Морин хуурын чуулгын сор бүтээлүүдийг Best of Classics тоглолтоос…

0

Цасан цагаан өвлийн уянгад хөг нэмэх “Best of Classics” тоглолтод та нэгдээрэй. Монгол Улсын Морин хуурын чуулга, “Цэцээ-Гүн” Ротаракт клуб хамтран энэ сарын 26-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулах уг тоглолтын орлогыг харааны бэрхшээлтэй хүмүүсийг дэмжихэд зориулах юм. Хуурын чуулга урын сангийнхаа сор болсон бүтээлүүдээс дээжлэн сонордуулах энэхүү тоглолтын зохион байгуулагч нь “Цэцээ-Гүн” Ротаракт клуб бөгөөд тус клубын гишүүн, Морин хуурын чуулгын үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч, Монгол Улсын Ардын жүжигчин Цэндийн Батчулуун агсны хүү Б.Золжаргал голлох үүрэгтэй ажиллаж буй юм.

Тэрбээр “Би аавыгаа бурхан болсноос хойш үеийнхээ залуустай нийлж бусдад бага ч болов тус болохсон гэсэн үүднээс сайн үйлсийн ажил сайн дураар ажлынхаа хажуугаар хийдэг юм. Бусдад тусалж, буян үйлдэж явахад сэтгэлд сайхан байдаг. Манай клубын залуус ийм ажил хиймээр байгаа тухайгаа хэлж, хамтарч дэмжихийг хүсэхэд Морин хуурын чуулгынхан талархалтай хүлээж авсанд нь бид маш их баярладаг. Түрүү жил хийсэн тоглолтынхоо орлогыг сайн сурлагатай оюутнуудад тэтгэлэг болгож өгсөн. Морин хуурын чуулга энэ жил дахиад хоёр дахь удаагаа дэмжиж тоглож байгаад маш их баярлаж байна. Энэ жил тоглолтын орлогыг харааны бэрхшээлтэй хүмүүст зориулах юм. Төрөөс харааны бэрхшээлтэй хүмүүсийн тэтгэмжийг хасчихсан болохоор амьдрал нь хүндэрч ирж байна. Бид чадахаараа туслахыг хүсч байна. Энэ санаачилга маань Морин хуурын чуулгын тоглолтыг үзэж, шилдэг бүтээлүүдийг нь дахин дахин сонсох дуртай үзэгчдийн дэмжлэгээр хэрэгжих юм. Хэр олон үзэгч тоглолт үзэхээр зорьж ирнэ, тэр хэрээр орлого цуглана. Тийм болохоор сайн үйлсийн ажилд нэгдсэн үеийн залуус бидэнтэй саналаа нэгтгээч, Хуурын чуулгын хөгжимчин залуусын сэтгэл сэргээсэн тоглолтыг дахин нэг үзэж, сонсооч гэж үзэгчдэд уриалж байна аа” гэлээ.

Дун цагаан өвлийн өнгийг эгшиг холбож зурсан Оросын алдарт хөгжмийн зохиолч Г.Свиридовын вальс, тройка, романс …Морин хуурын чуулгын “Best of Classics” тоглолт ингээд л эхэлнэ. Та гэр бүлээрээ, найз нөхөдтэйгөө хамт Хуурын чуулгынхаа тоглолтыг зориорой.

Р. Оюунжаргал

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
Уучлаарай, энэ мэдээнд сэтгэгдэл бичих боломжгүй байна.