Бидний сэтгэл санааны байдалд нөлөөлдөг чухал хүчин зүйлүүдийн нэг бол бидний өдөр тутамдаа хэрэглэж байгаа хоол хүнс юм. Монголчууд эрт үеэсээ урин дулаан зун, намрын улиралд голчлон цагаан идээ, айраг таргаар хооллож, цагаан хоол идэн, өвөл хаврын хүйтэн сэрүүн цагт махан хоол хүнсээ хэрэглэж ирсэн зөв зохистой хооллолтын арвин баялаг мэдлэг туршлагатай ард түмэн. Гэсэн хэдий ч өдгөө энэ байдал алдагдаж, Монгол хүн махаа идэхгүй бол болохгүй гэсэн буруу ташаа ойлголтоор өвөл зунгүй мах иддэг байдал нийтлэг болжээ. Үргэлж махан хоол иддэг хүмүүсийн биеийн ерөнхий байдал хүнд лагс байхын дээр сэтгэл санааны хувьд сэргэлэн цовоо, хөхиүн байдал үгүй болдог. Тэгвэл ямар төрлийн хоол хүнсний бүтээгдэхүүнүүд хүний сэтгэл санааг өргөдөг болохыг мэдээний дэлгэрэнгүйгээс мэдэх боломжтой юм. Мөн долоо хоногтоо 1 удаа махгүй хоолны өдрийг бий болгож хэвшүүлэх нь бидний эрүүл мэндэд маш чухал ач холбогдолтой гэдгийг сануулах нь илүүдэхгүй бизээ.
1. Шоколад
Магадгүй энэ нь таны хувьд шинэ мэдээ биш байж болох юм. Гэхдээ стресс ихтэй хүмүүст 2 долоо хоногийн турш өдөр бүр 40 гр хар шоколад идүүлэхэд стрессийн даавруудыг бууруулж байгааг Швейцарь дахь Nestlé судалгааны төвд хийсэн судалгааны үр дүн харуулсан байна. Хэрвээ та өдөр бүр хар шоколад идэхээр шийдсэн бол дээр дурдсан хэмжээг баримтлах нь зүйтэй юм.
2. Нүүрс ус
Эсрэг талын хүчтэй домог яриануудыг үл харгалзан өгүүлэхэд нүүрс ус нь өөх тос үүсгэдэггүйгээр үл барам сэтгэл санааг өргөдөг. Archives of Internal Medicine-д хийгдсэн шинэхэн судалгаагаар жилийн турш маш бага нүүрс устай хүнс хэрэглэж байсан хүмүүс илүү их стресстэй, уур уцаартай болсон нь тогтоогджээ. Тэд өдөрт ердөө 20-40 гр нүүрс ус буюу 1/2 аяга будаа, нэг зүсэм талх хэрэглэж байсан ба илчлэг багатай ч нүүрс ус ихтэй бүхэл үрийн бүтээгдэхүүн, жимс, шош тэргүүтнээр гол хоолоо хийж байсан оролцогчдоос хамаагүй их стрессдсэн байжээ. Үүнээс эрдэмтэд нүүрс ус нь серотонины ялгарлыг дэмждэг гэсэн дүгнэлт хийсэн байна.
3. Жимс, хүнсний ногоо /бусад бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд/
British Journal of Psychiatry-д нийтлэгдсэн 3500 эрэгтэй, эмэгтэй хүн оролцсон судалгаанд өгүүлснээр өмнөх жил нь их хэмжээний амттан, шарсан хүнс, боловсруулсан мах болон боловсруулсан үр тариан бүтээгдэхүүн, өндөр илчлэгтэй сүү цагаан идээ хэрэглэж байсан хүмүүс дараах жил нь бүхэл үрийн бүтээгдэхүүнээр баялаг хүнс хэрэглэхэд харьцангуй стресс, уур хилэн багатай болсон гэжээ. Мөн өөр бусад судалгаа нь антиоксидантаар баялаг жимс, хүнсний ногоонууд, омега-3 тосны хүчил бүхий загас зэрэг нь депрессийн эрсдэл бага байх боломжийг олгодог гэжээ. Үр шош, цитрусын төрлийн жимс, бууцай гэх мэт хар ногоон хүнсний ногоонд агуулагддаг фолийн хүчил, В витамин нь сэтгэл санааг өргөдөг мэдрэлийн системийн эдүүдэд нөлөөлдөг байна.
4. Загас
Яргай, туна, сардин, солонгон өнгөт хулд загас зэрэг тослог загаснууд болон хясаа нь бидний биед байдаггүй ч сэтгэл санааг өргөх онцгой хүчтэй омега-3 тосны хүчлээр баялаг. Омега-3 тосны хүчлийн хувирал нь допамин, серотонин гэх мэт сэтгэл санаатай холбогддог тархины эдүүдэд нөлөөлдөг. Серотонины бага хэмжээ нь депресс, түрэмгий зан авир, амиа хорлох хандлагатай холбоотой. Допамин бол хоол идэх, бэлгийн харьцаанд орох гэх мэт тааламжтай үеүдэд хариу үйлдэл үзүүлж буй тархины даавар юм.
5. Гүргэм буюу saffron
Ираны Тегеран дахь эрүүл мэндийн шинжлэх ухааны сургуулийн Roozbeh Psychiatric Hospital эмнэлгээс сарын тэмдгийн өмнөх синдромтой 50 эмэгтэйн дунд судалгаа явуулжээ. Тэдэнд сарын тэмдгийн үеэр өдөр бүр 15 мг гүргэмийн капсул өгч байсан нь эмэгтэйчүүдийн 2/3-т сарын тэмдгийн өмнөх синдромын шинж тэмдгүүд арилсан үр дүн үзүүлсэн байна. Энэ судалгаанаас өмнөх судалгаагаар ч бас гүргэм нь депрессийн эсрэг үйлдэл үзүүлдэг нь тогтоогдсон юм.
6. Наргилын самар буюу кокос
Стрессдсэн үед наргилын самарны үнэр үнэртэх нь зүрхний цохилтын тоог бууруулж, тайвшруулдаг. Колумбын их сургуульд нислэгийн жижиг сургалтын үеэр сорилт даалгаврын дараа хүмүүст кокосын үнэр үнэртүүлэхэд цусны даралт нь илүү хурдан тогтворжиж байгаа үр дүн гарсан байна. Үүнээс улбаалан эрдэмтэд тааламжтай үнэр нь стресст үзүүлэх бидний хариу үйлдлийг тайвшруулаад зогсохгүй сонор соргог, сэргэлэн цовоо байдлыг нэмэгдүүлдэг гэж үзжээ.
7. Цай
Кофейн агуулсан хар, ногоон эсвэл хятад цай уухад оюун санааны сэргэлэн цовоо байдал нэмэгддэг гэж The Journal of Nutrition сэтгүүлд бичжээ. Эрдэмтэд цайны ургамлын төрөл зүйлүүдэд агуулагддаг тианин амин хүчил нь анхаарал болон төвлөрлийг нэмэгдүүлдэг гэсэн байна. Үр дүнг нь үзэхийн тулд өдөрт 5-6 аяга цай уух ёстой аж.
Зочин
2014/10/04 at 13:48
heregtei medeelel bailaa bayrlalaa