Гэрийн нөхцөлд шүд цайруулах 5 аргыг бид туршиж үзлээ (сод биднийг үнэхээр их гонсойлгов)

3

Гэрийн нөхцөлд шүдний эмалийг ямартай ч 4 өнгөөр цайруулах боломжтой гэж эрдэмтэд үзэж байна. Юугаар цайруулах вэ: цайруулагчтай шүдний оо, шингэн, аппликатор-харандаа – эдгээр арчилгааны бодисуудад устөрөгчийн хэт исэл эсвэл карбамидын хэт исэл багтсан байдаг ажээ.

Бид шүдээ хэт ислээр угаахаас зайлсхийлээ, гэхдээ нэг биш удаа сонсож байсан энгийн аргуудыг туршиж үзэхээр шийдсэн юм. Зааврын дагуу долоо хоногийн турш 5 хүн туршилтанд оролцсон юм. Тэд туршилтанд орохдоо бас айдастай л байлаа, тийм учраас бидний санал болгож байгаа аргуудаас туршиж үзэхээр шийдсэн бол танд дараах зөвлөгөөг өгөх нь зүйтэй гэж бодов: аливаа аргыг туршиж үзэхээсээ өмнө мэргэжлийн шүдний эмчийн зөвлөгөөг заавал аваарай.

 

Гадилын хальс

Арга: Шүдний гадаргууг гадилын хальсны зөөлөн буюу дотор талын хэсгээр арчаад 5-7 минут байлгана. Дараа нь шүдээ цэвэрлэдэг аргаараа цэвэрлэнэ. Энэ аргыг тогтмол хэрэглэх боломжтой. Гадилд агуулагдах эрдэс бодисууд нь шүдний эрүүл мэндийг дэмжихээс гадна шүдний эмалийн өөрийн өнгийг хадгалахад тусална.

Сэтгэгдэл:

“Би өөрийгөө зэрлэг хүн шиг санаж байлаа, дээр үед хүмүүс шүдээ ингэж цэвэрлэдэг байсан болов уу гэмээр. Мэдрэмж үнэхээр сайхан: шүд цэвэрхэн, бараг гялалзаад л. Энэ аргыг хэрэглэхэд нэг л зүйл таалагдаагүй, шүдний завсраар хальсны зөөлөн эд орчихдог, үүнийг нь сайтар цэвэрлэх ёстой. Өдөр болгон гадил идэж байж хальстай болох нь бас хэцүү санагдсан шүү, яагаад гэвэл би өдөр болгон гадил идээд байдаггүй болохоор.”

Үр дүн:

Дүгнэлт: шүд хамаагүй цайвар болсон байна, шаргал туяа нь арилжээ.

 

Цайны модны тос

Арга: Өдөр болгон тосоор амаа зайлж болно (5 дусал 100%-ийн цайны модны тосыг ½ стакан усанд хийнэ). Шүдний эмаль цайруулах нэмэлт арчилгаа болгож 1 дусал тосоор шүдээ угаах ч боломжтой, энэ тохиолдолд долоо хоногт 1-2 удаа л тосоор шүдээ арчилна. Тос нь нянгийн эсрэг үйлчилгээтэй тул гоо сайхан болон шүд арчилгаанд өргөн хэрэглэгддэг байна.

Сэтгэгдэл:

“Тос хэрэглэхэд эхлээд огт таалагдаагүй. Эхний өдрүүдэд ам дотор улайгаад л, тэгээд удаан явсан даа. Нэг хэсэгтээ уруул, хэлний үзүүр мэдээгүй болж бамбайна, гэхдээ удалгүй зүгээр болдог юм байна лээ. Тиймээс тос хэрэглэх гэж байгаа бол харшил мэдрэгдэх эсэхийг шалгаж үзэх нь зүйтэй санагдсан. Давуу талуудаас дурдвал: амттай, амьсгал сэнгэнээд л ирнэ. Уг арга надад тохирсон гэж үзэж байгаа, тосыг үргэлжлүүлж хэрэглэе ч гэж бодож байна. Гэхдээ урьдчилан сэргийлэх байдлаар.”

Үр дүн:

Дүгнэлт: Энэ арга нь гадилны хальснаас илүү үр дүн үзүүлсэн гэж дүгнэлээ. Шүдний эмаль илүү цайвар болжээ.

 

Идэвхжүүлсэн нүүрс

Арга: Нэг хавтгай идэвхжүүлсэн нүүрсийг нухаад шүдний ооны оронд хэрэглэнэ. Нүүрсээр цайруулах аргыг долоо хоногт 2-оос илүүгүй удаа хэрэглэнэ гэдгийг анхаараарай. Уг эмийн орц нь шүдний эмалийг цэвэрлэхэд илүү тохиромжтой.

Сэтгэгдэл:

“Энэ аргаар шүдээ арчлахад яг л аймшгийн кино шиг харагдана. Дээр үед харласан шүд моод байсан гэдгийг санаж билээ. Эхний хэрэглээний дараа шүд бага зэрэг цайрсан, гэхдээ шүдний завсар хоорондын шаргал өнгө арилаагүй. Хоёр дахь, гурав дахь цэвэрлэгээний дараа ч шүд шаргал хэвээрээ л байлаа.

Тэгэхээр хоёр болон гурав дахь арчилгааны дараа ямар нэгэн ялгаа гараагүй гэж хэлж болно. Гэхдээ гурав дахь арчилгааны дараанаас шүд илүү эмзэг болж байгаа нь мэдрэгдсэн, буйлнаас ч багахан цус гарсан. Тэгэхээр байнга хэрэглээд байх арга биш юм гэж ойлгосон. Бас нэг дутагдалтай тал – гар, угаалтуур харлаж бохирдоно. Шүдээ багахан цэвэрлэх, цайруулах үүднээс хааяа нэг хэрэглэж болох арга, байнгын арчилгаа болж чадахгүй”.

Үр дүн:

Дүгнэлт: идэвхжүүлсэн нүүрс нь цайруулахаас илүүтэй амны хөндийн ариун цэврийг сахихад илүү үр дүнтэй.

 

Кокосын тос

Арга: Шүдээ угаахаас өмнө багахан хэмжээний тос шүдэндээ түрхээрэй. 15-20 минут байлгаад дараа нь шүдээ угаадгаараа угаана. Энэ арчилгааг долоо хоногт 2-3 удаа хийнэ.

Сэтгэгдэл:

“Кокосын тосоор шүдээ арчлах арга нь хэцүү санагдсан. Шүдэндээ түрхээд яаж 20 минут байлгах вэ гэдэг том асуудал. Тос шүү дээ. Би мөнгөлөг цаасаар хамгаалалт маягийн зүйл хийгээд үзсэн, бас л эвгүй мэдрэмж төрнө. Энэ аргыг хэрэглэх юм бол жинхэнэ зориулалтын шүдний хамгаалалт хийсэн нь дээр юм байна лээ. Хүссэн үр дүн харамсалтай нь гараагүй гэж үзэж байна”.

Үр дүн:

Дүгнэлт: зургаас харахад үр дүн гараагүй нь илт.

 

Сод болон нимбэгийн шүүс

Арга: Чимх содыг шүдний сойз дээрээ түрхээд дээрээс нь хэдхэн дусал нимбэгийн шүүс шахаж дусаана. Дараа нь шүдээ болгоомжтой угаагаарай, яагаад гэвэл сод шүдний зөөлөн эмалийг гэмтээж болзошгүй. Энэ аргыг долоо хоногтоо 1 удаа хэрэглэнэ.

Сэтгэгдэл:

“Орцууд химийн урвалд орох тул эхлээд шүд, буйлыг түлж байна уу гэмээр маш их хорсгоно. Тэгээд хажуугаар нь бас содны эвгүй амт мэдрэгдэж байсан. Гэхдээ шүдээ цэвэрлэж байх үеэр энэ таагүй мэдрэмжүүд байхгүй болно. Давуу талуудаас гэвэл: шүд болон амны хөндийг шүдний оо эсвэл цайруулагчаар цэвэрлэснээс илүү цэвэрхэн болно, энэ нь их таалагдсан. Дутагдалтай талууд: шүдний эмалийн мэдрэг эсэхээс үл хамааран таагүй мэдрэмж төрнө. Гайхалтай нь мэдэгдэхүйц үр дүн гараагүй, магадгүй үүнийг би тамхинаас болсон болов уу гэж бодсон. Хүссэн үр дүн магадгүй хэдэн сарын дараа гарахыг үгүйсгэхгүй юм”

Үр дүн:

Дүгнэлт: Зургаас харахад уг арга нь үр дүнгүй.

Бидний явуулсан бяцхан туршилтуудыг дүгнэн хэлэхэд: 100% хурдан үр дүнд хүрэхийг хүсэж байгаа бол мэргэжлийн эмчид хандах нь зөв юм байна. Гэрийн нөхцөлд мэдэгдэхүйц өөрчлөлт гарахгүй, гэхдээ багахан өөрчлөлт гарч байгаа нь батлагдсан. Өөр дээрээ туршиж үзэх хүсэл үнэхээр төрөөд байвал юуны түрүүнд үр дүн гартал тэвчээртэй байх нь зүйтэй юм байна.

Танд шүд цайруулах өөрийн гэсэн арга бий юу? Бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

6
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *