Ямар ч найдваргүй бохирдсон гэж бодож байсан хувцсыг аврахад туслах угаалгын 12 нууцаас

0

Арилахгүй толбо хайртай хувцсыг дахиж өмсөхөөргүй болгож шууд хогийн саванд хаяхад хүргэдэг. Өөрт сайхан зохих даашинз, биед эвтэйхэн жийнсэн өмд эсвэл шинэхэн цамцаа хогийн саванд хаяхыг хэн ч хүсэхгүй нь мэдээж. Жирийн угаалгын нунтаг нь тос, соуснаас үлдсэн гүн толбыг арилгаж чадахгүйгээс хойш одоо яалтай ч билээ дээ. Ямар нэгэн үнэтэй химийн бодис ашиглахгүйгээр таны хувцсыг аврах хэд хэдэн аргууд байдаг юм.

Бидэнд түгээмэл тохиолдох толбыг арилгах зарим нэг хувилбаруудыг танилцуулахаар бэлдлээ. Бонусын хувьд кафе эсвэл ресторанд хувцсаа муухай болгосон үед хэрэг болох аргыг ч мөн танилцуулна.

Нимбэгийн шүүс зэвний толбоноос аварна

Зэвний толбыг нимбэгийн шүүс болон давсны тусламжтайгаар арилгаж болно. Толбон дээр эхлээд давс цацаад дараа нь нимбэгийн шүүсийг дусаагаад наранд хаттал нь орхино. Дараа нь угаалгын машинд хийж угаах юм. Ийм төрлийн толбо арилгахдаа хлорын агууламжтай цайруулагч бодис хэрэглэж огт болохгүй, эс бөгөөс зэв хувцсанд арилахааргүй үлдэнэ. Энэ арга илүү цайвар өнгийн материалтай хувцсанд тохиромжтой. Нимбэгийн шүүсийг бараан эсвэл тод өнгийн даавуун дээр дусаахаас өмнө харагдахгүй хэсэг дээр өнгө нь өөрчлөгдөж байгаа эсэхийг туршилтаар дусааж үзээрэй.

 

Давс, уксус нь дезодорантын толбыг арилгана

Дезодорантын толбыг хоёр аргаар арилгах боломжтой. Давсыг усаар зуурч толбон дээр түрхэнэ. Хэсэг байлгаж байгаад угаалгын машинд эсвэл гараар угааж болох юм.

Нөгөө хувилбар: хувцсаа цагаан уксустай хүйтэн усанд норгоно. Орцуудыг 1:4 харьцаагаар бэлдэх юм, өөрөөр хэлбэл нэг аяга уксусанд 4 аяга ус хийнэ гэсэн үг. Хувцсыг уусмалд нэг цаг дэвтээгээд толбыг сойзоор үрж арилгана. Хамгийн сүүлд угаалгын машинд хийж угаана.

 

Буцалсан ус жимсгэнийн толбыг арилгана

© Pixabay

Жимсгэнийн толбыг буцалсан халуун усаар арилгаж болно. Хоосон савны аман дээр толботой хувцсыг тавина, толбо савны голд байхаар тохируулаарай. Хувцсыг унахааргүй, жишээ нь резинээр тогтоож болох юм. Дараа нь буцалсан халуун усаа хийнэ. Энэ аргаар толбыг арилгахаас өмнө даавууг халуун усанд хүргэж болох эсэхийг нь шалгаарай.

 

Цуcны толбыг ганц хоёр жирийн орцоор арилгаж болно

Хувцсан дээрх цуcны толбыг арилгахын тулд эхлээд урсгал хүйтэн усанд угаах хэрэгтэй, дараа нь 15 минут орчим дэвтээнэ. Шингэний хэм хэдий хэр бага байна төдий чинээ үр дүнтэй, тиймээс усанд мөс хийж болно. Толбоны нэг хэсэг ууссаны дараа давс, шампуниар угааж эхэлнэ. Хувцсыг хүйтэн уснаас авч толбо дээр 1 х.х давс цацаад дараа нь шампуниа нэмнэ, дахиад 1 халбага давс цацна. Толбыг болгоомжтой үрж угаах бөгөөд дараа нь хүйтэн усаар зайлна.

 

Жирийн шохой тосны толбыг арилгадаг

Энэ асуудлыг шийдэхэд танд жирийн шохой байхад л хангалттай. Толбыг шохойгоор арч – цаг алдалгүй хурдан арчих тусмаа л толбо бүрэн арилна. Дараа нь хувцсаа бүлээн эсвэл халуун усанд угаагаарай. Гэхдээ хувцас болгон халуун хэмд тэсвэртэй байж чадахгүй гэдгийг анхаараарай.

 

Махны шүүсний толбыг угаалгын бодисоор арилгана

Махны шүүс эсвэл өөртөө уураг агуулсан аливаа хүнсний бүтээгдэхүүнээс үлдсэн толбыг найдвартай арилгах арга – энэ бол хүйтэн ус. Хоолны толбыг аль болох хурдан л арилгахыг хичээгээрэй. Толбыг арилгахдаа хувцсыг дотогш нь харуулна. Толбо арилахгүй байвал хүйтэн усанд дэвтээж байгаад цэвэрлээрэй.

 

Кетчупны толбыг уксусаар арилгана

Толбыг арилгахын тулд эхлээд хувцсаа дотогш нь эргүүлээд хүйтэн усанд угаана. Дараа нь хувцсаа буцааж эргүүлээд аяга таваг угаадаг бодис (1 х.халбага аяга таваг угаадаг бодисыг 30 мл устай хольсон байх) дусаасан даавуугаар зөөлөн арчаарай. Үүнээс өмнө толбон дээр бага зэрэг цагаан уксус шүрсэн байх хэрэгтэй. Энэ аргаар толбыг арилгахаас өмнө хувцасны материал уксуст тэсвэртэй эсэхийг нь заавал шалгасан байна. Энэ аргаар улаан лоолийн толбыг бүрэн арилгаж болно. Хэрвээ толбо бүрэн арилаагүй бол толбо арилгах аргыг дахин ашиглах боломжтой. Дараа нь хувцсыг хүйтэн усанд угааж цэвэрлэнэ.

 

Бэх спиртийн агууламжтай шингэнээс “айдаг”

Хувцсан дээр тогтсон бэхний толбыг спиртийн агууламжтай шингэнээр арилгаж болно. Жишээ нь, гар ариутгагч эсвэл үсний лакаар ч юм уу. Эхлээд уг бодис хувцасны өнгөнд нөлөөлөх эсэхийг шалгаарай. Хувцасны далд хэсэгт бага зэрэг гар ариутгагч дусаагаад 1-3 минут хүлээнэ, дараа нь цэвэр цаасаар арчиж аваарай. Цаасанд будаг гарахгүй байвал толбо арилгах ажилдаа санаа зовох зүйлгүй орж болох нь. Толбыг бодисоор цэвэрлээд дараа нь хүйтэн усаар угааж цэвэрлэх юм. Хамгийн сүүлд угаалгын машинд энгийн горимоор угаагаарай.

 

Буцалсан халуун ус кофе, цайны толбыг арилгана

Кофе эсвэл цайны толбыг буцалсан халуун усаар арилгах боломжтой. Толбыг аль болох хурдан арилгахыг хичээгээрэй. Гэхдээ даавуу болгоныг халуун усанд угааж болохгүйг анхаараарай.

 

Аяга таваг угаадаг бодис өвсний толбыг арилгана

Өвсний ногоон толбыг хувцаснаас арилгахын тулд ус болон 3%-ийн устөрөгчийн хэт ислийн уусмал бэлдэх хэрэгтэй (1:1 харьцаатай). Эсвэл шууд аяга таваг угаадаг бодисоор цэвэрлэнэ. Цагаан уксус болон усыг 1:1 харьцаагаар хольж толбон дээр түрхэж 30 минут орхиод сайтар үрж хүйтэн усанд угаана. Дараа нь угаалгын машинд хийж цэвэрлэгээг дуусгана.

 

Гичний толбыг хоёр энгийн орцоор бүрэн арилгана

Хамгийн энгийн арга – тал аяга усанд ½ х.х аяга таваг угаадаг бодис, хэдхэн дусал цагаан уксус дусаасан уусмалаар арчих. Уусмалыг толбо дээр түрхээд хэсэг байлгана, дараа нь халуун усаар угаах юм. Гичний толбыг арилгахад аммиак агуулсан бодис огт хэрэглэж болохгүйг анхаараарай.

 

Хуучирсан ямар ч толбыг наранд тавьж арилгана

Хувцас эсвэл ямар нэгэн даавуун дээр үлдсэн хуучин толбыг эхлээд хүчтэй толбо арилгагч бодис түрхээд дараа нь наранд гаргаж хатаана. Нарны туяа болон халуун агаар химийн урвалыг эрчимжүүлдэг байна. Энэ арга нь үр дүнгээ өгөхгүй ч байж болно, тиймээс дээрх аргууд тус болоогүй, эцсийн аргаа ашиглахаар шийдсэн бол л хэрэглээрэй – өмсөхөөргүй болсон хувцсаа хаяхаас өмнө л гэсэн үг шүү дээ.

 

Бонус: ресторанд хувцсан дээрээ хоол дусаавал яах вэ?

Ресторан явахдаа хэн ч биедээ устөрөгчийн хэт исэл эсвэл сод авч явахгүй нь мэдээж. Гэхдээ энэ газар л хувцсаа бохирдуулах магадлал өндөр. Хоолны толбыг хурдан арилгах арга хэмжээг хэр яаралтай авна төдий чинээ өмсөх дуртай даашинз, өмд, цамцаа хаях магадлал багасах юм.

1. Шоколадтай бялууны хэлтэрхий өмд эсвэл банзал дээр унасан бол юуны түрүүнд цэвэрхэн xутга, сэрээгээр бушуухан хусаж авах хэрэгтэй. Дараа нь хүйтэн ус дусаах эсвэл хийжүүлсэн усанд норгоод сахар орлуулагч цацна. Ингэсэн байхад угаалгын машины угаалга толбыг бүрэн арилгаж чадна.

2. Хувцсан дээр ямар нэгэн тостой зүйл унасан бол зөөгчөөс сахар орлуулагч авчирч өгөхийг хүсээрэй. Хувцсан дээр унасан тостой хоолыг хурдан аваад (цэвэрхэн амны цаас эсвэл талхны захаар) дараа нь сахар орлуулагчийг цацна.

3. Улаан лоолийн соусны толбыг хүйтэн усанд угаахын тулд хувцсыг дотогш эргүүлж харуулсан байх хэрэгтэй. Дараа нь зүсэм нимбэг авч үлдсэн толбыг сайтар үрж арчина.

4. Кофе эсвэл цайны толбыг хувцсанд үлдэхээс нь өмнө хүйтэн усанд бушуухан угааж дараа нь уксусаар арчаарай.

Гэрийн нөхцөлд та хувцсан дээрх толбыг яаж арилгадаг вэ?

5
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2021/06/14 at 12:48

    хурдан угаавал арилдаг

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *