр гэрлэлтээ батлуулсан тэр л сүмд тэдний хурим болсон байна. Кимийн аав нь түүнийг бага байхад нь өөд болсон тул энд хуримаа хийсэн нь түүнд маш чухал байжээ. Насан туршийнхаа ханиас хүсэх нэг л зүйл бүсгүйд байв: “Юу хүссэнээ хийж болно, гэхдээ надаас өмнө үхэж болохгүй шүү”. Нөхөр нь хариуд нь инээж хүсэлтийг нь биелүүлэхийн тулд хичээх болноо гэв. Сүйт бүсгүй хуримын цэцэг барьж, нүд рүүгээ гивлүүр унжуулжээ. Яг л ийм зургийг тэр зурсан байсан юм. Дурлалт хосуудын амьдралын өөр бусад үйл явдлууд ч комикс зурагнаа буусан байдаг.

Кимийн нөхөрт зургууд дээрх хосууд ихэд таалагдсан бөгөөд эхнэрийнхээ зургуудыг ивээн тэтгэж хэвлэхээр болжээ. Эхний зургууд 1970-аад оны эхэнд сонинд гарч эхэлсэн, тэр цагаас хойш “Los Angeles Times” долоо хоног болгон хэвлэж эхэлсэн юм. 1970-аад оны үеийн зургууд дээр гарах хосууд тэдний нэрээр нэрлэгддэг байв – хүү охиныг “Ким” гэж дуудах бол охин элсэн дээр “Р” гэж бичжээ. Зураг өөрийн эрхгүй алдаршиж эхэлсэн тул зөвхөн сэтгүүлүүдэд хэвлээд зогсохгүй футболк, аяга, хуанли, зурагт хуудсууд дээр ч хэвлэх болов. Харин комикс зураг дэлхийн 50 гаруй улс оронд хэвлэгджээ.

Кимээс чухам яагаад энэ төрлийн урлагийг сонгосон юм бэ гэж асуухад тэрээр: “Хэрвээ надад сонголт байсан бол би хайрын дууны зохиолч болох байсан биз. Хайрын дуу миний зүрх сэтгэлийг үнэхээр их догдлуулдаг… Даанч би сайхан бичиж чадахгүй юм, тийм учраас сэтгэлээ илэрхийлэх өөр аргыг сонгосон” гэж хариулсан байдаг.

Ким, Робертын гэр бүлийн аз жаргал харамсалтай нь удаан үргэлжилсэнгүй. Хөвгүүдээ төрүүлснээс хойш 4 жилийн дараа Робертийг сүүлийн шатандаа орсон хорт хавдартай болохыг олж мэдэцгээжээ. Харамсалтай нь эмч нар юугаар ч тусалж чадахгүй байв. Ким нөхөртөө илүү их цаг зарцуулж түүнтэйгээ цуг байхын тулд түр зуур комиксоо орхиход хүрчээ. Гэхдээ энэ ажлаа зүгээр хаяхыг хүссэнгүй, тиймээс английн дизайнер, аниматор Билла Эспригээс өөрийн нэрээр үргэлжлүүлэн зурж байхыг хүсжээ. Тийнхүү Билла Эспригийн зургууд дээр хосууд анх удаа өнгөтэй болон хувцастай болж эхэлсэн – энэ л дүрүүд нь бидэнд танил болсон юм.

1975 онд Робертод хагалгаа хийлээ. Эмч нар тайвшруулах үг хэлж чадахгүй байсан тул тэд муу мэдээ сонсоход л бэлдсээр… Зул сар дөхөж байхад нэгэн үдэш Ким нөхөртөө хандан “Дахиад нэг хүүхдээс илүү гарах бэлэг надад байхгүй” гэж хэлжээ. Ингээд тэд Робертийг өөд болохоос өмнө жирэмсэлж чадахгүй бол гэсэн тохиолдолд Робертын үрийн шингэнийг хөлдөөхөөр шийдсэн юм. 1976 онд 31 насандаа нөхөр нь өөд болжээ, үүнээс үүдэж оршуулгын хөшөөн дээр зогсох охины зураг гарч байсан түүхтэй.

16 сарын дараа Ким төлөвлөснөө хэрэгжүүлэхээр шийдсэн юм, нөхрийгөө өөд болсны дараа түүнд хүүхэд бэлэглэжээ! Зураач эмэгтэйг дэмжих нэгэн байхад буруушаах хүмүүс ч цөөнгүй байв. Шашны байгууллагуудаас түүнийг ихэд буруутгаж байсан юм – “шашны үзэл суртал”-аас гажууд зүйл хийсэн нvгэлтэн болж хувирчээ.

Кимийн эсрэг ирэх шүүмж болгонд: “Роберт бид хоёр хоёулаа хоёр хүүдээ дүү бэлэглэхийг хүсдэг байж билээ. Эмч нарын буян, хүчин чармайлтын ачаар бид хоёрын мөрөөдөл биелсэн. Хайртай нөхрийгөө сайхнаар дурсан санах бас нэгэн боломж… Мило өнөөдөр аав, ээжийнхээ хайрын ачаар мэндэлжээ. Бид хоёрын энэ хүслийг дэлхий тэнцвэрээ алдлаа гэж ойлгож болохгүй болов уу. Робертог нас барахаас өмнө бид хоёр хиймлээр үр тогтоох гэж оролдсон боловч чадаагүй. Хэрвээ миний нөхөр амьд байсан бол Мило гэрлэлтийн дундаас л гарах байсан. Робертогийн минь үхэл юу өөрчилсөн юм бэ?” гэж хариулдаг байв.

Хүүгээ төрүүлсний дараа Ким шинэ зургуудаа гаргаж эхэллээ, энэ удаад хүүхдийн тэрэг түрсэн баатар дүрслэгдэж дараах тайлбартай байв: “Милод Робертог танилцуулахад таатай байна. Эцэг, эхээс нь: Ким болон Роберто (түүнийхээ дурсгалыг хүндэтгэе)”.

Туркийн «Intergum» компани Билла Эспригийн өнгөт зургийг бохиныхоо завсар хийж ашигласан юм. Бохины хоёр өөр өнгө, амт нь хосуудын хайрыг илэрхийлэх ажээ. Комикс зургийн баатруудыг тэд Ким Касалийн зөвшөөрөлгүйгээр ашиглажээ. Тэд өөрсдийнх нь зургуудыг бохинд ашиглаж байгааг ч мэдээгүй байсан гэдэг! Билл Эспри 2008 онд л нэгэн ярилцлагын үеэр энэ тухай асуухад нь өөр компани зургийг нь ашиглаж байгааг олж мэджээ.

Харамсалтай нь зураач эмэгтэйн амийг бас л аймшигтай өвчин авч одсон юм. 55 насандаа яс, элэгний хорт хавдраар Ким өөд болжээ. Түүний үйл хэргийг том хүү Стефано нь Билла Эспритэй үргэлжлүүлсэн юм. Гэрээний дагуу Кимийн нэр дор “Love is…” комикс зургаа гаргасаар. Хайртай хосуудын өхөөрдөм зураг өөрийн зохиолчоосоо хойш үргэлжилсээр байна гэдэг гайхамшиг.

Хайртай хосууд бохио задлаад яг л өөрсдөд нь зориулсан илгээмжээ нээж унших гэж байгаа мэт сэтгэл догдлон зогсоно. Энэ зургийн цаана ямар хайрын түүх байсныг хэн ч гадарлахгүй – үхлийг ялан дийлсэн гайхамшигт хайрын түүх!

15
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *