Хүн болгон өөрийгөө аюулгүй байдлын тухай ямар нэгэн ойлголттой гэж бодож явдаг. Харамсалтай нь гэнэтийн азгүй зүйл тохиолдоход сандарч, хэрхэн арга хэмжээ авахаа ч мэдэхгүй дэмий л чичирч зогсох нь олонтаа.
Тиймээс учирч болзошгүй аливаа золгүй тохиолдлоос урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэнд дараах мэдээллийг хүргэж байна.
Явган явж байхдаа гар утсаараа бүү оролдоорой
Явган алхаж явахдаа гар утсаараа оролдоход тархинд маш их ачаалал ирдэг бөгөөд хүний бие энэ ачааллын үед зөв ажиллахаа больдог гэж аюулгүй байдлын мэргэжилтнүүд дүгнэж байна. Таны эргэн тойронд юу болж байгааг мэдрэхгүй, нүүрлэж буй аюулын үед хэрхэн биеэ авч явахаа тухайн үед шийдэж чадахгүй ажээ.
Автомашины толийг зөв тохируулах
Хоёр хажуугийн толийг тохируулахдаа: өөрийнхөө машины үзүүрийг харагдах төдийхнөөр толио тохируулах ёстой. Урд толиндоо арын машин бүрэн харагдахаар тохируулсан байх ёстой. Толийг зөв тохируулахын тулд заавал жолоочийн суудалд суусан байх ёстойг анхаарна уу.
Хүйтний улиралд хувцсаа зөв сонгох
Хөлөрсөн арьс дулаанаа хурдан алддаг тул таны арьс амьсгалж чийгээ гадагшлуулж байхаар хувцаслах ёстой. Тиймээс чийгийг илүү хурдан гадагшлуулах ноосон хувцсыг сонгож өмсөхийг зөвлөжээ. Даавуун болон өөр бусад материалаар хийсэн хувцас нь чийгийг удаан гадагшлуулах тул та хүйтний улиралд даарах магадлал их юм.
Онгоцноос гартлаа аврах хантаазыг үлээхгүй
Онгоц осолд орж онгоцны бүхээг усаар дүүрэх үед та аврах хантаазаа үлээсэн бол бүхээгийн тааз хүртэл таныг хүчээр түлхэх тул живж байгаа онгоцноос гарахад улам л хэцүү болно. Иймд амьсгаагаа гүнзгий авч онгоцноос гарсныхаа дараа л аврах хантаазаа үлээгээрэй.
Геймлихийн аргаар хоолойд тээглэсэн зүйлийг гаргах
Та эсвэл таны хажууд хэн нэг нь идэж байгаа зүйлдээ хахсан бол та дараах аргаар тусалж болох тул энэ аргыг өөрийн болгоод аваарай.
- Гараа атгаад хүйсний дээгүүр байрлуулна.
- Өрөөсөн гараараа атгасан гараа барьж хүчтэй түлхэнэ.
- Тээглэсэн зүйлийг гарч иртэл хүчтэй шахсаар байна.
- Хэрвээ дээр дурьдсан арга үр дүнгээ өгөхгүй бол нуруунд нь гэдсээ сайн шахаж бөгтийлгөж өгөөд маш хүчтэйгээр түлхээрэй.
Харшлын эм байнга авч явж байгаарай
Харшил бол гэнэтийн зочин тул хэзээ, хаана, хэнд тохиолдох нь таашгүй. Иймд таны биедээ авч явах эмийн жагсаалтад заавал орох ёстой эмний нэг.
Хүний бие махбодийн чадвар “3-ын дүрэм”-ээр хязгаарлагдана
Эрдэмтдийн судалгаагаар хүн гэдэг амьтан 3 минут агааргүй, 3 өдөр усгүй, 3 долоо хоног хоолгүй амьд явж чадахаас гадна байгалийн онц аюултай үзэгдлийг 3 цаг л тэсвэрлэж чадах ажээ.
Хийн плитка дээр шатаж байгаа ургамлын тосыг унтраах арга
Шатаж байгаа тосыг хэзээ ч усаар унтрааж болохгүйг мэргэжилтнүүд анхааруулж байна. Халуун тосонд хийсэн ус нь хурдан ууршиж гал улам дүрэлзэн асна. Иймд тос шатаж байгаа саван дээр таг тавьж орох хүчилтөрөгчийг нь таслан зогсоох аргаар галыг унтраана.
Хүний биед зоогдсон хутга болон өөр бусад үзүүртэй зүйлийг сугалж авахгүй
Сугалж авах шаардлагагүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна. Ингэснээр цус алдах тохиолдлыг багасгана. Тиймээс эмнэлгийн тусламж иртэл цус алдалтыг зогсоох арга хэмжээ авч шархыг боохыг зөвлөжээ.
Онгоц хөөрснөөс хойших эхний 3 минут, газардахаас өмнөх 8 минутанд сонор сэрэмжтэй байгаарай
Судалгаагаар энэ хугацаанд онгоцны нийт ослын 80% нь болсон байдгийг тогтоожээ. Тиймээс хэрвээ та онгоцоор байнга аялдаг бол эдгээр хугацаануудад өөрийнхөө сонор сэрэмжийг өндөр байлгахыг зөвлөж байна. Мөн онцгой байдалд биеэ хэрхэн авч явахыг урьдчилан бэлдсэн байвал сайн.
Гал түймрийн үед газартай эсвэл шалтай ойр байгаарай
Гал түймрийн үед хорт хий амьсгалснаас болж угаартаж үхэх нь шатаж үхсэн тохиолдлоос их болохыг тогтоожээ. Хорт хийнээс зугтах цорын ганц арга бол аль болох газартай ойрхон байх юм. Толгойгоо газартай ойр байрлуулж галаас гарах арга замаа олох нь амь насаа аврах боломж ажээ.
Олон нийтийн газар таны бие гэнэт муудвал тусламж авахаар зөвхөн нэг хүнд хандаарай
Энэ нь хүний сэтгэл зүйтэй холбоотойгоор тайлбарлагдана – хариуцлагын диффуз буюу олон хүн бие биендээ найдаж яаралтай үед тусламж үзүүлж чадахгүй тул олон нийтийн газар бие тань муудвал нэг л хүнд хандаж тусламж хүсэхийг зөвлөсөн байна.
Тод тусах гар чийдэнтэй явж байгаарай
Гэнэтийн дайралтад өртөхөд хэрэг болох “зэвсэг”-т тооцно. Сэжигтэй этгээд дайрах үед нь гэрлээ нүүр рүү нь огцом тусгахад гэмт этгээд сандралд орно, энэ үеэр нь та зугтах боломжийг ашиглах нь зүйтэй.
Гал түймрийн үед биеэ хэрхэн авч явах тухай мэдлэгтэй байгаарай
Аюултай нөхцөл байдал үүссэн үед хүмүүсийн ихэнх нь сандардаг. Удаан хугацаагаар амьдрах, ажиллах болсон барилгынхаа галын гарцыг судалж үзэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.
Өөрийн баримт бичиг, анхны тусламжийн үед хэрэг болохуйц эрүүл мэндийн картыг байнга биедээ авч явж байгаарай
Хэрвээ та биедээ байнга баримт бичиг болон өөрийн эрүүл мэндийн мэдээлэлтэйгээ явдаг бол яаралтай тусламжийн үед танд ямар арга хэмжээ авахыг цаг алдалгүй мэдэх боломжтой. Мөн ойр дотны хүмүүсийн холбоо барих утас байвал таны тухай нэн даруй мэдэгдэхэд тус болно.
Uugaa Lkha
2017/01/07 at 11:18
Хүн бүр мэддэг юм шиг боловч тэр болгоныг огт анхаардаггүй юм байнаа. Маш их хэрэгтэй санаж явхад чухал сайхан мэдээлэл байнаа.Маш их таалагдлаа. Амжилт хүсье.