Киноноос нь олж үзэх боломжгүй “Титаник” хөлөг онгоцны зорчигчдын бодит амьдрал дээрх 8 баримт

0

Хааны орд харш шиг бараг юугаар ч дутахааргүй тансаг зэрэглэлийн алдартай усан онгоцны хувь заяаны тухай уран сайхны киног үзээгүй хүн гэж энэ дэлхий дээр байхгүй болов уу? Титаник нь тухайн үеийн хамгийн том төсөл байжээ. 100 гаруй жилийн тэртээ энэ аварга том усан онгоц анхны бөгөөд цорын ганц аяллаа Нью-Йорк руу хийсэн байдаг. Энэ түүхтэй холбоотой нууц, домог яриа өнөөг хүртэл яригдсаар л байна.

“Титаник”-ийн зорчигчдын амьдрал бүгд адилхан тансаг бөгөөд тав тухтай байсан эсэхийг бид олж мэдэхээр шийдсэн юм.

1. Тасалбарын үнэ

© Titanic / 20th Century Fox

3 дугаар зэрэглэлээр зорчих хамгийн хямд тасалбарын үнэ £ 7 орчим байжээ. Үүнийг өнөөгийн мөнгөн дүн рүү шилжүүлбэл 880 орчим ам.доллар гэсэн үг. 1 дүгээр зэрэглэлийн бүхээгийн үнэ £ 23-оос эхэлнэ (2900 орчим ам.доллар), харин люкс зэрэглэлийн тансаг өрөөнүүдийг £ 870 буюу 101,000 орчим ам.доллараар авч болох байжээ.

 

2. Усан онгоц дээрх гэрлээгүй бүсгүйчүүд

© Titanic / 20th Century Fox

“Титаник”–ийг замд гарахаас өмнө баян зорчигчдын нэрсийг сонин дээр хэвлэн гаргасан байдаг. Охиноо баян чинээлэг айлын бэр болгох хүсэлтэй ээж нар жагсаалтаас баян, гэхдээ гоонь эрчүүдийн нэрсийг сайтар судалж үзжээ. Нөхөргүй олон бүсгүйчүүд “Титаник”-аас баян нөхөр олох зорилго өвөрлөн энэ холын аянд гарчээ.

 

3. 1 болон 3 дугаар зэрэглэлийн тав тух

© Bernard Walker / Wikimedia

Дээд зэрэглэлийн зорчигчид өөрийн гэсэн хувийн угаалгын өрөөтэй, бүлээн устай бассейнаар үйлчлүүлэх эрхтэй, массажны салонтой, уурын баня-гаар үйлчлүүлэх эрхтэй, үүгээр ч зогсохгүй хэт ягаан туяаны бие шарах үйлчилгээ хүртэл тэдэнд үйлчилж байв. 3 дугаар зэрэглэл байрлаж байсан G давхарт ариун цэврийн өрөө ч байгаагүй. Энэ зэрэглэлийн зорчигчид бие засах газар олох гэж ч өөртөө төвөг учруулахыг хүсээгүй бөгөөд тэд хүнгүй булан олоод л “морь харчихдаг” байжээ.

Усан онгоцны 1 дүгээр зэрэглэлийн бүхээг дотор ердөө 6-хан хэмтэй байсан гэдэг. Зарим нэг зорчигчдын дурсамжаас харахад усан онгоцны уурын халаагуурын систем муу ажиллаж байсан бололтой. Шөнийн цагаар их хүйтэн хонож байсан тул “Титаник”–ийн олон өрөө хөлдөхийн зэрэгцээ зорчигчид бүхээг дотроо ч дулаан хувцастайгаа суухаас өөр аргагүй байжээ.

 

4. Тансаг засал чимэглэл

© Titanic / 20th Century Fox

Люкс зэрэглэлийн хамгийн тансаг бөгөөд үнэтэй өрөө нь В тавцан дээр байрладаг байв. Зочны болон 2 унтлагын өрөөтэй, далайн усаар хангагдсан ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, мөн өөрийн гэсэн зугаалгын тавцантай. Өрөөний засал чимэглэлийн зарим нэг хэсэгт Версалийн ордын хэв шинжийг ч оруулсан байжээ.

1 дүгээр зэрэглэлийн ханыг өндөр үнэтэй улаан модон хавтангаар хийсэн. Өрөөнд царс модон ор, торгон материалаар хийсэн ор, хөнжлийн хэрэгсэл, цахилгаан камин зуух, гэрэлнүүд, алдартай зураачдын бүтээлүүдийг тавьжээ.

5. “Титаник” дээр юугаар хооллож байв?

© Titanic / 20th Century Fox

1 дүгээр зэрэглэлийн зорчигчдод À La Carte ресторан үйлчилгээ үзүүлжээ. Рестораны цэс нь тухай үедээ их алдартай байсан италийн Луижи Гатти рестораных байв. Цэсэд тансаг зэрэглэлийн хоолнууд багтана: орос маягаар болгосон хясаа, зөөхийгөөр амталсан яргай загас, галууны элэгний нухаш зэрэг олон нэр төрлийн хоолнуудаар үйлчилж байв. Жигнэсэн пикша загас, карригаар амталсан тахиа, ямааны, цацагт хяруулын мах, зайрмаг, шинэхэн жимс, бяслаг, самар зэрэг нь 2 дугаар зэрэглэлийн зорчигчдын хоолны цэсэд багтжээ.

3 дугаар зэрэглэлийн зорчигчдын өглөөний хоолны хувьд сүүтэй овьёосны каш, давсалсан май загас, чанасан төмс, шинэ талхаар үйлчилнэ. Өдрийн хоолонд нь будааны шөл, чанасан үхрийн мах, амтат эрдэнэ шиш, жимс багтжээ.

 

6. Усан онгоц дээрх бусад төрлийн үйлчилгээнүүд

© Robert John Welch / wikimedia

Усан онгоцны 1 болон 2 дугаар зэрэглэлийн зорчигчдод зориулж номын сан, уншлагын танхим, сквош болон теннис тоглох  өрөө, эмнэлгийн үйлчилгээ, үсчин ажиллахын зэрэгцээ унадаг дугуй зэргээр тоноглогдсон биеийн тамирын заал ажиллана. Мөн “цахилгаан тэмээ” болон “цахилгаан морь” хүртэл унах боломжтой. C тавцны орох хэсгийн шатны хажууд мэдээллийн цэг ажиллаж дараах үйлчилгээг үзүүлнэ. Фунтыг доллараар солих, телеграмм явуулах, түрээсээр эвхдэг сандал авах, турк банягийн тасалбар худалдаж авах гэх мэт.

1 дүгээр зэрэглэлийн зорчигчид өглөөгүүр өргөн тавцангаар гүйх бол өдөр нь мини-гольф болон шаффлборд тоглож цагийг өнгөрөөдөг байжээ. 3 дугаар зэрэглэлийн тавцан дээр зорчигчид бүжиглэж дуулж хуурдана, хөгжимчдийн тоглолтыг үзэж сонирхдог байв. Дотор тасалгаанд тэд шатар, даам, даалуу, бриж зэрэг тоглоомоор зугаацах ажээ. “Титаник” усан онгоц аяллынхаа явцад өөрийн сониныг хүртэл эрхлэн гаргаж байсан. Сонинд урлаг, утга зохиолын тухай нийтлэл гарахаас гадна их газраас радиогоор хүлээж авсан улс төр, санхүү, спорт, худалдааны тухай шинэ, сонин мэдээг ч мөн оруулдаг байв.

 

7. “Титаник” усан онгоцны ахмадын цалин

© Titanic / 20th Century Fox

Ажлын 25 жилийн туршлагатай Эдвард Жон Смитэд аварга том усан онгоцны анхны аяллыг удирдах даалгавар ирсэн юм. Энэ албан тушаалаас өмнө тэрээр “Титаник”-ийн ихэр хэмээгддэг “Олимпик”-ийг бараг 2 жилийн туршид ахлан ажиллаж байсан. White Star Line компанийн хувьд домог болох ёстой байсан энэ аяллаас эргэж ирснийхээ дараа Смит тэтгэвэртээ гарахаар төлөвлөж байсан гэдэг. Ахмадын сарын цалин £ 105 буюу өнөөгийн ханшаар 13,000 орчим ам.доллар болж байна.

 

8. Аврах завины тоо

© Titanic / 20th Century Fox

Усан онгоцод байсан аврах завинд нийт 1178 хүн багтахаар, гэхдээ “Титаник” дээр нийт 2556 зорчигч мөн усан онгоцны багийн 908 хүн байсан. Аврах завины тоо дутуу байгаа нь усан онгоцны эздийн буруу байсангүй, харин усан замын худалдааны британийн хууль дүрэмд л захирагдсан хэрэг юм. Уг хууль дүрмээр аврах завины тоог усан онгоцны ачааны даацаар л тогтоохоос бус багтах зорчигчдын тоогоор тогтоогдоогүй байв. Аврах завь болгонд эвхэгддэг дарвуул, дулаан хөнжил, савтай ус, хатаасан талх байх ёстой байсан хэдий ч усан онгоцны багийнхан энэ бүх аврах нэмэлт хэрэгслийг хулгайд алдахаас айгаад өөр агуулгахад хураасан байдаг.

2022 онд Австралийн усан онгоцны компани “Титаник”-ийн хуулбарыг замд гаргахаар төлөвлөж байна. Уг усан онгоц орчин үеийн бүхий л техник технологийг ашиглана, тэр дундаа орчин үеийн аврах системээр бүрэн тоноглогдсон байх юм. Дотоод засал чимэглэлийн хувьд эх “Титаник”–ийг яг хуулбарлана. Та шинэ “Титаник”–аар аялах уу?

13
БахархмаарБахархмаар
11
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Мөнхдөлгөөн О.

    Мөнхдөлгөөн О.

    2020/04/19 at 09:35

    .

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/04/19 at 13:24

    👌

  3. Huderee Oyunchimeg

    Huderee Oyunchimeg

    2020/04/19 at 17:02

    Eostoi bolii dahiad jivhiig hen baig gehev.

  4. Tsogt Tsogtoo

    Tsogt Tsogtoo

    2020/04/19 at 21:09

    vgiee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *