Олон зуунаар дамжин ирсэн уламжлалаа чандлан дагадаг Японы эзэн хааны гэр бүл хэрхэн амьдардаг вэ?

0

Японы эзэн хааны гэр бүл нууцлаг, үг дуу цөөнтэй, хэдэн зуунаар дамжин ирсэн уламжлалаа чандлан сахиж мөрддөг зэргээрээ барууны дээдсийн хүрээний амьдралаас ихээхэн ялгаатай. Сэтгүүлчид Английн хатан хааны гэр бүлийн амьдралыг олон нийтэд байнга л дэлгэж байдаг. Харин Японы хувьд сэтгүүлчид эзэн хааны гэр бүлийн гишүүд өөрсдийнхөө тухай юу хэлж ярьсныг л дамжуулж бичнэ. Эртний түүхт эзэнт гүрний гэр бүлийн нууц чамгүй их. Тухайлбал, өнөөгийн эзэн хаан Нарухитогийн гэргий хатан хаан Масако-ийн удаан үргэлжилж буй сэтгэл гутрал бол эдгээр олон нууцын нэгээхэн хэсэг юм.

Гэр бүл болгон өөрийн гэсэн онцлогтой, тэр дундаа эзэн хааны гэр бүл. Түүх сонирхдоггүй хүн гэж ховор, тийм ч учраас японы эзэн хааны гэр бүлийн баримтуудыг бид судалж үзлээ.

1. Эзэн хааны тэнгэрлэг гарал үүсэл

© Wikipedia

Япончууд эртний домогт итгэдэг. Японы эзэн хаад нарны бурхан Аматэрасу–гийн шууд үр удам. Бурхан өвөг дээдсээсээ дэлхийг өв залгамжилж авсан бөгөөд өөрийн ач хүү Нинигиг японы арлуудыг захируулахаар илгээжээ. Ач хүү гэрлэж, Аматэрасугаас залгамжилж ирсэн эзэн хааны эд зүйлсийг (зэсэн толь, зүүлт болон сэлэм) өөрийн ач хүү Дзимму-д өвлүүлжээ. Дзимму Японы газар шорооны анхны эзэн хаан юм. Дэлхийн II дайны дараа эзэн хааны гэр бүл өөрсдийнхөө тэнгэрлэг гарал үүслээс татгалзав. Өнөөдөр японы эзэн хааны гэр бүл ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг хэмээгддэг болсон ажээ.

 

2. 2019 онд эзэн хааны суудлаасаа татгалзлаа

© KYDPL KYODO / Associated Press / East News

Японы эзэн хаан өөрийн хүсэлтээр хаан ширээнээсээ татгалзсан тохиолдол сүүлийн 200 жилд гараагүй юм. 83 настай Акихито 1989 оноос хойш улс эх орныг удирдаж иржээ. Эзэн хааны суудлаас татгалзах болсон шалтгаан нь түүний өндөр нас билээ. Японы үндсэн хуульд зааснаар бол эзэн хаан суудлаа орхих ёсгүй, уг суудал насан туршийнх байхаар тусгасан байдаг. Гэхдээ, ард түмэн болон засгийн газар эзэн хааныхаа өндөр насыг хүндэтгэн үзэхээс өөр аргагүйд хүрсэн юм. Акихито өөрийн эрх мэдлээ том хүү Нарухитод шилжүүлсэн билээ.

 

3. Японы эзэн хааны гэр бүлийн бэлгэ тэмдэг Шиваантиг

© Wikipedia

Сакура цэцэглэхийг харахаар Японд жуулчид олон зуугаар ирдэг. Тэд энэ л цэцэг тус улсын албан ёсны цэцэг хэмээн бодож явдаг байна. Үнэн хэрэгтээ хризантем буюу шиваантиг эзэн хааны гэр бүлийн бэлгэ тэмдэг хэмээгддэг. 16 давхар дэлбээ бүхий алтан шаргал цэцэг эзэн хааны гэр бүлийн бэлгэ тэмдэг болохоос гадна төрийн сүлдээр өргөмжлөгдсөн байна. V зууны үед шиваантиг цэцгийг микадо буюу эзэн хааны титэм дээр дүрслэх болжээ. Үүнээс хойш японы эзэн хааны бэлгэ тэмдэг гэгдэх болсон түүхтэй.

 

4. Японы эзэнт гүрэн – дэлхий дээрх хамгийн эртний түүхтэй

© SHIZUO KAMBAYASHI / ASSOCIATED PRESS / East News

Дзимму Японы газар шорооны анхны эзэн хаан байсан бөгөөд МЭӨ 660 онд улс эх орныг удирдаж байсан гэдэг. Гэхдээ түүний тухай баримт МЭ-ий III-IV зууны эхэн үед л гарч ирсэн юм. Түүхчид, японы эзэнт гүрний түүхийг олон талаас нь авч үздэг. Тиймээс зарим нэг судлаачид домог дээр суурилсан эзэнт гүрэн хэмээх үзэл баримтлал ч гаргаж ирсэн. Тэдний үзэж байгаагаар, Ямато-гийн эрин үе эртнээс эхлэлгүй, харин ч МЭ-ий 250 оноос эхлэлтэй. Энэ утгаараа японы эзэнт гүрэн дэлхий дээрх хамгийн эртний түүхтэй эзэнт гүрэн гэгдэх болжээ.

 

 

5. Эзэн хааны гэр бүлийн гишүүд овоггүй

© JIJI PRESS / AFP / Getty Images

Эзэн хааны гэр бүлд орж ирж буй эмэгтэй гэрлэлтийн дараагаас өөрийн овгоос татгалзах ёстой. Хэрвээ эзэн хааны гэр бүлийг орхин явбал түүний овгийг буцаан олгоно. Жишээ нь, гүнж Аяко болон Норико нар жирийн залуутай гэрлэцгээсэн тул нөхрийнхөө овгийг авсан байна.

 

6. Хатан хаан Масако олон жил сэтгэл гутралаар шаналж байна

© KATSUMI KASAHARA / SSOCIATED PRESS / East News

Өнөөгийн эзэн хаан Нарухитогийн гэргий Масако сэтгүүлчдээс Гунигт Хатан хаан гэдэг хоч авсан юм. Учир нь хатан хаан Масако олон жилийн турш сэтгэл гутралтай яваагаас гадна дасан зохицох ерөнхий хам шинжийн эмгэгтэй болжээ. Уг асуудал тэртээ 1993 оноос эхлэлтэй буюу хурим хийсэн жилийн дараахнаас бий болжээ. Хосуудаас хаан суудал залгамжлагч тун удахгүй төрнө гэж хүлээж байсан бөгөөд Масакод хааны гэр бүл, сайдуудын танхим тэр бүү хэл ард түмний зүгээс ихээхэн дарамт ирж байлаа.

Масако бусдын адил амархан жирэмсэлсэнгүй, анхны жирэмслэлт нь зулбаж түүний эрүүл мэндийн байдалд сөргөөр нөлөөлж эхэлжээ. 8 жилийн дараа л охин Айко мэндэлсэн юм. Эзэн хааны ордноос түүнийг дахин хүүхэд төрүүлэхийг шаардсаар байсан боловч хатан хаан эрс татгалзжээ. Түүний хань ч эхнэрээ бүрэн дэмжсэн байна.

2008 онд Нарухито олон нийтэд дараах албан ёсны мэдэгдлийг хийжээ. “Миний гэргийн өвчин нь ордны чанд хатуу нөхцөл, хаалттай амьдрал мөн сайд нарын Масакод хүндэтгэлгүй хандаж байгаагаас үүдэлтэй юм. Ард түмнээсээ түүнийг ойлгож, хүндэтгэлтэй хандахыг хүсэж байна” гэжээ. Эзэн хааны энэхүү мэдэгдэл нь гэргийгээ чин сэтгэлээсээ хайрлаж буйн илрэл юм.

 

7. Эзэн хааны албан ёсны нэр нь түүний уриа болно

© ISSEI KATO / AFP / East News © KYDPL KYODO / Associated Press / East News

Эзэн хаан овоггүйгээс гадна бас нэргүй. Төрөхөд нь хайрласан нэрийг эзэн хааны сэнтийд суусны дараагаас ашигладаггүй байна. Албан ёсны эх сурвалжид дахиж хэзээ ч дурдагдахгүй. Эзэн хааны нэр нь улс эх орноо удирдах уриа болдог. Ингээд түүхэнд бичигдэх өөрийн уриатай эзэн хаан тодордог байна. Жишээ нь, Акихитогийн уриа нь “Хэйсэй” буюу “Энхийг тогтоогч” хэмээн орчуулагддаг. Өнөөгийн эзэн хаан Нарухитогийн уриа “Рейва” – “Төгс энх амгалан” гэсэн утгатай. Шинэ уриа нь шинэ эриний эхлэл, Японы уламжлалт хуанлийн шинэ хуудас тоологдож эхэлдэг байна.

 

8. Эзэн хаанаар зөвхөн эрэгтэй хүн л өргөмжлөгдөнө

© AFP PHOTO / POOL / ITSUO INOUYE / Getty Images

Японы эзэнт гүрэн үүссэн цагаас өнөөг хүртэл нийт 8 эмэгтэй эзэн хааны сэнтийд заларч байжээ. Хамгийн анхных нь хатан хаан Суйко, тэрээр Японы 33 дахь эзэн хаан байсан юм. Бүтэн 35 жилийн турш Японы эзэнт гүрнийг удирджээ. 1771 онд хамгийн сүүлчийн хатан хаан өөрийн суудлаас татгалзсан байдаг. Энэ цагаас хойш дан эрчүүд эзэн хааны суудлыг залгамжилж иржээ. Орчин үеийн Японы түүхэнд өв залгамжлагчийн хомстол үүссэн гэж хэлж болно. Учир нь Акихитогийн хоёр хүүгийн эхнэрүүдээс зөвхөн охидууд л төрсөн юм.

Тийм учраас эзэн хааны сэнтийг залгамжлах уламжлалыг хууль эрх зүйн хүрээнд өөрчлөх шаардлага гарч байна гэж үзжээ. Юун түрүүнд Айко хаан ширээний залгамжлагчаар тодорсон бөгөөд тэрээр одоогийн эзэн хаан Нарухитогийн ганц охин юм. Гэхдээ, одоохондоо хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаа түр зогсоосон байна. Фумихито ханхүү (Акихито хааны хүү)-ийн эхнэрээс хүү Хисахито нь төржээ. Иймд, асуудал шийдэгдсэн хэмээн үзэж хаан ширээний залгамжлагчийн ёсыг хэвээр үлдээхээр болсон байна.

 

9. Эзэн хаандаа ард иргэд нь хүндэтгэлтэй ханддаг

© KOJI SASAHARA / ASSOCIATED PRESS/East News

Япончууд уламжлалаа чандлан баримталдаг ард түмэн. Тиймээс, эзэн хааны тэнгэрлэг гарал үүслийг тэд өнөөг хүртэл хүндэтгэн дээдэлж хүлээн авсаар байна. Хуучны ёс заншлаар бол эзэн хаан руу эгцлэн харахыг хориглоно, харвал сохорно гэдэг домогтой. Ноёд, түшмэд хүртэл эзэн хаантайгаа торны цаанаас харилцдаг байжээ. Мөн, эзэн хааны хөрөг зургийг ч зурахыг хориглодог байсан түүхтэй. XIX зуунд эзэн хаан Мэйдзи уг уламжлалыг эвдсэн юм. Тэрээр ард иргэдийнхээ өмнө гарч, гэрэл зургаа даруулахыг зөвшөөрч, мөн хоёр ч хөрөг зургаа зуруулсан байдаг.

Өнөөдөр эзэн хааны гэр бүл нийгмийн ажилд идэвхтэй оролцдог, тэдний нүүр царай руу эгцлэн харж болно. Гэхдээ, ард иргэд эзэн хаандаа маш хүндэтгэлтэй хандсан хэвээр. Нэгэн сургуулийн сурагч охин өөрийн твиттер хуудсандаа эзэн хааны гэрэл зургийг байршуулжээ. Эзэн хаан тус сургуулиар зочилсон байж. Олон япон хүмүүс охины үйлдлийг аймшигтай гээд эзэн хаандаа хүндэтгэлгүй хандсан хэмээн зэмлэсэн байна.

 

10. Жирийн хүнтэй гэрлэх бол эзэн хааны сэнтийгээс татгалзах ёстой

© Yomiuri Shimbun / Associated Press / East News

Ханхүү Акисиногийн том охин бол япончуудын хайрыг татсан нэгэн. 2017 онд жирийн залуутай гэрлэх гэж байгаагаа албан ёсоор зарласан. Мако гүнж хэлэхдээ, жинхэнэ хайртай залуутайгаа аз жаргалтай гэр бүл зохиохын тулд эзэн хааны ширээнээс татгалзаж байна гэжээ. Үнэндээ, хосууд хуримаа хараахан хийгээгүй, 2020 он хүртэл түр хойшлуулаад байгаа юм. Үүнийгээ тэрээр том алхам хийхэд нухацтай бэлдэх ёстой хэмээн тайлбарлажээ. Шинэ он гараад удаагүй байна, тиймээс тэдний харилцаа цаашид хэрхэн өрнөхийг харж суух л үлдлээ.

5
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *