Дэлхийд алдартай 13 брэндийг үүсгэн байгуулагчид ямар хүмүүс байдаг вэ? Тэднийг царай төрхөөр нь маш цөөхөн хүмүүс л мэддэг байна

0

Бид аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчийн нэрээр нь баримжаа авч чанарт нь итгэн худалдан авалт хийдэг уламжлалтай. Өмсөх дуртай пүүз эсвэл бичлэгийн шилдэг контентийн апп-ыг хэн бүтээж дэлхий ертөнцийг бага ч болов гэгээлэг болгосон юм бол гэж та бодож үзсэн үү?

Дэлхийд алдартай брэндүүдийн үүсгэн байгуулагчдыг бид бүгд нүүр царайгаар нь таньж байх ёстой гэсэн үднээс энэхүү нийтлэлээ бэлдлээ.

Nike — Фил Найт

© Insider Images / Polaris/East News

Залуу Фил Найт болон түүний дасгалжуулагч Билл Бауэрман нарыг гүйлтийн сонирхол нь нэгтгэж байжээ. 60-аад оны үед АНУ-д зарагдаж байсан гүйлтийн гутал тэдний сонирхолд огт нийцэхгүй байв. Тиймээс тэд Японы пүүзийг (одоо тэр нь Asics гэгдэх болсон) америкийн зах зээлд борлуулахын тулд Blue Ribbon Sports компаниа байгуулахаар шийдсэн юм.

Японоос бараа бүтээгдэхүүн оруулж ирэх нь ихэд хүндрэлтэй болсон тул тэд өөрсдийн пүүзийг хийхээр шийджээ. Бауэрман пүүзнийхээ загварыг бодож олсон гэдэг: өрмөнцөр жигнэмэгийг санагдуулам ул нь газартай сайн барьцалддаг. Дасгалжуулагч энэ санаагаа эхнэрийнхээ өрмөнцөр хийдэг машиныг хараад бодож олжээ.

1987 онд компаниа албан ёсоор NIKE гэж нэрлэх болсноос гадна одоо хүн бүгдийн мэдэх логог гаргажээ. Найтад эхлээд Nike гэдэг үг таалагдахгүй байж л дээ, тэр компаниа “Зургаа дахь хэмжээс” гэж нэрлэхийг хүсэж байсан гэдэг. Хамтрагчид нь түүнийг ятгаж Nike гэдэг нэрээр батлуулсан байна. Найт энэ мэт үйл явдлуудыг өөрийн “Shoe Dog” номондоо сонирхол татахуйцаар бичсэн ба уншвал зохих номын тоонд ч багтжээ.

 

Starbucks — Говард Шульц

© East News

Starbucks-ыг анхлан Сиэтл хотод кофены үр, тоног төхөөрөмжийн худалдаа эрхэлсэн дэлгүүр байдлаар 1971 онд ажиллуулж эхэлжээ. 1987 онд компанийг Говард Шульц (Il Giornale кофены газрын эзэн) худалдаж авсны дараа л бүрэн утгаараа кофены газар болж ажиллах болсон юм.

Говард италийн эспресс-бааруудаас санаа авч Америкт үндэстэй эспрессо ундааны алдартай компанийг үүсгэн байгуулжээ. Брэндийн цаашдын үүсэл хөгжлийг бүгд мэдэх байх: Starbucks-ыг дэлхийн өнцөг булан бүрт байгаатай таарна.

 

Zara — Амансио Ортега

© Depositphotos.com

Амансио бизнесээ аль 70-аад оны үед эхлүүлсэн байдаг: өөрийн гэртээ эхнэр Росалиягийн хамтаар халат, унтлагын хувцас оёж зардаг байжээ. Нэг удаа герман захиалагч их хэмжээний захиалгаа цуцалсан тул гэр бүлийн хосууд өөрсдөө бие даан хувцсаа зарахаар шийджээ. Анхны дэлгүүрээ 1975 онд Испанийн Ла-Корунья хотод нээсэн юм.

Ажил хэрэг ч амжилттай явагдаж эхэлсэн: уг брэнд “хормын моод” зарчмыг баримтлах болсон ба 2 долоо хоног тутамд моодны чиг хандлага болж байгаа шинэ загварын хувцас зах зээлд нийлүүлэх болжээ. Хөгжлийн явцад уг компани Inditex нэртэй болж үүнд хувцасны хэд хэдэн дэлгүүрийг багтаав: Massimo Dutti, Pull and Bear, Oysho, Zara Home, Uterqüe, Stradivarius, Lefties & Bershka.

2017 оны 8 дугаар сарын байдлаар Амансио Ортега эд хөрөнгийн хэмжээгээрээ Forbes-оос гаргасан дэлхийн баячуудын жагсаалтад багтжээ.

 

Pandora — Винни болон Пер Эниволдсен

© Kenn Lenox / flickr

1982 онд гэр бүлийн хос Эниволдсен Копенгаген хотод гоёл чимэглэлийн жижигхэн лангуу нээн ажиллуулах болжээ: тэд Тайландаас гоёл чимэглэл оруулж ирж зардаг байв. 1987 онд гэхэд тэдний компани томорч гэр бүлийн хоёр өөрсдийн дизайнаар гоёл хийхээр шийджээ.

Гэхдээ Pandora дэлхийн хэмжээний алдартай болтол 10 гаруй жилийн нүүр үзсэн юм. 2000 онд тэд нэгэн онцгой бугуйвчийг бодож олсон гэдэг: худалдан авагч өөрийн хүссэн дизайнаар бугуйвчаа хийж болно. Өөрөөр хэлбэл гоёлын дэлгүүрээс жижиг чимэглэлийг тус бүрээр нь цуглуулж өөрөө бугуйвчаа урлах боломжтой. Тэр цагаас хойш компанийн ажил улам ч өөдөлж, харин Эниволдсенийн гэр бүл Данидаа хамгийн баян гэр бүлийн тоонд багтах болжээ.

 

Hard Rock Cafe — Айзек Тигретт болон Питер Мортон

© thebeatleswomen / Instagram
© J. Vespa / WireImage

Дэлхийд алдартай кафены үүсэл хөгжлийн түүх үнэхээр сонирхолтой. 1969 онд The Doors хамтлагийн уран бүтээлчид “«Morrison Hotel” нэртэй цомгоо бичүүлж байж л дээ. Яг энэ үеэр тэд санамсаргүй байдлаар Hard Rock Cafe гэдэг нэртэй кафед орж үйлчлүүлж таарч. Тэдний бичүүлж байгаа цомог нь яг хард-рок хэв маягтай. Тэд кафед хэд хэдэн гэрэл зураг дараад дараа нь цомгийнхоо арын нүүрэнд гэрэл зургуудаа хэвлэсэн байна.

Жилийн дараа тэдэн рүү 2 англи эр ярьжээ – Айзек Тигретт болон Питер Мортон нар Лондонд Hard Rock Cafe нэртэй кафе ажиллуулах зөвшөөрөл авахыг хүсэж залгасан нь тэр. Хамтлагийнхан ч эсэргүүцэж дургүйцсэнгүй, төд удалгүй чөлөөтэй уур амьсгалыг бий болгосон кафе дэлхий дахинд алдаршиж эхэлсэн юм.

 

Laсoste — Рене Лакост

© East News

Дэлхийд алдартай брэндийг ямар нэгэн кутюрье зохион бүтээгээгүй, харин жирийн нэгэн теннисчин зохион бүтээжээ. Өнгөрсөн зууны 20-иод оны үед теннис тоглоход урт ханцуйтай цамц өмсдөг байлаа. 1926 онд теннисчин Рене Лакост нэг удаагийн тэмцээнд өөртөө зориулж хөнгөн давуугаар богино ханцуйтай цамц оёжээ.

Ренег “аллигатор” гэж хочилдог: тэр өрсөлдөгчийнхөө алдааг уучилдаггүй нэгэн байсантай нь холбоотой. Ингээд тамирчны өмсөх цамцан дээр матрын зураг гарч ирсэн нь уг брэндийн салшгүй бэлгэ тэмдэг болжээ. 1933 онд Рене спортоос явж теннис, гольф, дарвуулт усан онгоцны тамирчдад зориулсан цамц үйлдвэрлэх ажилдаа орж брэндээ үүсгэн байгуулсан түүхтэй.

 

Asos — Николас Робертсон

© Chris Ratcliffe / Bloomberg via Getty Images

Интернет дэлгүүр нээх санаа британи залуу Ник Роберстонд “Friends” олон ангит киноноос төрсөн гэдэг. Түүний эцэг эх бизнес эрхэлдэг, залуу ч өөрөө хэдэн жилийн турш маркетингийн салбарт амжилттай ажиллаж хэрэглэгчийн шаардлага, хүслийн талаар хангалттай мэдлэгтэй болж авсан байв. “Friends” олон ангит кино дэлгэцнээ гарч шуугиан тарьсан цагаас хойш үзэгчид NBC сувгаас киноны дүрүүдийн өмссөн, хэрэглэсэн бараа бүтээгдэхүүнийг хаанаас авч болох тухай асуугаад байгааг олж мэджээ. Ингээд л Робертсонд бизнесийн сайхан санаа орж ирсэн юм – дэлгэцээр гарч байгаа шиг бараа бүтээгдэхүүн зарж борлуулах.

Өөрийн байгуулсан интернет дэлгүүр болох Asos (сонирхуулж хэлэхэд, Asos гэдэг нь As Seen As Screen гэдэг үгний товчлол —“дэлгэцээр гарсан шиг” гэсэн утга агуулна)-оороо дамжуулж ихэнхдээ гэрийн тавилга зардаг байв. Төд удалгүй оддын үдшийн гоёлын даашинзны дуураймлыг зарах болжээ. 2004 онд компани ре-брэндинг хийж телевизийн сэдвээсээ холдон олон нийтийг хамарсан хувцас нийлүүлэхээр шийджээ. Энэ ажлын хүрээнд өөрийн нэрийн бүтээгдэхүүнээ ч гаргаж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар Asos – дэлхийд томоохонд тооцогдох интернет-дэлгүүр болжээ.

2015 онд Робертсон гүйцэтгэх захирлын албан тушаалаа орхихын зэрэгцээ компанидаа удирдах албан тушаал ч хашихаа больжээ.

 

Lego — Оле Кирк Кристиансен

© martin.braumann / instagram

1930-аад оны эхэнд Дани эр Оле Кирк Кристиансен индүүний суурь, шат үйлдвэрлэх үйлдвэр нээж ажилуулж байснаа төд удалгүй модон тоглоом үйлдвэрлэх болжээ. Компанийн нэр Lego нь хоёр Дани үгнээс бүтнэ: leg – тоглох, godt – сайхан.

1947 онд модон тоглоом нь хуванцар болж удалгүй бие биетэй нь эвлүүлж болохоор ховил гаргасан нь одоогийн бидний мэдэх Lego үүсжээ. Ямар ч хувилбараар тоглоомын элементүүдийг эвлүүлж болдог нь сонирхолтой: хэлбэр, дизайн нь өөр ч гэлээ өөр хоорондоо бэхлэгдэнэ. Тийм учраас орчин үеийн загварын тоглоом нь бүр анхны загвартайгаа ч амархан нийлдэг ажээ.

Оле 66 насандаа өөд болохдоо 4 хүүдээ компаниа өвлүүлэн үлдээсэн байна.

 

Burger King — Жеймс Макламор

© Tucker.mccormack / Wikimedia Commons

1954 онд франчайз бизнес эрхлэгч Жеймс Макламор, Дэвид Эжертон нар санхүүгийн хүндхэн байдалд орсон байсан Insta-Burger King компанийг худалдан авчээ. Бизнесийн гараа төдийлөн амжилттай байж чадаагүй юм. Компанийн бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчид тэр болгон сонирхохгүй байлаа. Гэхдээ Макламорын зохион бүтээсэн воппер хоолны цэсэнд нэмэгдсэний дараа бүх зүйл эрс өөрчлөгдөж эхэлжээ.

Олон удаагийн уналт, амжилттай тулгарсан Burger King одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд алдартай түргэн хоолны ресторануудын 2 дугаарт бичигдэх болсон. Гамбургер зарах уг ресторанаар өдөрт дэлхий дахинд нийт 11 сая гаруй үйлчлүүлэгч үйлчлүүлж байна.

 

Google — Ларри Пейж болон Сергей Брин

© East News

Компанийг Стэнфордын их сургуулийн 2 оюутан үүсгэн байгуулсан – Ларри Пейж болон Сергей Брин нар. Оюутнууд анхлан интернет хайлтын системийн тухай судалгааны ажил бичсэн ба дараа нь өөрсдийн судалгааны ажлын үндсэн дээр 1988 онд компаниа үүсгэн байгуулж google.com домейн хаягаар бүртгүүлжээ. Google нэр нь английн googol үгнээс гаралтай – 1-ээс 100 тэг гэсэн утга агуулна.

Бусад түүхийг нь өнөөдөр бүгд мэднэ дээ – бид өдөр болгон л энэ хайлтын системийг идэвхтэй гэгч нь ашиглаж байна.

 

Instagram — Кевин Систром

© kevin / Instagram

Дэлхий дахинаа алдартай бас нэгэн сервисийг мөн л Стэнфордын оюутан болох Кевин Систром бодож олжээ. Залуу гэрэл зураг сонирхдог нэгэн, нэг удаа урлагтай илүү ойр танилцахаар Флоренцоор аялжээ. Багш нь түүний сонирхлыг мэддэг учир түүнд Holga зургийн аппарат үзүүлжээ. Уг аппарат нь ретро хэв маягаар дөрвөлжин гэрэл зураг дардаг байв.

Хэсэг хугацааны дараа Кевин хөрөнгө оруулалт татаж чадсан бөгөөд их сургуульд цуг суралцаж байсан Майк Кригерийн хамтаар өөрийн гэрэл зургийн сервисийг боловсруулж эхэлжээ. Өрсөлдөгчид тэднийг алхам алдалгүй араас нь дагаж байсан тул хэрэглэхэд амар, гэхдээ тэднээс ялгарах нэг зүйлийг бодож олох хэрэг зайлшгүй тулгарсан юм. Систроим Флоренцод аялж байхдаа харсан хямд камерыг санаж тэндээс филтерийн санаагаа авсан гэдэг. Үүний ачаар анхны X-Pro II филтер гарчээ.

Аппликейшнийг гаргаснаас хойш 2 жилийн дараа Facebook 1 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Instagram нь зүгээр нэг аппликейшн биш, үүнд дурлаж бас үзэн ядaх ч хүн олон. Гэхдээ ихэнх хэрэглэгчдийн дунд өндөр нэр хүндтэй бүтээгдэхүүн болжээ.

 

Donna Karan, DKNY, Urban Zen — Донна Каран

© Art Garcia / Sipa USA / East News

Оёдолчин, дизайнерын гэр бүлд өссөн Нью-Йоркийн охин өөрийн амьдралыг загварын салбартай холбохоос ч өөр яах билээ. 14 настайдаа Донна насаа худлаа хэлж хувцасны дэлгүүрт худалдагч хийж байсан тэрээр дараа нь Anne Klein-д толгой эргэм амжилт гаргаж чадсан юм.

Донна өөрийн компанийг нөхөр Стефан Вайстай хамтран 1984 онд үүсгэн байгуулж, анхны цуглуулгаа хагас жилийн дараа танилцуулсан байна. Түүний “Seven Easy Pieces” цуглуулга нь олон эмэгтэйчүүдийн сэтгэлд нийцжээ. Караны загварын ертөнцөд танил тал ихтэй, мөн Donna Karan Co–ийн хөрөнгө оруулагчдын ачаар загварын эзэнт гүрэн 10 жилийн хугацаанд зөвхөн хувцасны салбарт төдийгүй үнэртний зах зээл дээр ч өөрийн хөлөө олж чаджээ.

2007 онд Каран Urban Zen брэндийг үүсгэн байгуулсан юм – эрүүл мэндийн хувцас болон бусад бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх шинэхэн төрсөн үйлдвэрээ хөл дээр нь босгохын тулд Каран Donna Karan Co-гийн ахлах дизайнерын албан тушаалаа орхиж зөвлөхийн үүргийг гүйцэтгэх болжээ.

 

TikTok — Жан Имин

© STR / AFP / East News

Видео контент хуваалцах алдартай сервисийг хятадын пгограммсит Жан Имин зохион бүтээжээ. 2012 онд Microsoft-д ажилласныхаа дараа өөрийн ByteDance компанийг үүсгэн байгуулсан нь өнөөдөр Хятадын төдийгүй дэлхийн зах зээлд хамгийн томд тооцогдох видео контентын үйлчилгээ болоод байна. Компанийн анхны аппликейшн нь Toutiao гэх мэдээний агрегатор байжээ. Одоогийн хүн болгоны мэдэх TikTok нь тэр үед Douyin гэх нэрээр 2016 онд цацагдаж байлаа (Хятадад энэ л нэрээрээ алдартай). TikTok хэрэглэгчдийн дунд огцом амжилт олж тэр дундаа дэлхийн бүх л өсвөр насныхны зүрх сэтгэлийг эзэмдэж чаджээ. Аппликейшнийг татсан тоо аль хэдийнээ тэрбумыг хол давсан. Жан Имин өөрөө видео контентоо идэвхтэй ашигладаг, мөн өөрийн багийг ч ашиглахыг шаарддаг гэнэ.

2021 онд Жан Имин компанийн ерөнхийлөгчийн албан тушаалыг орхиж урт хугацааны стратеги дээрээ төвлөрөн ажиллахаар шийджээ.

Та дэлхийд алдартай брэндүүдийн бараа, үйлчилгээг хэр их тогтмол ашигладаг вэ? Хэн үүсгэн байгуулсан байсныг нь та мэдэж байсан уу?

21
БахархмаарБахархмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *