
Туркэд хор хохирол ихээр учруулсан аймшигтай газар хөдлөлтийн үр дагавраас сэхэж амжаагүй байтал байгалийн хачирхалтай үзэгдэл дахин өөрийнхөө айдсыг мэдрүүлжээ.
Тус улсын төвд байрлах Конья мужийн тариан талбайд асар том хэмжээтэй нүх бий болжээ. Гүн нь 15 метр, диаметр нь ойролцоогоор 100 метр. Конья хотын Техникийн их сургуулийн газар, хөрс судлалын факультетийн захирал Фетулла Арыкийн мэдэгдэж байгаагаар уг үзэгдэл нь газар хөдлөлтэй огт холбоогүй, тэгээд ч газар хөдлөлтөөс хойш 20 хоногийн дараа үүссэн гэжээ. Одоогийн байдлаар эрдэмтэд нүхийг судалж байгаа бол нутгийн ард иргэд эрдэмтэй номтой улсууд нэгийг хэлэх байх гэсэн харцаар ширтэн зогсох ажээ.

Учир нь Конья мужийн ард иргэд үл мэдэгдэх шалтгаанаар үүссэн аварга том нүхтэй мөр зэрэгцэн арав гаруй жил амьдарч байгаа юм. 2017 онд 200 гаруй метрийн диаметр бүхий том нүх үүссэн түүхтэй. Ийм нүх нэгээр тогтохгүй.

Хэдхэн хормын дотор л бий болох нүхнүүд нь тариан талбай, зам, тосгоны төвд ч гарчээ. Фермерүүдийн нүдэн дээр газар тариалангийн том талбай алга болж байсан тохиолдол ч бүртгэгдсэн байдаг.

Ийм том нүх үүсэж байгааг эрдэмтэд 30 орчим шалтгаанаар холбон тайлбарлаж байна. Эдгээрийн нэг нь гүний ус нүүрсхүчлийн хийтэй нэгдэж байгаатай холбоотой. Цаг хугацааны явцад нүүрсхүчил хөрсийг эвдэж хөрсний доор агуй бий болгоно, ингээд хөрс өөрийгөө дийлэхээ болиод нурж унадаг байна.

Бас нэгэн шалтгаан нь газар тариаланд гүний усыг ихээр ашиглаж байгаатай холбоотой гэжээ. Гол горхигүй, хур бороо орохгүй бүс нутгуудад гүний усыг газар тариалангийн усалгаанд түлхүү ашигладаг. Хөрсний гүнд хуурайшил явагдаж агуй үүснэ, ингээд хөрс өөрийгөө даахаа больж нурна.

Нутгийн иргэдийг нүхэнд ойртохгүй байхыг анхааруулж байгаа юм, учир нь нүхний эрэг орчим нурах эрсдэл тун өндөр гэж үзжээ.









