Алдартай хийлч метроны хонгилд хөгжим тоглодог жирийн нэг хөгжимчин болж жүжиглэхээр шийджээ. Хүмүүс түүнийг хэрхэн хүлээж авч байгаа нь бидний одоогийн нийгмийн мөн чанарыг харуулах аж

0

Жошуа Белл (Joshua Bell) – америкийн алдартай хийлч ба түүний авьяас чадлыг Эвери Фишерийн шагналаар үнэлсэн байдаг. Уг нэр хүндтэй шагналыг 1975 оноос хойш хөгжимчдөд олгож эхэлжээ. Жошуагийн тоглолтыг нэгдүгээр эгнээний суудлаас үзэхийн тулд хүмүүс 415 ам.доллар төлөхөд бэлэн. Авьяаслаг хөгжимчний ур чадварыг харин филормонийн хананаас гадуур хэр үнэлэх бол?

Бид энэ асуултын хариултыг The Washington Post-оос зохион байгуулсан туршилтаас олж мэдсэн юм. Туршилтын үр дүн одоогийн нийгмийн мөн чанарыг харуулсан гэхэд буруудахгүй.

2007 онд америкийн хэвлэлийн газар Жошуа Беллд нэгэн туршилт хийх санал тавьжээ. Сэтгүүлчид хөгжимчнөөс гудамжны хөгжимчин болж метроны буудал дээр хэд хэдэн хүнд уран бүтээл тоглохыг хүссэн байна. Хэдий хөл хөдөлгөөний ид цаг ч гэлээ (туршилт өглөө хүмүүс ажилдаа явах цагаар хийгдэхээр төлөвлөгджээ) Жошуагийн дэргэд сонгодог хөгжим сонирхдог хүмүүс бөөгнөрнө гэж мэргэжилтнүүд тооцоолж байсан юм. Белл метроны зогсоол дээр тоглолтоо хийхдээ ч ихэд сандарсан гэж өөрөө дараа нь ярьсан байв. Тэр концертын танхимд тоглолтоо хийдэг хүн, тэнд түүний уран бүтээлийг сонсож шагшин магтах хүмүүс л ирдэг. Харин метроны буудал дээр Бах, Шуберт огт таалагддаггүй эрэгтэй, эмэгтэй хүмүүст тоглох хэрэгтэй болоод байна.

Сэтгүүлч, хийлчийн аль алинд нь эргэлзээ байсан ч туршилт үнэхээр сонирхол татжээ: хүмүүс санаанд оромгүй газар урлагийг анзаарах болов уу? Эсвэл бүр эсрэгээрээ Ван Гогийн уран бүтээлийг зөвхөн музейд л харж баясаж байснаа, хүрээнээс нь аваад үнэтэй биш кафед байрлуулахад хэн ч тоож хараагүй шиг туршилт болох юм болов уу?

© Roberto Serra — Iguana Press / Redferns / Getty Images

Жошуа Белл хуучны хийл дээр тоглодог, чухам алдартай Страдиварийн хийсэн хийл дээр. Метроны буудал дээр болох тоглолтондоо ч мөн өөрийн үнэтэй хийлээ барьж очжээ. Хөгжимчнөөс хэдхэн алхмын цаана хогийн сав байсан ба эд мэддэг хүн сайн харвал хийл нь хогон дундаас ялгарч байсан юм.

Өглөөний 7:51-д Жошуа тоглож эхэллээ. Эхний хөгжим нь Иоганн Себастьян Бахын хийлд зориулсан № 2 ре минорын Парти байв. Энэ л аяыг хийл хөгжмийн оргил гэж үздэг, дуу хөгжмийн үүднээс авч үзвэл тоглох маш хүнд техниктэй гэж үнэлэгддэг байна. Партийг тоглоход Беллд 14 минут шаардлагатай. Тоглолтын эхний минутад юу ч болсонгүй, арваад хүн алдартай хийлчийг анзааралгүй хажуугаар нь зүгээр явж өнгөрчээ. Гурав дахь минут дээр л нэг хүн толгойгоо эргүүлээд Жошуаг харсан байна. Эргэж харсан тэр эр нүдээ гүйлгэж харснаа өөрийн хэргээр цааш алхан алга болжээ. Өчүүхэн ч гэсэн анхаарал хандуулсанд хийлч дотроо ихэд баярласан гэдэг. Хагас минут хэрийн дараа хөгжимчинд анхны өглөг өгчээ. Тоглолтын туршид 7 хүн л сонгодог хөгжим сонсохоор ажлаа мартаж түр саатсан байна.

Беллийн 43 минутын тоглолтыг нууц камераар авсан тул чухам хэдэн хүн хийлчийг анзаараагүй хажуугаар нь өнгөрснийг тодорхой харж болно. 1070 хүн түүн рүү огт харалгүй өнгөрчээ. Жошуа гэхдээ гар хоосон буцсангүй – чамлахаар чанга атга гэж 52 ам.доллар (хөгжимчнийг таньсан цорын ганц бүсгүй түүнд 20 доллар өгсөн). Сонгодог хөгжим сонирхдог хүн филармонд болох ийм концерт үзэхийн тулд мянган доллар төлдөг.

© Michael Williamson / The Washington Post / Getty Images

Хийлчийн өөрийн сэтгэгдлээс сонирхуулахад: туршилтын явцад хүмүүс түүнд ямар ч анхаарал хандуулсангүй, бүгд түүнийг үл тоож байгаа мэт сэтгэгдэл төрсөн. The Washington Post-ын сэтгүүлчид туршилтын дараа метрогоор үйлчлүүлж байсан зарим нэг зорчигчдыг олж уулзжээ. Тэр дунд ганц эрэгтэй хүн л хийлчийн тоглолт сайхан бахадмаар байсан, би ч өөрөө хийлч болохыг мөрөөддөг байлаа гэж хэлсэн байна. Зарим нь метронд ямар нэгэн хөгжимчин байсан эсэхийг ч огт анзаараагүй өнгөрчээ.

© joshuabellmusic / Instagram

Энэхүү туршилтаас харахад хүмүүсийн ихэнх нь алдартай сонгодог хөгжмийг сонсохоор хором ч өөртөө гаргаж чаддаггүй нь тодорхой боллоо. Зүгээр ч нэг хөгжимчин биш дэлхийд алдартай хийлчийн тоглолтыг хүртэл.

Бид энэ боломжийг алдаж байгаа юм чинь амьдралын өөр ямар чухал зүйлийг анзааралгүй өнгөрөөж байгаа бол?

11
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *