
Хүн төрөлхтөн үргэлжид ямар нэгэн агуу зүйлийг бүтээхийг мөрөөдсөөр, оролдсоор ирсэн. Фараонуудын барьсан Гизагийн агуу пирамидаас эхлээд Птолемейн хаант улсын үед баригдсан Александрын гэрэлт цамхаг гээд дэлхий даяар олддог архитектурын эртний олдворууд нь үүний жишээ юм. Орчин үеийн ертөнцөд бүхий л зүйлд шинжлэх ухаан, технологи ноёрхох болсноор 90-ээд оны сүүл үеэс архитектурын агуу бүтээн байгуулалтын ажил цэцэглэж эхэлсэн. Энэ нь зүгээр нэг аварга том байгууламж бий болгох төдийгөөр хязгаарлагдахгүй хамгийн ‘ногоон’ барилга барих тал дээр өрсөлдөх болсон. АНЭУ, Хятад, Энэтхэг, Малайз болон Азийн бусад олон орнуудад энэхүү өрсөлдөөн өрнөх болсон ба энэхүү өрсөлдөөний үр дүнд дараах 10 барилга бий болсон байна. Түүгээр ч зогсохгүй [tweetable]Ази тивийн хамгийн өндөр барилгууд[/tweetable] хэмээгдэх болжээ.
1. Дубай, Бурж Халифа /Burj Khalifa/
АНЭУ-ын Дубай хотод байрлах Бурж Халифа цамхаг нь хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн өндөр байгууламж бөгөөд 829,8 метр өндөртэй. 2004 оны 9-р сарын 21-нд баригдаж эхэлсэн энэ цамхаг 2010 оны 1-р сарын 4-нд албан ёсоор нээлтээ хийсэн.
2. Хятад, Шанхай Тауэр /Shanghai Tower/
Шанхай хотод баригдаж буй энэ цамхаг Хятад дахь хамгийн өндрөөр зогсохгүй дэлхийн хамгийн өндөр барилгуудын нэг гэгдэхийг эрмэлзэж буй. Барилгын ажил 2008 оны 11-р сард эхэлсэн ба 632 метр өндөртэй болох уг барилгыг 2015 онд нээх болов уу гэж үзэж байна.
3. Абраж аль-Бейт, Саудын Араб /Abraj al-Bait/
Засгийн газрын эзэмшлийн энэ барилга 601 метр өндөртэй. Барилгын ажил нь 2004 онд эхэлж, 2012 онд ашиглалтанд оржээ.
4. Тайвань, Тайпей 101 /Taipei 101/
Тайпейн дэлхийн санхүүгийн төв гэгддэг энэ барилга 509 метр өндөртэй. 1999 онд барилгын ажил нь эхэлж, 2004 онд олон нийтэд нээлттэй болсон байна.
5. Хятад, Шанхайн дэлхийн санхүүгийн төв /Shanghai World Financial Center/
492 метр өндөртэй энэхүү өндөр байгууламжийн барилгын ажил 1997 онд эхэлж, 2008 онд дуусгавар болжээ.
6. Гонконг, Олон улсын худалдааны төв /International Commerce Centre/
2013 оны байдлаар дэлхийн хэмжээнд өндрөөрөө 7-д бичигдэж байсан энэ барилга нь 484 метр өндөртэй. Барилгын ажил нь 2002 онд эхэлж, 2010 онд ашиглалтанд орсон байна.
7. Малайз, Петронас ихэр цамхаг /Petronas Twin Tower/
Куала Лумпурт орших энэхүү өндөр барилга нь дэлхийн хамгийн өндөр ихэр барилга юм. 451 метр өндөртэй энэ барилгыг 1993 онд барьж эхлээд 1996 онд барьж дуусгажээ.
8. Хятад, Зифенг цамхаг /Zifeng Tower/
2005 онд баригдаж эхэлсэн энэ барилгын өндөр 450 метр бөгөөд 2010 онд олон нийтэд нээгджээ.
9. Хятад, Кингки 100 /Kingkey 100/
Хятадын Гуангдонг мужид орших энэ барилгын өндөр 441 метр өндөр аж. 2007 онд барилгын ажил нь эхэлж, 2011 оны 9-р сард дуусгавар болсон байна.
10. Хятад, Гуанжоугийн олон улсын санхүүгийн төв /Guangzhou International Finance Center/
Гуанжоу Уэст Тауэр ч гэж нэрлэгддэг энэ тэнгэр баганадсан өндөр барилгын төслийн ажил 2005 оны 12-р сард эхэлжээ. Гуанжоугийн ихэр цамхгийн хэсэг болох энэ барилгын ажил 2010 онд дуусгавара болсон байна.







