Гэмгүй мэт санагдах боловч хүүхдийн сэтгэлзүйд ноцтой асуудал үүссэн байж болзошгүйг илтгэх 5 төрлийн зан авир

1

Хүүхэд болгон л дүрэм журам зөрчдөг. Тэд ингэж л дэлхий ертөнцийг өөрийнхөөрөө таньж мэддэг байна. Хүүхдийн ааш, эрхлэх байдал, зөрүүд зан зэрэг нь эргэн тойрны бодит байдлыг мэдрэхэд илрэх хэвийн үзэгдэл. Гэхдээ хэвийн буюу зэрвэс харахад гэмгүй гэмээр зан байдлууд нь үнэн хэрэгтээ ноцтой асуудал илэрхийлэх тохиолдлууд ч бас бий.

Бидний ихэнх нь эцэг, эх болсон хүмүүс байгаа, тиймээс хүүхдийн ааш авир, зан төлөв ямар байдгийг сайн гадарлах биз. Энэ удаад хүүхдийнхээ зан байдлыг сайтар ажиглан харахад туслах сэтгэл судлаачдын судалгааны үр дүнгээс танилцуулахаар бэлдлээ. Харин бонуст нь, олон эцэг эхийн уурыг барж сэтгэлийг зовоох боловч хэвийнд тооцогдох цөөн шинжийг ч бас бэлдлээ.

Хоол голох

Хүүхэд хоолыг их голж шилдэг, аль нэг хүнсний бүтээгдэхүүн огт идэхгүй гэж тас зөрүүдлэнэ. Энэ нь тухайн хүүхдийг сэтгэл хөдлөлийн асуудалтай болохыг илтгэнэ. Аливаад өөнтөгч ханддаг хүүхдүүдийг элдэв юм ярьдаггүй бусад хүүхдүүдтэй харьцуулахад сэтгэл гутрал 2 дахин илүү илэрдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.

Судалгааны ахлагчийн хэлснээр, эцэг эхчүүдийн 14-20 хувь нь хүүхдүүдээ 2-5 насанд аливаа нэг хоол хүнс идэхгүй гэж аашилдаг хэмээн гомдоллодог гэжээ. Тиймээс судлаачид энэ насны хэсэг хүүхдүүдийг ажиглаж эхэлсэн байна. Хоол унданд сонголттой ханддаг хүүхдүүд бусад хүүхдүүдээс илүү ааштай, зөрүүд байгааг илрүүлжээ. Мөн хоол хүнсэндээ хэтэрхий их болон дунд зэргийн сонголттой ханддаг хүүхдүүдийн дунд сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрч байсныг судалгааны баг онцолсон байна.

 

Гадаад төрхдөө өөнтөгч хандах

Хүүхдүүд ямар нэг хувцас хатгадаг, үрдэг гэж гомдоллох эсвэл өмсөхөөс эрс татгалздаг, харин зарим хүүхдүүд нь урагдаж цоорсон ч хамаагүй тэр хувцсаа тайлахгүй өмссөөр л байдаг. Мөн цаг агаар ямар байгааг үл харгалзан халуун өдөр заавал ноосон малгай өмсөнө гэх, харин хүйтэнд бээлий өмсөхгүй явах нэгэн ч бий. Хүүхдүүдийн энэ байдалд эцэг эхчүүд зөрүүд ааш гэж хүлээн авдаг. Үнэндээ зөрүүд зан мөн, гэхдээ хэт их айдастай холбон авч үзэж болно.

Ялангуяа хүүхэд бохир заваан хувцас өмсөхгүй бушуухан солихыг шаардах явдал нь илүү анхаарал татна. Гадаа зугаалж байхад өчүүхэн ч гэсэн толбо болчихвол эсвэл гараа бараг л цаг тутамд савангаар угаагаад байгаа хүүхдүүдийн сэтгэл зүйг анхаарах шаардлагатай.

 

Утас, компьютерийг жирийн үеийнхээс илүүтэй хэрэглэх

Орчин үеийн хүүхдүүд ухаалаг утас, компьютер тоглоомоор тоглох нь их болжээ. Гэхдээ бусдаас илүү тайван бус байгаа хүүхэд дэлгэцийн өмнө илүү их цаг зарцуулдаг байна. Гажетад хэт их донтох нь айдас болон стрессийн шинж тэмдэг байж болохыг эрдэмтэд тогтоожээ. Хүүхэд ухаалаг утсаа олон цагаар хэрэглээд байгаа бол магадгүй тэр ямар нэгэн чухал үйл явдал эсвэл мэдээнээс хоцрохоос айж байгаатай холбоотой байж болно.

Хэрвээ та хүүхдэдээ ийм байдал ажигласан бол түүнтэй аль болох амьд харилцаа тогтоож гажетаас нь холдуулахыг хичээгээрэй. Түүнтэй онлайн тоглоом тогло, юу үзэж сонирхож байгааг нь сонирхож асуу. Ингэснээр та хүүхдийг айдаст автуулж байгаа зүйлийг олж мэдэх болно.

 

Шинэ тоглоом нэхэх

Олон эцэг эхчүүд, за даа олонсоод байх юу байх вэ дээ, бүх эцэг эхчүүд “аваад өг, аваад өг, аваад өг” гэх хүүхдийн гуйлттай тулгарч байсан, тулгарсаар ч байгаа. Хүүхэд болгон энэ үе шатыг давна гэж бид боддог, харин сэтгэл судлаач Людмила Петрановаскийн үзэж байгаагаар энэ бол буруу хүмүүжлийн үр дүн ажээ. Хүүхэд 12 нас хүртлээ өөрт юу дутагдаж байгаадаа сэтгэл зовохгүй байх нь хэвийн үзэгдэл ажээ. Энэ нас хүртэл хүүхэд өөрт байгаа зүйлээрээ баялаг, сэтгэл хангалуун явдаг.

Гэхдээ эцэг эх нь хүүхэдтэй байнга санхүү эсвэл мөнгөний тухай асуудал ярьж өөнтөглөөд байвал хүүхдэд дутагдмал хэв маягийн ертөнц тогтож эхэлдэг. Энэ тохиолдолд хүүхдэд дэлхий ертөнц гэдэг нь хүн болгонд аливаа зүйл хүрэлцээтэй байдаггүй, ямар нэгэн зүйл олж авахын тулд дандаа тэмцэж байх хэрэгтэй эс бөгөөс чи хов хоосон хоцордог газар юм гэсэн ойлголт сууна. Тиймээс дутагдмал хэв маягт байгаа хүүхэд дандаа л “авмаар байна, хүсэж байна” гэж гоншигноно, угтаа бол түүнд тэр тоглоом тийм ч хэрэгтэй бус. Зүгээр л тэр эцэг эхийнхээ анхаарлыг өөртөө татах гэж байгаа хэрэг юм, эцэг эхийгээ өөртөө хайртай, анхаарал тавьж байгаа эсэхийг шалгах нэгэн арга.

Энэхүү байдлыг элбэг дэлбэг байлгаж засна. Хүүхдийн хүссэн болгоныг авч өгөх нь гэж ойлгож болохгүй. Харин хүүхэд хүссэн эсвэл түүнийг шагнаж урамшуулж байгаадаа бус зүгээр хайрлаж, аав ээжийн хүслээр авч өгч байгаа гэсэн хэвийн голдиролд оруулах гэсэн арга юм. Гэнэтийн үнэтэй биш бэлэг нь уйлж гуйлгуулж авахуулсан үнэтэй бэлэгнээс илүүтэй эцэг, эхийн хайрыг хүүхдэд хүчтэй мэдрүүлдэг.

 

Байнга шинэ мэдээлэл хайх

Хэрвээ хүүхэд мэдээллийг байнга гүүгл-дэж хайдаг эсвэл олон асуултын хариултыг олох гэж хичээх, цаг тутмын мэдээ мэдээлэл үзээд байвал хэтэрхий их айдастай байгаагийн шинж болохыг сэтгэл судлаачид анхааруулж байна. Таны хүүхэд дэлхий ертөнцийг сонирхож эхэлбэл сайн хэрэг, гэхдээ “Газар хөдөлбөл юу болох уу?” гэдэг асуулт олшроод ирвэл түүнийг юу түгшээж байгааг алсуур асууж тодруулах хэрэгтэй. Түүнийг анхааралтай сонсож туслахыг хичээгээрэй.

 

Бонус: Түгшээж болох ч үнэхээр хэвийн зан байдал

  • Ааш гаргах. Энэ бол том болох явцад илрэх эрүүл бөгөөд хэвийн үзэгдэл. Энэ зан байдлын тусламжтайгаар хүүхэд гадаад ертөнцтэй танилцаж мэдэрдэг. Юм болгонд ааш гаргах үе бий, энэ үед эцэг эхчүүд сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай боллоо гэж санаа зовдог. Гэхдээ хүүхдийн хувьд энэ бол дарангуйлах хүсэл нь илэрч байгаа юм. Томчууд тэдэнд буулт хийсний дараа хүүхэд тайвширч нулимс гаргаж зөрүүдлэх хэрэггүй болсныг ойлгож тайвширвал тэр сэтгэл зүйн хувьд эрүүл. Тэр хүссэнээ аваад тайвширсан байна.
  • Гаднын хүмүүсийн дэргэд аймшигтай зан авир гаргах. Тайван байдаг хүүхэд зочин ирэхээр л гүйж, үсэрч харайгаад л, таныг цуг тоглоё гэж татаад л байдаг. Зарим эцэг эхийг энэ байдал айлгана, гэхдээ үнэндээ хэвийн үзэгдэл юм. Таны анхаарлыг хөндлөнгийн хүн авчихлаа гэсэн айдас хүүхдэд төржээ. Ингээд өөрийгөө чухал гэдгийг тэр мэдрэхийг хүсэж байгаа нь тэр юм.

Хүүхдэд сэтгэл зүйн ямар нэгэн асуудал байгааг илтгэх ямар тодорхой шинж тэмдгийг та мэдэх вэ?

41
ТэнэглэлТэнэглэл
22
БахархмаарБахархмаар
15
ГайхмаарГайхмаар
13
ГоёГоё
11
Ха ХаХа Ха
8
БурууБуруу
8
ХарамсалтайХарамсалтай
7
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Мөнгөнсувд О.

    Мөнгөнсувд О.

    2020/09/08 at 08:19

    ᠤᠯᠴᠡᠪᠠᠶᠡᠷ ᠡᠷᠳᠡᠨᠡᠰᠤᠪᠤᠳ

  2. Ogoo Gansukh

    Ogoo Gansukh

    2020/09/08 at 16:02

    Алтанхуяг Доржжанцан

  3. Naran Erkhembayar

    Naran Erkhembayar

    2020/09/10 at 17:23

    Лхагвасүрэн Ариунбаяр unshaarai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *