Монголын өмнөд нутгаар хил залгаа орших говийн цөлжилттэй 22 жилийн турш тэмцэж буй Хятадын нэгэн гэр бүл. Тэд амьдарч буй газраа мод, ургамалтай ногоон баянбүрд болгон хувиргаж, хүнсний ногоогоо ч мөн тариалж байгаа аж

0

Wang Tianchang-ын гэр бүл одоогоос 22 жилийн өмнө Их говь руу нүүж суурьшсан гэдэг. Тухайн үед говь нутгаас хүмүүс дүрвэн, аль болох өмнө зүг рүү амьдрахаар нүүж байсан ч тэд цөлжилттэй тэмцэхээр ирсэн нь энэ байсан ба хожим Хятадын цөлжилтийн эсрэг хөдөлгөөний томоохон нүүр царай болсон билээ.

Үнэхээр ч өмнөд хөршийн хувьд цөлжилтийн асуудал дэлхийд томоохонд тооцогдох байгаль орчны асуудлуудын нэгт тооцогддог. Манай орны өмнөд нутгаар хил залгаа орших Их говь нь 2,6 сая км.кв талбайг эзэлж буй бөгөөд цаашдаа ч улам бүр тэлэх хандлагатай байгаа юм. Говийн элс урагш нүүдэллэж, төв хятадын нутаг руу орсноор элсэн шуурга газар авч, нийслэл Бээжин зэрэг олон хотуудын уур амьсгал өөрчлөгдөж, олон сая хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдлийг дагуулж байгаа аж. Иймээс ч тус улсын засгийн газар “Ногоон хэрэм” нэртэй говийн цөлжилтийн эсрэг хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хэдийгээр үр дүн бүрэн дүүрэн гарч чадаагүй байгаа ч Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Wang Tianchang-ын гэр бүл шиг их ажилд ханцуй шамлан орсон хүмүүсийг сурталчилж, нийтийг уриалсаар байгаа юм.

Victor He/Unsplash

Их говьтой хил залгаа Госу аймгаас гаралтай Wang-ийн гэр бүл тариачид байсан бөгөөд хүүхэд насанд нь хэд хэдэн удаа элсэн шуурганаас болж ургацаа авч чадалгүй хүнд байдалд орж байсан учраас цөлжилттэй тэмцэxээр зориг шулуудаж байжээ. Ийнхүү 1998 онд тэрбээр эхнэр хүүхдүүдийн хамт төрсөн нутгаа орхиж, цөлжилтийн эсрэг тэмцэxээр говь руу нүүжээ.

Тэрбээр нүүхдээ өөрийн эзэмшилд байсан фермийн амьтад, 60 хонь, 7 тэмээ, 5 үнээгээ зарж, ердөө 6 хонь авч нүүсэн гэдэг. Говьд өнгөрүүлсэн эхний хоёр жил нь тийм ч таатай өнгөрөөгүй бөгөөд тарьсан мод, ургамлууд нь говийн шуурганд өртөж, ямар ч үр дүн үзэж чадаагүй ажээ. Гэсэн ч тэд бууж өгөлгүй, орчиндоо дасан зохицож амьдарчээ.

People’s Daily China / Facebook

Улмаар тэрээр салхи шуурганд нөмөр газарт мод суулгаж, газрын хөрсийг бэхжүүлж, элсний нүүдлийг барих өвс, бутлаг ургамал тарьж эхэлжээ. Тухайлбал цөл говь нутагт гиш өвс ургах магадлал 80 орчим хувьтай байдаг ажээ.

Өдгөө түүний гэр бүл говьд 22 дахь жилийн нүүрийг үзэж байгаа бөгөөд 70 нас гарч, эрүүл мэндийн асуудалтай болсон ч амьдралынхаа зорилгоо орхилгүй ажилласаар байгаа юм. Одоогийн байдлаар түүний хүү Wang Yinji аавынхаа зөвлөгөөн дор ажлыг нь үргэлжлүүлэн хийж гүйцэтгэж байгаа аж.

People’s Daily China / Facebook

Inkstone хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрбээр, “Намайг анх ирэхэд энд ногоон өнгөтэй зүйл юу ч харагдахгүй байсан. Зүгээр л шар элснээс өөр юу ч байгаагүй. Хэрэв бид ийм арга хэмжээ аваагүй бол энэ их элс өмнө зүг рүү жилд 2-3 метр нүүсээр л байх байсан” хэмээжээ.

Тэд өнгөрсөн 20 жилийн хугацаанд хагас тэрбум орчим төгрөгийг зарцуулсан аж. Тэдний энэ их хичээл зүтгэл талаар болсонгүй, 2010 онд засгийн газраас тэднийг цөл дэх фермер хэмээн тодорхойлжээ. Тэд элсэн говьд мод, ургамал тарихаас гадна хүнсний ногоо тариалж байгаа юм.

People’s Daily China / Facebook

Их говийн эсрэг тэмцэл дуусах болоогүй ч тэд өөрсдийн амьдардаг орчныг ийнхүү элсэн манханаас хүнсний ногооны талбай, мод ургамалтай ногоон баянбүрд болгон хувиргаж чадсан нь сайшаалтай.

Ийнхүү тэрбээр өөрийн амьдралаараа цөлжилтийн эсрэг тэмцэж болдог гэдгийг олон сая хүмүүст харуулж чадсан ч гүний усны нөөц хомсдолтой тул говьд их хэмжээний ийм ажил өрнүүлэхэд хүндрэлтэй хэмээн тодорхойлогдсон байдаг аж. Wang-ийн гэр бүлийн хувьд шинээр суулгасан зулзаган модоо жилд багадаа 3 удаа усалдаг байна.

People’s Daily China / Facebook

Ногоон хэрэм хөтөлбөр хэрэгжиж эхлээд 6 жилийн нүүрийг үзэж байгаа ч говийн асар том элсэн шуурга нийслэл Бээжин хотод хүрсэн явдал олон асуултыг араасаа дагуулсан билээ. Гэсэн ч тус улс цөлжилтийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, Wang Tianchang-ын гэр бүлийн туршлагаар цөлжилтийн эсрэг далайцтайгаар тэмцэx арга хэмжээ авч, одоогийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Түүчнлэн Хятад оронд Wang Tianchang-ын гэр бүлээс гадна Tububatu-ын гэр бүл, Yi Jiefeng зэрэг цөлжилтийн эсрэг үр дүнтэйгээр тэмцэж буй олон хүмүүс байдаг гэдгийг дурдах нь зүйтэй.

6
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *