
Хаашаа л харна – эргэн тойрон төрөл бүрийн шинэ эд зүйл нүдэнд өртөнө. Жижигхэн, том, энгийн бас төвөгтэй. Гэртээ эсвэл гудамжинд харж байгаа бараг бүх зүйлийг хүн шинээр зохион бүтээж хийсэн. Бас хэн нэгний зохион бүтээсэн зүйлийг сайжруулсан тохиолдлууд ч их. Энэ нь ерөнхийдөө хоёр л зорилготой гэхэд буруудахгүй – тав тух болон хэрэглээ. Тийм учраас шинэ эд зүйлсээс болгоомжлоод байх хэрэггүй болов уу. Амьдралаас харахад эдгээр нь ирээдүйд бидний өдөр тутмын амьдралд ашиглах зүйл болох ажээ.
Тун ойрын үед хүмүүс баруун гар шигээ хэрэглэх эд зүйлсийг танд сонирхуулах гэж байна. Үнэхээр хүний амьдралд зайлшүй чухал байхаар зүйлс. Уран зөгнөлт кинотой огт холбоогүйг танд анхааруулъя. Энэ бол бидний бодит амьдрал.
Аи-Да – хүн төрхт робот

Аи-Да зураач робот – зүгээр ч нэг механизм биш, харин ч бодит гэмээр робот, яг л хүн шиг харагдана. Аи-Да роботын гол онцлог – өөрөө өөрийгөө хөгжүүлэх чадвартай. Андроид өөрийнхөө чадварыг байнга хөгжүүлж дээшлүүлж байдаг. Аи-Да зураг зурж чадна, баримал хийнэ, бас түүнтэй урлагийн талаар маргалдсан ч болно. Тэрээр аливаа нэг бүтээлийн талаар өөрийнхөө үзэл бодлыг илэн далангүй илэрхийлдэг.
Нисдэг төхөөрөмж

Ердийн хэрэглэгчдэд зориулсан нисдэг машин – ирээдүйн тухай уран зөгнөлт төсөөлөл шиг харагдах санаа. Гэхдээ Япончууд хүн төрөлхтний энэ мөрөөдлийг бодит болгохоор хичээнгүйлэн ажиллаж байгаа юм.
Саяхны SkyDrive стартап томоохон хотуудын толгойн өвчин болсон замын бөглөрлийг шийдэх гарц болно. Цаснаа явагчийн санагдуулам төхөөрөмж, 500 метрийн өндөрт цагт 100 км хурдлах хүчин чадалтай. Үүгээр зогсохгүй агаарт хагас тонн ачаа өргөх хүчин чадалтай машин юм. SkyDrive компанийнхан энэ жилдээ багтаагаад Японд агаарын такси явуулж чадна гэж найдаж байна.
Ухаалаг дугуй

Унадаг дугуйны болон автомашины дугуй хэзээ ч хагарахгүй гээд бод доо. Гоё юм бэ гэж та хэлэх байх. Ийм дугуй аль хэдийн гарсан байгаа шүү, ийм дугуйг америкийн The SMART Tire Company бүтээжээ. Хэлбэр санах ойтой, сайн ч амортизатор болно. Үзүүртэй зүйл дээгүүр гарсан ч эргээд өмнөх хэлбэртээ шилжинэ гэсэн үг. Хагарахаас үл айх дугуй даа.
Таны өмнөөс төлбөр хийх бөгж

Загварлаг чулуун бөгж нь ямар нэгэн зүйлд хүрэхгүйгээр зайнаас төлбөр хийх боломжийг олгоно.
Хамгаалалтай амны хаалт

Razer компани гэрэлтдэг өндөр технологийн амны хаалт бүтээжээ. Үйлдвэрлэгчид N95 шүүлтүүр нь агаарт дэгдсэн нянг 99 хувьтай шүүж чадна гэдэгт итгэлтэй байгаа юм.
Яриа өрнүүлэх робот

Яриа өрнүүлэх роботыг ElliQ компани өндөр настай хүмүүсийг ханьтай байлгах зорилгоор зохион бүтээжээ. Израилын шинэ төхөөрөмж нь тэднийг ганцаардуулахгүй, юу хийх ёстойг цаг тухайд нь сануулна, жишээ нь, эмээ уух эсвэл эмчтэйгээ ярихыг сануулах ажээ. ElliQ – гайхалтай хамтран ярилцагч. Робот онигоо ярьж чадна, шинэ мэдээ уншиж өгнө эсвэл ярилцагчтайгаа аливаа нэг асуудлаар өргөн цар хүрээнд санал солилцох чадвартай.
COVID-ыг амьсгалаар тодорхойлогч

COVID-ыг амьсгалаар 5-хан секундийн дотор тодорхойлох боломжтой юу? Одоо ViraWarn Freedom компанийн ачаар боломжтой болсон. Шинжилгээний хариу ч 100 хувийн магадлалтай гарна. Магадгүй тун удахгүй бидний мэдэх тест хоцрогдсонд тооцогдох байх.
Аливааг суралцах чадвартай ухаалаг протез

Ухаалаг бионик Esper Bionics протез – онцгой анхаарал татсан бүтээл. Энэхүү протез нь эрxтэн дутуу болсон хүмүүсийн амьдралыг илүү тав тухтай бас чанартай болгоход туслах юм. Esper Bionics-ийн бионик гарын онцлог – өөрөө бие даан суралцах чадварыг суулгахад оршино. Хүний тархины импульсийг мэдрэн тооцоолол хийсний дараа протез ямар нэгэн нэмэлт командгүйгээр өөрөө ажиллаж эхлэх ажээ.
Хүн дүрст Амека робот

Амека робот – Engineered Arts компани зохион бүтээжээ. Одоохондоо явж чадахгүй, хүний ярьж байгааг сайн ойлгохгүй. Гэхдээ роботын нүүрний хувирал – зохион бүтээгчдийн хамгийн том амжилтад тооцогдоно.
Урьд нь ямар ч робот Амека шиг нүүрний хувирал гаргаж байсангүй. Уг андроидын нүүрэнд суулгасан нүүр хувирлын 27 хөдөлгөөнд хамаг нууц агуулагдана. Амекаг зохион бүтээсэн үндсэн шалтгаан – робот болон хүн хоорондын уялдаа харилцааг тогтооход оршино.
Эвхэгддэг ухаалаг утас

Өнгөрсөн жил электроникийн салбарт гарсан чиг хандлага – эвхэгддэг ухаалаг утас. Хэд хэдэн алдартай үйлдвэрлэгчид энэ төрлийн ухаалаг утсыг зах зээлд гаргасан. Зарим нэг ухаалаг утас эзнийхээ хүслээр өөрчлөгдөнө: ганц хөдөлгөөнөөр л ухаалаг утаснаас таблет болж зориулалтаа өөрчлөх ажээ.
Орчин үеийн Kandao Obsidian Pro камер

Бичлэг хийх чанар Kandao Obsidian Pro камерын ачаар шинэ түвшинд гарна. 12К чанартайгаар бичлэг хийх боломжтой анхны камер юм. Харах өнцөг 360 хэм тул 3D панорам бичлэг хийнэ. Гэхдээ энэ шинэ технологийн камер үнийн хувьд өндөр – бараг л 40 гаруй мянган ам.доллар.
Шингэний тэнцвэрт байдлыг хянах мэдрэгч

Шингэний тэнцвэрт байдлыг хянах Nix био мэдрэгч – хүний бие махбодын шингэний тэнцвэрт байдлыг хянах зориулалттай. Мэдрэгчийг арьсан дээр амархан тогтоож болох бөгөөд шингэн дутагдсан үед ухаалаг утсанд мэдээлэл ирүүлэн дохио өгч анхааруулна. Ялангуяа, спортоор хичээллэдэг хүнд маш чухал мэдрэгч.
Мууранд зориулсан робот-бие засах суултуур

Өөрөө өөрийгөө цэвэрлэх Little Robot мууранд зориулсан суултуур нь гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн ажлыг хөнгөвчлөхийн зэрэгцээ амьтны арчилгааг илүү чанаржуулахад тусална. Орчин үеийн уг суултуур өөрөө өөрийгөө цэвэрлэх тул эзэнд их амархан байх болно. Эзэн хэдэн хоногт л ерөнхий цэвэрлэгээг хийхэд хангалттай. Үүнээс гадна, Little Robot өдөр болгон гэрийн тэжээвэр амьтны биеийн байдлыг хянаж эзэнд нь мэдээлэл хүргүүлдэг: муур хэдий хэр жин нэмэгдэв эсвэл хасагдав гэх мэт.
Давстай усаар цэнэглэж болдог гар чийдэн

Гар чийдэнгийн зай – өнгөрсөн зууны эд. Орчин үеийн WaterLight – давстай усаар цэнэглэж болдог шинэ эрин үеийн гар чийдэн. Ердөө 0,5-хан литр далайн ус байхад л гар чийдэнг 45 хоногийн турш тасралтгүй цэнэгтэй байлгаж чадна! Үүнээс гадна уг төхөөрөмжийг бага оврын үүсгэгч байдлаар ч ашиглах боломжтой, жишээ нь гар утасны цэнэглэгч болгон ашиглах нь.
Усан доорх туслагч

Advanced Navigation Hydrus – жолоочгүй усан доорх “тээврийн хэрэгсэл”. Далайн алслагдсан гүнд мэдээлэл цуглуулах зориулалттай төхөөрөмж юм. Уг төхөөрөмжид суурилуулсан хиймэл оюун ухаан нь аливаа саад бэрхшээлийг амархан даван гарч чадах бөгөөд 4К бичлэг хийнэ. Өөрөө бие даан орчноо гэрэлтүүлэн явах ажээ.
Анхлан суралцагчид ч далайн давалгаан дээр амархан тогтоход туслах цахилгаан самбар

Fliteboard 2.2 цахилгаан самбар – сёрфинг хийх боломжийг олгох төхөөрөмж юм. Самбарт суулгасан хөдөлгүүрийн ачаар сёфрерүүд ямар ч цаг агаарт гулгаж болно. Fliteboard цагт 40 хүртэл км хурдлах хүчин чадалтай, акумуляторын нэг цэнэглэлтээр бүтэн 1 цаг гулгах боломжтой ажээ.
Амттай наалт

Идэх дуртай бургер ийш тийш нурж унаад идэхэд төвөгтэй байдаг уу? Энэ асуудлыг Tastee Tape–ийн иддэг хүнсний наалтаар шийдэж болно. Одоо дурын хоол хүнсийг нааж болох нь. Наалтын орц цэвэр байгалийн гаралтай.







