Хойд эцэг маань намайг 20 жил өсгөж хүмүүжүүлсэн боловч би түүнийг ааваа гэж дуудаж чадаагүй юм…

1
0
6,097

Хүн жаахан байхдаа олон юмыг ойлгодоггүй. Би долоон настай байхдаа аав минь яагаад биднийг хаяад явсныг ойлгодоггүй байлаа.

Аав минь наддаа дэлхийн хамгийн сайн хүн байсан юм. Бид үргэлж цугтаа байж тоглож наадан цагийг өнгөрөөх бөгөөд би түүнд үнэхээр хайртай байв. Нэг л өдөр бүх зүйл өөрчлөгдөж аав маань юм хумаа цуглуулан толгойн дээр минь үнсээд гараад явж билээ. Дахиж хэзээ ч гэрийн үүдээр орж ирсэнгүй.

Ээж маань ийм юм байдаг гэдгийг хэрдээ л тайлбарлаж өгч байв. Нэг нэгнийгээ хайрлахаа болих гэж зүйл байдаг гэх мэт. Харин би ээжид уур хүрч байсан юм. Том болсон хойноо л аавд минь өөр нэг амраг бий болсон, тэр нь жирэмсэн болсон гэдгийг мэдэж билээ. Тэр л хүүхэн рүүгээ аав минь явсан юм байж. Бодвол тэр хүүхэн нь аавыг бидэнтэй уулзахыг хориглосон, аав минь ч түүнийг нь дагасан бололтой.

Ээж минь ажиллаад бас хүүхдийн тэтгэвэр авдаг байв. Бид өлсөж байгаагүй, мөнгө айхтар дутагдаж гачигдаж ч байсангүй. Харин анхаарал халамж гэдэг юм л дутагдаж байлаа. Ээж маань өдөр нь байнга ажилтай, орой ирээд угаалга цэвэрлэгээ гээд надтай манатай.

Намайг 10 нас хүрэх үед ээж маань Ганаа ахтай суулаа. Би тэр хүнийг ямар их үзэн ядаж байсан гээч!!! Ээж энэ хүнийг гэртээ авчрах гэж аавыг санаатай хөөж явуулсан гэж боддог байв. Тэр явдлаас хойш гурван жил өнгөрсөн ч гэсэн би яг л тэгж бодож байв.

Би элдэв зан ааш гаргаж байсан боловч хойд эцэг маань надад сайнаар хандаж байлаа. Янз бүрийн юм авч өгч эрхлүүлэх боловч би аавыгаа л санана. Харин аав маань надтай утсаар ярихгүй, уулзалдахгүй. Өсвөр насанд хүрсэн үедээ гэнэт аавыгаа олж уулзах юмсан гэсэн бодолтой боллоо. Ээж л түүнийг бидэнтэй уулзуулахгүй байна гэдэг бодол толгойноос гарахаа байсан байв.

Авто засварын газар ажиллаж байсан аавыгаа би оллоо. Бидэнтэй цуг байхдаа ч ажиллаж байсан яг л тэр газарт. Ямар ч байсан гэрээ сольсон шиг ажлаа сольё гэж бодоогүй юм байна.

Түүн дээр шууд явж очсон болон намайг эхлээд таниагүй гэдгийг би сайн санаж байна. Харин намайг таних үед нь л миний хүлээж, мөрөөдөж байсан тэр уулзалт болохгүй юм байна даа гэдгийг би ойлгож билээ. Намайг тэвэрч авах гэж зүтгэсэнгүй. Харин ч нэг л харь хөндий, анхаарал муутай байлаа. Архины шартсан үнэр үнэртэх зэргээс би түүнийг саяхан их уусан бололтой гэж бодсон юм.

Би нэг л мэдэхэд хүзүүнээс нь зүүгдэж хэрхэн, ямар их санаж байгаагаа хэлж байв. Харин аав минь намайг холдуулаад “одоо яв” гэлээ.

– Аав аа, ээж мэдэхгүй ээ. Битгий ай!

– Чамайг би яв гэж хэлсэн байх аа! Одоо эхнэр маань ирнэ. Чамаас болж бас янз бүрийн асуудал гаргамааргүй байна.

– Аав аа!

– Яваач!!! Та нар надад хэрэггүй. Ээждээ очоод дахиж над руу чамайг явуулаад хэрэггүй гэж байна гэж хэлээрэй.

Гэртээ би нулимс урсгасаар ирээд юу болсныг хойд эцэгтээ тэвчилгүй ярьсан юм. Тэрээр намайг тэвэрч “алдах үе бий ч онох үе бас байдаг… иймэрхүү юм болдог л юм. Би ч гэсэн чамд хайртай, битгий уйл… магадгүй мөхөөлдөс жаахан тайвшруулах юм болов уу ?” гэж хэлж байсныг нь сайн санаж байна.

Тэр өдөр ээж маань гэртээ орж ирээд намайг хойд эцэгтэйгээ цуг кино үзэн зэрэгцэн суугаад мөхөөлдөс идэн инээлдэн байхыг анх удаа харсан гэдэг. Харин миний аав руугаа очсон явдал хойд эцэг бид хоёрын нууц болон үлдсэн билээ.

Сургуулиа төгсөөд их сургуульд орсон боловч төлбөрөөс чөлөөлөгдөх хэмжээнд хүрч чадалгүй төлбөртэй ангид нь л орж чадлаа. Тэр үед ямар хэцүү байсан гээч. Оройн хоол идэх үедээ хоолоо оролдоод сууж байв.

– Яагаад гунихраад байна? гэж хойд эцэг асуулаа.

– Ганаа ах минь ойлгож байгаа биз дээ. Жилийн дараа л дахин оролдоод үзэх хэрэгтэй болох нь…

Тэрээр босоод цаана очоод боодолтой мөнгө бариад эргэн ирэв. Тэгтэл тэр манай гэрт ирсэн цагаас хойш охиноо их сургуульд ороход хэрэг болох мөнгө цуглуулж байж. Тэр охин нь би. Би тэр үед яаж уйлж, дараа нь баярласандаа чарлаж байсан гээч.

Их сургуульд сурч байх үед ээж минь өнгөрлөө. Гэсэн хэдий ч би хойд эцэгтэйгээ харьцаагаа таслаагүй бөгөөд удалгүй би нөхөрт гарч хүүтэй болсон ч тэр байнга бидэн дээр ирж хүүтэй маань цуг байж, бид хоёрыг амарч, зугаалахыг хүсдэг байлаа.

Удалгүй хойд эцэг маань ч өнгөрлөө. Тэр явдал надад ямар айхтар цохилт болсныг сайн санаж байна. Тэр намайг 20 жил халамжилж, хүмүүжүүлж өсгөжээ. Төрсөн эцэгтээ хэрэггүй намайг харин тэр хүн хайрлаж, хамгаалж миний төлөө, ээжийн минь төлөө бүхнийг хийж байж. Хамгийн харамсалтай нь тэр хүн миний хувьд Ганаа ах л байсан явдал юм. Би хэдийгээр “аав аа” гэж түүнийг дуудахыг хүсдэг байсан боловч чадаагүй юм. Одоо үнэхээр их харамсаж байна…

11
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. brarhmastra

    2019/06/18 at 23:42

    iim sain hoit etseg orchin uyed oldohgui ee gonj hun chanar ih muu bolson baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.