Шинэ жилийн баярын ширээг тань чимэглэх амтат салатны 10 жор

1

Салат – ямар ч үед хийхэд тохиромжтой хоол. Хийхэд амархан, хөргөгчинд байгаа бэлэн хүнсний бүтээгдэхүүнээр л хийчихнэ. Хэрвээ илүү онцгой болгоё гэвэл таваглахдаа сайхан чимэглэчихнэ. Та бүхэнд танилцуулах гэж байгаа доорх жорууд энгийн, өдөр тутамдаа ч хийж идэж болохоор. Гэхдээ баярын ширээг ч мөн амт, өнгө үзэмжээрээ чимнэ.

Шинэ жилийн баярын ширээгээ чимэглэх амтат салатны жоруудыг танд танилцуулж байна.

1. Яргай загасны мах, өндөгтэй салат

Давуу тал ихтэй: хийхэд амархан, амттай бас эрүүл мэндэд тустай.

Юу орох вэ:

  • Яргай загас (өөр улаан загас байж болно) – 100 г
  • Өндөг – 8 ширхэг
  • Жижиг үрийн улаан лооль – 10 ширхэг
  • Салат, рукола – тус бүр 1 боодол
  • Уксус (бальзамын), оливын тос – тус бүр 2 х.х
  • Давс, перец

Бэлдэх арга:

Эхлээд өндгөө чанана, ногоонуудаа сайтар угааж хатаана. Салатны навчийг гараараа шууд таслаад руколотой цуг тавган дээрээ тавиарай. Дундуур нь хэрчсэн өндөг, жижиг үрийн улаан лоолио мөн дээрээс нь хийнэ. Загасаа хэрчээд бусад орцуудтай нийлүүлнэ.

Одоо давслах, перецээр амтлаад сайтар хутгана. Хамгийн сүүлд тос, уксусыг дээрээс нь бага багаар асгаарай.

 

2. Грек салат

Сонгодог гэдэг тодотголтой энэ салатыг хийхэд хөдөлмөр их орохгүй.

Юу орох вэ:

  • Улаан лооль, өргөст хэмх – тус бүр 2 ширхэг
  • Амтат чинжүү, улаан сонгино – тус бүр 1 ширхэг
  • Фета бяслаг (эсвэл дурын зөөлөн төрөл) – 100 г
  • Ясгүй чидун жимс – 50 г
  • Оливын тос – 3 х.х
  • Нимбэгийн шүүс – 1 х.х
  • Давс, перец

Хэрхэн бэлдэх вэ:

Бүх ногоонуудаа дунд зэргийн хэмжээтэй хэрчээд саванд хийнэ. Нимбэгийн шүүс болон тосоо холино. Бэлдсэн соусаар ногоогоо амтлаад сайтар хутгана. Дээрээс нь чидун жимс болон бяслагаа асгана.

 

3. Шоштой мексик салат

Шим тэжээл ихтэй энэ салатыг өдөр тутамдаа ч хийж идэж байгаарай, ялангуяа цагаан хоолтнуудад нэн тохиромжтой салат.

Юу орох вэ:

  • Шош болон эрдэдэнэ шиш (лаазалсан) – тус бүр 100 г
  • Өргөст хэмх, улаан лооль, амтат чинжүү, авокадо – тус бүр 1 ширхэг
  • Оливын тос – 3 х.х
  • Нимбэгийн шүүс, сахар – тус бүр 1 х.х
  • Давс, перец, ногоон навчит ногоо

Хэрхэн бэлдэх вэ:

Эхлээд ногоо болон авокадог жижигхэн дөрвөлжин хэрчиж бэлдээрэй. Цаашлаад шош болон эрдэнэ шиш хийж орхисон байсан савандаа хэрчсэн ногоонуудаа хийнэ. Салат амтлах зорилгоор тос, нимбэгийн шүүс, сахар, давс, перецээ сайтар хутгаж холино. Салат дээрээ бэлэн соусаа хийж сайтар холино.

 

4. Сам хорхойтой Цезарь салат

Олон түмний дунд алдартай салат бөгөөд кафе, ресторануудад эрэлт ихтэй байдаг. Энэ салатыг гэртээ ч хийхэд амархан.

Юу орох вэ:

  • Сам хорхой – 600 г
  • Хатуу төрлийн бяслаг – 150 г
  • Жижиг үрийн улаан лооль – 10 ширхэг
  • Бөдөнгийн өндөг – 8 ширхэг
  • Салат – 1 боодол
  • Талх – 4 зүсэм
  • Оливын тос, нимбэгийн шүүс – тус бүр 2 х.х
  • Сармис- 2-3 хумс
  • Майонез – 100 мл
  • Давс, перец

Хэрхэн бэлдэх вэ:

Сам хорхойгоо юуны түрүүнд цэвэрлэнэ. Дараа нь халаасан хайруулын тавган дээр багахан шараарай. Хэдхэн минут шарахад л хангалттай. Сам хорхой урьдчилан бэлдсэн нимбэгийн шүүс, оливын тос, сармис, перецийн сүмсэндээ хийж болно. Талхаа дөрвөлжин хэрчиж мөн адил тосонд шаргал өнгөтэй болтол нь шарна. Салатны навчийг зүгээр л гараараа тасдаарай.

Одоо сүмсээ бэлдье. Тусдаа саванд тал бяслаг, жижиглэж хэрчсэн сармис, майонез, нимбэгийн шүүсээ хийнэ. Давс, перецийг өөрийн амтандаа тохируулж хийнэ. Бэлэн болсон сүмсээ салатны навчтай хольж хавтгай тавганд хийнэ.

Дээрээс нь сам хорхой, улаан лооль, өндгийг дундуур нь хэрчээд хийгээрэй. Хамгийн сүүлд шарсан талх, үлдэгдэл бяслагаар чимнэ.

 

5. Туна болон авокадотой салат

Калорийн бага агууламжтай энэхүү салатыг богино хугацаанд хийхээс гадна орцын хувьд ч энгийн юм.

Юу орох вэ:

  • Өндөг болон авокадо – тус бүр 2 ширхэг
  • Туна (лаазалсан) – 1 лааз
  • Улаан лооль – 2 ширхэг
  • Сонгино – 1 ширхэг
  • Тос (оливын эсвэл ургамлын) – 2 х.х
  • Яншуй – 1 боодол
  • Давс, перец

Хэрхэн бэлдэх вэ:

Авокадог цэвэрлэж нарийхан хэрчинэ. Мөн адил хэмжээгээр өндөг, улаан лоолио хэрчих юм, харин сонгиныг жижиглэж татаарай. Туна загасыг сэрээгээр нухаад бүгдийг нийлүүлж нэг саванд хийнэ. Тос, яншуй, давс, перецээ хийгээд хутгана.

 

6. Мөөгтэй салат

Энэхүү давхар салат амтаараа гайхагдаад зогсохгүй мөн маш үзэмжтэй.

Юу орох вэ:

  • Лаазалсан шампиньон мөөг – 300 г
  • Мах (чанасан үхрийн эсвэл гахай, тахианы мах) – 300 г
  • Хоол амтлагч ногоон өнгөт ногоонууд (сонгино, яншуй) – тус бүр нэг боодол
  • Төмс (хальсанд нь чанасан), тахианы өндөг – тус бүр 3 ширхэг
  • Лууван (чанасан) – 2 ширхэг
  • Хатуу төрлийн бяслаг – 150 г
  • Майонез – 200 г
  • Давс, перец – өөрийн амтанд тохируулж

Хэрхэн бэлдэх вэ:

Тал орц: мах, төмс, лууван, өндгөө чанаад хөргөнө. Гүн ёроолтой саванд мөөгний ишийг дээш харуулан тавина. Дээрээс нь хэрчсэн яншуй, сонгиноо тавина.

Дараагийн давхарга нь үрж жижиглэсэн төмс байх юм. Давхаргыг давс, перецээр амтлаад майонез түрхэнэ. Одоо жижиглэсэн төмсөө тавих ээлж. Дахиад майонез түрхэнэ. Дараагийн ээлжинд луувангаа тавиад дахиад майонез. Бас дахиад нэг давхарга – энэ бол жижиглэж хэрчсэн чанасан мах.

Махаа давс, перецээр амтлахаа мартав, мэдээж майонез түрхэнэ. Үрж жижиглэсэн бяслаг хамгийн сүүлчийн давхарга болно шүү. Бас л майонез түрхээрэй. Одоо салатыг тавгаар таглаад эргүүлнэ. Ингээд мөөгний малгай салатныхаа орой дээр гарч гоёмсог харагдах юм.

 

7. Ногоо, тахианы махтай бүлээн салат

Энэ салат их өег учраас бараг үндсэн хоол эсвэл халуун зууш болгон ашиглах боломжтой.

Юу орох вэ:

  • Улаан лооль – 3 ширхэг
  • Тахианы цээж мах – 200 г
  • Амтат чинжүү – 1 ширхэг
  • Салатны навч – жижгэвтэр боодол
  • Шарсан цагаан талх – 1 боодол
  • Оливын тос, цуу – тус бүр нь 2 х.х
  • Бальзамын уксус – 1 х.х
  • Давс, перец

Хэрхэн бэлдэх вэ:

Тахианы цээж махаа жижиглэн хэрчээд цуу, давс, перецэнд 10 минут орчим амталж орхино. Амтат чинжүү, улаан лоолио хэрчинэ. Тосонд тахианы махаа шараарай. Тэр тосондоо амтат чинжүүгээ хэсэгхэн шарна.

Одоо салатаа хийцгээе. Хавтгай том тавган дээр салатны навч, дээрээс нь улаан лооль тавина. Дараа нь шарсан амтат чинжүү, тахианы мах болон шарсан талхаа тавиарай. Одоо салатаа давс, перецээр амтлаад багахан бальзамын уксус цацна.

 

8. Шарсан мөөг болон ногоон хэрээ нүд/спаржа-тай салат

Зөв хооллолтын дэглэм баримталдаг хүмүүст тохиромжтой.

Юу орох вэ:

  • Шампиньон мөөг – 250 г
  • Ногоон хэрээ нүд – 150 г
  • Ногоон сонгино, улаан лооль – тус бүр 2 ширхэг
  • Гүнждийн үр – 1 х.х
  • Ургамлын тос болон нимбэгийн шүүс – тус бүр 2 х.х
  • Давс болон перец

Хэрхэн бэлдэх вэ:

Хэрээ нүдийг угаагаад хальсалж доод хэсгийн хатуу ишийг нь авна. 3 см орчим урттай хэрчээрэй. Сонгино, улаан лоолио мөн жижиглэнэ, салатны навчийг гараараа хуваана. Улаан лооль, сонгино, салатны навч болон гүнждийн үрийг нэг саванд хийж хутгана.

Одоо мөөгөө шарах ажилдаа орцгооё. Тосоо сайтар халааж ширүүн галаар шарна. Мөөг шаргалтаад ирэнгүүт хэрээ нүдээ хийж дахин 5 минут шарна.

Давс, перецээр амтлаад хөргөөрэй. Одоо хэрчиж бэлдсэн ногоон дээрээ хийнэ. Мөн нимбэгийн шүүсээр амтлахаа мартав аа.

 

9. Цагаан хоолтнуудад зориулсан шарсан салат

Грилдэж шарсан амттай салатны шилдэг хувилбар.

Юу орох вэ:

  • Хаш, хурган гуа, улаан лооль – тус бүр 2 ширхэг
  • Сонгино, амтат чинжүү – тус бүр 1 ширхэг
  • Оливын тос – 125 г (сүмс болон амталгаанд)
  • Салат, яншуй – тус бүр 1 боодол
  • Хушга – 50 г
  • Амтлагчууд, давс, перец

Хэрхэн бэлдэх вэ:

Хаш, хурган гуагаа хагас цагирган байдлаар хэрчээд амтлагчуудаар амталсан оливын тосонд хэдэн цаг амталж орхино. Ногоонуудаа төмөр торон дээр тавьж грилдэнэ, хоёр талаас нь сайтар шараарай. Сонгино, улаан лооль, амтат чинжүү, яншуйгаа хэрчиж бэлдэнэ. Салатны навчийг гараараа хуваах бол хушгаа жижиглэнэ. Бүгдийг нэг саванд хийгээд дээрээс нь тос, амтлагч зэргүүдтэй сайтар холино.

 

10. Ятууны үүр

Этгээд нэрнээс нь эмээх хэрэггүй ээ, уг салат нь энгийн орцтой, идэхэд ч амттай.

Юу орох вэ:

  • Тахианы цээж мах – 1 ширхэг
  • Төмс – 4 ширхэг
  • Тахианы өндөг – 3 ширхэг
  • Сонгино – 2 ширхэг
  • Майонез – 2 х.х
  • Ногоон навчит ногоо, бөдөнгийн өндөг – өөрийн хүслээр
  • Ургамлын тос – шарахад
  • Давс, перец

Хэрхэн бэлдэх вэ:

Тахианы цээж мах, өндгөө чанана. Жижиглэж хэрчиж бэлдэнэ. Төмсөө урт нарийхан хэрчиж халуун тосонд шарна. Фри төмс шиг л шарах юм. Төмсөө тосноос сайтар шүүж авах хэрэгтэй. Тэр тосондоо сонгиноо шаргал өнгөтэй болтол шарна. Бүх орцуудаа холиод давс, перец, майонезоо хийж хутгана.

Салатаа чимэглэхийн тулд ногоон навчит ногоо дээрээс нь цацна. Салатны голд нүх гаргаад чанасан бөдөнгийн өндгөө тавиарай.

4
БурууБуруу
2
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Nandin-erdene Nandin-erdene

    Nandin-erdene Nandin-erdene

    2019/12/28 at 21:06

    Oyunana Nyamdavaa

  2. Р. Оюун Баяр

    Р. Оюун Баяр

    2019/12/29 at 15:56

    Daria Oyundari

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *