Талхан дээр түрхэж идэх төрөл бүрийн амттай хачирны 15 жор. Эрүүл бас шим тэжээлтэй – талхыг улам гоё амттай болгоно

0

Хэдэн зуун жил, магадгүй хэдэн мянган жилийн хугацаанд ч байж болох юм, хачиртай талх дэлхийн хамгийн алдартай зууш хэвээр байна. Гоонь эрчүүд, хоол хийх ажилд цаг зарцуулах дургүй хүмүүс эсвэл хоол хийж чаддаггүй хүн л энэ төрлийн хоол хүнсээр хооллодог гэж бодож явдаг байсан цаг бий.

© Depositphotos

Өнөөдөр янз бүрийн “хачиртай талх” идэх сонирхолтой хүмүүс ихээр нэмэгдэх болжээ. Амьдралын хэт хурдан хэмнэл, уул овоо шиг их ажил, тэгээд л хачиртай талх өлсгөлөн мэдрэмжээ хурдан дарах хамгийн шилдэг хувилбар болох нь тэр.

© Depositphotos

Гэсэн хэдий ч “чи талхаараа л хооллоод байна уу?” гэдэг үг шүүмж хэвээр л сонсогдоно. Эрүүл хоолны дэглэм барьдаг хүмүүс цагаан талх, майонезтой соус, утлагатай махан бүтээгдэхүүн, дэлгүүрийн хиам, хямд цөцгийн тосны хэрэглээнээс татгалзахыг зөвлөх нь элбэг.

 

Талхны хачир

Эрүүл хооллолтын нэг систем болох амттай, шим тэжээлтэй талхны хачир хийх 15 жорыг танд танилцуулахаар бид бэлдлээ. Уг хачир таны талхыг улам их амттай болгоно.

© Depositphotos

Хачиртай талхны гол үндэс нь талх өөрөө. Хачиртай талхыг шим тэжээлтэй болгохыг хүсэж байвал цагаан талх сонгох эсвэл талхаа дээд гурилаар хийж болохгүй. Бүхэл үрийн талх сонгоно. Мөн овьёос зэргээр хийсэн талх эсвэл нимгэн лаваш ашиглахыг хичээгээрэй.

 

Гуакамоле

Мексикийн уламжлалт зууш. Орцонд халуун чили перц орно. Хэрвээ та хэт халуун ногоонд дургүй бол орцоосоо хассан ч болох юм.

© Depositphotos

Орц:

  • 1 чили перц
  • 3 ширхэг авокадо
  • 2 улаан лооль
  • 1 сонгино
  • 1 лайм
  • 1 боодол кинза
  • 1 хумс сармис
  • Давс – өөрийн амтанд тохируулна

Хийх арга:

1. Кинза, улаан лооль, сонгиноо жижиглэн татна. Сармисаа нухаж жижиглээд чимх давсаар амтлаарай.

2. Авокадог дундуур нь хуваагаад ясыг нь ав.

3. Авокадогийн зөөлөн эдийг нухаш болгоно.

4. Дээрээс нь лаймын шүүсийг тэр дор нь хийгээрэй, энэ нь авокадог харлахаас хамгаална.

5. Бүх орцуудыг сайтар холиод таваглана.

6. Сайхан хооллоорой!

 

Өндөгний нухаш

© Depositphotos

Орц:

  • 6 өндөг
  • 2 х.х цөцгийтэй бяслаг
  • 1 х.х майонез эсвэл зөөхий
  • 0,5 ц.х куркума
  • 1 ц.х нимбэгийн шүүс
  • 2 ц.х үрсэн сонгино
  • Нунтаг хар перц – өөрийн хүслээр
  • Давс – өөрийн хүслээр

Хийх арга:

1. Өндгөө чанаж арилгаад сэрээгээр нухна.

2. Дээрээс нь бусад орцуудаа нэмээд хутгаарай.

3. Хөргөгчинд нэг цаг амраана.

4. Шарсан талхан дээрээ түрхэнэ.

5. Сайхан хооллоорой!

 

Ногоон тос

© Depositphotos

Орц:

  • 150 г цөцгийн тос
  • 1 хумс сармис
  • 1 х.х нимбэгийн шүүс
  • Боодол яншуй эсвэл өөр амтлагч ногоон навчит ногоо
  • Давс – өөрийн хүслээр
  • Улаан перц – өөрийн хүслээр

Хийх арга:

1. Ишнээс нь салгасан яншуйг блендерт нимбэгийн шүүстэй цуг хийж хутгана. Нимбэгийн шүүс нь яншуйг харлуулахгүй.

2. Дээрээс нь зөөлрүүлсэн цөцгийн тос болон саримсаа хий.

3. Давс, улаан перцээр амтална (өөрийн хүслээр).

4. Зуурмагийг хүнсний гялгар уутан дээр тавиад хиам шиг бэлд.

5. Хөлдөөгчинд хийж хэвэнд оруулна.

 

Хаштай паста

© Depositphotos

Хоолны дэглэм барьж байгаа хүмүүст нэн тохиромжтой. Жигнэсэн хашаар хийж самар, саримсаар амталсан паста юм.

Орц:

  • 3 хаш
  • 40 г хушга
  • 2 хумс сармис
  • 20 мл ус
  • 0,5 ч.х орегано
  • Чимх нунтаг куминь
  • Перц – өөрийн хүслээр
  • Давс – өөрийн хүслээр

Хийх арга:

1. Хашаа угаагаад хэд хэдэн газар нь сэрээгээр хатгаж цоолно.

2. Шарах шүүгээний хавтан дээр тавьж 180 хэм халаасан зууханд 30 минут болгоно. Ногоог дундуур нь хуваасан ч болно, энэ тохиолдолд илүү хурдан болох юм.

3. Хаш зөөлрөөд ирэнгүүт хөргөөд гялгар уутанд 5 минут хийнэ, дараа нь хальсыг нь аваарай.

4. Хушгыг нунтаглаарай, кофе бутлагчаар ч болно.

5. Блендерт хашны зөөлөн эд, сармис, давс, амтлагч бас самруудаа хийнэ.

6. Усаа нэмээд сайтар бутлаарай. Өтгөн зөөхий шиг паста бэлэн болох ёстой.

7. Сайхан хооллоорой!

 

Тахианы элгээр хийсан нухаш

© Depositphotos

Орц:

  • 500 г тахианы элэг
  • 250 г цөцгийн тос
  • 1 сонгино
  • 1 дунд зэргийн лууван
  • 4 х.х хуурай дарс
  • ¼ ц.х хмели-сунели
  • Чимх нунтаг хадаасан цэцэг
  • 1 ц.х давс
  • Нунтаг хар перц – өөрийн хүслээр
  • 2 х.х ургамлын тос

Хийх арга:

1. Сонгиноо арилгаад хагас цагиргаар хэрчинэ.

2. Луувангаа арилгаж 2-3 мм зузаантайгаар цагиргаар нь хэрчинэ.

3. Сонгиноо халаасан тосонд шаргал өнгөтэй болтол шарна, 7-9 минут л болох байх.

4. Луувангаа элгэнд хийнэ.

5. Ус хийгээд давс, перцээр амталж буцалгана.

6. Таглаад 30 минут зөөлөн жигнэх байдлаар болгоно.

7. Тагийг аваад дахин 5-10 минут буцалгаарай, энэ үед шөл бараг ширгэнэ.

8. Тахианы элгийг хөргөөд зөөлрүүлсэн цөцгийн тостой холино.

9. Үлдсэн амтлагч болон хуурай дарсаа нэмээрэй. Блендерт нухаш болгож бутална.

10. Гэрийн нөхцөлд хийсэн тахианы элэгний нухаш бэлэн. Сайхан хооллоорой.

 

Сармис, аарцтай хачир

© Depositphotos

Сармистай бас ногоон навчит амтлагч ногоотой аарц дэлгүүрийн хачрыг бүрэн орлож чадах хувилбар. Үүгээр амталсан талх үнэхээр амттай болно.

Орц:

  • 250 г тослоггүй аарц
  • 50 г цэвэр тараг
  • Сармис – өөрийн амтанд тохируулна
  • Ногоон навчит амтлагч ногоо (яншуй, кинза зэрэг) – өөрийн амтанд тохируулна
  • Давс, хар нунтаг перц – өөрийн амтанд тохируулна

Хийх арга:

1. Ногоон навчит ногоонуудыг угаагаад жижиглэн татна.

2. Аарцаа саванд хийгээд сайтар нухна.

3. Аарцан дээрээ ногоон навчит ногоо, таргаа хийнэ.

4. Сармисаа нухаш болгоод аарцан дээрээ нэмнэ.

5. Давс, перцээр амтлаад сайтар холино.

6. Хар талх эсвэл бүхэл үрийн талхан дээр түрхээд идээрэй.

 

Туна загасаар хийсэн паста

© Depositphotos

Орц:

  • 400 г тосонд лаазалсан туна загас
  • 100 г зөөлөн бяслаг (жишээ нь, Филадельф)
  • 1 х.х элгэн тараг
  • ½ нимбэгийн үрж жижиглэсэн хальс
  • Нунтаг перц

Хийх арга:

1. Бүх орцуудаа холиод блендерт хийж нухаш болгоно.

2. Саванд хийж нунтаг хар перцээр амтлаарай.

3. Сайхан хооллоорой.

 

Шоколадны паста

© Depositphotos

Орц:

  • 200 мл сүү
  • 1 стакан сахар
  • 1 х.х гурил
  • 1 х.х нунтаг какао
  • 50 г цөцгийн тос
  • 40 г фундук буюу ойн самар
  • Давс – өөрийн хүслээр

Хийх арга:

1. Хоолны саванд сахар, гурил, нунтаг какао, чимх давс хийж хутгана.

2. Сүүгээ бага багаар нь хийж байнга хутгана.

3. Гал дээр тавиад буцалгаарай.

4. Фундук самраа аль болох жижигхэн нунтаглана.

5. Сүүн зуурмаг буцлангуут тос болон нунтагласан самраа нэмэх юм.

6. Дахин буцалгахдаа хутгахаа мартаж болохгүй. 2-3 минут буюу зуурмаг өтгөртөл буцалгана.

7. Пастаг тохирох саванд хийж хөргөнө.

8. Талхан дээрээ гэрийн шоколадтай пастаг түрхээрэй.

9. Сайхан хооллоорой.

 

Газрын самартай паста

© Depositphotos

Энэ технологиор ямар ч самраар паста хийж болно: бүйлс, ангаахай самар, хушга болон ойн самрууд.

Орц:

  • 300 г газрын самар
  • 1 ц.х зөгийн бал
  • 2 х.х ургамлын тос
  • Чимх давс

Хийх арга:

1. Газрын самрыг шараад цэвэрлэнэ.

2. Самраа блендерт хийгээд огцом эргэлтээр буталж эхэлнэ. Хүчтэй блендер хэрэгтэй. Хэрвээ блендер халсан бол 15 минут хөргөсний дараа үргэлжлүүлж бутлаарай.

3. Дээрээс нь давс, зөгийн бал болон тосоо нэмээд өндөр хурдаар нухаш бэлдэнэ.

4. Дэлгүүрийнхийг бодвол барьцалдсан паста гарна. Гэхдээ муу зүйл огт байхгүй.

5. Сайхан хооллоорой!

 

Мөөгтэй тос

© Depositphotos

Орц:

  • 4 х.х шарсан мөөг
  • 100 г цөцгийн тос
  • 1 сонгино
  • 1 ц.х нимбэгийн шүүс
  • Давс, перц – өөрийн амтанд тохируулна

Хийх арга:

1. Сонгиноо үрүүлээр үрж жижиглэнэ.

2. Шарсан мөөг, жижиглэсэн сонгино, цөцгийн тос, нимбэгийн шүүс болон бусад амтлагчуудаа блендерт хийж бутална.

3. Нухаш бэлэн боллоо.

4. Сайхан хооллоорой!

 

Оливоор хийсэн паста

© Depositphotos

Орц:

  • 1 лааз тостой, гэхдээ ясгүй олив
  • ¼ нимбэгийн шүүс
  • 1 х.х оливын тос
  • Хар перец – өөрийн амтанд тохируулна

Хийх арга:

1. Блендерт бүх орцуудаа хийж нухаш болтол нь бутална.

2. Дээрээс нь нимбэгийн шүүсээ хийгээд хар перцээр пастагаа амтлаарай.

3. Амтлан идээрэй.

 

Шошоор хийсэн нухаш

© Depositphotos

Орц:

  • 1 стакан хуурай шош
  • 2-3 сонгино
  • 3 хумс сармис
  • ½ ц.х давс
  • Нунтаг хар перц – өөрийн амтанд тохируулж
  • Шарах ургамлын тос

Хийх арга:

1. Их хэмжээний усанд шошоо 8-12 цаг дэвтээнэ.

2. Ус нэмээд бага гал дээр зөөлөн болтол нь буцалгана. Ус нь ширгэвэл дахиж нэмж болно.

3. Шош зөөлрөхөөр нь тал стакан ус үлдээгээд бусдыг нь асгаарай.

4. Сонгиноо хэрчинэ.

5. Ургамлын тосонд шаргал өнгөтэй болтол нь шарна.

6. Хөрсөн шошоо блендерт буталж нухаш болгоно.

7. Шарсан сонгиноо шарсан тостой нь цуг нэмнэ.

8. Сармисаа жижиглэж шахаад давс, перцээр амтлаарай.

9. Сайтар хутга.

10. Амтат нухаш бэлэн боллоо.

 

Луувангийн паста

© Depositphotos

Орц:

  • 200 г лууван
  • 1 сонгино
  • 2 х.х цуу
  • 2 х.х ус
  • 1 ц.х зира, куркума болон гоньд
  • ½ ц.х нимбэгийн шүүс
  • 1 х.х ургамлын тос
  • 2 хумс сармис

Хийх арга:

1. Сонгино, сармисаа жижиглэж хэрчинэ, луувангаа дунд зэргийн ширхэгтэй үрүүлээр үрнэ.

2. Амтлагчуудаа хуурай хайруулын тавганд бага зэрэг шараарай. Дээрээс нь тос, сонгино, сармис нэмээд шаргал өнгөтэй болтол шарна.

3. Луувангаа нэмж зөөлөртөл нь жигнэнэ.

4. Дараа нь бага зэрэг хөргөөд цуу, нимбэгийн шүүс, усаа нэмнэ. Блендерт хийж нухаш болтол бутална.

5. Хөрснийх нь дараа талхандаа түрхэж иднэ.

 

Бяслагтай тос

© Depositphotos

Орц:

  • 700 г бяслаг
  • 100 г зөөлрүүлсэн цөцгийн тос
  • 1 х.х зөөхий
  • Давс, перц – өөрийн амтанд

Хийх арга:

1. Бяслагаа үрүүлээр үрж жижиглэнэ.

2. Бүх орцуудыг миксердэнэ.

3. Давс, перцээр амтална.

4. Сайхан хооллоорой!

 

Жигнэсэн хүрэн манжинтай хумус

© Depositphotos

Нутаар хийсэн маш сайхан амттай түрхлэг болно. Зөвхөн талханд түрхээд зогсохгүй лавашанд ч түрхэж хэрэглэдэг.

Орц:

  • 2 дунд зэргийн хүрэн манжин
  • 450 г лаазалсан нут
  • 3 х.х оливын тос
  • ¼ фета бяслаг
  • 2 хумс сармис
  • 2 х.х нимбэгийн хальс
  • 2 х.х нимбэгийн шүүс
  • Чимх кайен перц
  • Чимх давс
  • Чимх хар перц

Хийх арга:

1. Шарах шүүгээг 220 хэм хүртэл халаана. Шарах савыг тосоор тослож бэлдэнэ. Хүрэн манжингаа шарах хавтан дээр тавиад 1 хоолны халбага оливын тос дээрээс нь цацаарай. 45-60 минут буюу ногоог зөөлөртөл болгоно.

2. Болсон хүрэн манжинг хөргөөд хэдэн хэсэг хуваана.

3. Блендерт нут, бяслаг, сармис, 2 хоолны халбага оливын тос, нимбэгийн шүүс, нимбэгийн хальс, кайен перц, давс, хар перцээ хийгээд бүгдийг нухаш болтол нь бутална.

4. Хумусыг хөргөнө. Лаваш, чипс эсвэл шарсан талханд түрхэж иднэ.

Эдгээр хачрыг хийхэд маш энгийн орцууд ордог, магадгүй таны хөргөгчинд бэлэн байгаа болов уу. Өглөөний хоолны бас нэгэн шинэлэг хувилбар болно.

3
ГайхмаарГайхмаар
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Lamzav Khaltar

    Lamzav Khaltar

    2020/11/18 at 19:43

    Яаж хийх жороо бич нь үү

  2. Гүнжийн Ээж Одноо

    Гүнжийн Ээж Одноо

    2020/11/18 at 21:53

    Shine Shinebayr

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *