
Зоригт үйлсээрээ алдар нэрд хүрсэн хүн, амьтдын олон түүхүүд байдгаас кино ертөнц тэдгээрээс сэдэвлэн олон бүтээлүүдийг туурвисан байдаг билээ. Манай сайт уншигч танд Дисней студийн 2019 оны бүтээл Togo хэмээх киноны баатрын амьдралын түүхийг хүргэж байна.
Togo гэж хэн байсан бэ?

Сибирь хаски үүлдрийн Togo нэртэй нохойны амьдралаас сэдэвлэн ижил нэртэй бүтээлийг Дисней студи 2019 онд гаргасан байдаг билээ. Тэгвэл Togo нь бодит амьдрал дээр умард зүгийнхний өдөр тутамдаа тээврийн хэрэгсэл болгон ашигладаг нохой чарганы эхэнд явдаг, хүч чадал, хурдаараа бусдаасаа ялгарсан амьтан байсан аж.
1925 онд Альяскын Номе нэртэй тосгонд халдварт өвчин дэгдэж байх үед Togo бусад нохдын хамтаар олон хүүхдүүдийн амь насыг аврах ажиллагаанд оролцож явсан гэдэг.
Түүнийг 6 сартай гөлөг байх үед Leonhard Seppala хэмээх үржүүлгийн газрын эзэн нь чарга хөллөгч нохой болгон сургах гээд чадаагүй тул гэрийн тэжээвэр нохой болгохоор зэхэж байсан ч Togo дaйжин, өөрийн эзэн дээр ирсэн түүхтэй.

Төрөлхийн удирдагч

Эзнээ аялалд гарах үед цаг уурын хүнд үед чадварлаг дагаж явдаг байсан нохойныхоо чадварыг харсан эзэн нь Russky нэртэй нохойныхоо дэргэд чарга хөллөгч нохойны тэргүүнд оруулжээ. Энэ үед Togo ердөө 8 сартай байсан гэдэг.
Togo нохой цаг хугацааны аясаар туршлага сууж, Russky нохойны оронд чиглүүлэгч нохой болж чадсан бөгөөд ард нь эгнэн яваа олон нохдын амийг удаа дараа аварч байжээ. Альяскын ширүүн уур амьсгалд эргээс салж буй мөсөн дээр гацсан үед гагцхүү тэр л бусдыгаа манлайлан зөв шийдвэр гаргахыг зорьдог байсан аж. Ийнхүү түүний хурц шийдэмгий зан, үнэнч шударга байдал нь эзэнтэйгээ харилцах харилцааг нь улам бүр дотно болгожээ.

Номе тосгоны хүүхдүүдэд нэгэн халдварт өвчний дэгдэлт гарав

1924 оны өвөл Альяскын баруун хойд хэсэгт байх Номе тосгонд 5-аас доош насны хүүхдүүдэд хоолой өвдөж, үрэвсэл үүсэх шинж тэмдгээр илэрдэг нэгэн халдварт өвчин дэгдэж эхэлжээ. Эхэндээ тосгоны эмч нар энгийн эмчилгээ хийж байсан ч хүүхдүүд амиа aлдаж эхэлснээр байдал хүндэрсэн гэдэг.
Ийнхүү орон нутгийн эмнэлгийн байгууллага дангаар өвчний эсрэг хүчрэхгүй болсон тул тэд АНУ-ын Эрүүл Мэндийн Яамнаас тусламж хүсч халдварт өвчний эсрэг тарилга яаралтай ирүүлэхийг хүсчээ. Гэсэн ч −46°C хүрч хүйтэрдэг умард нутагт чухам яаж нэг сая ширхэг тун тарилга хүргэх нь хүндрэл болж эхэлжээ. Тухайн үед тэдэнд ганц л сонголт үлдсэн нь байгалийн хүнд нөхцлийг үл ажран явах чадамжтай нохой чарганд найдах явдал байв.
Номе тосгон хүрэх урт аялал

1925 оны 2-р сарын 27-ны өдөр Ненана суурингаас тус бүр 20 нохой хөлөглөсөн 150 чарга эзэн болон түүний 9.1 кг жинтэй тарилгуудыг ачиж Номе тосгон руу хөдөлжээ. −53-аас −29 хэмийн хүйтэнд тэдний аялал өрнөсөн бөгөөд зарим чарга хөлөглөгч эрчүүдийн биеийн хэм хэт буурч, хөлдөлт явагдаж, ноход ч амиа aлдаж байжээ.
Ийнхүү аялалыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон багийн ачааг нэмж авсаар Togo болон түүний нохой чарга анх гарсан ачаанаасаа 3 дахин их хэмжээний ачаатай болжээ. Түүнчлэн хөлдсөн мөсөн тэнгис дээгүүр 32 км замыг туулах шаардлагатай болох үед Togo бусдыгаа манлайлан хөдөлж, ус руу цөмөрсөн ноход, чарга зэргийг татан гаргаж байсан гэдэг.

Түүхэнд тэмдэглэгдэн үлдээгүй баатарлаг үйл

Аялалын явцад хэдийгээр Togo баатарлаг үйл олон хийж, бусдыгаа манлайлж байсан ч энэ бүх алдар нэрийг Leonhard Seppala-гийн үржүүлгийн Gunnar Kaasen хэмээх эрийн Balto тэргүүтэй ноход авсан түүхтэй. Замын хүнд хэцүүг давж, асар хол замыг туулсан ч сүүлчийн 85 км замыг туулж, иргэдэд тарилга болон эмийг түгээж өгсөн тэдэнд ийнхүү алдар нэр очсон нь харамсалтай нь шударга бус явдал болсон билээ.
Өдгөө ч Номе хотын төв цэнгэлдэх хүрээлэнд Balto нохойн хөшөө сүндэрлэн байгаа бөгөөд түүний түүхийг өгүүлэх кино дэлгэцийн бүтээлүүд ч байдаг ажээ. Харин энэ бүх хугацаанд өөрийн хөшөөг босгуулж амжаагүй байсан Togo-д хүндэтгэл үзүүлж Нью-Йорк хотын Seward цэцэрлэгт хүрээлэнд түүний хөшөөг босгожээ.
Мөн 2011 онд түүнд “Хамгийн баатарлаг амьтан” гэсэн цолыг хүртээсэн бөгөөд түүний домогт түүхээс даруй 100 жилийн дараа Дисней студи түүний түүхийг өгүүлэх бүтээл туурвисан билээ.

Энэхүү түүхийн юу нь танд хамгийн их таалагдсан бэ?







