Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат 10 шөлний жор

0

Өвлийн уриа үг: “Өдөр болгон шөлтэй хоол”. Шөл өег, сэтгэл дулаацуулахаас гадна таны биеэр халуун дулаан гүйх болно – хүйтний улиралд захиалсан мэт. Хойд туйл руу дөхөх тусам шөлний нэр төрөл улам олширно.

Та бүхэнд өвлийн улиралд идэхэд нэн тохиромжтой амтат шөлний жоруудыг танилцуулж байна.

Турк сэвэг зармын шөл

Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат шөл хийх 10 жор 1

Энэ шөл бол туркэд маш алдартай. Хийхэд амархан, хүүхдүүд идэхээрээ хацар нь улаа бутраад л ирнэ (хүүхдүүд идэхээр бол халуун ногоог багасгана). Махны шөлөнд биш шууд усанд чанасан ч амттай л шөл болно.

Орц:

  • Сэвэг зарман/lentil – 1 стакан
  • Шар будаа – 0,5 стакан
  • Сонгино – 1 ш
  • Шөл гаргах үхрийн яс – 1-2 ш
  • Цөцгийн тос – 1 х.х
  • Улаан лоолийн паста – 1 х.х
  • Халуун ногоо, хатаасан гаа, давс, тимьян
  • Ус эсвэл махны шөл – 2 л

Хийх арга:

  • Сэвэг зармыг ус, эсвэл шөлөндөө хийж гал дээр тавина. Шөл буцалж эхэлснээс 10 минут орчмын дараа шар будаа хийж зөөлөн галаар шар будааг болтол чанана. Ойролцоогоор 30-40 минут орчим болох болов уу.
  • Энэ хооронд жижиглэн хэрчсэн сонгиноо халаасан цөцгийн тосондоо шарна. Нэг аяга шөлөн дээр бүтэн хоолны халбага улаан лоолийн пастаг хийж сайтар хутгаад шарсан сонгино дээр хийж 2-3 минут зөөлөн гал дээр чанана. Шар будаатай шөл дээрээ нэмж давсаар амтална.
  • Шөл болохоос 15 минутын өмнө бусад амтлагчуудаа хийнэ: хагас халбага гаа, тимьян зэрэг.
  • Шөлийг гал дээрээс аваад 10 минут орчим байлгана. Бэлэн болсон шөлийг зутагнуулахын тулд блендрээр хольж ч болно зүгээр шууд аягалаад идсэн ч болно. Шөл ерөнхийдөө өтгөн зутан шөл мэт болох ёстой. Аягалаад перец цацан чимэглэж болно.

 

Карритай хулууны шөл

Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат шөл хийх 10 жор 2

Хулуу нь өвлийн цагт таныг шаардлагатай амин дэмээр хангана, харин карри нь таныг дулаацуулж шөлийг анхилуун үнэртэй болгоно. Хар чавга шөлийг улам зөөллөж өгнө.

Орц:

  • Хулуу – 1 кг
  • Том сонгино – 1 ш
  • Яншуй – 1 боодол
  • Ногооны шөл, ус эвсэл ясны шөл ч байсан болно – 1,5 л
  • Хар чавга – 100 мл
  • Цөцгийн тос – 3 х.х
  • Оливийн тос – 1 х.х
  • Карри – 1 ц.х
  • Давс

Хийх арга:

  • Хоолны том саванд цөцгийн болон оливийн тосоо халааж жижиглэн хэрчсэн сонгиноо хийж шаргал өнгөтэй болтол нь шарна. Дээрээс нь карригаа хийж сайтар холино.
  • Хулууны хальсыг авч томоор хэрчиж бэлдсэн байна. Хулууг шарсан сонгино дээрээ нэмж 1 минут орчим шараад дээрээс нь ногооны шөлөө нэмж 25-30 минут орчим зөөлөн буцалгана.
  • Ихэнх шөлийг өөр саванд юүлж, саванд үлдсэн хулууг холигчоор хольсны дараа буцаагаад шөлөө хийнэ. Хар чавгаа шөлөн дээрээ хийж давс зэргээр амтална.
  • Бэлэн болсон шөлийг яншуйгаар чимээрэй.

 

Халуун чилитэй улаан лоолийн зутан шөл

Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат шөл хийх 10 жор 3

Ирсэн зочдоо амттай, халуун чанарын шөлөөр дайлаарай.

Орц:

  • Улаан лооль – 1500 г
  • Төмс – 400 г
  • Лууван – 200 г
  • Сонгино – 100 г
  • Шарсан цагаан талх – 60 г
  • Цоохор майлзийн иш – 50 г
  • Базилик – 1 навч
  • Оливийн тос – 1 х.х
  • Халуун перец/чили – 1 ш
  • Шар амтат чинжүү – 1 ш
  • Давс, перец

Хийх арга:

  • Улаан лоолийг халуун усанд хийж хальсыг нь арилгаад дундуур нь хувааж үрийг нь гаргана.
  • Перцээс бусад ногоог угааж бэлдэнэ. Дөрвөлжин хэрчсэн ногоо болон улаан лоолийг хоолны саванд хийж 2 стакан ус нэмнэ. Багахан давс хийж зөөлөн галаар 30 минут орчим чанана.
  • Амтат чинжүүг угааж үрнээс нь салгаад мөн дөрвөлжин хэрчиж цагаан талхтай цуг шарна.
  • Шөлийг блендэрт хийж зутан шөл гаргаж дээрээс нь чили перец, оливийн тос хийж давсаар амтална.
  • Таваглаад базиликээр чимнэ. Мөн шарсан талх, амтат чинжүү цацна.

 

Сармистай шарсан талхтай бяслагны франц шөл

Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат шөл хийх 10 жор 4

Бяслагтай шөл хийхэд маш амархан бөгөөд идэхэд маш амттай: бяслаг шөлийг цөцгий мэт зөөлөн амттай болгодог. Энэ төрлийн шөл хүний эрүүл мэндэд тустай.

Орц:

  • Тахианы цээж мах – 400 г
  • Зөөлөн бяслаг – 200 г
  • Төмс – 3 ш
  • Лууван – 1 ш
  • Давс, нунтаг перец, амтат перец
  • Ургамлын тос – 2 х.х
  • Лаврын навч – 3 ш
  • Шинэ ногоон өнгийн ногоонууд
  • Шарсан талханд – багет (өөр талх байсан ч болно), сармис, оливийн тос

Хийх арга:

  • 1,5 литр буцалсан усанд тахианы жижиг хэрчсэн махаа чанаж шөл гаргана.
  • Шөл буцлангуут давс, хэдэн ширхэг бөөрөнхий перец, лаврын навчаа хийнэ. 20 минут орчим чанана.
  • Төмсөө арилгаад дөрвөлжин хэрчинэ. Шөлнөөсөө махаа аваад төмсөө хийж 5-7 чанана.
  • Луувангаа арилгаад жижиглэн үрж ургамлын тосонд шарж давс, перецээр амтална. Шарж бэлэн болсон луувангаа шөлөндөө хийж 5-7 минут чанана.
  • Шөлөндөө зөөлөн бяслагаа хийж сайтар хутгаад галаа унтраана.
  • Багет талхыг уртаар нь хэрчинэ. Сармисаа арилгана. Талхаа хоёр талаас нь оливийн тосонд дүрээд мөн хоёр талаас нь сармисаа үрнэ. Шарах шүүгээнд хийж 190-200 хэмд шаргал өнгөтэй болтол нь шарна.

 

Махтай вандуйны шөл

Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат шөл хийх 10 жор 5

Оросын амтат шөлнүүдийн нэгд зүй ёсоор тооцогдоно.

Орц:

  • Гахайн утсан хавирга – 300 г
  • Лууван – 1ш
  • Сонгино – 1 ш
  • Төмс – 2ш
  • Хатаасан вандуй – 1 стакан
  • Петрушка
  • Тос – 1 х.х
  • Давс
  • Ногоон өнгийн ногоонууд

Хийх арга:

  • 10-12 цагийн өмнө вандуйгаа урьдчилан дэвтээсэн байна. Вандуйг чанахаас өмнө усанд нэг зайлна.
  • Гахайн утсан хавиргаа мөн усанд нэг угаана. 2,5 орчим усанд хийж 35-40 минут чанаж байгаад дэвтээсэн вандуйг нэмж дахин 10-15 минут чанана.
  • Энэ хооронд сонгино, луувангаа хэрчээд халаасан тостой хайруулын тавганд шаргал өнгөтэй болтол нь шарна.
  • Хавиргыг чанаад 50 минут орчим болонгуут шөлөндөө шарсан сонгино, лууван болон төмсөө нэмж чанана. Давс хийж ойролцоогоор 10-15 минут орчим шөлөө чанаж болгоно. Таваглаад ногоогоор чимээрэй.

 

Мөөгтэй зутан шөл

Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат шөл хийх 10 жор 6

Хийхэд амархан ч маш амттай болдог шөл бол мөөгний зутан шөл.

Орц:

  • Шампиньон мөөг – 170-200 г
  • Хатаасан мөөг – 15 г
  • Сармис – 2 хумс
  • Сонгино – тал
  • Ногооны шөл эсвэл ус – 2 л
  • Сүү – 0,5 аяга
  • Задь – 2 чимх
  • Гурил – 1,5 х.х
  • Ургамлын тос – 2 х.х
  • Оливийн тос – 2 х.х
  • Талх – 2 зүсэм
  • Цөцгийн тос – 3 х.х
  • Давс
  • Перец

Хийх арга:

  • Шарсан талх бэлдэхэд шөл болох хугацаатай адил тул эхлээд шарсан талхаа бэлдэнэ. Цөцгийн тосоо халааж талхаа дөрвөлжин хэрчиж тосондоо хийж багахан давс цацна. Шарах шүүгээг 150 хэм хүртэл халаасны дараа 25-30 минут талхаа хийж шарна.
  • Зузаан ёроолтой хоолны саванд бүх оливийн тосоо халаана. Сонгино жижиглэн хэрчиж халуун тосондоо шарна. Дээрээс нь хоёр хумс сармис хийж 2-3 минут сайтар хутган шараарай. Сармисыг түлж болохгүй шүү.
  • Галаа багасгаад нарийхан хэрчсэн шампионьон, хатаасан мөөг зэргийг сонгино, сармис дээрээ нэмнэ. Мөн 6-8 минут мөөгөө зөөлөн болтол шарна.
  • Дээрээс нь ногооны шөлөө нэмж буцалгаад эхлэнгүүт галаа багасгаж 5 минут чанана. Сүү, ургамлын тос болон гурилаа миксерт хийж сайтар холиод шөлөн дээрээ нэмээрэй. Шөл өтгөртөл хутгасаар байх болно, ойролцоогоор 5 минут орчим шаардагдах болов уу.
  • Бэлэн болсон шөлөө 5 секунд орчим бага хурдаар блендрээр бутална. Бүхэн мөөг үлдээх нь зүгээр шүү. Давс, перец, задь зэргээр амтлаад шарсан талх дээр нь цацаж өгнө.

 

Лагман

Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат шөл хийх 10 жор 7

Өег лагман хийх жор төрөл бүрээрээ бий. Бид та бүхэнд хамгийн энгийн жор танилцуулж байна. Гурилаа заавал гараар бэлдэх хэрэггүй дэлгүүрээс бэлэн гурил авч болно.

Орц:

Важид (жигнэсэн мах, ногоо) зориулж:

  • Улаан лоолийн паста – 3 х.х
  • Нунтаг цагаан гааны үндэс – 1 х.х
  • Мах (үхрийн махнаас илүү хонины мах дээр шүү) – 0,5 кг
  • Улаан лооль – 2 ш
  • Сонгино – 1 ш
  • Махны шөл – 0,5 л
  • Цоохор майлзийн иш – 1 ш
  • Сармис – 1 толгой
  • Улаан, шар амтат чинжүү – тус бүр 1 ш
  • Укроп, яншуй, давс, улаан, хар перец – өөрийн хүссэнээр
  • Ургамлын тос – 150 мл

Гуриланд: дэлгүүрээс тусгай бэлдсэн гурил авч болно гэхдээ өөрөө хийхээр шийдсэн бол:

  • Гурил – 300 г
  • Өндөгний цагаан
  • Ус, давс

Хийх арга:

  • 150 мл усаар гурилаа зуурч бэлдээд 30 минут хөргөгчид хийж тавина.
  • Харандааны зузаантай илдээд спирал хэлбэрээр хуйлж таваг дээр тавьж дээрээс нь хүнсний гялгараар бүтээгээд буцаагаад хөргөгчинд 30 минут тавина. Гаргаж ирээд гараараа сунгахад нарийхан урт гоймон шиг болгоно, ойролцоогоор 2 мм орчим болно.
  • Буцалж буй давстай усанд гурилаа чанаж болгоод шүүнэ. Хүйтэн усаар зайлаад тосонд сойно.
  • Сонгиныг – нарийхан, амтат чинжүүг – дөрвөлжин, улаан лооль – нарийхан, майлзийг – жижиглэн хэрчинэ. Сармисыг томхон хэрчиж бэлдэнэ. Махаа жижиг дөрвөлжин хэрчинэ.
  • Хоолны саванд 3 х.х тосоо халааж: махаа сайтар хольж 7 минут орчим шарна. Дээрээс нь сонгино, амтат чинжүү, улаан лооль, сармис, улаан лоолийн паста болон бусад амтлагчуудаа хийнэ. Махаа зөөлөртөл сайтар хутган шарна, шаардлагатай бол тос нэмж болно.
  • Бэлэн болсон мах, ногоон дээрээ шөлөө хийж буцалгана. Галаасаа шөлөө авч 20-30 минут орчим байлгана. Аягалж өгөхөөсөө өмнө гурилаа (буцалсан усанд хийж халаасан байна) эхлээд аяганд хийж дээрээс нь шөлөө хийнэ.

 

Бяслаг, шарсан талхтай сонгинын шөл

Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат шөл хийх 10 жор 9

Францчууд хүйтний улиралд энэ шөлийг уун суух дуртай. Сонгинын шөл – энэ орны уламжлалт шөл, орц бага ч гэхдээ амттай.

Орц:

  • Хагас, эсвэл хатуу бяслаг – 100 г
  • Сонгино – 500 г
  • Цөцгийн тос – 50 г
  • Сахар – 1 х.х
  • Гурил – 1 х.х
  • Шөл (махны) – 1,5 л
  • Багет
  • Давс, нунтаг перец

Хийх арга:

  • Сонгиноо нарийхан хэрчинэ. Тосоо халаагаад дунд зэргийн гал дээр сонгиноо шаргал өнгөтэй болтол шарна. Давсалж, перецээр амтална.
  • Сонгино дээрээ сахар, гурилаа нэмж сайтар хутган 10 минут орчим шарна.
  • Дээрээс нь халуун шөлөө нэмж зөөлөн галаар 30-40 минут буцалгана.
  • Галд тэсвэртэй таваг эсвэл аяганд хийж дээрээс нь шарсан талхаа нэмж багахан шөлөндөө живүүлнэ. Шөлөн дээрээ бяслагаа үрж хийгээд халаасан шарах шүүгээнд үрсэн бяслаг шаргал өнгөтэй болтол шарна.

 

Чаудер

Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат шөл хийх 10 жор 8

Чаудер – өтгөн, өег, амттай америк гаралтай шөл. Улс орон болгон өөрийн онцлогтоо тохируулан хийнэ: беконтой, загастай, хавчтай, брокколитой, эрдэнэ шиштэй гээд л… Гэхдээ бүгд цөцгийтэй бөгөөд бяслагтай байна.

Орц:

  • Бекон – 200-300 г
  • Хөлдөөсөн эсвэл даршилсан эрдэнэ шиш – 400 г эсвэл нэг лааз
  • Төмс – 3-4 ш
  • Тахианы шөл – 1 л
  • Цөцгийн 10%- 500 мл
  • Гурил – 2 х.х
  • Цоохор майлз – 1 иш
  • Амтат чинжүү – 1 ш
  • Сонгино – 1 ш
  • Давс, хар перец
  • Хатуу бяслаг – 200 г

Хийх арга:

  • Беконоо жижиг дөрвөлжин хэрчээд шөл хийх хоолны савандаа багахан шарна. Шарсан беконоо гаргана.
  • Тосондоо сонгиноо шарна.
  • Төмсөө хэрчээд хоолны савандаа хийж дээрээс нь шөлөө нэмнэ. 15-20 минут орчим зөөлөн галаар төмс зөөлөртөл чанана, төмсний нухаш хийж болохоор зөөлрүүлнэ шүү.
  • Төмс болж байх хооронд амтат чинжүү, майлзийг жижиглэн хэрчээд өөр саванд шарна, мөн дээрээс нь эрдэнэ шишээ хийж шарна (хэрвээ даршилсан бол шууд шөлөндөө хийнэ).
  • Төмс болонгуут шөлөндөө цөцгий, гурилаа хийж сайтар холино. Дээрээс нь шарсан бекон, ногоо, эрдэнэ шишээ хийнэ.
  • Шөлөө зөөлөн галаар буцалгаад дээрээс нь үрсэн бяслагаа үрж 10 минут орчим орхино.
  • Таваглаад дахин бяслаг, ногоогоор чимнэ.

 

Харчо

Өвлийн улиралд таныг дулаацуулах амтат шөл хийх 10 жор 10

Амттай грузин шөл – хүйтэн орой дулаацуулах ид шидтэй.

Орц:

  • Үхрийн мах – 400 г
  • Сонгино – 3 ш
  • Будаа – 4 х.х
  • Улаан лооль – 500 г
  • Укроп, яншуй зэрэг
  • Амтлагч
  • Сармис – 1 хумс
  • Кинза

Хийх арга:

  • Хоолны саванд 2-2,5 литр ус хийж мах, ясны шөл гаргана. Шөлнөөс ялгарах хөөсийг ялган авч зөөлөн галаар буцалгана. 1-1 цаг 30 минут орчим буцалгана. Шөл болохын алдад петрушка, майлз зэргийг нэмж давс хийж амтална.
  • Шөл болж байх хооронд сонгиноо жижиглэн хэрчээд халаасан тосонд шарна. Сонгино шаргал өнгөтэй болонгуут шөлнөөс махаа авч сонгино дээрээ хийж шарна.
  • Шарсан махан дээрээ хэдэн хоолны халбага шөл нэмж таглаад 15 минут орчим жигнэнэ.
  • Мах жигнэгдэж байх хооронд улаан лоолио бэлдэнэ. Халуун усанд хийж улаан лоолийг хальсыг арилгаад дөрвөлжин хэрчинэ.
  • Махан дээрээ хийж 10 минут орчим жигнэнэ. Мах, улаан лоолио шөлөндөө хийж дахин буцалгана.
  • Буцалж буй шөлөндөө будаагаа хийж буцлангуут нь галаа багасгаад бусад амтлагчуудаа хийнэ.
  • Шөл болохоос өмнө жижиглэн хэрчсэн сармис болон бусад ногоон амтлагч ногоонуудаа хийнэ.
9
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *