Амьдралд гомдоллож явахаа хэрхэн болих вэ?

2

Хүүхэд байхад маань том хүмүүс гэдэг маш их ухаантай, энэ дэлхий дээрх бүх л зүйлийг мэддэг, ямар ч алдаа гаргадаггүй хүмүүс мэт санагддаг байлаа. Өөрөө том болтол ингэж боддог байж билээ. Гэтэл нэг л өдөр таны эргэн тойронд насанд хүрсэн хүн үгүй зөвхөн том болсон хүүхдүүд л байгааг мэдрэх болно. Бид том болж, өөр хувцас өмсдөг болсон боловч урьдын адил анхаарал халамж шаардсан, урам зориг өгөхийг хүлээсэн жаахан хүүхэд хэвээрээ л…

Ингээд хүн 40 нас хүртлээ яагаад ухаан суудаггүй, үүнээс хэрхэн салах тухай, ер нь ингэх хэрэгтэй эсэх тухай ярилцъя.

 

Хэрхэн насанд хүрсэн том хүн болох вэ?

Насанд хүрсэн хүн гэж ямар хүнийг хэлдэг вэ? Юугаар нь тодорхойлох вэ? Та сургууль төгслөө, та дипломтой боллоо, бас үүний өмнө иргэний үнэмлэхтэй болсон байдаг. Танд янз бүрийн үүрэг хүлээлгэсэн олон янзын цаас байх бөгөөд эдгээрийн аль нь ч танд насанд хүрсэн хүн шүү гэсэн сэтгэгдэл төрүүлэхгүй. Эдгээр цаас нь шинэхэн иргэнд хэрэгтэй сэтгэл зүйн өөрчлөлтийг бий болгодоггүй байна.

Үр дүнд нь бид өнөөх л жаахан охид, хөвгүүд хэвээр үлдэх ба хуучин байсан зан ааш, хүсэл сонирхол маань хэвээр боловч шинэ цаастай болсон хүмүүс. Хүүхэд байхдаа бид томчуудаас зөвшөөрөл авч сурсан байдаг. “Ээж миний зураг танд таалагдаж байна уу? Аав миний яаж чадахыг хар даа”. Эцэг эхчүүд зөвшөөрөх, хорих, урам зориг өгөх үйлдлээрээ бидний үйл хөдлөлийг хянаж чиглүүлж байдаг билээ. Ингээд дараа нь бид том болсон боловч энэ тал дээр ямар ч том өөрчлөлт гарсангүй.

Хэдийгээр 40 гарсан боловч “насанд хүрсэн хүмүүсээс” зөвшөөрөл, урам зориг хүлээж байгаа эрэгтэй, эмэгтэй олон хүмүүстэй бид таардаг. Тэд зөвхөн магтаал сонсохыг л хүсэх ба энэ нь тэдний хувьд ямар ч бодит ололт амжилтаас илүү чухал зүйл байдаг юм шиг. Тэр хүнд та насанд хүрсэн хүн шүү гэж хэлэхээ хэн нэг нь мартсан мэт байх ба одоо тэр бүх зүйлээ өөрөө хариуцах болно гэдгийг ойлгохгүй, мэдэхгүй явсаар… Иймэрхүү “том болж амжаагүй” хүмүүс маш их бөгөөд тэд зөвхөн том хүн мэт дүр л гаргана.

Тэд буруутай юу? Үгүй шүү, огт үгүй. Зүгээр том болгодог тэрхүү “товчлуур” л дарагдаагүй бололтой. Харин хүн үүнийхээ төлөө хариуцлага хүлээх үү? Тэгэлгүй яахав. Хүн болгон л зориг хүчээ гаргаж тэрхүү товчлуурыг ямар ч хэцүү байлаа гэсэн дарах л хэрэгтэй.

“Насанд хүрсэн хүүхдийг” хэрхэн ялгах вэ? 40 хүрсэн ч хүүхэд хэвээрээ хүмүүс амьдралд гомдоллож, өөрт нь шударга биш байгаа тухай, өөрөө буруугүй хэмээн ярьж явдаг. Ийм хүний тархинд хүн болгон өөрийнх нь төлөө санаа тавьж байх ёстой, авах ёстой зүйлээ бүрэн авч чадаагүй мэт сэтгэгдэл байнга байна. Энэ нь улам бүр шинэ гомдлуудыг бий болгосоор байх билээ.

Миний нэгэн найз бүсгүй маань амьдралд хөлөө олж чадаагүй байгаа нэгэн юм. Тэрээр энэ бүх зүйлийг хүүхэд байхад нь эцэг эх нь хайрлаж халамжлаагүйгээс болсон гэж үздэг юм. Хэдийгээр тэр халамжтай ээжтэй, элэг бүтэн өсөж торнисон боловч яг л ингэж боддог билээ. Гэхдээ энэ талаар дүгнэлт гаргах нь миний хийх ажил биш биз ээ.

Ийм хүний амьдралын зорилго нь хэн нэг нь түүнийг гүйцэд хайрлаж байгаагүй гэдгийг хүн болгонд, янз бүрийн аргаар нотлох явдал юм шиг. Үг яриа нь яг л ийм утгатай байна: “Би ядарсан нэгэн бүжин. Намайг багад маань хэн ч хайрлаж байгаагүй учир би аз жаргалгүй, амьдралд ямар ч амжилтад хүрч чадаагүй” гэх мэт.

Иймэрхүү хайр халамж үзээгүй гэх бүжингүүд хүнээс элдэв магтаал сонсох гэж, түүнээс зөвшөөрөл авах гэж зүтгэдэг байна. Энд нэгэн сонин зүйл бий бөгөөд дээр дурдсан хүмүүст энэ нь тун ч таагүй мэдээ юм: цагтаа авч чадаагүй зүйлийг та дараа нь хэзээ ч олж авч чадахгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд нь тун хэцүү байх ч хүүхэд нас дууссан, насанд хүрэх цаг болсон гэдэгтэй эвлэрэхээс өөр арга үгүй.

Энд харин сонголт бий. Эхний хувилбар: Та бодит байдалтай эвлэрч, бүх шударга бус байдал зэргийг хүлээн зөвшөөрөх. Хүүхэд байхдаа олж авсан зүйл чинь тэр л хэвээрээ үлдэх ба дахиж шинээр юу ч олж авч чадахгүй, цаг нь өнгөрсөн гэдгийг ойлгож авах. Энэ бүх шинэ ойлголтынхоо дараа тэрхүү “насанд хүргэх товчлуурыг” дарж өөртөө хариуцлага хүлээлгэн, өөрийн гэсэн амьдралаар амьдрах хэрэгтэй.

Хоёр дахь хувилбар: та үүнийг бичиж байгаа хүн буруу бодож байна гэж эсэргүүцэн, түүнийг юу ч ойлгохгүй байгааг гайхан өөрийн цагтаа олж авч чадаагүй хайр энхрийлэл, өөр юу байна тэр болгоныгоо хайх эрлээ үргэлжлүүлэх явдал юм. Та өөрийн зөв гэдэгтээ итгэлтэй, бусдын бодол санаанаас хамаарсан, магтаал хүлээсэн, ажил, хамтран зүтгэгч нараа байнга сольсон, та хамгийн муу хайрлагдсан хүн гэдгээ байнга нотлох гэсэн тэр чигээрээ үлдэх болно.

Мэдээж эхний хувилбарыг шууд л хүлээн зөвшөөрч сонгож авна гэдэг маш хэцүү. Тэнд хариуцлага хүлээлгэж, таны өмнөөс хэн нэг нь элдэв зүйл шийдэхгүй зөвхөн хар толгойгоороо бүхнийг хариуцах хэрэгтэй болно. Гэтэл уг нь та өөрийнхөө амьдралыг өөрөө шийднэ гэдэг хамгийн сайхан зүйлийн нэг нь билээ. Хэн нэгэнд өөрийгөө сайхан, зоригтой, эрэлхэг, эсвэл эмэгтэй хүний уян наалинхай зан ааштай гэх мэтийн зүйлийг батлах гэх шаардлагагүй болно. Зүгээр л хийх гэснээ хийж хүрэх үр дүндээ хүрнэ. Чухам энэ үед л насанд хүрсэн хэмээх сэтгэгдэл танд төрөх билээ.

Хүн болгон үүнд өөрийн хүчээр хүрэхгүй бөгөөд ийм үед сэтгэл судлалын эмчилгээ танд тус болно. Энэ нь манай нөхцөлд ямар нэг байдлаар эвгүй, дэлгэрээгүй зүйл боловч маш үр дүнтэй юм шүү. Ийм эмчилгээний явцад хүн бүх л зүйлийг зөв байранд нь тавьж, өөрийн байр суурийг олж, шинэ амьдралаар амьдарч эхэлнэ.

Сэтгэл судлаач эмч нар бэрхшээлийн эх үндсийг олж, түүнийг хэрхэн давах үе шатыг тодорхойлон, тухайн хүмүүст ”одоо та бусдад хайрлагдаагүй бяцхан бүжин биш” харин насанд хүрсэн, өөрийгөө мэдэх хүн гэдгийг нь ойлгуулна.

Үүнийг бусдын тусламжгүйгээр хүн өөрөө мэдэрч, ойлгож болох бөгөөд үүний тулд та өөрөө аливаа зүйлийг бодож тунгааж чаддаг байх хэрэгтэй. Янз бүрийн буруу зөрүү ойлголтоос салж энэ дэлхий ямар байгаа тэр чигээр нь л хүлээж авах хэрэгтэй. Би энд хүн дотроо хүүхэд байх нь муу муухай зүйл гэж хэлж байгаа юм биш. Мэдээж муу зүйл биш бөгөөд чухам энэ дотор байгаа хүүхдийн чанараар бид илүү бүдүүлэг, зэрлэг, муу санаатай, өөдгүй байхаас зайлсхийдэг байна. Зүгээр л таны дотор хааяа илрэн гарах хүүхэд чанар байх болон та өөрөө тэр чигээрээ хүүхэд байх хоёрт ялгаа бий гэдгийг л ойлгох нь чухал юм.

Олон хүн бидэнд тохиолдох бэрхшээлийн эх үндсийг хүүхэд настай холбож үздэг бөгөөд бүр ямар эр хүнийг сонгох нь ээжтэйгээ ямар харилцаатайгаас шалтгаалдаг гэх мэт. Энэ нь үнэнээс тийм ч хол зүйл биш бөгөөд та зөвхөн аливаа зүйлийг өөрөө ойлгож, хүлээж авч, түүнийг даван гарах чадвартай болоход л хэргийн гол учир байгаа юм. Танд амжилт хүсье.

5
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *