Их Британийн иргэн элдэв хуучин эд хогшил худалддаг жижигхэн дэлгүүрээс нэгэн хямдхан ваар худалдаж авчээ. Дараа нь eBay-ээр ваараа зарахаар байрлуултал худалдаж авахыг сонирхсон хүмүүс маш олноороо гарч ирсэн тул болгоомжлохоор шийдсэн байна.
Манан дунд сүүдэртэн харагдах Альбион хотын нэрээ нууцлахыг хүссэн нэгэн оршин суугч Хартфорширын нэгэн жижиг дэлгүүрээс тун ашигтай наймаа хийж чаджээ.
Ердөө ганцхан фунтээр худалдаж авсан ваар нь маш эртний эд болохыг хэзээ хойно нь олж мэджээ: Цяньлун хааны үеийн (Манж Чин улсын үеийн 6 дугаар хаан хэмээгддэг, 1711 оны 9 дүгээр сарын 25-наас 1977 оны 2 дугаар 7) шавар ваар.
Ваарны эзэн эд хөрөнгийнхөө бодит үнэ цэнийг интернет дуудлага худалдаан дээр байршуултлаа мэдээгүй байжээ. Дуудлага худалдааны үеэр түүнд санаанд оромгүй өндөр үнэ санал болгож эхэлсэн тул ваараа мэргэжлийн хүнээр үнэлүүлэхээр шийдсэн байна. Ингээд хамгийн ойр байрлах Swords дүрслэх урлагийн дуудлага худалдааны компанийн мэргэжилтнүүдэд ваараа үзүүлэв.
Дуудлага худалдааны компанийн мэргэжилтнүүд ваарны эзэнд дараах мэдээллийг өгчээ: ваар нь “Qianlong Famille” бэлгэ тэмдгийн дардастай, өөрөөр хэлбэл уг эдлэл нь экспортод зориулагдаагүй бөгөөд хааны ордны хэн нэгэн бүтээсэн байна гэжээ.
Үүгээр ч зогсохгүй вааран дээр хааны шүлгийг ч буулгасан байв. “Сайн үйлс дэлгэрүүлэх” тухай сэдэвтэй бөгөөд хоёр улаан тэмдэг дарсан нь “Цяньлун чэнь хань” буюу “Цяньлун хааны өөрийн тэмдэг”, мөн “Weijing weiyi” буюу “нэгдэлтэй байхын тулд тодорхой байх” гэсэн утга бүхий тэмдгүүд дарагджээ.
Нэг тал нь хавтгай, лийрний дүрсийг санагдуулам ваар нь нүүрэн талдаа цэцгэн хээтэй, хананд өлгөх зориулалттай.
Ваарны шар өнгө нь өөрөө онцгой утга агуулгатай буюу эзэн хааны өнгө хэмээгддэг.
Дуудлага худалдааны мэргэжилтнүүд ваарыг ойролцоогоор 80,000 орчим фунт стерлинг болно гэж үнэлсэн. Гэхдээ 8 дугаар сард болсон дуудлага худалдаагаар эртний уг эдлэл мэргэжилтнүүдийн таамгийг даван гарчээ. Хятадын нэрээ нууцлахыг хүссэн эртний эдлэл цуглуулагч ваарыг 484,000 фунт стерлингээр худалдаж авсан байна.
Ваарны эзэн ч мөн нэрээ нууц хадгалахыг хүссэн, гэхдээ дуудлага худалдаанаас олсон мөнгийг гурван охиныхоо ирээдүйд зарцуулах болно гэдгээ мэдэгджээ.