
Ертөнц нэг газраа зогсдоггүй, тэр дундаа технологийн ертөнц. Хүн төрөлхтөн өнөөдөр байж болох бүх техник, хэрэгслийг зохион бүтээсэн гэж бодож байвал та буруу бодож байна. Эрдэмтэд, зохион бүтээгчид төрөл бүрийн жижиг сажиг зүйлийг шинээр сэдсээр л байна. Эдгээр нь бидний амьдралыг илүү тав тухтай бас амар болгох ажээ. Сүүлийн үед эрүүл мэндэд тустай, биеийн байдлыг хянах үүрэгтэй эд зүйлс зохион бүтээгдэх нь их боллоо. Хэрэглэгчийн анхаарлыг зайлшгүй татах шинэ технологиудыг танд танилцуулах гэж байна.
Ухаалаг ул буюу флип-гутал

Link компанийн флип-гутал нэг талаасаа пүүз шиг зөөлөн, нөгөө талаасаа углааш шиг амар байх болно. Хөлөнд ирэх ачааллыг эрс бууруулахын зэрэгцээ ямар ч битүү гутлаас илүү хөлийг хамгаална. Уг гутал гүйлт, дугуй унах зэрэг биеийн бусад ачааллал авах дасгал сургуулилтын үед яг тохирно гэж зохион бүтээгчид нь үзэж байна. Флип-гутал зөөлөвч сайтай, нянгийн эсрэг улавчтай, хөл болон улавчны барьцалдах чадвар сайтай ажээ.
Хөлс ялгарахаар идэвхиждэг пробиотикоор хийсэн хувцас

Гентсийн их сургуулийн эрдэмтдийн тусламжтайгаар авьяаслаг дизайнер Рози Бродхед арьсны микробиом орчныг сайжруулахад нөлөөлөх тусгай материалтай хувцас зохион бүтээжээ. Уг хувцас пробиотик бактери дээр суурилагдсан бөгөөд хүн хөлрөхөд идэвхжиж эхэлдэг. Ялгарсан ашигтай бактери нь биеийн эвгүй үнэрийг багасгаж арьсны дархлааны системийг дэмжих, эд эсийг нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлдэг байна.
Бэлтгэлийн үр дүнг нэмэгдүүлэх ухаалаг туухай

Ухаалаг туухай – спортоор хичээллэж эхэлж байгаа болон мэргэжлийн хэмжээнд хичээллэж байгаа тамирчдад нэн хэрэгтэй хэрэгсэл. Уг зүйл хэд хэдэн шинэлэг горимтой бөгөөд спортоор хичээллэх үр дүнг эрс нэмэгдүүлнэ. Туухай нь тусгайлан боловсруулсан суурьтай – туухайн жинг автоматаар 5,5-аас 19 килограмм болгоно. Мөн хэд хэдэн үзүүлэлттэй, Bluetooth-ээр ухаалаг утсанд зохих мэдээллийг дамжуулна. Тамирчны биеийн идэвхтэй байдал, дасгалын давтамж, бэлтгэлийн хугацааг хянадаг.
Pillo робот – гэрийн сувилагч

Pillo – гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндэд анхаарал халамж тавих хайр татсан робот. Эм уух цаг болсныг сануулна, эрүүл мэндтэй холбоотой үнэтэй зөвлөгөө өгнө. Хиймэл оюун ухаан гэр бүлийн гишүүдийг нүүр царайгаар нь таньж чаддаг. Тийм учраас эмийн сонголтод алдаа мадаг гарна гэж байхгүй. Хүн болгон өөрийн уух ёстой эмийг сувилагчийн заавраар л ууна.
Биеийн дулаанаас шалтгаалж өнгөө өөрчилдөг хувцас

The Unseen компани биеийн хэм, чийг, даралт, тэр бүү хэл гэрэлтүүлгээс шалтгаалж өнгөө өөрчилдөг хувцас туршилтаар хийж байна. Энэ гайхалтай даавууг хэд хэдэн үйлдвэрлэгчид сонирхож эхлээд байгаа юм. Магадгүй тун удахгүй цаг агаарын байдал, эзнийхээ ааш араншингаас шалтгаалж өнгөө өөрчилдөг хувцастай болох нь ээ.
Шөнийн цагаар гүйлтээр хичээллэдэг хүмүүст зориулагдсан хүрэм

Vollebak брэнд харанхуй цагаар спортоор хичээллэх дуртай хүмүүст зориулсан бэлтгэлийн хувцас танилцуулсан юм. Уг хувцас ямар ч гэрлийн эх үүсвэрээс цэнэг авч харанхуйд гэрэлтэнэ.
Толгойн өвчин намдаах төхөөрөмж

Cefaly цахилгаан мэдрэлийн эс өдөөгч төхөөрөмж толгойн өвчнийг намдаана. Уг төхөөрөмж толгойн өвчин намдаахаас гадна урьдчилан сэргийлнэ.
Зүрхний шигдээсийг урьдчилан анхааруулах футболк

Lenovo компани зүрх, судасны системийг бүрэн хянах чадалтай футболкыг саяхан танилцууллаа. Хувцсанд төрөл бүрийн мэдрэгчүүд суурилуулсан бөгөөд эдгээр нь зүрхний цохилт, амьсгалын давтамжийг бүртгэж хянадаг. Хиймэл оюун ухаан цуглуулсан мэдээллээ өдөрт нэг удаа тусгай серверт илгээж дүгнэлтэд оруулдаг байна. Футболкны эзэн шаардлагатай үед өөрийн зүрхний үйл ажиллагааны талаар мэдээлэл авахаар хийгджээ.
Чихрийн шижингээр шаналж байгаа хүмүүст зориулсан оймс

Siren компани чихрийн шижингээр шаналж байгаа хүмүүст зориулсан оймс зохион бүтээсэн байна. Энэ хүнд өвчнөөр шаналж буй хүмүүсийн хөлийн ул үрэвсэх магадлал тун өндөр байдаг. Ухаалаг оймс хөлийн арьсны хэмийг хянаж үрэвслийг анхан шатанд нь илрүүлэхэд тустай.
Дуу хөгжмийг арьсаараа сонсоход туслах хувцас

Soundshirt футболк дуу хөгжмийг биеэр тань мэдрүүлнэ. Үүний тусламжтайгаар сонсгол муутай хүмүүс дуу хөгжмийг өөрийн биеэр мэдрэх юм.
Даралт хэмжих нүдний шил

Microsoft компани хэдхэн секундийн дотор артерийн даралт хэмжих шил зохион бүтээжээ. Даралтаа байнга хянах шаардлагатай хүмүүст уг шил зориулагджээ.
Хиймэл оюун ухаантай хөxний даруулга

Спортын Supa хөxний даруулга өөрийн хиймэл оюун ухаанаараа гайхагдана. Хөxний даруулга амьсгалын давтамж, зүрхний цохилтыг хэмжинэ, мөн эзэн нь наранд хэтэрхий удаан байвал анхааруулга өгдөг ажээ.
HiMirror ухаалаг толь

Цомхон ширээний толь нүүрний арьсны байдлыг хянаж чадна. Арьсны асуудалтай хэсгийг тодорхойлж тохирох гоо сайхны бүтээгдэхүүнийг санал болгоно. Нягтаршил өндөртэй дэлгэцэнд тусгай төхөөрөмж суурилуулсан тул өчүүхэн улайлт, барзгар, үрчлээ, хар толбыг ч илрүүлэх чадалтай юм.
Уншигч танд дээрх зүйлсээс хэрэгцээтэй санагдсан зүйл байна уу?







