“Аюултай” гэж боддог нохдын талаарх 25+ баримт. Зодооны үүлдэр л бол таныг гэмтээнэ гэх бодлыг тань өөрчлөх болно

0

Аливаа зүйлийн талаарх буруу ойлголтоос зөвхөн хүмүүс хохироод зогсохгүй, мөн бидний үнэнч, дөрвөн хөлт анд ч бас хохирно. Хэн ч юм, хэзээ ч юм нохойг янз бүрийн төрлүүдэд хуваажээ, жишээ нь “зодоон”-ы нохой гэх төрөл байна. Энэ төрлийн жагсаалтад багтсан нохойнуудыг хүмүүс харахдаа төрөлхийн алуурчин гэх, тэд яагаад ч энхрий, зөөлөн амьтад байж чадахгүй мэтээр үздэг. Үнэн хэрэгтээ хурц ширүүн харцтай питбул, доберман зэрэг бусад нохойнууд үнэхээр тийм аймшигтай юу? Хариултыг та энэхүү нийтлэлээс авах болно. Ямар ч тэжээвэр амьтан эзнээсээ өндөр хариуцлага, мэдлэг шаарддаг. Аливаа амьтантай зөв харилцаа тогтоохын тулд тэднийг ойлгож сурах хэрэгтэй.

1. Питбул – Өвчин шаналлыг мэдэрдэг нохой

© CaseyBarkson / reddit
  • Питбул өвчин мэдэрдэггүй гэсэн буруу ойлголт бидний дунд явдаг. Үнэн хэрэгтээ бол питбулын өвчин мэдрэх мэдрэмж нь хүнийхтэй тун төстэй, хамгийн гол нь тэдний хувьд өвчин мэдрэх мэдрэмж нь бидний адил нэн тэргүүнд биш байдаг юм. Уралдаан тэмцээнд оролцож байгаа тамирчин шиг л гэж та төсөөлөөрэй, өөрийн өвчин шаналлыг үл тоон барианд орохыг зүтгэх тамирчин шиг гэсэн үг. Яг л энэ маягаар питбул эзнийхээ командыг биелүүлэхийг хичээдэг юм. Бидний буруу ойлголтоос болоод эцэг, эхчүүд хүүхдүүдээ питбултэй ширүүн хандахыг зөвшөөрдөг эсвэл ширүүн гараар сургаж нохойг илүү уур уцаартай болоход нөлөөлдөг байна.
  • Питбул онцгой “зуултын механизм”-тай гэж эндүү боддог, нэгэнт араандаа зуусан олзыг тавихгүй гэнэ. Бодит амьдрал дээр энэ ойлголт буруу, питбулын шүд бусад нохойныхтой адилхан бүтэцтэй. Магадгүй энэхүү цуурхал нь түүний зуултын онцлогоос үүдэлтэй байж болох юм. Түүний өвөг дээдэс болох терьерүүд: олзоо амандаа зуугаад толгойгоороо хоёр тийш савж олзоо тавьдаггүй.
  • Питбул ямар нэгэн анхааруулгагүйгээр дайрахгүй, үүнд мөн эзний зөв хүмүүжил ч нөлөөлнө. Хэрвээ гомдоогоогүй, уурлуулаагүй бол өөрөөрөө тайван л байх нохой. Нэг ёсондоо ямар нэгэн шалтгаагүйнгээр хүн рүү дайрахгүй. Питбул хүнтэй хурц ширүүн харьцах нохой биш бөгөөд хүүхдийг хайрлах чанараараа алдартай.
© Aveerdeado / reddit
  • 1900-ээд оны эхэн үе хүртэл питбулыг хурц ширүүн биш зөөлөн ааштай нохой гэж үздэг байлаа, тийм ч учраас тэр үед хүмүүсийн хайртай гэрийн нохой байв. Яагаад гэвэл тэр нөхөрсөг чанараараа гайхагдаж байсан юм. Тэдний нэг “сул” тал гэвэл муухан манаач байдаг аж. Тэд хулгайчийг шинэ андаа гэж хүлээн авна, хулгайчийг аюул гэж харах нь ховор.
  • Питбул нь нохойны тайвшруулах үүргийг гайхалтай гүйцэтгэж чадна. Мөн энэ үүлдрийн нохой хүний эрүүл мэндийн асуудлыг хурдан мэдэрч чаддаг ажээ. Жишээ нь, сахарын хэмжээ багасах, цусан дахь хүчилтөрөгч дутагдах, бие дагжиж чичрэх зэргийг мэдэрнэ. Мөн эмээ уух цаг болсныг ч сануулдаг нохой юм.
© The_blueboys / Instagram
  • Питбулыг бусад амьтан руу дайрч сургадаг ч гэлээ тэд багаасаа л бусадтай нийгэмших зарчмаар газар нутгаа хуваалцаж чаддаг байна. Тус чадвар нь энэ үүлдрийн бүх нохойнд илэрнэ. Төрөлхийн зан чанараас хаашаа ч зайлж чадахгүй шүү дээ. Жишээ хэлэхэд л, ангийн нохой туулай хараад л араас нь давхина, фокстерьерүүд нүхний хажуугаар зүгээр өнгөрч чадахгүй, харин бигли нохой олз харсан бол зүгээр зогсож чадахгүй. Энэ бүх нохойнууд бүгд хүнд халтай гэж хэлэхгүй, тэгээд яагаад питбулын тухай өөрөөр яриад байгаа юм бол?
  • Питбул нохойн бусад үүлдрийн нохойноос илүү гарах чанар бол бусад руу дайрдаггүй. Үүнээс гадна питбул нөхөрсөг зан чанарыг үнэлэх Америкийн сэтгэл зүйн тестийг амжилттай давсан байдаг юм. 87,4% – энэ бол амжилттай үнэлгээ, өөрөөр хэлбэл австралийн овчарк, алтлаг ретривер болон спаниелиэс өндөр оноо авчээ. Харин бультерьерийн үнэлгээ хамгийн өндөр гарсан – 91,6%.
  • Бультерьерийн тухайд мэргэжилтнүүд түүнийг “нохойн арьс нөмөрсөн гурван настай хүүхэд” гэж тодорхойлсон байдаг. Бультерьер үнэхээр нөхөрсөг дотно, гэхдээ түүнд маш их идэвхтэй хөдөлгөөн хэрэгтэй. Ингэж байж тэр хуримтлагдсан бие махбод төдийгүй сэтгэл зүйн эрч хүчээ гадагшлуулна.
© Barcroft Media / Contributor / Getty Images
  • Хэрвээ нохой урьд нь зодооны тэмцээнд оролцож байсан бол түүнд аз жаргалтай тайван амьдралын боломж байхгүй гэж бодож болохгүй. Урьд нь хурц ширүүн гараар орсон нохойг зохих нөхөн сэргээх сэтгэл зүйн эмчилгээ, зөв хүмүүжлээр засвал үнэнч нөхөр болж чадна. Мэдээж нохойн өнгөрсөн амьдралыг сайн судалж үзэх хэрэгтэй, ингэснээр түүнийг сэтгэл зүйн талаас нь илүү сайн ойлгоно (сэтгэл зүйг үнэлэх ажлыг зөвхөн мэргэжилтэн явуулахыг анхаарна уу). Хэрвээ та түүнийг асрамжийн газраас авч өөрийн нохой болгохоор шийдсэн бол мэргэжилтний туслалцаа дэмжлэг аваарай.
  • Питбул бие даасан үүлдэр биш. Уг нохой америкийн питбультерьер, америк стаффордширийн терьер, америк бульдог зэрэг өөр бусад үүлдрийн цус холилдсон. “Питбул” гэдэг нэрийг сонсоод хүмүүс ихэвчлэн америк питбультерьерийг төсөөлдөг байна.

 

2. Ротвейлер – Хамгийн их тэвчээртэй нохой

© Fishmike52 / reddit
  • Ротвейлер хамгийн нийтэч, тэднийг хашаандаа уяхаас зайлсхийгээрэй. Яагаад гэвэл тэд эзнээ, хайртай хүмүүсээ ажиглаж, тэдэнтэй халуун дулаан харилцаа үүсгэх дуртай. Эзнээсээ хол зайтай байхаар сэтгэл санаагаар унадаг, айдаст автана. Энэ бүгд таагүй үр дагаварт хүргэхийг үгүйсгэхгүй.
  • Ротвейлер нь чадварлаг малчин бөгөөд эр зоригоороо ч гайхагдана. Мал маллаж байхдаа сүргийн ахлагчийг олж хэн нь эзэн болохоо тодорхойлох тулаанд дуудна. Өөрийнхөө эрх мэдлийг мэдрүүлсний дараа нохой тайвширч жирийн ажилдаа эргэж орох ажээ. Зарим нэг малчин нохойнууд зөрүүд малыг үл тоож харьцдаг бол ротвейлер түүнийг дарангуйлж өөрийнхөө юу хүссэнийг хийлгэж чадна.
© thrusterbuster00 / reddit
  • Ротвейлер гэр бүлдээ чин үнэнч бөгөөд зүрх сэтгэлээсээ хайрлана, бас тэвчээртэй. Бусад амьтадтай амархан зохицно, гэхдээ питбультэй зэрэг тэжээх гэж байгаа бол багаас нь нийгэмшүүлэх хэрэгтэй.
  • Ротвейлер зөвхөн шаардлагатай үед л хуцна.
  • Энэ үүлдрийн нохой сонирхолтой дуу чимээ гаргаж чаддаг, жишээ нь, муур шиг зөөлөн “архирах”.

 

 

3. Доберман – Маш дуулгавартай амьтан

© killypup / Instagram
  • Доберманыг хамгаалалтын, манаачийн зорилгоор тэжээдэг байжээ. Яагаад гэвэл тэр том биетэй, зоригтой, мөн өрсөлдөгчийг өөрийн эрхгүй айдаст автуулж чадна. Гэсэн хэдий ч доберманы хурц ширүүн аашийг орчин үеийн селекционеруудын (аливаа нэг ургамал, амьтны аймгийг төгөлдөржүүлэх мэргэжлийн хүмүүс) тусламжтайгаар зөөлрүүлж чадсан юм. Тэдний сурах чадвар өндөр бөгөөд оюун ухаанаараа гайхагдаж байна.
  • Мэргэжилтнүүдийн дүгнэн үзэж байгаагаар, доберман муу тодорхойлолтгүй бусад үүлдрийн нохойтой (кокер-спанель, далматин, немец дог) харьцуулахад хүмүүст хавьгүй зөөлөн ханддаг гэжээ.
© DannotheDoggo / reddit
  • Зарим нэг хүмүүс доберманыг уурлуулж байж гэр бүлээ бүрэн хамгаалуулах зан чанарыг гаргаж ирнэ гэж боддог. Энэ бол буруу ойлголт. Нохой хэний ч зааваргүйгээр өөрт үнэ цэнэтэй хүнээ аюулаас хамгаална, энэхүү чанарыг удирдах ямар ч боломж байхгүй. Харин нохойг зориудаар уурлуулах юм бол тэгж хүмүүжүүлж байгаа хүнд өөрт нь хамгаалалт хэрэгтэй болно доо. Энэ үүлдрийн нохой бие махбодын шийтгэлийг тодорхой түвшинд даван туулах чадвартай, харин тэвчээр дууссан цагт өөрийгөө бүрэн хамгаалж эхэлдэг.
  • Бас нэгэн буруу ойлголт: нохойг гаднын хүмүүсээс тусгаарлах ёстой, ингэж байж гэр бүлээ хамгаална. Доберманыг нийгэмшүүлэхгүй бол тэр хамгаалагч болж чадахгүй, харин ч аюулаас айдаг л амьтан гарна. Нохой бусадтай уулзаж учирч, харилцаж байх ёстой, боломжтой бол хаа явсан газраа түүнийг дагуулж яв. Нохойтойгоо аль болох салахгүй ойр дотно байхыг хичээгээрэй.

 

4. Боксер – Хүүхдийн халамжтай асрагч

© Chulipongo / reddit
  • 1938 онд энэ үүлдрийн нохойг тодорхойлж бичсэн тодорхойлолтоос дурдвал: “Боксерийн зан ааш эмзэг гэж хэлж болохоор, тиймээс маш их анхаарал хандуулна. Түүний бусдыг хайрлах хүсэл хязгааргүй, эзэндээ төдийгүй түүний гэр бүлд үнэнч. Өөрсдийнхөндөө муу зүйл огт хийхгүй, гэхдээ танихгүй хүнд болгоомжтой, сонор сэрэмжтэй харьцана. Тоглоом наадамд дуртай, идэвхтэй, нөхцөл байдлаас шалтгаалаад эр зоригтой бөгөөд шийдэмгий зан гаргаж чадна. Түүний оюун ухаан, сайхан сэтгэл, даруу зан нь гэр бүлийн нохой болохыг баталж байгаа юм, түүнтэй байхад хэзээ ч уйдахгүй. Боксер хөгширсөн ч гэсэн алдаа мадаг гаргахгүй”. Үүнээс илүү ойлгомжтой тодорхойлолт байхгүй биз ээ.
  • Боксерийн зан төлөв бүрэн тогтоход лав гурван жил шаардлагатай, тийм ч учраас хүмүүс түүнийг мөнхийн гөлөг ч гэж тодорхойлдог. Хэдий том аварга биетэй ч гэлээ сэтгэлдээ гөлөг хэвээрээ л үлдэнэ, тэрээр аливаа эрдмийг богино хугацаанд амархан сурч чаддаг ажээ.
© flowbotronic / reddit
  • Боксер нь хүүхэдтэй гэр бүлд ээлтэй нохой хэмээгддэг. Эрч хүчтэй боловч хүүхдэд их тэвчээртэй ханддаг, тэднийг хамгаалахад бэлэн. Энэ нохой бол аугаа том зүрх л гэсэн үг, эзнээ чин сэтгэлээсээ хайрлана. Санаж явах цорын ганц онцлог гэвэл, боксерууд баярласан үедээ өөрийн мэдэлгүй хүн дээр үсрэх зуршилтай, ямар ч том хүнийг унагааж мэднэ.
  • Боксер дуу чимээ ихтэй нохой, уйдсан үедээ эсвэл танихгүй хүн мэдрэх болгондоо хуцна. Өдөр болгон нэгээс хоёр цаг идэвхтэй хөдөлгөөн хийлгэж байвал зохино: цэцэрлэгт хүрээлэнгээр зугаалах, гүйх, үсрэх, команд өгөх. Мөн нохойг удаан цагаар ганцааранг нь үлдээхгүй байхыг хичээгээрэй, эс бөгөөс уйдсанаасаа болж хуцна. Үнэндээ өөрийгөө л зугаацуулж байгаа хэрэг. Энэ байдал хөршүүдэд таалагдахгүй нь ойлгомжтой.
  • Энэ үүлдрийн ихэнх нохой чанга хурхирахаас гадна эзнээсээ юм гуйх, асуухыг хүсэж байгаа үедээ инээдтэй чимээ гаргадаг.

 

5. Мастиф буюу банхар – Аварга том бөгөөд уян зөөлөн

© sweetestone2 / reddit
  • Мастиф хэдий аварга том биетэй ч гэлээ уян зөөлөн, хайр энэрлээр дүүрэн нохой гэдгээрээ алдартай. Гэхдээ түүнийг ажилч үүлдэр гэдгийг хэзээ ч мартаж болохгүй, түүнийг өдөрт хэд хэдэн удаа агаар салхинд гаргах зав байхгүй бол тун удахгүй таны гэр орныг сүйдэлж орхино шүү. Энэ нохой уйдаж чаддаггүй, тиймээс өдөр болгон идэвхтэй дасгал хийлгэж хөдөлгөж байх хэрэгтэй, аль болох чөлөөтэй гүйлгээрэй.
© leonidas.bh / Instagram
  • Төвд банхар өөрийн гэсэн онцлогтой нохой: хэдэн зуун жилийн турш төвд банхарыг гаргаж авах ажил хийгдсэн бөгөөд шөнийн манаачийн зорилгоор гаргасан гэж үздэг. Араатан амьтан, хулгайчийг шөнөжингөө өөрийнхөө хуцалтаар айлгадаг. Тиймээс төвд банхарыг хашаандаа хонуулахаас зайлсхийнэ, ялангуяа ойр зэргэлдээ хөрш айлтай бол төвд банхараа гадаа бүү хонуулаарай.
  • Англи банхарын хувьд анхаарал халамж шаардлагатай. Тэд сэтгэл хөдлөл ихтэй, тиймдээ ч тэдний сэтгэлийг амархан эзэмдэнэ. Жишээ нь, англи банхар руу чанга дуугарахад санаагаар уначихдаг. Мөн сургаж байна гээд хүч хэрэглэж огт болохгүй.

 

Дүгнэлт: Нохойг гэрийн сайн нохой болгох уу эсвэл “зодоон”-ых болгох уу гэдгийг эзэн л шийднэ

Тулаанд орж байгаа ямар ч нохойг “зодоон”-ых гэж тодорхойлж болно, гэхдээ мэргэжлийн үүднээс ингэж тодорхойлсон тодорхойлолт байхгүй юм. Ямар ч амьтныг хурц ширүүн араатан болгож болно. Тухайн нохойн төрөлхийн зан чанар хурц ширүүн гэдэг ойлголт бол буруу гэдгийг үүгээр уламжилж хэлмээр санагдлаа. Харин нэгэнт хурц ширүүн ааштай болгож хүмүүжүүлсэн амьтныг зөөлөн болгож хүмүүжүүлэх зам амаргүй, цаг хугацаа ихээр шаардана.

Буланд шахагдсан ямар ч амьтан өөрийгөө хамгаалах чанараа гаргана, тэр дундаа нохой ч мөн адил. Нохой ямар ч шалтгаангүйгээр муу авир гаргахгүй, үүнд ямар нэгэн шалтгаан заавал нөлөөлнө. Зөв хүмүүжил дутагдсан, түүнтэй хурц ширүүн харьцаж байсан гэх мэт. Гэрийн тэжээвэр амьтны хүмүүжил эзнээс шалтгаална, энэ бол бүхэлдээ эзний хариуцлага. Эзэн хүн нохойгоо зөв хүмүүжүүлэх ёстой, тэр хүн нохойгоо зөвхөн гинжлэх, хошуувч зүүх хариуцлага хүлээгээд зогсохгүй мөн сэтгэл зүйн эрүүл мэндийг нь ч бүрэн хариуцах үүрэгтэй.

Таны гарт ямар гэрийн тэжээвэр амьтан амьдарч байна? Тэдний тухай ямар нэгэн буруу ойлголттой тулгарч байв уу?

39
ГоёГоё
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Хан-Эрдэнэ М.

    Хан-Эрдэнэ М.

    2020/05/14 at 01:48

    Mastiff banhar bish shvv

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *