Нөөцөлж хадгалж болохгүй ч айл бүрийн гал тогоонд хадгалагдсаар байдаг 8 хүнсний бүтээгдэхүүн

1

Ахуйн ажлыг бүрэн дүүрэн авч явах – тун чиг амаргүй даалгавар, ялангуяа орчин цагийн амьдралд. Тийм учраас бид хөргөгч, шүүгээний тавиурыг өөрт шаардлагатай гэсэн болгоноор дүүргэхийг хичээдэг. Гэнэт зочин ороод ирвэл өөрсдийгөө эвгүй байдалд оруулахгүйн тулд бэлтгэлтэй байх ёстой гэж үзнэ. Уг санаа нь буруу биш, гэхдээ тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг удаан хугацаагаар хадгалахад үнэр, амт нь өөрчлөгдөнө гэдгийг давхар анхаарах хэрэгтэй болж байгаа юм.

Чухам ямар хүнсний бүтээгдэхүүнийг нөөцөлж хадгалж болохгүйг бид судалж үзлээ. Мөн стратегийн нөөц болгон хадгалж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг хэрхэн зөв хадгалах ёстойг ч сонирхсон юм.

8. Кофе

Кофег удаан хадгаллаа гээд муудахгүй, гэхдээ амт чанарын хувьд өөрчлөгдөнө. Тэр өөрчлөлт муу тал руугаа байх нь хэнд ч ойлгомжтой биз ээ. Бүхэл үрийн, тэр ч бүү хэл вакум савлагаатай кофе ч олон сар хадгалахад өөрийн үнэрээ алддаг. Уутны амыг задгай орхисон бол өөртөө чийгийг шингээхээс гадна хөндлөнгийн бусад үнэрийг ч шингээдэг гэдгийг анхаараарай. Тиймээс кофег бөөнөөр нь худалдаж авахаас татгалзаж өөрийн тогтмол хэрэглээнд яг тохирсон хэмжээний кофе авч занших хэрэгтэй.

 

7. Гурил

© Depositphotos.com

Хадгалалтын горимыг зөрчвөл гурил мөн л агаарын чийгшлийг өөртөө шингээдэг хүнс. Үүнээс гадна өөр төрлийн хоол хүнсэнд наалдсан байсан шимэгч хорхой орж үржиж мэдэх юм. Энэ бүгдээс зaйлсхийхийн тулд, мөн гурилын хадгалах хугацааг 3 сар биш хагас жил болгохын тулд сэрүүн газар эсвэл хөргөгчинд хадгалж байгаарай. Ийм боломж байхгүй бол гурилыг бага багаар нь худалдаж авч сайн таглаатай хуванцар саванд хадгалж байгаарай.

 

6. Амтлагчууд

Давс, перец зэрэг байнгын хэрэглээний амтлагчийг өөрийн хэрэглээндээ тохируулаад нөөцтэй авч болно. Харин тусгайлан хэрэглэдэг амтлагчууд байдаг, жишээ нь, нунтаг цагаан гаа, цинамон, базилик зэргийг өдөр болгон хэрэглээд байдаггүй. Эдгээр амтлагчийг харанхуй, хуурай газарт зөв хадгалсан ч гэсэн удалгүй амт, үнэр мөн өөрийн шим тэжээлээ алдаж эхэлнэ. Тиймээс амтлагчийн үнэр, амтыг бүрэн мэдрэхийг хүсэж байгаа бол нунтаг амтлагчийг 6 сарын туршид л хэрэглэж байгаарай, харин үрээрээ байгаа амтлагчийг – 2 жилийн дотор хэрэглэнэ.

 

5. Элсэн чихэр

© Depositphotos.com, © Depositphotos.com

Элсэн чихрийг удаан хадгалж болох бөгөөд энэ хүнс нь өөрийн амт, чанараа алддаггүй. Гэхдээ хадгалалтын хэд хэдэн горимыг чанд баримтлах ёстой: сайн тагтай гялгар уут, хуурай агаарын солилцоо сайтай тасалгаа мөн тохирох хэм. Эс бөгөөс элсэн чихэр чийгтэж, хөгц үүсэж болзошгүй. Амтны хувьд ч өөрчлөлт гарах магадлалтай. Элсэн чихэр хийсэн уутыг байнга арчлах боломж байхгүй бол их хэмжээгээр битгий худалдаж аваарай.

 

4. Хөөлгөгч

Нарийн боов хийх дуртай хүн гуриланд хийсэн хөөлгөгч гурилаа хөөлгөхгүй байх тохиолдолтой учирсан л байх. Энэ үед хоол хийх ур чадваргүй гэж өөрийгөө буруутгадаг. Зарим нэг тохиолдолд хөөлгөгчид буруугаа өгөх хэрэгтэй, та хөөлгөгчний савлагаан дээрх хадгалах хугацааг хараарай. Хөөлгөгчийн хадгалах хугацаа ердөө л 3-4 сар байдаг, хөргөгчинд хадгалсан ч тэр. Тиймээс хоол хийхээсээ өмнө хөөлгөгчийн хадгалах хугацааг эхлээд харж заншаарай.

 

3. Мах

© Depositphotos.com

Шувуу, малын мах нөөцлөх – маш маргаантай асуудал. Ялангуяа хямд байгаа дээр нь ахиухныг аваад хадгалъя гэсэн бодол олон хүнд байдаг. Удаан хугацаагаар хөлдөөж хадгалсан мах техникийн хувьд аюулгүй ч гэлээ амтны хувьд өөрчлөгдсөн байдаг, өөрөөр хэлбэл илүү хуурай болсон байдгийг олон удаагийн судалгаагаар баталжээ. Хэрвээ энэхүү өөрчлөлт танд нэг их чухал биш бол махаа хөлдөөхдөө идэх хэмжээгээрээ жижиглэж тусад нь уутанд хийхийг зөвлөе. Идэх хоолныхоо махаа л гаргахаас бус нэг том бүхэл махыг хэд хэдэн удаа гэсгээж, дараа нь буцааж хөлдөөх хэрэггүй.

 

2. Бэлэг дурсгал, гоёлын тос

© Depositphotos.com

Олон хүн гайхах байх, гэхдээ тосны хадгалах хугацаа хязгааргүй – тагийг нь онгойлгосон тохиолдолд 1 жил, харин тагтайгаа нөхцөлд 3 хүртэл жил хадгална. Гэхдээ хадгалах хугацаа нь тосны төрлөөс хамаардаг ажээ (жишээ нь, хамгийн их удаан хугацаагаар хадгалж болдог тос бол олив). Үүнээс гадна бидний бодож байснаас маш нарийн горимд хадгалах ёстойг анхаар.

Тос нь хүчилтөрөгчтэй нийлэх ёсгүй, хэмийн огцом өөрчлөлт болон гэрэлд тэсвэргүй. Тэр дундаа бэлэг дурсгалын тосонд маш болгоомжтой хандана. Ийм тосыг хүмүүс тэр болгон хоол хүнсэндээ хэрэглэдэггүй. Гэхдээ хоолонд уг тосыг хийхээс өмнө заавал амталж үзээрэй, зарим нэг тос амтны хувьд гашуурсан байдаг ажээ.

 

1. Задалсан соус

© Depositphotos.com

Бараг айл болгоны хөргөгчний хаалганд төрөл бүрэн соус дүүрэн л байгаа: майонез, кетчуп, гич, тэр ч бүү хэл хүргэлтийн хоолтой цуг ирсэн жижиг савлагаатай соуснууд ч бий. Эдгээр хүнсний бүтээгдэхүүний хадгалах хугацаа тагийг нь онгойлгосон цагаас эхлээд л богиносдог гэдгийг анхаараарай. Сайтар тагласан таг эсвэл хөргөгч ч үүнийг аварч чадахгүй. Соусанд маш анхааралтай хандах хэрэгтэй, эс бөгөөс хоолны xордлого болох тохиолдол их гардаг байна.

Та бидний танилцуулсан зарим нэг зүйлтэй санал нийлэхгүй байж болох юм, эсвэл бүр эсрэгээрээ өөр бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүн нэммээр санагдсан уу? Санал бодлоо бидэнтэй сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

5
ГоёГоё
4
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *