National Geographic сэтгүүл Монголд

0

National Geographic сэтгүүл Монголд


Маргаашдаа “Сайн уу?” гэж хэлцгээе
Мэдлэг, оюун ухааны цөм болсон National Geographic сэтгүүл Монголд мэндлэх гэж байна. Мэндлэх мэндлэхдээ ихэрлэн мэндлэх гэж байна. 1888 оноос хүн төрөлхтний зүрх сэтгэлд эх дэлхийгээ хайрлах, асран хамгаалах, байгалиар дамжуулан өөрийгөө танин мэдэх үзэл санааг суулгаж ирсэн энэхүү сэтгүүл тун удахгүй эх хэлээр маань бидэнд хүрэх нь. Энэ бол Монгол гагцхүү газар доорхи байгалийн баялагаараа дэлхийн анхаарлын төвд очоогүйн баталгаа. Энэ бол Монголын байгал, соёл иргэншил, түүх, уламжлал, ухаан дэлхийд үнэлэгдэх цаг ирсний баталгаа.
Түүнтэй танилц
1888 онд АНУ-ын 33 иргэн хамтран Үндэсний Газар Зүйн Нийгэмлэгийг (NGS) байгуулснаар үндэстэн дамнасан ашгийн бус шинжлэх ухаан, боловсролын энэ байгууллага түүхээ эхэлжээ.Зуу гаруй жилийн түүхэндээ мянга мянган шинжлэх ухааны экспедициудийг ивээн тэтгэж, инкүүдийн орхигдсон хот Мачу Пикчу, Фараон Тутанхамоны булш, Титаник хөлөг онгоцны хайгуул, Жак ив Кустогийн далайн гүний судалгаа, динозаврууд, хойд, өмнөд туйлын эрдэм шинжилгээний экспедициуд зэрэг 10 мянга гаруй хайгуул, судалгаа, шинжилгээний төслийг ивээн тэтгэсэн болон горилл, шимпанзе, парантроп зэрэг дэлхийн хэмжээний шинжлэх ухааны олон нээлтүүд чухамхүү энэ байгууллагатай холбоотой.

Түүх, соёл, газар зүй, археологи, палеонтологи, далай судлал, байгаль, шинжлэх ухааны хайгуул судалгаанд асар их хэмжээний хөрөнгө зарцуулж олон тооны боловсролын хөтөлбөртэй энэхүү нийгэмлэг цар хүрээгээрээ вант улс шиг өргөжжээ.

National Geographic нэрийн дор олон тооны ном, сэтгүүл, кино, телевизийн сувгууд ажиллаж дэлхий даяар хүн бүрийн зүрх сэтгэлд эх дэлхийгээ хайрлах үзэл санааг суулгаж байна.

АНУ-ын Үндэсний Газар Зүйн Нийгэмлэгийн шинжлэх ухаан, танин мэдэхүйн кино, хөтөлбөрүүдийг нэвтрүүлдэг National Geographic Channel телевизийн суваг нь дэлхийн 143 оронд 25 хэлээр цацагдаж 160 сая гаруй үзэгчидтэй болсон асар том медиа суваг болон ажиллаж байна.

1888 онд аравдугаар сард анх 200-хан хувь хэвлэгдэж байсан National Geographic сэтгүүлийг өнөөдөр дэлхийн 120 орны 50 сая орчим уншигчид 34 хэлээр уншиж байна. Хүрээлэн буй орчин, технологи, түүх, соёл зэрэг өргөн хүрээтэй нийтлэлийн бодлоготой энэхүү сэтгүүл дэлхийн соёлт хүн төрөлхтний мэдлэг, оюун ухааны нэгэн билэг тэмдэг, илэрхийлэл хэдийнээ болсон гэдгийг 1969 онд сарны гадаргуу дээр буусан сансрын нисгэгчид NGS-ийн далбааг мандуулан илэрхийлсэн юм.

Хүчтэй дуу хоолой

National Geographic сэтгүүлийн дуу хоолой дэлхийн өнцөг булан бүрт хүрч чаддагаараа гайхамшигтай. 1985 оны 6- сарын дугаарын нүүрэнд Стив Маккарригийн “Афган охин” гэрэл зургийг нийтэлснээрээ нийгэмд хүчтэй нөлөөлөл үзүүлж, 13 настай тэрхүү охин дайны эсрэг билэг тэмдэг болж чадаж байлаа.

Энэ сэтгүүл л анх дэлхийн дулаарал, цөлжилт, химийн бохирдол зэрэг хүрээлэн буй орчны олон асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулсан. Цахим ертөнцийн эринд өөрийн орон зай, дуу хоолойгоо алдаагүй энэхүү сэтгүүл Монголд мэндлэх гэж байна.

Монголын сэтгүүлзүй бүл нэмэх нь. National Geographic-ийн үндсэн сэтгүүл болох National Geographic, хүүхдэд зориулсан National Geographic Kids, аялагч нарт зориулсан National Geographic Traveler зэрэг нэгэн брэндийн гурван сэтгүүл тун удахгүй мэндлэх нь.

National Geographic нь үндсэн сэтгүүл бөгөөд шинжлэх ухаан, танин мэдэхүйн өргөн хүрээтэй нийтлэлтэйгээрээ онцлог. Боловсролтой, элит хүрээнийхэн ихэд таашаадаг энэ сэтгүүл дэлхийн сэтгүүл зүйд археологи, түүх, шинжлэх ухаан, соёл, технологийн тухай эксклюзив нийтлэлүүд, гайхалтай ховор нандин гэрэл зургуудаараа үнэтэй хувь нэмэр оруулсан түүхтэй. Аль ч орны албан ёсны хувилбарын цөм агуулга нь ижил байдаг нь түүнийг аргагүй дэлхийн хэмжээний сэтгүүл болгож чадсан юм.

National Geographic Traveler нь 20 жилийн түүхтэй бөгөөд албан ёсны 12 хувилбартай, 20 оронд түгээгддэг уншигчдын тоо нь хэдийнээ 8 сая хол давжээ.

NG Traveler гэдэг нь нэгэн төрлийн аяллын хөтөч, аялагчдын гарын авлага юм. Энэхүү сэтгүүлд тухайн орны визийг хэрхэн, хаанаас авахаас эхлээд хаана хоол идэх, юу идэх, хаана хоноглож, юу үзэх зэрэг хөтөч мэдээлэлээр баялаг. Хамгийн гол нь сэтгүүлийн экспертүүд дэлхийн нэр хүндтэй аялагчид байдгаараа онцлог.

National Geographic Kids нь хүүхдийнхээ боловсрол, мэдлэгт анхаардаг гэр бүлд таашаагддаг. Хялбаршуулсан, зугаатай байдлаар дэлхийн үүсэл, сансар огторгуй, хүрээлэн буй орчин техник технологи, шинжлэх ухааны нээлтүүдийн тухай өгүүлдэг. National Geographic Kids сэтгүүлийг дэлхийн 5 сая гэр бүл сонгон уншдаг бөгөөд олон улсын 18 албан ёсны хувилбартай. Жил дараалан Parents Choice Awards гэх мэт нэр хүндтэй шагналуудын эзэн болдог. National Geographic Kids брэндийн дор National Geographic Little Kids, боловсролын сэдэвтэй тоглоомууд, цуврал номнууд болон телевизийн суваг үйл ажиллагаагаа явуулдаг.

Монголын сэтгүүл зүйд өөрийн гэсэн орон зайтай, туршлагатай Ирмүүн хэвлэлийн газар дээрх өөр өөрийн онцлогтой, өвөрмөц сэтгүүлүүдийн албан ёсны эрхийг авч дэлхийг тольдох “цонх”-ыг монгол уншигчдынхаа өмнө нээж байна.

Бүгдээрээ зөв маргаашийн зүг алхацгаая

National Geographic брэнд Монголд төрж байгаа нь бид дэлхийг танин мэдэх өргөн боломж бүрдэж байгаагаас гадна эх орныхоо соёл, түүх, үндэсний үзэл санаагаа дэлхийд таниулах өргөн боломж нээгдэж байна. Тиймээс бид Монголын дуу хоолой болох сонирхолтой олон улсын болон дотоодын байгууллагууд, бизнесийнхэн, салбар салбарын эрдэмтэд, сэтгүүлчид, нийтлэлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд та бүхнийг хамтран ажиллахыг уриалж байна. Өнөөдөр Монгол улс уул уурхайд түшиглэн хөгжих замыг сонгож байна. Харин бид “байгаль дэлхий” хэмээх гэрээ хамгаалж, оюун санааны баялаг бүтээх, зөв хөгжлийг сурталчилах, дэлхийгээс сурах, дэлхийн сонорт өөрсдийн дуу хоолойгоо хүргэх маргаашийн зүг алхам хийж байна. Иймийн учир маргаашдаа “Сайн уу?” гэж хэлцгээе!

National Geographic Mongolia нь эх дэлхийгээ хайрладаг, дэлхийн түүх, соёл, шинжлэх ухаанд дурлагч, мэдлэгээ бусадтай хуваалцах, багаар ажиллах чадвартай төслийн удирдагч, зохицуулагч, ерөнхий редактор, сэтгүүлч, хэвлэлийн дизайнер, орчуулагч, фото редактор, гэрэл зурагчдыг нээлттэй ажлын байранд шалгаруулж авна. Шинжлэх ухааны салбар салбарын эрдэмтэн,судлаач, шинжээчдийг сэтгүүлийн шинжлэх ухааны зөвлөлдөө урьж байна.

Хүн бүрийн зүрх сэтгэлд эх дэлхийгээ хайрлах үзэл санаа үрслэх учиртай.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *