Гэр бүл эсвэл ирсэн зочдоо баярлуулахын тулд заавал их мөнгө зарах хэрэггүй. Төмс – жилийн дөрвөн улиралд байж л байна, тэгээд ч боломжийн үнэтэй. Ямар ч ширээг чимэх, төмсөөр хийсэн хоолны жоруудыг танд бэлдлээ.
Төмсөн “сарнай”
Орц:
- Төмс – 6 ш /4 хүнд/
- Үрсэн хатуу бяслаг – 50 г
- Хатаасан талхны үйрмэг – 50 г
- Ургамлын тос 2 х.х, мөн түрхэх багахан тос
- Давс, хар перец
Хийх арга:
- Төмсөө арилгаж цэвэрлээд маш нимгэн зүснэ. Хутгаар эсвэл тусгай зүсэгчээр зүсэж болно.
- Хэрчсэн төмсөө саванд хийж дээрээс нь хатаасан талхны үйрмэг, тос, давс болон перецээ цацна. Сайтар холиорой.
- Маффины хэвээ тослоно. 6 хэв байхад болно.
- Хэрчиж амталсан төмсөө хэвэндээ сарнай хэлбэртэйгээр хийнэ. Голоос нь эхэлсэн нь дээр шүү. Эхний голд хийж байгаа төмсөө хуйлаад цэцэгний гол болгоно. Бусдыг нь тойруулаад өрнө.
- Төмсөн “сарнай” дээрээ бяслагаа цацна.
- Урьдчилан 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд шаргал өнгөтэй болтол буюу ойролцоогоор 40 минут шарна.
Швед маягаар шарсан төмс
Орц:
- Том төмс – 4 ш /4 хүнийхээр/
- Бекон эсвэл гахайн утсан мах – 100 г
- Цөцгийн тос – 50 г
- Сармис – 1 хумс
- Давс, нунтаг хар перец, анхилуун амтлагч ногоонууд
Хийх арга:
- Төмсний хальсыг авалгүйгээр шороог нь сайн угааж таслалгүй тусгай зүсэгчээр үргэлжлүүлэн зүснэ. Эсвэл нэхмэлийн зүү төмсөндөө шургуулаад хутгаар нэхмэлийн зүү хүртэл зүссэний дараа зүүгээ сугалаад авна.
- Цөцгийн тосоо халааж жижиглэн сармис, давс, перец, анхилуун үнэрт амтлагч ногоонуудаа хийж хутгана.
- Тохирох саванд төмсөө хийгээд тостой холимгоо үе болгонд түрхэж амтлахыг хичээнэ. Хүнсний багс тохиромжтой байдаг юм.
- 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 40 минут орчим шарсны дараа гарган ирж бэлдсэн беконоо хийж дахин 30 минут болгоно.
Төмсөн “пицца”
Орц:
- Том төмс – 2 ш /4 хүнийх/
- Үрсэн бяслаг – 100 г
- Гахайн мах эсвэл хиам – 100 г
- Улаан лооль
- Ургамлын тос
- Давс, перец
Хийх арга:
- Төмсөө цэвэрлэж угаагаад үрүүлээр эсвэл маш нимгэн савх хэлбэртэй зүснэ.
- Наалддаггүй гадаргуутай хайруулын тавганд тосоо халааж төмсөө жигд тарааж таглаад 10 минут орчим жигнэнэ.
- Төмсөө гаргаад хэвэнд хийж дээрээс нь хиам эсвэл гахайн махаа цацаад цагираг хэлбэрээр хэрчсэн улаан лоолио тарааж тавина. Эсвэл өөрийн дуртай ямар ч амтлагч хийж болно: мөөг, сонгино …
- Бяслагаа цацаад 190 хэмд бяслаг бүрэн хайлтал шарна. Ойролцоогоор 10 минут орчим болно.
Төмс, бяслагтай “кекс”
Орц:
- Төмс – 0,5 кг /4 хүнийхээр/
- Хагас хатуу бяслаг /Эдам, Гауда зэрэг/ – 300 г
- Цөцгийн тос – 50 г
- Хатсан талхны үйрмэг
- Давс, перец
Хийх арга:
- Төмсөө цэвэрлээд хагас см зузаантайгаар хэрчинэ, мөн адил хэмжээгээр бяслагаа хэрчиж бэлдэнэ.
- Давстай усанд төмсөө 20 минут орчим чанаад шүүж авч хуурай цаасан дээр тавьж усыг нь шингээж авна.
- Кексийн хэвний ёроолыг тослоод хатаасан талхны үйрмэгээ цацна.
- Төмс, бяслагаа үелж тавихдаа үе болгоныг давс, перецээр багахан амтална. Эхний болон сүүлийн үе төмс байхаар тавина.
- Үлдэгдэл цөцгийн тосоо хайлуулж “кекс” дээрээ асгаарай.
- Шарах шүүгээнд 190 хэмд 30 минут болгоно. Гаргаж ирээд 10 минут хөргөсний дараа хэвнээс авна.
Төмсний вафли
Орц:
- Вафли хийгч
- Төмс – 0,5 кг /4 хүнийхээр/
- Сүү – 1 стакан
- Өндөг – 2 ш
- Ургамлын тос – 4 х.х
- Гурил – 1 стакан
- Хөөлгөгч – 1 ц.х
- Давс, перец, хатаасан амтлагч ногоонууд
Хийх арга:
- Төмсөө цэвэрлэж хэрчээд усанд чанаж болгоно. Хөрөхөөс нь өмнө нухаарай.
- Төмсөн дээрээ тос, бүлээн сүү, өндгөө хийж хутгана. Аль болох хурдан хутгахыг хичээ.
- Гурилаа шигшээд дээрээс нь хөөлгөгчөө хийж холино. Гурилаа сүүтэй төмс дээр нэмж зуураад давс, перец болон бусад амтлагчуудаар амтлана. Сайн зуураарай.
- Вафли хийгчдээ хийж болгоно.
Төмсний “бялуу”
Орц:
- Төмс – 2 кг /8 хүнийхээр/
- Цөцгийн тос – 20 г
- Ургамлын тос – 3 х.х
- Давс, перец, анхилуун үнэрт ногоонууд
Хийх арга:
- Төмсөө арилгаад цагираг хэлбэрээр нимгэн хэрчинэ.
- Төмсөө саванд хийж дээрээс нь ургамлын тос, давс, перец болон ногоонуудаа хийнэ. Бүгдийг сайтар холино.
- “Бялуу”-ныхаа хэвийг тосолж бэлдэнэ.
- Зураг дээр үзүүлсэн шиг төмсөө хажуулдуулж өрнө. Дугуй саванд бол илүү гоёмсог харагдах болно шүү.
- 200 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 1 цаг 20 минут орчим болгоно. Төмс бүхэлдээ болсон байх ёстой бөгөөд төмсний дээд хэсэг буюу “бялуу”-ны дээд хэсэг шаргал өнгөтэй болох ёстой. Төмс болохгүй дээрээсээ түлэгдэх гээд байвал фольгагаар битүүлж болно.