Цэвэрлэгээ гэдэг бүх хүмүүст аймшигтай ял мэт санагддаг. Өрөөний өнцөг буланд цэвэрхэн газар үлдэхгүй болсон цагт л бид зүрх зориг гарган цэвэрлэгээнд ханцуй шамлан ордог билээ. Үнэндээ цэвэрлэгээ гэдэг чинь хүүхдийн тоглоом шиг маш амархан бөгөөд хөнгөн ажил – хамгийн чухал нь үндсэн хэдэн нууцыг л мэдсэн байх хэрэгтэй.
Таны амьдралыг хөнгөвчлөхийн тулд бид та бүхэнд хэд хэдэн нууц аргуудаас дэлгэхээр шийдлээ.
Угаалгын өрөөний хамгийн бохир хэсгийг цэвэрлэе
Угаалгын өрөөний хөшгийг дэлгүүрээс авсан мэт шинэ болгохыг хүсвэл устөрөгчийн хэт исэл болон усны уусмалаар угаагаарай.
Шүдний сойзны нянг устгахыг хүсвэл нэг цаг уксуст дүрээрэй, дараа нь урсгал усаар сайтар зайлна.
1:1 харьцаатай ус, уксусын уусмалд бие угаагчаа хийж цэвэрлэнэ. Дараа нь цэвэр усанд сайн зайлаарай.
Ваннаа цагаан болтол нь цэвэрлэе
Зэв, шар толбо эсвэл саарал болж өнгөө алдсан гадаргууг устөрөгчийн хэт ислээр цэвэрлэж болно. Ванны гадаргуу дээр жигд цацаад хагас цаг орчим байлгаж байгаад бүлээн усаар сайтар угаана.
Мөн ванны гадаргуу дээр сод цацаад хэдэн минутын дараа уксус цацна. Хэсэг хугацааны дараа сойзоор үрж бүлээн усаар зайлахад ванн тань гялалзах болно.
Арилахгүй байгаа зэвний шарыг нимбэгийн хүчлийн уусмал амархан арилгана. Уусмалд: нэг уут нимбэгийн хүчил болон нэг стакан ус. Ванны гадаргуу дээр түрхээд 20 минут орчим байлгасны дараа сойзоор үрж бүлээн усаар сайтар цэвэрлэнэ.
Мөн уксус болон давсны уусмалаар (1:1) ванныг цэвэрлэж болно.
Бохир суултуурыг цэвэрлэе
Хуурай гич дээр адил хэмжээний нимбэгийн хүчил болон эрдэнэ шишийн крахмал нэмж сайтар холиод ариун цэврийн өрөөний суултуурыг цэвэрлэхэд гялалзаж өгнө.
Суултуур болон жорлонгоо цэвэрлэхийн тулд өөрийн гараар ариутгагч бодис хийж болно. 1-2 бөмбөлөг таны жорлонг ариутгах бөгөөд эвгүй үнэрээс салгана.
Орц:
- Сод- 1 стакан
- Нимбэгийн хүчил – ¼ стакан
- Уксус – ½ ц.х
- 60%-ийн устөрөгчийн хэт исэл – 1 х.х
- Эфирийн тос – 15-20 дусал
Хийх арга:
Саванд сод, нимбэгийн хүчлээ хийж сайтар холино. Өөр саванд уксус, устөрөгчийн хэт ислээ хийж холиод дусал дуслаар хуурай холимогтоо хийнэ. Эфирийн тос хийж хутгаад бөмбөлөг хийж бөөрөнхийлнө, цаасан дээр дэлгэн тавьж 6 цаг орчим хатаагаарай. Тагтай шилэн саванд хадгалж болно.
Ванн болон плитаны завсрыг цэвэрлэе
Жирийн цагаан лаагаар плитаны завсрын хар, шар өнгийн бохирдлоос амархан салгаж болно. Лаагаараа бохир газар үрэхэд бохирыг арилгахаас гадна цаашид ч бохирдохоос хамгаална.
Саванд хүнсний сод хийгээд цэвэрлэгээний сойзоо усанд норгоод содонд дүрээд бохир газрыг үрж цэвэрлэнэ. Сайтар үрээд бүлээн усаар угаахад плитаны завсар шинэ мэт л харагдана.
Бүлээн усыг устөрөгчийн хэт исэлтэй 2:1 байхаар холино. Сойзоор эсвэл өөр угаагчаар плитаны завсрыг цэвэрлэнэ, дараа нь бүлээн усаар зайлахгүй байсан ч болно.
Жижиг плитаны завсрыг цэвэрлэе
15 грамм нимбэгийн хүчлийг стакан бүлээн усанд хийж хутгана. Уусмалаар плитаг арчиж байгаад бүлээн усаар зайлж цэвэрлэнэ.
Маш их бохирдолтой бол уксусаар цэвэрлээрэй: уксус цацаад 10 минут байлгасны дараа цэвэр усаар зайлна. Дараа нь зөөлөн алчуураар арчаарай. Энэ аргаар цэвэрлэхэд зөвхөн өнгө оруулаад зогсохгүй мөн ариутгана.
Угаалгын машинаа цэвэрлэе
Улиралд нэг удаа угаалгын машинаа цэвэрлэж байх хэрэгтэй.
Угаалгын машины зэв болон тогтсон элдэв бохирдлыг нимбэгийн хүчлээр амархан цэвэрлэнэ. Угаалгын нунтаг хийх хэсэгт 60 грамм нимбэгийн хүчил хийгээд бүтэн горимоор нь ажиллуулж халуун усаар цэвэрлээрэй.
Мөн, цэвэрлэгээний бодис өөрөө хийж болно.
Орц:
- Уксус – 2 стакан
- Хүнсний сод – ¼ стакан
- Ус – ¼ стакан
- Угаагч
Хийх арга:
Саванд ус, содоо холино. Уусмалаа угаалгын нунтаг хийх хэсэгт, харин уксусаа хувцас хийх хэсэгт хийнэ. Жирийн угаалгын горим дээр машинаа ажиллуулна. Ажиллаж дууссаны дараа машины бүх резинэн эд ангийг алчуураар арчаад хаалгыг нь нээлттэй орхиж хатаана.
Зуух цэвэрлэх шилдэг арга
Жирийн баллуураар зуухан дээр тогтсон тосыг арилгаж болно, энэ аргыг цэвэрлэгээний мэргэжлийн баг ашигладаг юм шүү.
Мөн нимбэгийн шүүс болон хэрчим нимбэгээр цэвэрлэж болно. Шүүсээр нь арчаад хэрчим нимбэгээр үрж байгаад 15 минут орхино. Дараа нь нойтон алчуураар цэвэрлээрэй.
Шарах шүүгээг гялалзуулах арга
Түлэгдсэн шарах шүүгээг стакан нашатырийн спирт болон литр усаар цэвэрлэж болно. Шарах шүүгээг 150 хэм хүртэл халаагаад унтраана. Шарах шүүгээний доод хэсэгт литр бүлээн ус, дээд хэсэгт нь спиртээ байрлуулна. Хаалгыг нь хаагаад хонуулна. Өглөө нь спирт дээрээ хэдхэн цайны халбага угаалгын бодис болон хагас аяга бүлээн ус хийгээд уусмалаараа шарах шүүгээгээ цэвэрлэнэ. Дараа нь цэвэр усаар сайтар арчина.
Шарах шүүгээгээ шинэ мэт болгохыг хүсвэл уксусаар цэвэрлэнэ. Шарах шүүгээгээ уксусаар арчаад хаалгыг нь хааж хэдэн цаг орхино. Бохирдол бага газрыг нь алчуураар, харин их бохирдсон хэсгийг сойзоор үрнэ. Дараа нь цэвэр бүлээн усаар сайн цэвэрлэх хэрэгтэй.
Мөн хөөлгөгчөөр цэвэрлэж болно. Бүлээн усаар гадаргууг нь арчаад чийгтэй байхад нь хөөлгөгчөө цацаарай. Хагас цагийн дараа чийгтэй алчуураар шарах шүүгээний гадаргууг сайтар арч, ялангуяа шилэн хаалга дээр тогтсон тосыг арилгахад маш тохиромжтой арга юм.
Матрасаа сэргээх шилдэг арга
Улиралдаа ядаж нэг удаа матрасаа цэвэрлэж байх хэрэгтэй. Чаддаг бол цагаан хэрэгслээ солих тутамдаа цэвэрлээд байвал бүр сайн.
Матраснаас үнэртээд байгаа эвгүй үнэрийг хүнсний содоор арилгаж болно: хүнсний содоо матрас дээр цацаад хагас орчим байлгасны дараа тос сорогчоор юу ч үлдээлгүй соруулж авна.
Эсвэл матрас дээр тогтсон элдэв толбыг 2:1 харьцаатай устөрөгчийн хэт исэл болон сав суулга угаагчийн уусмалын холимгоор цэвэрлэж болно.
Хивсэн дээрх толбо арилгах арга
Кофе, какао, цай гээд юу эс асгах билээ. 1 хоолны халбага глицеринийг 1 литр хүйтэн усанд уусгасан уусмалаар толбыг амархан арилгана.
Мөн шар айраг, улаан дарсны толбыг бага зэрэг усанд уусгасан угаалгын нунтгаар арилгана. Дараа нь уксусын уусмалаар арчина: 1 цайны халбага уксусыг 0,5 литр усанд найруулна.
Даавуун бүрээстэй буйдангийн толбо арилгах арга
Тосны толбыг бензин, ацетон зэргээр амархан арилгаж болно.
Даавуун дээр дөнгөж тогтсон чернилийн толбыг сүүгээр арилгаарай.
Өвсний толбыг 1 цайны халбага давсыг стакан усанд хийж хутгаад уусмалаар нь арчаарай.